Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2015 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0125

 

Иргэн М.С-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч М.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн М.С-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын хими-биологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь тухайн үед эрүүл мэндийн байдлын улмаас болж ажлаас түр чөлөө олгох хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаалаар төрийн албанаас түр чөлөөлж, зохих журмын дагуу оронд нь тухайн албан тушаалыг эрхлэх болзол шаардлагыг хангасан С.Т-г томилсон. ... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлсөн тохиолдолд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн авч ажиллуулах тухай заагаагүй.

 

... Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж заасан. М.С 2013 оны 09 дүгээр сарын 26-нд өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн. Буцаад өргөдөл өгөөд 1 жилийн дараа орж ирж ажил хүсэх ёстой. Гэтэл энэ хугацаанд ямар нэгэн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан, сурч байгаа, бизнес хийж байгаа гэсэн. Ийм байдалтай явж байгаад 2014 оны 10 дугаар сарын 23-нд ажил орох тухай өргөдлөө өгсөн. ...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө гэж заасан. ... Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны захиалга өгөхөд Хими биологи хариуцсан мэргэжилтэнд ТЗ-5, дээд боловсролтой, мэргэжил химийн багш гэж захиалга өгөгдсөн. М.С нь өөрийгөө химийн багш гэж танилцуулсан ч чөлөөтэй байх нэг жилийн хугацаанд сургууль сурч төгсөн 2014 онд диплом авсан байна. ... Хотод очоод эмчлүүлсэн биш бизнесийн ажил хийсэн. ... Өөр ажил буюу 3 дугаар лаборатори сургуульд ажиллах санал тавихад тэнд ажиллахгүй гэдэг. Иймд М.С-г урьд эрхэлж байсан аймгийн Боловсролын газрын хими-биологийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул М.С-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 10 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд захирлаар ажилласан ба 2013 оны мөн өдрөөс Боловсролын газрын хими-биологи хариуцсан мэргэжилтнээр нөөцөд байж байгаад энэ ажилд хууль, тогтоомжийн дагуу томилогдсон.

 

... М.С-ы ажлыг өөрөөс нь хүлээж авахад Би бараг энэ ажлаас явж байгаа гээд бүх зүйлээ хүлээлгэж өгөөд явсан. ... Би бол эрх бүхий этгээдийн тухайн албан тушаалд томилсон тушаалын дагуу томилогдсон. Хэрвээ нэхэмжлэгч М.С-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангавал миний эрх, ашиг зөрчигдөх тул М.С-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.3.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч М.С-г Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын хими-биологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 2352611 /хоёр сая гурван зуун тавин хоёр мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг аймгийн Боловсролын газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч М.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга К.И давж заалдах гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Үндэслэх хэсэгт төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т заасныг тайлбарлан хэрэглэхдээ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн алба хаах хугацаанд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлж, сувилуулах....үндэслэл шалтгаан үүсвэл тодорхой хугацаанд албан ажлаа хийхгүйгээр түр чөлөөлөгдөх замаар эмчлүүлэх, сурах мөн цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломжтой буюу уг боломжоор ажил олгогч хангах заалт юм. Иймд төрийн албанаас түр чөлөөлөгдөх тухай хуулийн заалтын агуулгыг тухайн албан хаагч нь хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаанд тухайн албан тушаалын үүргийг хийхгүйгээр чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан арилсны дараа уг албан тушаалд эргэж ажиллах эрхтэйг ойлгоно гэж тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Гэтэл төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болон төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх зохицуулалт юм. Уг 23 дугаар зүйлийн 23.3-т төрийн албанаас түр чөлөөлөх зохицуулалтыг нарийвчлан тогтоож өгсөн бөгөөд 23.3.1-т заасанчлан ...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 23.5-д энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... албан хаагчийг нөөцөд байгааг тооцно гэж зааснаас гадна төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг баталсан төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 2.2.1-д Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх шаардлагатай болсон..., мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөц гэж тус тус зааснаар төрийн албаны хуулиар ч төрийн албаны зөвлөлийн баталсан журмаар ч нөөцөд байхаар зохицуулсан байна. Хуулийн энэ зохицуулалтад зөвхөн нөөцөд байхаар зохицуулсан болохоос урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн авах ямар ч үг үсэг зохицуулалт байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заажээ. Гэтэл төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 23.5-д зааснаар нөөцөд байхаар нарийвчилсан зохицуулалт байсаар байтал захиргааны чөлөөтэй байгаа мэтээр тайлбарлан дүгнэж хөдөлмөрийн хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэсэн нь төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм.

2. Холбогдох хуульд заасанчлан захиргааны чөлөөтэй байх болон төрийн албанаас түр чөлөөлөгдөх нь утга агуулгын хувьд өөр өөр ойлголт юм. Гэтэл шүүх нь энэ 2 өөр өөр утга агуулга бүхий нэр томъёог ижил утгаар хэрэглэсэн нь холбогдох хуульд харшлах зүйл юм.

3. М.С-г ажлаас түр чөлөөлөх тушаалыг төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-ийг баримтлан гаргасан бөгөөд М.С нь уг тушаалыг гардан авснаас хойш 1.3 жил гаруй хугацаанд энэ тушаалд гомдол гаргаагүй бөгөөд уг тушаалыг хүлээн зөвшөөрч нөөцөд байхаар хууль баримталсныг мэдсэнээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн атал шүүх үүнийг анхааралгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан гомдол гаргах хугацаа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуулийн зохицуулалт байсаар байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг давхар зөрчиж байна.

 

4. М.С-г 2013 оны 09 дүгээр сарын 26-нд төрийн албанаас түр чөлөөлсөн бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хугацаа тоолох журмаар хэрвээ М.С уг тушаалыг зөв ойлгоогүй бол /нөөцөд байгаагаа/ 2014 оны 09 дүгээр сарын 26-нд ажилдаа орох хүсэлтээ гаргах байсан бөгөөд уг хүсэлтээ 2014 оны 10 дугаар сарын дундуур гаргаж байгаа нь нөөцөд байгаагаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл юм. Шүүх нь энэ талаар тайлбарлаж дүгнэхдээ төрийн албаны тухай хуулийн 23.3-т зааснаар ажилтныг төрийн албанаас түр чөлөөлөхдөө ажилтны төрийн албанаас чөлөөлөгдсөн хугацаа дуусмагц ажил олгогч нь ажилтныг ажилдаа орохыг шаардах үүрэгтэй хэмээн тайлбарлаж байгаа нь ямар хууль дүрмийг баримтлан ийнхүү тайлбарлан дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Иймд дээр дурдсанчлан шүүх нь дүгнэлтээ буруу гаргаж хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.С-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.К давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан төрийн албанаас түр чөлөөлсөн үндэслэл арилсан, чөлөөтэй байх хугацаа нь дууссан тухай албан хаагч урд эрхэлж байсан албан тушаалд эргэж ажиллах эрхтэй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 35.1.3-т заасан хуульд заасан бусад тохиолдол гэдэгт хамаарах юм гэсэн тайлбар хийж Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийг нотлох баримтыг харгалзан үзэхгүйгээр буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт төрийн албанаас түр чөлөөлөх асуудлыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно хэмээн зохицуулсан байна.

Иймд тус аймгийн Боловсролын газар нь М.С-д чөлөө өгөөд мөн газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн гуравдагч этгээд болох С.Т-г тус аймгийн Боловсролын газрын хими-биологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

2. Нэхэмжлэгч М.С нь ...эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргаж... тус аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаалаар төрийн албанаас нэг жилийн чөлөө авсан гэх боловч М.С хэдийд, хаана, ямар эмчид үзүүлж, хаана, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхой бус байна. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс үзэхэд нэхэмжлэгч М.С нь шүүхэд хандахаас сарын өмнө буюу 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, түүнчлэн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 20-ны хүртэл 19 хоног өвчтэй байсан тухай 0756991, 0705048 дугаар Эмнэлгийн хуудас байгаагаас өөр түүний өвчтэй байсныг нотлох ямар ч баримт байхгүй.

Харин нэхэмжлэгч М.С нь чөлөө авсны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 668 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, 2013-2014 оны хичээлийн жилд Ховд аймгийн их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарт багшлах эрх олгох сургалтад сурч багшлах эрх авсан, Улаанбаатарт очиж хувийн журмаар худалдаа наймаа хийсэн, түүнчлэн Монгол улсын хх сургуулийн ШУС-д докторант түвшинд суралцсан зэргээс үзэхэд түүний эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргаж чөлөө авсан гэдэг нь эргэлзээтэй байна. Гэтэл аймгийн захиргааны хэргийн шүүх нь уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, шүүхээс санаачлан холбогдох шалгалтуудыг бүрэн явуулж зохих дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам-ын 4.8 дахь хэсгийн ... эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгэнэ гэсэн заалт нь гэрлэлтээ цуцлуулах, худалдаа наймаа хийх, багшлах эрх олгох сургалтад орж суралцах, докторантын сургалтад хамаарах зэрэг зорилгоор чөлөө авсан төрийн албан хаагчид хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийн шүүхээр холбогдох шалгалтуудыг бүрэн хийлгэсний үндсэн дээр анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийг анхан шатны шүүхэд буцааж, гуравдагч этгээдийн эрхийг зохих ёсоор хамгаалах арга хэмжээ авч өгөхийг гуравдагч этгээд С.Т-ий өмгөөлөгчийн хувьд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсч, энэхүү давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын хими-биологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.С-ы эрүүл мэндийн байдал нь муудснаас зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, улмаар зохих эмчилгээг хийлгэсэн нь хэрэгт авагдсан Эмнэлгийн хуудас, Эмнэлгээс өвчтөн илгээх маягт, Амбулториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудаар тогтоогджээ. Мөн тухайн баримтуудаас М.С-д 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлага байгаагүй нь харагдаж байна.

 

Нэг жилээс доош хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагч нь өөрийн удирдлагаас тодорхой хугацаагаар чөлөө хүсэх эрхтэй бөгөөд М.С нь эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатайн улмаас ажил үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгэх боломжгүйгээ илэрхийлж чөлөө хүссэн, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга тэрхүү хүсэлтийг нь үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаалыг гаргажээ.

 

Хариуцагчаас чөлөө олгоогүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлсөн гэх боловч энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Тодруулбал, М.С-ы нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр тухайн үед төрийн албанаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдөх бус, гагцхүү эмчилгээ хийлгэсний дараа буцаж өөрийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх, үүний тулд өөрөө чөлөө авах сонирхолтой байсан бөгөөд маргаан бүхий захиргааны актад ... М.С нь эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргасан тул 1 жилийн цалингүй чөлөө олгож ... гэж тусгасан нь үүнийг нотолж байна.

 

Мөн төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагч эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд түүнийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх зохицуулалт байхад хариуцагч албан тушаалтан 2013 оны 71 дүгээр тушаалыг өөрийн санаачлагаар бус М.С-ы хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд гаргасан нь дээрх байдлыг давхар нотолжээ.

Тиймээс чөлөө олгуулах хүсэлтийнх нь дагуу тушаал гаргасан, тушаалдаа эмчлүүлэх хүсэлт гаргасан тул чөлөө олгох гэж тусгасан зэргээс шалтгаалж чөлөө олгогдсон буюу эргээд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой гэсэн ойлголттой болсон нэхэмжлэгчийн хувьд тухайн тушаалд гомдол гаргах шаардлага байхгүй байжээ.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг баримталж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж заасан ч гэсэн уг актаар М.С-г төрийн албанаас түр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх байдлаар нэгэнт М.С-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлсөн гэж үзээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 буюу нөөцөд байгаад тооцох заалт түүнд хэрэглэгдэхгүй.

Харин ажлаас чөлөөтэй байсан төрийн албан хаагчийн ажил, албан тушаалыг хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 /эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа/-д заасны дагуу хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд чөлөөний хугацаа дуусч М.С-г ажилдаа орох өргөдлөө өгсөн даруйд холбогдох шийдвэрийг гаргах, түүний гүйцэтгэж байсан ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх байтал ийнхүү шийдвэрээ гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болно.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.

Нэгэнт захиргааны албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн улмаас М.С-ы хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, чөлөөний хугацаа дуусмагц урьд гүйцэтгэж байсан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх, улмаар цалин, хөлс авах байсан боломж нь алдагдсан, үүнийг нь албан тушаалтнаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд тооцон холбогдох төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР