| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02303/И |
| Дугаар | 3388 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 3388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т-ийн гаргасан,
Хариуцагч: Н-д холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Ё.Н, иргэдийн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Таас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өнгөрсөн 2016 оны 05 дугаар сард намайг ажилтай байх хойгуур хариуцагч Ё.Н миний барьсан хашааг зөвшөөрөлгүйгээр буулгаж, эвдсэн хэрэг гарсан.
Би, *******,******* гэх хотоос 13 км зайтай, утас холбоо барихгүй, сүлжээ унадаг, цагдаа байдаггүй газарт газар эзэмшдэг бөгөөд өөрийн охин Э.*******д эзэмшүүлэхээр харъяа газрын албанд хүсэлт гаргаад явж байгаа ч уг газартаа олон жил амьдарч байна.
Гэтэл хариуцагч өөрийн нөхөр, хүүхэд, хүргэнтэйгээ хамт очиж хашааг буулгаж, эвдсэн, ингэхдээ миний эгчийг зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан. Бид энэ талаар харъяа цагдаагийн хэлтэст хандаж, шалгуулсан боловч хариуцагчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Би, өөрөө нийтийн тээврийн автобусын жолооч ажилтай, цалингийн зээл авч барьсан хашааг маань эвдэж, дахин хэрэглэх боломжгүй болгосонд туйлын ихээр гомдолтой байна, хэрэв хариуцагч энэхүү газрын талаар маргаж, хашааг буулгах шаардлагатай байсан бол Баянзүрх дүүргийн газрын алба болон бусад эрх бүхий хүмүүст хандах ёстой байсан юм.
Хариуцагчийг ийм үйлдэл гаргасны дараагаар түүнээс учирсан хохирлоо төлүүлэхээр 2-3 удаа шүүхэд хандсан боловч түүний оршин суугаа хаяг нь олдоогүй, үүнээс улбаалан эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, холбогдох шийдвэр гарсан бөгөөд үүнд 70,200.00 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж хохирсон.
Миний бие өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хамт эвдэрсэн хашаагаа дахин засварлахаар “Цайз” захаас 705,000.00 төгрөгийн үнэтэй банз, 45,500.00 төгрөгийн үнэтэй хадаас, бээлий худалдан авсан ба буцаан барих зардлыг тооцохгүйгээр нотариатын хөлс 4,300.00 төгрөгийн хамт нийт 825,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд, шүүхээс хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн хариуцагчаас 825,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ё.Наас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Улиастайн бригадын 33 тоотыг эзэмшиж байна. Гэвч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань цус харваж, хэвтэрт орсон учир бид яах аргагүй хашаанаас явсан ба тухайн үед сараалжин хашаатай үлдээсэн.
Ингээд уг хашааг хайхрахгүй явж байтал 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “газарт чинь өөр хүн хашаа бариад байна” гэж утсаар хэлсний дагуу очиход зөвшөөрөлгүй хашаа барьж байсан ба Ц.******* гэх эмэгтэй байсан. Тэр эмэгтэй надтай ярилцахгүйгээр шууд өөрийнхөө үс гэзгээ зулгаагаад хашгирсан тул энэ хүнтэй үг хэлээ олохгүй юм байна гэж бодоод ******* утсаар 102-ын цагдаад дуудлага өгсөн юм.
Гэвч дуудлага өгснөөс хойш 2 цагийн дараа цагдаа ирж, шалгалт хийсэн бөгөөд Ц.*******ыг босоход цагдаа “та байнга л ингэж байдаг ш дээ, болиоч” гэж хэлээд биднийг маргааш өглөө материалаа аваад ир гээд явсан.
Би, 2002 онд тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан бөгөөд сунгаагүй, харъяа дүүргээс тухайн газрыг өгнө, өгөхгүй, устай горхитой гэх мэтээр шалтаг хэлж өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хаягтай, харин би 20 дугаар хороонд оршин суудаг.
Намайг нэхэмжлэгчийн хашааг эвдсэн, буулгасан гэдгийг тогтоосон баримт байхгүй, би ямар нэгэн байдлаар эвдэх, буулгах үйлдэл хийгээгүй, тухайн газрыг үзүүлэх гэж цагдаатай хамт явах хойгуур нэхэмжлэгч тал эвдэрсэн өөр хашааны зургийг авахуулсан байсан. Нөхөр минь өвдөөд бид хотод хаяггүй учир Чингэлтэй дүүрэгт байх охиныхоо гэрт хэсэг хугацаанд амьдарсан.
Миний бие нэхэмжлэгчийн хашааг эвдээгүй, машинаар үйрмэг болгосон гэж байна, гэтэл үйрмэг болгосон гэх зураг байхгүй, хашааг мөргөсөн бол манай машин тэгвэл яасан байх вэ, банз м.куб нь 120,000.00 төгрөг, нэг боодолдоо 120 байдаг ба нэхэмжлэгч тал 5 м.куб банзаар хашаагаа барьж, будаад зурсан байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Таас хариуцагч Ё.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 825,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн хашаанд учирсан хохирлыг түүнийг эрэн сурвалжлуулахтай холбоотой төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 825,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх бүрэлдэхүүн хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастай ферм хаягт байрлах газрыг эзэмших, ашиглахтай холбоотой маргааны улмаас хоорондоо үл ойлголцож, зөрчилдсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ё.Нд Баянзүрх дүүргийн засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 186 тоот шийдвэрээр тус дүүргийн 20 дугаар хорооны Улиастай их цуурай ам нэртэй газарт 700 м.кв талбайтай газрыг өвөлжөөний зориулалтаар 5 жилийн хугацаагатай эзэмшүүлэх тухай 20-2-113 тоот гэрчилгээ олгосон бол Эрдэнэ Очирын *******ы хүсэлтээр “Барга Уул” ХХК-иас *******, Улиастай ферм хаягт байрлах газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тодорхойлсон актыг хүлээлгэн өгсөн ба талууд дээр дурьдсан хаягт байрлах газрыг “нэг газар, миний эзэмшил, өмчлөлийн газар” хэмээн маргаж байгаа ажээ /х.х-ийн 45, 46, 48-р хуудас/.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид тухайн газрыг эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэггүй байна.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21856 тоот тогтоолд дурьдснаар хариуцагч Ё.Н нь талуудын маргаж байгаа газарт нэхэмжлэгч Ц.Тийн барьсан хашааг дур мэдэн буулгасан үйл баримтыг тогтоосон байх бөгөөд уг үйлдэл нь “хөнгөн” гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д заасан үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /х.х-ийн 4, 5-р хуудас/.
Тодруулбал, хэдийгээр зохигчдын маргаж буй газрыг дээр дурьдснаар эрх бүхий байгууллагаас хэн аль нэгэнд хуульд зааснаар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч тал тухайн газарт хашаа барьсныг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр дураараа аашилж, бусдын өмчид гэм хор учруулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн энэхүү үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газар, мөн Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгосон Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д “Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол..................................................” гэснийг зөрчсөнөөс нэхэмжлэгчид бага бус хэмжээний хохирол учирч, 750,500.00 төгрөгийн үнэ бүхий хашааг нураасан гэдгийг тогтоожээ /х.х-ийн 3, 15-р хуудас/.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тухайн газартай холбоотой эзэмших, ашиглах талаар аливаа маргаан байгаа тохиолдолд харъяа дүүргийн засаг даргад хандаж, шийдвэрлүүлэх боломжтой байтал хариуцагч нь хуулиар тогтоосон энэхүү журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааг буулгаж, эвдсэн байх тул түүнийг бусдын өмч хөрөнгөд халдсанд тооцно.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж, мөн 101 дүгээр зүйлийн 101.1.-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч тал маргааны зүйл болсон газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшиж, ашиглаагүй ч гэсэн түүний өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн зүгээс хоорондын маргаанаа шийдвэрлүүлэх хуулиар тогтоосон журам байсаар байтал ийнхүү дур мэдэн буулгаж, эвдэх эрхгүй, хариуцагч нь бусдын өмчийн халдашгүй байдал, өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захирах зарцуулах эрхийг хүндэтгэх ёстой юм. Гэтэл тэрээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааг зөвшөөрөлгүйгээр буулгаж, эвдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “.................... иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 497.2.-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцах үүрэгтэй бөгөөд өөрийнхөө буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд түүнийг хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж түүнчлэн 107.3.-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэдийгээр хариуцагч Ё.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ц.Тийн өмчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэдэг боловч прокурорын байгууллагаас тогтоосон үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.
Иймд, хариуцагч нь энэхүү гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд мөн бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, ийнхүү сэргээх боломжгүй, аль эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал “Цайз” захаас 705,000.00 төгрөгийн үнэтэй банз, 45,500.00 төгрөгийн үнэтэй хадаас, бээлий худалдан авсан байх бөгөөд эрүүгийн хэргийг шалгасан прокурорын байгууллагаас учруулсан хохирлыг 750,500.00 төгрөгийн үнэтэй хашаа байсан гэж тогтоосон байх тул хариуцагчаас тус төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв /х.х-ийн 16, 17-р хуудас/.
Харин нэхэмжлэлийн бусад шаардлагаас 74,500.00 төгрөг буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөг, нотариатын зардал 4,300.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн хариу татгалзлыг нотолсон нотлох баримтыг эх хувиар гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг ийнхүү нотариатаар гэрчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хариуцагчийн гэм хор учруулснаас шууд бий болсон хохирол гэж үзэхгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө” гэж, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200.00 төгрөг төлнө” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь ийнхүү хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан гэм хор учирч, иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд хохирол учруулагч этгээдийн хүсэл зоригоос хамаарсан түүнд захирагдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй зөвшөөрөгдөөгүй буюу буруу байх, гэм буруутай байх болон хохирогч этгээдийн хуульд заасан эрх зөрчигдөх, гэм буруу - үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Гэтэл хариуцагчийн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 70,200.00 төгрөгийн гэм хор учирсан гэх үйл баримт тодорхойгүй байгаагаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүргийг хуулиар нэхэмжлэгчид ногдуулсан байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 750,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 74,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Н.САРАНГҮН