Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1643

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01295 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдох

Олгогдоогүй тэтгэмжид 12 102 623 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Баярсайхан нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2009 оны 05 дугаар сарын 04-нд 369 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Б/39 тоот тушаалаар 16 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.Баярсайхан энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-н захиргаа, Үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-нд нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж дутуу олгосон. Ч.Баярсайханы сарын дундаж цалин 1 595 069 төгрөг, 9 сарын тэтгэмж 14 355 623 төгрөг олгох байтал 2 253 000 төгрөгийг олгосон тул тэтгэмжид 12 102 623 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Баярсайхан нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тушаалаар жолоочоор орж ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/39 тушаалаар ажлаас чөлөөлөн, түүнд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 2 253 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/135 тоот тушаалаар олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 болон ҮЭХ-ны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдан, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-д мэдэгдсэн. Учир нь “Автобус-1” нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 дугаар захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Тус нэгтгэл нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1, Автобус-2, Автобус-3 баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Хөдөлмөрийн хуулийн 16.3-т “аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэсэн нь НИТХ-ын 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31.1-д зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т заасанд нийцэж байна. Хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай 01 тоот албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Ажил олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмжид 7 885 500 төгрөгийг гаргуулж, Ч.Баярсайханд олгож, шаардлагаас үлдэх 4 217 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 141 118 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Байгууллагын захиргааны зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилсон ба гэрээ төслийг хүргүүлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын дагуу хүргүүлсэн боловч ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй гацаанд оруулаад байна. Ийм байгууллагын зүгээс 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 12 102 623 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллаж байсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө нэхэмжлэгчийн 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2 253 000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

“Автобус нэг” ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...”-оор  нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Мөн нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “...хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх ба хамтын гэрээг шинээр батлаагүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүчин төгөлдөр хамтын гэрээний 8.5-д зааснаар дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Баярсайханд дутуу олгосон тэтгэмжийн зөрүү болох 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 7 885 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8.5-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн “хамтын гэрээ шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэх гомдол үндэслэл муутай байна. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн байх ба Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт 2 буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж үзэх талаар заасан тул хариуцагч нь хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгох үүрэгтэй. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг нэгтгэснээс үүсэх эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээний талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН