Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0112

 

Иргэн Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Г ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Х.Э-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Х.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Г т Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, 1б хэсэг Улаанхуаран гудамжны 2121 тоотод байрлах газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Иргэн Х.Э  нь 2012 онд эзэмшиж буй газраа өмчилж авахаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байсан тул Нийслэлийн Засаг дарга нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрхийнхээ хүрээнд газар өмчлүүлсэн шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэн Х.Э-ын  эзэмшиж буй газар нь Хангамж 4 хэсэг, 369 тоот хаягт байрлаж байхад иргэн Г.Г-ийн эзэмшихээр хүсэлт гаргаж буй газар нь 10 дугаар хороо 1б хэсэг Улаанхуаран гудамжны 2121 тоот хаягт байх бөгөөд тухайн байршилд буй айлууд нь бүгд Хангамж гэсэн хаягтай байдаг. Г.Г-ийн хувийн кадастрын компаниар хийлгэсэн зургийг үндэслэж хуулийн дагуу өмчилж байгаа Х.Э д газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед газар олгохдоо газар зохион байгуулагч нь газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргадаг. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны захирамжаар Х.Э д газар эзэмшүүлсэн боловч газар эзэмших гэрчилгээг гээгдүүлсэн талаар хүсэлт, холбогдох баримт гаргасныг үндэслэн өмнөх гэрчилгээг хүчингүйд тооцож, 2011 онд газар эзэмшүүлж, гэрчилгээ олгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Э  нь газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо Хангамж 4-369 хаягт 663 м.кв газрыг Х.Э д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0267956 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн үед газар дээр нь очиж, хээрийн судалгаа хийсний үндсэн дээр газар эзэмших эрх олгосон. Улмаар иргэн Х.Э  нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гээсэн тул дахин гэрчилгээ олгуулах талаар хүсэлт, холбогдох баримтыг ирүүлснийг дүүргийн газрын алба судалж үзээд дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 345 дугаар захирамжаар өмнөх гэрчилгээг хүчингүйд тооцож дахин газар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн 0376794 дугаар гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Х.Э  нь 2009 онд хаягийн шилжүүлэг хийлгэсэн байх бөгөөд үүний дараа байхгүй байхад нь 2010 онд Д.Г од хорооноос хаяг давхардуулан олгосон гэж үзэж байна. Хэдийгээр 369 тоот хаяг нь хорооны бүртгэлд бүртгэлгүй гэж байгаа боловч уг хаяг байсан болох нь өрхийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байгаа, мөн сүүлд цахим хэлбэрт хаягийг бүртгэсэн асуудал нь Х.Э  өрхийн бүртгэлийн дэвтрээ хорооноос авч явснаас хойш шилжсэн, өрхийн дэвтэр байхгүй байсан учир бүртгэлгүй гэсэн хариуг ирүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Э  миний бие 2002 онд гэр бүлээрээ Говь-Алтай аймгаас шилжин ирж, улмаар 2003 оны хавар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, одоогийн Хангамжийн 4 хэсэг 369 тоот газар ямар ч айл байхгүй барилгын хогтой газар байхад бууж аав, эгч, дүү нарын хамтаар цэвэрлэн, хашаа барьж, 3 өрх болон амьдарсан. Улмаар 2004 онд газраа Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагчид үзүүлэхэд эзэмших боломжтой гэсэн учир холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын албанд өгсний үндсэн дээр эзэмших эрх гарсан. Гэтэл 2008 онд гэрт хулгай орж, эгч Х.С , Х.Ц  бид гурвын бүх бичиг баримт, эд хогшил гэрээсээ алдсан. Энэ талаар цагдаагийн газар бүртгүүлж зарлуулсан боловч олдоогүйн улмаас дахин бичиг баримт, газар эзэмших гэрчилгээгээ авахаар материалыг бүрдүүлж өгсний дагуу 2011 онд эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өмчилж авах хүсэлтийг гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны шийдвэрээр уг газраа өмчлөх эрхтэй болсон. Д.Г  нь хашаагаа зарчхаад манай урд талд хорих ангийн газар дээр ирж буусан. Хорих анги хашаагаа хойш нь сунгаж, барихдаа гэрийг нь буулган тухайн газраас хөөгдөж миний эзэмшлийн газар дээр бууж, хашааны модыг түлдэг байсан. Үүнийг нь хэлж, удаа дараа газар дээрээс нүүхийг шаардаж байсан. Гэтэл уг хашааг өөрөө барьсан мэтээр бичсэн нь үндэсгүй юм. Хангамжийг 4 дүгээр хэсэг, 369 тоот хаягийг хорооноос албан ёсоор авсан бөгөөд бүртгэлгүй байна гэж байхгүй. Х.Э  нь хорооноос өрхийн бүртгэлийн дэвтрээ авч, Говь-Алтай аймаг руу шилжихэд бүртгэл байхгүй болчихдоггүй юм бол бүртгэл байх ёстой. Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч газар газартай байх эрхтэй, материалаа бүрдүүлж хуулийн дагуу газар авсан. Газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Иймд хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ын гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 захирамжийн Х.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Х.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Г т Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1б хэсэг, Улаанхуаран гудамжны 2121 тоот хаягт байрлах газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  давж заалдах гомдолдоо: 1. Манайх 2005 онд энэ газар дээр нүүж ирэхэд айл амьтан байгаагүй. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, ашиглалтад ороогүй, дэд бүтэц хөгжөөгүй, хаягжаагүй газар байсан. Нүүж ирснээс хойш 2 жилийн дараа 2007 онд нэгдсэн журмаар хаягжуулж, манайхыг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б хэсэг, Улаанхуарангийн гудамжны 2121 тоот гэж хаяглаж, хороонд бүртгэсэн. Гэтэл манай хойно, айл хөрш амьдардаг Х.Ц гийн төрсөн дүү Говь алтай аймаг, Дэлгэр сум, Баянбуурал багт оршин суудаг Х.Э  нь манай газар дээр 10 дугаар хороонд ямар ч бүртгэлгүй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсэг, 369 тоот гэсэн хаягаар 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Х.Э  нь манай газар дээр оршин сууж байгаагүй, мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсэг, 369 тоот хаяг нь хороонд бүртгэлгүй байхад тус хорооны Засаг дарга дээрх хаягт оршин суудаг гэсэн хуурамч тодорхойлолтыг хийж өгсөн байна. Энэхүү тодорхойлолтод үндэслэн Баянзүрх дүүргийн газрын алба Х.Э д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчиж байна. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Х.Э-ын  эзэмших хүсэлт гаргасан газрыг биеэр очиж, нарийн үзэж судалсан бол түүнийг энэ газар дээр оршин суудаггүй гэдгийг, Д.Г ынх гэдэг айл байдгийг, мөн уг газар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б хэсэг, Улаанхуарангийн гудамжны 2121 тоот гэсэн албан ёсны өөр хаягтай гэдгийг олж тогтоох боломжтой байсан. Ийнхүү Баянзүрх дүүргийн Газрын алба Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг зөрчиж, хээрийн судалгааг хийгээгүй, мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Х.Э д гаргаж өгсөн хуурамч тодорхойлолтод үндэслэж газрын гэрчилгээ олгосон нь зөрчилтэй байдалд хүргэж байна. Учир нь манайх энэ газарт арваад жил амьдарсан байтал огт амьдарч үзээгүй хүнд манай газрыг эзэмшүүлэхээр өгсөн нь шударга ёсонд нийцэхгүй.

 

2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 345 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дугаар зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.5.3-т заасныг үндэслэн Х.Э д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 369 тоот байрлалтай 663 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ гэж дүгнэсэн байна. Гэтэл бид Х.Э д газар эзэмшүүлэх, мөн газар өмчлүүлэх гэрчилгээг олгосон явдлыг үгүйсгээгүй, Өөрөөр хэлбэл, ийм гэрчилгээ олгогдоогүй гэж маргаагүй. Харин газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль зөрчиж байгааг, мөн Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээн дэх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 369 тоот хаяг бодитой оршиж байгаа эсэх асуудал дээр маргаж байхад шүүх маргааны гол үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.

 

3. Х.Э д олгосон газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл шалтгааныг нотолсон бичгийн нотлох баримт буюу Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт, шүүхэд өгсөн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, өрхийн бүртгэлийн дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хорооны ажилтан Ч.Ч, бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг хангалттай олон баримтаар нотлогдож, тогтоогдож байхад хариуцагч талын ... Г.Г-ийн хувийн кадастрын компаниар хийлгэсэн зургийг үндэслэж, хуулийн дагуу газар өмчилж байгаа иргэний өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг зөвтгөх мэт байдлаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь заалтыг тусгасан нь ойлгомжгүй.

 

4. Нэхэмжлэгч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  нь өөрийн оршин сууж байгаа гэх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг, Улаанхуаран гудамжны 2121 тоот хаягт 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр шилжин ирсэн, Баянзүрх дүүргийн газрын албанд 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн оршин сууж буй газраа эзэмшихээр хүсэлтээ гаргаж байсан болох нь ... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гээд нэхэмжлэгч Г.Г биш түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэзээ шилжиж ирснийг нотлох гээд байгаа нь хэрэгт ач холбогдолгүй юм. Тэгээд ч 2014 оны 01 дүгээр сарын 21-нд хаягийн шилжүүлэг хийлгэсэн нь өөр газарт амьдарч байсан гэсэн үг биш би хаягийн шилжүүлгээ сүүлд хийлгэсэн шалтгаан нь иргэний үнэмлэх гээгдүүлсэнтэй холбоотой. Энэ талаар шүүх хуралд өчнөөн олон удаа хэлж тайлбарласан байхад шийдвэрт өөр байдлаар тусгасанд гайхаж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг, Улаанхуаран гудамжны 2121 тоот хаягт манайх 2005 оноос эхлүүлэн оршин суусан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдог. Аль ч талаас нь авч үзсэн манайх энэ газар дээр Х.Э ыг гэрчилгээ авахаас өмнө амьдарч, оршин сууж байсан нь маргаангүй үнэн.

 

5. Маргаан бүхий газар нь хангамжийн хэсэгт байршилтай гэдэг байдлаар хэргийг хариуцагч талд шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай. Учир нь манайд 2007 онд олгосон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг, Улаанхуаран гудамжны 2121 тоот хаягт анхдагч, бөгөөд өмнө нь задгай гэж бүртгэгдэж явсан. 10 дугаар хорооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, сүүлд хаяг авсан айлуудыг хангамжийн хэсэгт хамруулж хаягласан боловч манайхтай ижил Улаанхуарангийн гудамж гэсэн хаягаараа бүртгэлтэй айлууд зөндөө байдаг. Энэ талаар хорооны ажилтан Д.Ч тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн шүүхэд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 369 тоот гэх хаяг нь Баянзүрх дүүргийн хороонд одоо ч гэсэн бүртгэлгүй гэж тайлбар, тодорхойлолтыг гаргаж өгч байх тул энэ хаягийг үндэслэлтэй мэтээр дүгнэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны гол үндэслэлийг хөндөөгүй, зөвхөн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрийг гаргахад баримтлах хуулийн зохицуулалтыг үндэс болгосон шинжтэй, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах шалтгаан үндэслэлүүдийг нарийвчилж хянаагүй, хэрэгт ач холбогдол багатай үндэслэл тусгагдсан байна. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч миний эрх ашиг хэрхэн яаж зөрчигдөж байгааг авч үзээгүй, мөн Х.Э , түүний эгч нар миний амьдарч байгаа газрыг надад мэдэгдэлгүй, нууцаар өөрийн нэр дээр болгож авсан нь илт байхад тэдний энэ ёс суртахуунгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч, мөн Баянзүрх дүүргийн газрын албаны хариуцлагагүй шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Х.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Г т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б хэсэг Улаанхуаран гудамжны 2121 тоотод байрлах газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хангамжийн 369 тоотын газрыг, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх хүсэлтийнх дагуу дахин 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамжаар мөн Хангамжийн 369 тоотод байрлалтай 663 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар тухайн газрыг иргэн Х.Э д өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хэргийн оролцогчдын тайлбар болон гэрч Н.Д  /ХХ-172/, Ц.М  /ХХ-171/, Д.Ч  /ХХ-151/, Б.Х  /ХХ-174/ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, бусад баримтуудаас үзвэл маргаан бүхий газар 2005 оноос нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  гэр бүлийн гишүүд /түүний дотор хүү Г.Г /-ийн хамт нүүн ирснээс хойш өнөөг хүртэл суурьшин, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б хэсэг, Улаанхуарангийн 2121 тоот хаягжилттай амьдарч байгаа нь тогтоогджээ.

 

Хэдийгээр цугларсан баримтуудаар 2003-2005 оны хооронд гуравдагч этгээд Х.Э  тухайн газарт амьдарч байсан гэдэг нь үгүйсгэгдээгүй боловч тэрээр уг газарт албан ёсоор бүртгэгдэн амьдраагүй байна. Тодруулбал, Х.Э  нь 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгаас Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хэсгийн Баатархайрханы задгай хаяганд шилжин ирсэн, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөн хэсгийн Баатархайрханы 360 тоот хаяганд бүртгэгдсэн , 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4-36а тоот хаягаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баянбуурал баг руу буцаж шилжсэнээс хойш өнөөг хүртэл тухайн орон нутагтаа амьдарч байна. /ХХ-76-81/.

 

Үүнээс гадна Х.Э тай хамт Говь-Алтай аймгаас шилжин ирсэн гэх эгч Х.Ц  Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Хангамжийн 361 /ХХ-115/ тоотод, эгч Х.С  мөн хэсгийн Хангамжийн 360 тоотод буюу маргаан бүхий газрын зэргэлдээ амьдарч ирсэн байдал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тус хорооны мэдээллийн санд 4 дүгээр хэсэгт 369 тоот бүртгэлгүй, 360 тоотод Хасбазарын С , Дорлигийн Н  нар бүртгэлтэй байгаа талаар тодорхойлсон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 26/79 дүгээр албан бичиг /ХХ-160/, гэрч Д.Ч гийн 2005-2009 онд айлуудад хаяг олгохдоо Улаанхуаран хэсэгт хамааруулж хаяг олгосон. Сүүлд нь буюу 2009 оноос хойш тухайн газарт айл өрх олширч хэсгийг хуваах шаардлага гарахад дээрх айлуудыг Хангамж хэсэгт хамааруулж хаяглах болсон, Улаанхуарангийн 2121 тоот хаягийг анхдагч гэж үзэж болох тухай мэдүүлэг зэргээс үзвэл Х.Э д газар эзэмшүүлэх шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргах үед буюу 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий газарт Х.Э  болон түүний эгч нар амьдарч байгаагүй, Хангамжийн 369 тоот гэх хаягжилт ч хийгдээгүй байсан нь нотлогджээ.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга тухайн газарт оршин суугаагүй этгээд, хороонд бүртгэлгүй хаягаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн хүсэлт гаргасныг нягтлан шалгалгүйгээр одоо эзэмшиж буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ хүссэн иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулж 2009 оны 415, 2011 оны 345 дугаар захирамжийг гаргахдаа Х.Э ыг хамааруулж, улмаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна.

 

Тухайлбал, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний газрын алба дээрх шийдвэрүүдийг гаргахаасаа өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу газартай очиж танилцан, бүрдүүлсэн материалыг нягтлан шалгасан бол олгох гэж буй газарт бодит байдлаар 2005 оноос хойш Х.Э  эзэмшлээ тогтоогоогүй, газрын хаягжилт нь хүсэлтэд дурдсанаас өөр байгаа зэргийг тогтоох боломжтой байжээ.

 

Энэ тохиолдолд одоо эзэмшиж буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ хүссэн иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулах зорилгоор гаргасан маргаан бүхий захиргааны актынхаа хүрээнд Д.Г  болон түүний гэр бүлийн гишүүдэд эзэмшиж байгаа газрыг нь эзэмшүүлсэн шийдвэрийг гаргах байжээ. Энэ нь ч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/ дахь заалтад илүүтэй нийцнэ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахдаа мөн нягтлан шалгах үүргээ биелүүлж дүүргийн Засаг даргын гаргасан дээрх алдааг залруулаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

 

Анхан шатны шүүх дээрх асуудлаар буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Х.Э д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Г.Г т Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, 1б хэсэг Улаанхуаран гудамжны 2121 тоотод байрлах газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР