Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 11

 

                     

 

 

 

            

 

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Р.Оийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Дсумын З дд холбогдох “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 16 цагт хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А нь Дсумын Улаан худгийн бууцыг 1998 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж 1998 оны 05 сарын 20-ны өдөр гэрчилгээ авч хууль ёсны эзэмшигч болсон.

Ан хүүхдүүд нь Улаанбаатар хотод оюутан болж гэрээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар болж өөрийн “Улаан худаг” гэх бууцыг Ш.Бынх буюу манайхыг харж хандаж бай гээд үлдээсэн юм. Бид харилцан тохиолцож энэхүү бууцыг худалдан авахаар болж өртөг мөнгөө өгсөн. Манайх 2013 оноос хойш энэ бууцанд амьдарч байна. А нь манайд бичиг баримтыг шилжүүлж өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн. Гэтэл 2016 оноос Г.Б гэх хүн манай ойролцоо байдаг ба манайхыг хөөж туух болсон. Тэгэхээр нь бид Аг дуудаж ирж бичиг баримтаа янзлъя гээд суманд очтол энэхүү Улаан худаг гэх бууцыг иргэн Г.Б нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/99 дугаартай сумын Засаг даргын захирамжаар эзэмшдэг болсныг мэдсэн. Иймд Дундговь аймгийн Д сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийн хавсралтын Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О 2020.08.06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р.Оийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Д сумын З дд холбогдуулан гаргасан “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Цаашид энэхүү асуудлаар бусад этгээд нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан” гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг дэмжиж байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний  үр дагаврыг нэхэмжлэгчид танилцуулж, тайлбарлаж өгсөн. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Д сумын З д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уг “Улаан худаг” гэх газар нь Дсумын 3-р багийн нутаг бөгөөд иргэн Г.Бд 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/99 захирамжаар эзэмшүүлсэн. Харин тухайн газар нь барьсан хашаа хороо нь Б.А, нэхэмжлэгч Р.О нарын хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Сумын газар нутгийг хэн нэгэнд олон жил нутаглаж байсан гэдгээр зарж бэлэглэх нь хууль зөрчиж байна гэж үзэж байна...” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Д сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 110000341 дугаар бүхий 5000м2 газрыг 15 жилийн хугацаатай Улаан худаг бууцыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгосон. Энэ бууц нь Дсумын нутаг бөгөөд хажууд нь 700 метрт хаваржааны зориулалтаар Энгэрийн бууц гэдэг бууцыг мөн надад олгосон. Гэтэл Улаан худгийн бууцыг Сайнцагаан сумын иргэн А Ш.Бынд зарсан байсан. Г овогтой Ц гэдэг хүний энгэрийн бууцны 1998 онд 60 жилийн хугацаатай олгосон гэрчилгээг Улаан худаг гэдэг нэрээр ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.О Дундговь аймгийн Д сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийн Г.Бд холбогдох    хэсгийг    хүчингүй    болгуулах”    тухай нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргасан байна.

Шүүхээс  хуульд  заасан   ажиллагааг    явуулсаны  дагуу  хариуцагч,    гуравдагч этгээдээс хариу тайлбараа[2] бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж 2020.06.26-ны өдрийн 117/ШШ2020/0058 дугаартай шүүгчийн захирамжаар[3] шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, 2020.08.14-ний өдрийн 117/ШШ2020/0080 дугаартай шүүгчийн захирамжаар[4] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж татгалзлаа  бичгээр[5] илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчид  хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[6] болно.       

Харин энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрх нь бусад этгээдийн хувьд /урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хангасан, хөөн хэлэлцэх хугацаанд байгаа нөхцөлд/ нээлттэй гэж үзэх нь зүйтэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  111  дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  66  дугаар зүйлийг   66.1-т   заасныг  баримтлан   нэхэмжлэгч   Р.Оийн   Дундговь  аймгийн Д сумын З дд холбогдуулан гаргасан “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/99 дугаартай захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг гуравдагч этгээд Г.Б, хариуцагч П.Ц нарт тус тус мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50-р зүйлийн 50.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ  захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 


[1] Хх-ийн 1-2

[2] Хх-ийн 17, 28

[3] Хх- 43-46

[4] Хх-ийн 61-62

[5] Хх-ийн 60

[6] Хх-ийн 65