Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Б.Э , С.Г , З.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Э , С.Г , тэдгээрийн өмгөөлөгч Н.Мандах,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э , С.Г  нарын өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э , С.Г , З.Б нарт холбогдох эрүүгийн 201624000333 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Б-ын Э, 19... оны .. дүгээр сарын ..-ний ............................ тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

2. Б. овгийн С-ын Г, 19.. оны .......дугаар сарын ...-ны ........................тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

3. Б овгийн З-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны ............................тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;

 

Шүүгдэгч Б.Э  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшийн няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 27 удаагийн үйлдлээр Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий 27 иргэний ачааг буцаалт хийсэн гэж туслах тасалбар бичиж, уг ачааны мөнгө болох 5,072,360 төгрөгийг байгууллагын дансанд хийлгүйгээр өөрөө авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшний няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий иргэдийн ачааг буцаалт хийсэн гэх туслах тасалбар бичиж, уг ачааны мөнгө болох 1,673,870 төгрөгийг байгууллагын дансанд хийлгүйгээр өөртөө авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт,

шүүгдэгч З.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшийн няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 удаагийн үйлдлээр Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий иргэдийн ачааг буцаалт хийсэн гэх туслах тасалбар бичиж, ачааны мөнгө болох 2,625,080 төгрөгийг байгууллагын дансанд хийлгүйгээр өөртөө авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Э , С.Г , З.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овгийн С- Г, Б овгийн З-ийн Б, Б овгийн Б-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Боржигон овгийн С-ын Г, Б овгийн З-йн Б, Б овгийн Б-ын Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн С-ын Г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Б овгийн З-ийн Б-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Б овгийн Б- Э тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г , Б.Э  нарын тус бүрд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Г , З.Б, Б.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э аас 5,072,360 төгрөгийг, С.Г ээс 1,673,870 төгрөгийг, З.Б-аас 2,625,080 төгрөгийг тус тус гаргуулж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Э , С.Г  нарын тус бүрд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж тэдгээрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э , С.Г  нарын өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 174 дугаар шинжээчийн дүгнэлтийн хамт хэргийн оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан учраас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хяналтын прокурор хүлээж аваагүй, шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан талаар болон шинжээч нь санхүүгийн зөрчил, гэмт үйлдлээс улбаатай дутагдал зэргийг ялгах мэдлэггүй, яллагдагч нарт хамааралтай гэх үйлдлийн тухайд ямар ч тусгай мэдлэг шаардлагагүй зөвхөн /2 хх 128-190, 192-239, З хх 172-176/ дугаар талд авагдсан хүчингүй тасалбарын тайланд авагдсан хүчингүй тасалбаруудад бичигдсэн тоон дүнг энгийн байдлаар нэмж нэгтгэснээс /зөв тооцоогүй/ өөр үйлдэл хийгээгүй, төмөр замын зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх процессын талаар хангалттай баримтууд хэрэгт авагдсан атал шинжээч ямар ч ойлголтгүй дүгнэлт гаргасан нь шинжээч Ц.Оюунтуулын мэдүүлэг, хэргийн оролцогчийн асуултад хариулж байгаа шинжээчийн хариултаас тодорхой тогтоогдсон, өмгөөлөгчийн зүгээс энэ байдлын талаар бүхэлд нь дүгнэснийг шүүх анхаарч үзээгүй, үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Хохирогч, яллагч талаас шүүгдэгч нарыг “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрэм”-ийг зөрчсөн, мөнгө дутагдуулсан гэж тайлбарладаг боловч ачаа тээвэрлэх үед бус зорчигчийн хувьд тасалбар буцаах үед кассер, зорчигч гарын үсэг зурсан байх дүрмийн холбогдох заалтыг ачаа буцаах үед хэрэглэгдэх зохицуулалт мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд төмөр замаар тээвэрлүүлэхээр өгсөн ачааны мөнгийг төлөөгүй тохиолдолд ачааны буцаалт буюу хүчингүйд тооцох зохицуулалт төмөр замд байхгүй учир ачааны буцаалтыг зөвхөн туслах тасалбарт бичиж ачааг нь эргүүлэн олгож, хүчингүй болгосон тухайгаа системд шивж оруулдаг, ахлах кассер тухайн өдрийн бүх гүйлгээг хянах зохицуулалт үйлчилдэг, төмөр замд өнөөдөр ч уг процесс хэвээр үргэлжилж туслах тасалбар буюу хүчингүй болгосон тасалбар нь зорчигчийн тасалбараас ялгаатай. Энэ талаар тусдаа систем байхгүй, 2-3 цагийн дотор хүчингүй болгодоггүй, зорчигчийн тасалбарын хувьд үнийн дүн зөрүүтэй, харин ачааны хувьд үнийн дүн зөрөхгүй болохыг мөрдөгч, прокурор, шинжээч нар ойлголтын хувьд зөрүүтэй үзсэнээс шалтгаалж хэргийн бодит байдал тогтоогдсонгүй.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Тээш” худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгээс ачаа, тээш буцаж тасалбарыг хүчингүй болгосон нэр бүхий кассерууд буюу шүүгдэгч нарын үйлдэл нь Замын-Үүд өртөөнөөс ачигдсан ачаа Улаанбаатар болон бусад өртөөнүүдэд буусан гэх үйлдлүүдтэй ямар байдлаар холбогдож байгааг шинжээч ойлгохгүйгээс хамаарч зөвхөн туслах тасалбар дээр бичигдсэн үнийн дүнг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь ойлгомжгүй төдийгүй Төмөр замын зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрэмд тээшийг хүлээн авах, хүлээлгэн өгөх журмыг нарийн зохицуулсан байдаг ба түүнд хамаарах субъект нь нэр бүхий шүүгдэгч нар биш бөгөөд тухайн тохиолдолд туслах тасалбараар ачааг буулгах ёстой атал ачаа хүргэгдсэн нөхцөлд тээш ачигч, тээш хүргэгч, тээш тараагч зэрэг ажил үүргийн хувиараар өөр албан хаагч нарт хамааралтай үйлдлийг шинжээчийн дүгнэлтээс хамаарч шүүгдэгч нарт хамаатуулж байгаа нь шүүгдэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болжээ.

Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон яллах талын баримт болох нийт 39 гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд ямар ч гэрч шүүгдэгч нарт ачаа тээвэрлүүлэхээр ачаа тээш өгсөн эсэх талаар мэдүүлээгүй, ачааны буцаалт хийж байгаагүй гэж мэдүүлж байгаа атлаа нэр бүхий шүүгдэгч нарт хамааралтай цаг хугацаанд давхцах тээш тээвэрлэлт хийгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлт, гомдлыг хангахгүй орхих, эрхийг нь зөрчих, хохирогч гэх байгууллагын эрх ашгийн төлөө мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж ирсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа ба Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зүгээс Төмөр зам дахь Цагдаагийн газар, Тээврийн прокурорын газрыг орон байраар хангах, засвар үйлчилгээ үзүүлэх, цагдаагийн даргын автомашины хангалтыг хийх зэрэг тусгаар улсын хувьд байж боломгүй, хууль хяналтын байгууллага хуульд заасны дагуу хараат бусаар хөндлөнгийн нөлөөнд авталгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлэхийн сацуу анхан шатны шүүх ч энэ байдлыг авч үзсэнгүй.

Иймд дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 919 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэгт эдийн засгийн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр удаа дараа хүсэлтүүдийг гаргаж байсан ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1345 дугаартай захирамжаар шинжээч томилуулах нь зүйтэй гэж үзэн прокурорт хэргийг буцаасан. Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхбатын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тул хяналтын прокурорт хүсэлт гаргасан.

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхбатын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гаргахыг даалгасан боловч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан ба шинжилгээ хийх хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,3-т “Шинжээч нь энэ хуулийн 11.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана”, шинжээчийн зүгээс З.Б, Б.Э , С.Г  нарыг оролцоогүй болно гэж дүгнэлтэд дурдсан боловч Б.Э , С.Г  нарын өмгөөлөгч Н.Мандахад мөрдөгчийн зүгээс танилцуулсан зүйлгүй, шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд санаатай байдлаар бидний зүгээс асуулт өгөх, тайлбар гаргах ажиллагаанд огт оролцуулаагүй гэж үзэж байна.

Дээрх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах болсон үндэслэл болсон Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны орлогын байцаагч Ж.Болорын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 61/01/10 дугаар шалгалтын тайлан буюу дүгнэлтийг үндэслэлгүй гэсэн боловч тухайн дүгнэлтэд дурдсан зөвхөн туслах тасалбарыг үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсон.

Мөн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 161 дугаартай дүгнэлт, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод аудит хяналтын албаны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ж.Болор нарын дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэхэд хариулт авахаар мөрдөгчид асуулт тавьсан боловч мөрдөгч зөвхөн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод аудит хяналтын албаны дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт авахаар явуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад шинжээчээс “зөрчил гэж аль хэсгийг дутагдал гэж аль хэсгийг хэлж байгаа” тухай асуусан боловч, энэ 2 ойлголт адил мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гомдол гаргагч талаас “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрэм”- ийг зөрчсөн гэж тайлбарладаг боловч ачаа бус зорчигчийн хувьд тасалбар буцаах үед кассер, зорчигч гарын үсэг зурсан байх дүрмийн заалтыг ачаа буцаах үед зохицуулагдсан байхаар тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд ачааны мөнгийг төлөөгүй тохиолдолд ачааны буцаалт буюу хүчингүйд тооцох зохицуулалт байхгүй учир ачааны буцаалтыг зөвхөн туслах тасалбарт бичиж ачааг нь эргүүлэн олгож, хүчингүй болгосон тухайгаа программд шивж оруулдаг зохицуулалт үйлчилдэг, одоо ч энэ байдал төмөр замдаа хэвээр үргэлжилж туслах тасалбар буюу хүчингүй болгосон тасалбар нь зорчигчийн тасалбараас ялгаатай, энэ талаарх программ байхгүй, 2-3 цагийн дотор хүчингүй болгодоггүй, зорчигчийн тасалбарын хувьд үнийн дүн зөрүүтэй, харин ачааны хувьд зөрөхгүй болохыг шинжээч, мөрдөгч нар ойлгохгүй байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Тээш” худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгээс ачаа тээш буцаж тасалбарыг хүчингүй болгосон нэр бүхий кассеруудын үйлдэл нь Замын-Үүдээс ачигдсан ачаа Улаанбаатар болон бусад өртөөнүүдэд буусан гэх үйлдлүүдтэй ямар байдлаар холбогдож байгааг шинжээч ойлгохгүйгээс хамаарч зөвхөн туслах тасалбар дээр бичигдсэн үнийн дүнг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь ойлгомжгүй байна. Төмөр замын зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу тээшийг хүлээн авах, хүлээлгэн өгөх журмыг нарийн зохицуулсан байдаг ба түүнд хамаарах субъект нь нэр бүхий яллагдагч нар биш бөгөөд тухайн тохиолдол буюу туслах тасалбараар ачааг буулгах ёстой байтал ачаа хүргэгдсэн байгаа нөхцөлд тээш ачигч, тээш хүргэгч, тээш тараагч зэрэг ажил үүргийн хувиараар өөр хүмүүст хамааралтай үйлдлийг дээрх шинжээчийн дүгнэлтээс хамаарч яллагдагч нарт нялзааж байгаа нь нэр бүхий кассер нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.

Мөрдөгчөөс хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхдээ Улаанбаатар төмөр замын дотоод аудитын албаны дүгнэлтийг 2018 онд дахин гаргуулж уг үндэслэн бидний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн уг эрүүгийн хэрэгт анхнаасаа хэргийн зүйлчлэл буруу явагдсан нь тодорхой бөгөөд Б.Э , С.Г  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан атлаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүлэглэх гэмт хэргийн үйлдэл тогтоогдохгүй нөхцөл байдал илрэнгүүт мөрдөгч болон хяналтын прокурорын хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, хүчингүй болгосон талаар ямар ч шийдвэр гаргаагүй байж яллагдагчаар татах үедээ хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлтийг албан тушаалын байдлаа ашиглан завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь эргэлзээтэй төдийгүй яллагдагч нарын шалгагдаж буй үйлдэл нь цаг хугацааны хувьд 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хугацаанд хамаарч байгаа атал хяналтын прокурор зориуд хууль зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хуулиар тогтоосон журмыг зөрчин шинэ Эрүүгийн хуулиар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байсныг зөрчсөн төдийгүй анхан шатны шүүх уг байдлыг хянаагүй.

Б.Э , С.Г  нарын үйлдэлд хамааралтайгаар анх хууль хяналтын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шалгалтын ажиллагааг явуулж байсан атлаа яллагдагч нар бүлэглэсэн үйлдэл тогтоогдохгүй нөхцөлд хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй атал хэргийн оролцогч нарын удаа дараагийн гомдлыг үл ойшоож ойлгомжгүй байдлаар хэргийн зүйлчлэлийг тодорхойлсон нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30 гаруй гэрчүүдээс мэдүүлэг авсан ч З.Б, Б.Э , С.Г  нарт хэн гэдэг хүн, хэзээ, хаана, хэдэн төгрөг өгсөн, аль үйлдлийг нь хэн гэх гэрч тодорхой мэдүүлж байгаа нь тогтоогдоогүй, тухайн үед Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвд ажиллаж байгаагүй хүний мэдүүлгийг үндэслэсэн нь ойлгомжгүй, яллагдагч нар дээрх нэр бүхий гэрчүүдийг огт танихгүй байгаа байдал нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй, хяналтын прокурорын зүгээс яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг судлан үзэж З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Г  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ажил, тухайн зорчигчийн ачааг пүүлж, компьютерт шивж, төлбөрийн дүнг хэлж, мөнгөө төлсөн тохиолдолд тээшийн тасалбар, замын хүснэгтийг зорчигчид өгдөг. Зорчигч 33,000 төгрөг төлж билет аваад, явах боломжгүй болоод билетээ буцаах тохиолдолд тодорхой хувийг төмөр зам суутгаж аваад, үлдэгдэл мөнгийг зорчигчид хүлээлгэн өгдөг. Үүнийг буцаах тасалбар гэдэг. Хүчингүй тасалбар гэдэг нь тухайн зорчигч ачаа өгсөн атлаа мөнгөө төлөөгүй тохиолдолд тухайн тасалбарыг хүчингүй болгож, ачаагаа заалнаас авч гарах шаардлага тавьдаг. Ямар үндэслэлээр биднийг өнөөдрийг хүртэл буруутгаж байгаа нь ойлгомжгүй, чирэгдэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээшийн баримтыг хүчингүй болгоход туслах тасалбар гэж баримт байдаг. Бид програмаас өгсөн асуултыг бөглөхөд автоматаар өгөгдөл өгөхөөр суулгаж өгсөн. Нэг хүнийх 135,400 төгрөг байхад, үүнийг би өгөгдөлдөө өгөөд баримтныхаа дугаарыг хийхэд автоматаар мөнгө нь хасагдаж, туслах тасалбар дээр гарч ирдэг. 135,000 төгрөг бичээд, 125,000 төгрөг гаргалаа гэхэд, гэрээт ачигчийн үлдсэн мөнгийг кассер төлнө гэсэн ойлголт байхгүй. Бид нар зөвхөн баримтын дугаарын өгөгдлийг өгдөг. Тэгээд програмд бичигдэж, гарч ирсэн мөнгөн дүнг бид ярьж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхлээд ачааг ачаа пүүлэгчид өгч пүүлүүлж, дараа нь верклээд, тэгээд тооцоогоо хийх гэсэн ажлын дараалал дотоод журамд тусгагдсан. Үүний дагуу бид үйл ажиллагаагаа хийж, зорчигчийн бичиг баримтыг үйлддэг. Зорчигчийн бичиг баримтыг үйлдээд, тухайн үед гарсан мөнгөн дүнг зорчигчид хэлж, компьютерт шивж гаргаад, та энэ мөнгийг төлнө үү гэж хэлдэг. Зарим хүмүүс ямар нэгэн шалтгаанаар ачааг буцааж авдаг, зарим нь мөнгөө төлдөг, зарим нь төлөхгүй явдаг.

Хэрвээ төлөхгүй тохиолдолд бид ажлынхаа заваар тухайн хүний бичиг баримтыг туслах тасалбараар хүчингүй болгодог. Эдгээр нь бүгд Улаанбаатар төмөр замын хатуу тооцоот бланк. Хатуу тооцоот бланкаар бид ажлаа явуулдаг. Тээшийн тасалбар, замын хүснэгт гэсэн баримтуудын нэг нь ачааг дагаж явдаг, нөгөөх нь зорчигчид очдог. Зорчигч тухайн бичиг баримтаа тухайн өртөөнд үзүүлээд ачаагаа авах эрх үүсдэг. Тухайн хүн ачаагаа өгөөгүй учраас бид нар тухайн бичиг баримтуудыг өөрсдөө авч, тухайн өдрөө тайландаа хавсаргаж явуулдаг. Тэгэхээр тухайн хүн ямар үндэслэлээр ачааг хүлээж авч байгааг ойлгохгүй байна...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Замын-Үүд дэх өртөөний ерөнхий нягтлан болон бусад бүх гэрчүүдээс мэдүүлэг авсан. “Кассерууд энэ ачааг буулгаарай гэсэн ачааг буулгадаг. Гэхдээ 2015-2016 оны үед ачаалал маш их байсан учраас бид тээшийн ачааг нэг бүрчлэн тулгахгүй явуулдаг байсан” гэж мэдүүлсэн.

Зорчигчийн ачаа тээврийн талаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдаагүй. Шинжээчийн дүгнэлтэд хавтас хэрэгт авагдсан баримтууд буюу анхан шатны баримт болох тээшийн вагоноор тээвэрлэсэн, тээшийн тасалбарын жагсаалттай тулгаж дүгнэлт гаргасан. Эдгээр баримтууд нь /5 хх/ авагдсан. Тухайн гэрчүүд “ямар ч нотлох баримт байхгүй” гэсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшний няраваар ажиллаж байсан:

Б.Э  нь 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий 27 иргэний ачааг буцаалт хийсэн гэж туслах тасалбар бичиж, уг ачаануудын мөнгө болох 5,072,360 төгрөгийг байгууллагын дансанд тушаалгүй өөртөө авсан,

С.Г  нь 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр  Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий иргэдийн ачааг буцаалт хийсэн гэх туслах тасалбар бичиж, уг ачаануудын мөнгө болох 1,673,870 төгрөгийг байгууллагын дансанд тушаалгүй өөртөө авсан,

З.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу галт тэргээр ачаагаа тээвэрлүүлсэн нэр бүхий иргэдийн ачааг буцаалт хийсэн гэх туслах тасалбар бичиж, уг ачаануудын мөнгө болох 2,625,080 төгрөгийг байгууллагын дансанд тушаалгүй өөртөө авсан болох нь:

 

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар Төмөр замын дотоод аудит хяналтын хэлтсийн орлогын байцаагч Ж.Болор Замын-Үүд дэх тээшийн кассеруудын хүчингүй болгосон тасалбарыг шалгах явцад 71 тасалбар хүчингүй болгосныг хянан түүвэрлэж шалгахад 71 тооны ачаа нь тээшийн вагонд тээвэрлэгдэн Улаанбаатарт хотод ирсэн байсан ба үүнийг шалгахад тээшийн тасалбарын дугаар нь тасалбар хүчингүй болгосон тайлангийн дугаартай давхцаж байсан. Дээрх нэр бүхий кассерууд нь ажлаасаа буухаасаа өмнө туслах тасалбараар буцаасан мэтээр харагдуулан хуурамч баримт үйлдэн тухайн ачааны мөнгийг хувьдаа завшсан байсан болохыг мэдүүлсэн хохирогчийн төлөөлөгч О.Баягалан/1 хх 130-131/-ын мэдүүлэг,

гэрч У.Одгэрэл /1 хх 213/, М.Болдбаатар /1 хх 150-151/, Д.Мөнгөнсаран /1 хх 154-155/, Г.Болормаа /1 хх 160/, Б.Баатар /1 хх 163/, Л.Ганбат /1 хх 166/, Б.Ганболд /1 хх 183-184/, Б.Ганзориг /1 хх 210/, М.Борхүү /1 хх 152/, Б.Батжаргал /1 хх 164-165/, М.Зулзираг /1 хх 175/, С.Эрдэнэ-Очир /1 хх 167-168/, Д.Уранбилэг /1 хх 170/, Т.Одгэрэл /1 хх 187/, Ж.Пүрэвдорж /1 хх 209/, Ё.Өлзийбаяр /1 хх 221/, П.Соёмбо /1 хх 222/, Б.Оюунгэрэл /1 хх 211/, С.Дүйсэнбиг /1 хх 171/, Н.Агиймаа /1 хх 172/, Л.Алтанчимэг /1 хх 173/, Ц.Нарантуяа /1 хх 214/, Т.Болдбаатар /1 хх 174/, М.Кулзираг /1 хх 175/, С.Бямбадорж /1 хх 176/, З.Батбаяр /1 хх 181-182/, Д.Ганчулуун /1 хх 186/, Б.Содбаяр /2 хх 34-35/, Ч.Энхтайван /2 хх 37/, Б.Ганбилэг /2 хх 39/, Д.Одончимэг /2 хх 48/, Б.Батчулуун /2 хх 58-59/, Н.Энхжаргал /2 хх 60-61/, П.Гантөгс /2 хх 49-50/, Д.Баасан /2 хх 51-52/, З.Цэцэгтөгс /2 хх 56-57/, Б.Түвшинтөр /2 хх 62/, Б.Лхагвацэрэн /2 хх 64-65/, Д.Норов /2 хх 67/ нарын мэдүүлгүүд, 

баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 117-126/,

2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 73-81/,

хүчингүй тасалбарын тайлан /2 хх 128-190, 192-239, 3 хх 172-176/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 174 дугаартай “...Шалгалтын тайлангийн зөрчлийн үнийн дүн зөрүүтэй, зөрчил тус бүрээр тооцсон задаргаа хавтас хэрэгт авагдаагүй тул тайлангийн санхүүгийн баримт тус бүрээр тулган шалгалаа. Шинжилгээгээр тээшийн туслах тасалбарт тусгагдсан мөнгөн дүнгээр зөрчил дутагдлыг тооцлоо. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан тул хавтас хэрэгт авагдсан тээшийн тасалбар, туслах тасалбар, хүчингүй болгосон тасалбарын тайлан, галт тэрэгний тээшийн касс, тээшийн тээвэрлэлтийн список болон өртөөнүүдийн ачаа тээш олголтын дэвтэр нь санхүүгийн анхан шатны баримт мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн Замын-Үүдийн тээшний няраваар ажиллаж байсан З.Б 2,625,080 төгрөг, Б.Э  5,072,360 төгрөг, С.Г  1,673,870 төгрөг, нийт 9,371.310 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. Замын-Үүд дэх тээшийн кассад хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн нэгтгэлийн хавсралт №1-д, З.Б-д холбогдох зөрчил дутагдлын тооцооллыг №2-оор, С.Г т холбогдох зөрчил дутагдлын тооцооллыг №3-аар, Б.Э д холбогдох зөрчил дутагдлын тооцооллыг №4-т тус тус харууллаа...” гэсэн шинжээчийн дүгнэлт /6 хх 184-190/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшний няраваар ажиллаж байхдаа төмөр замаар ачаа тээвэрлүүлэхээр төлбөр төлсөн нэр бүхий иргэдийн ачааг буцаагдсан /төмөр замаар тээвэрлэгдээгүй/ гэж туслах тасалбар бичиж, тээшийн тасалбарыг нь хүчингүй болгоод уг ачаануудын төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр өөртөө авсан Б.Э , С.Г , З.Б нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Э , З.Б, С.Г  нарыг бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5,072,360 төгрөгийг Б.Э аас, 1,673,870 төгрөгийг С.Г ээс, 2,625,080 төгрөгийг З.Б-аас тус тус гаргуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн нотлох баримт болгон үнэлсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 174 дугаар шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон мөрдөгчийн тогтоол, уг шинжээчийн дүгнэлт зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулан хэрэгт бэхжүүлжээ /6 хх182-192/.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Харин хууль хэрэглээний хувьд, шүүгдэгч Б.Э , З.Б, С.Г  нар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн Замын-Үүд дэх дэд хэсгийн тээшийн нярваар ажиллаж байхдаа эрхэлж байсан албан тушаалынхаа хувьд итгэмжлэн хариуцуулсан байгууллагын дансанд тушаах ёстой мөнгийг нэг эх сурвалжаас нэг арга, хэлбэрээр, удаа дараа хувьдаа завшсан үргэлжилсэн үйлдлийг “Давтан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулж тайлбарлаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсгийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн байна. 

 

Мөн прокуророос тэдний үйлдлийг эрх зүйн байдлыг нь дордуулсан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул тэдний үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э , З.Б, С.Г  нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй...” гэж зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-ын Г, Б овогт З-ийн Б, Б овогт Б-ын Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Сүхбаатарын Ганчимэг, Загдсүрэнгийн Болормаа, Балданжамцын Энхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “С-ын Г, З-ийн Б, Б-ын Э нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар С.Г , З.Б, Б.Э  нарыг тус тус эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3, 5, 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ