Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 3474

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/03474

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т-ийн гаргасан,

 

Хариуцагч: Э-д холбогдох,

 

240,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.Т тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие хариуцагч П.Этай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нийтийн байранд амьдран суух зориулалтаар түрээсийн гэрээ байгуулж, 3 сарын түрээсийн төлбөрт 360,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд нүүж ороход хүн амьдрах боломжгүй, дээврээс ус тусдаг, хүйтэн байсан.

 

            Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус өрөөнөөс гарч, менежер гэх эмэгтэйд түлхүүрийг хүлээлгэн өгч, хариуцагчтай энэ талаар ярилцахад 7 хоногийн дараа ирж, түрээслээгүй сарын төлбөрт 240,000.00 төгрөгийг буцаан аваарай гэсэн юм.

 

            Гэтэл намайг 7 хоногийн дараа очиход хариуцагч тохиролцоогоо зөрчиж, төлбөрийг буцаан өгөхгүй гэсэн ба миний амьдарч байсан өрөөнд өөр хүн оруулж, тэдгээрээс төлбөрийг нь авсан байсан тул хариуцагчтай зөрүү төлбөрийн тухай ярилцаад хэрэв мөнгийг өгөх боломжгүй бол өрөөндөө буцаж орох санал тавихад тэрээр өөр хүн оруулчихсан учраас боломжгүй гэсэн.

 

            Би, хариуцагчийн тус байранд 1 сар хүрэхгүй хугацаанд амьдарсан атлаа 360,000.00 төгрөгийг өгч, 240,000.00 төгрөгөөр хохирч байна. Иймд, хариуцагчаас 240,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний өмчилдөг нийтийн зориулалттай тус байранд ямар нэгэн доголдол байхгүй, дулаан, тохь духтай орон сууц бөгөөд удаан хугацаанд бусдад түрээслүүлж байхад ямар нэгэн асуудал гарч байгаагүй.

           

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хэрэв түрээслэгч тал түрээсийн зүйлийг хугацаанаас өмнө орхин явсан тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан төлөхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

 

            Би, энэхүү нийтийн зориулалттай орон сууцыг бусдад түрээслүүлэх үйл ажиллагааг шууд хариуцдаггүй, миний томилсон менежер эмэгтэй бүхий л асуудлыг зохицуулдаг бөгөөд Х.Тийг гарсны дараагаар удалгүй өөр хүмүүсийг оруулсан боловч тухайн этгээд төлбөрийг төлөхгүй байсан тул гаргасан.

 

            Нэгэнт гэрээнд түрээсийн байрыг хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан өгөхгүй хэмээн тохирсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                   

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Тээс хариуцагч П.Эд холбогдуулан 240,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өрөө түрээслүүлсэн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу түрээсийн зүйлийг нэхэмжлэгч тал өөрийн буруугаас ашиглаагүй тул түүний төлсөн төлбөрийг буцаан төлөхгүй хэмээн мэтгэлцсэн.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.Т2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч П.Этай “өрөө түрээслэх гэрээ” байгуулж, нийтийн зориулалттай орон сууцны өрөөг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу 3 /гурав/ сарын хугацаатай түрээслэхээр тохирсон ба талууд 1 /нэг/ сарын 120,000.00 төгрөг, нийт 360,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 4-р хуудас/.

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээнд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар энэхүү гэрээг “өрөө түрээслэх гэрээ” хэмээн нэрлэж, тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч тал гэрээний зүйл болсон өрөөг аж ахуйн үйл ажиллагаа, аль эсхүл дүрэмд заасан ямар нэгэн зорилгоо хэрэгжүүлэх буюу үйл ажиллагаа эрхлэхээр бус, харин тухайн зүйлийг зориулалтын дагуу амьдран суурьшихаар тодорхой хугацаанд эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

  Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талууд ийнхүү сууцны зориулалттай өрөөг харилцан тохиролцон хөлслөхөөр тохирч, нэхэмжлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Гэвч зохигчид гагцхүү нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хугацаа дуусахаас өмнө өөрийн саналаар чөлөөлсөн тул нэгэнт төлсөн буюу дараагийн 2 /хоёр/ сарын хугацааны хөлсийг буцаан авах ёстой эсэх талаар маргасан.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь тус хуулийн хоёрдугаар дэд хэсэг дэх бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүргийн төрөлд хамаарах тул эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө” гэж зааснаас үзэхэд орон сууц буюу эд хөрөнгийг хөлслөх гэрээний хөлс нь гэрээний зүйлийг ашигласны буюу ашиглах эрх олж авсны хариу төлбөр бөгөөд хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлсийг гэрээний хугацаа дуусахад төлж буй нь эд хөрөнгийг тус хугацаанд ашиглах, буцаан хүлээлгэн өгөхөд чанар, шинж байдлыг шалгах, элэгдэл хорогдлыг тооцоход ач холбогдолтой юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “өрөө түрээслэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2.-т зааснаар талууд төлбөрийг хугацааны эцэст бус, харин гэрээ байгуулсан өдөр төлөхөөр тохирч, хөлслөгчөөс хөлслүүлэгчид 360,000.00 төгрөгийг бүрэн төлсөн ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.-т “өөрсдийн санаачилгаар байрнаас гарах тохиолдолд төлбөрийн зөрүүг түрээслэгчид буцаан олгохгүй, түрээслэгч авахгүй гэж” заажээ.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4.-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд нэгэнт хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний зүйлийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн буюу эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах эрхийг бий болгосон бөгөөд хөлслүүлэгчээс шалтгаалахгүйгээр хөлслөгч тал өөрийн буруугаас тухайн орон сууцыг ийнхүү ашиглаагүй тохиолдолд тэрээр тохирсон хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Гэвч энэхүү зохицуулалт нь хөлслөгч тал гэрээний нийт хугацаагаар хөлсийг бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийн хооронд үүссэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэх нь шударга ёсонд нийцнэ.

 

Тодруулбал, хөлслөгч өөрийн буруугаас орон сууцыг ашиглаж чадаагүйн улмаас төлөх ёстой төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байх үндэслэл нь хөлслүүлэгчээс уг эд хөрөнгийг ашиглах эрхийг хөлслөгчид олгосон байхаас гадна өөрийн аливаа үйлдлээр хязгаарлаагүй байх, дараагийн хөлслөгчийг олох, түүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэгт тулгуурлах бөгөөд хэрэв хөлслүүлэгч нь дээр дурьдснаар өөр хөлслөгчийг олоход хугацаа их шаардаагүй, ямар нэгэн зардал гаргахгүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд өмнөх хөлслөгчийн орон сууцыг ашиглах эрх шууд дуусгавар болж, түүний  урьдчилан төлсөн буюу ашиглаагүй хугацааны төлбөрийг буцаан төлөх үндэслэл бий болно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нэхэмжлэгчээс өрөөний түлхүүрийг хүлээн авснаараа тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний зүйлийг хөлслөгч тал ашиглах боломжийг хязгаарласан байхаас гадна тухайн өрөөг дараагийн хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээний зүйлийг ашиглах эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараагийн хөлслөгч нь төлбөрийн боломжгүйн улмаас өрөөг буцаан хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж буй боловч тухайн хөлслөгчтэй гэрээ, хэлэлцээр байгуулах нь хариуцагч буюу хөлслүүлэгчийн бүрэн эрх буюу сонголтын асуудал тул нэхэмжлэгчтэй хамааралтай гэж үзэхгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 240,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.        

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг үндэслэн хариуцагч П.Эгаас 240,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,850.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,850.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР