Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1644

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/01317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт баригдсан 240 айлын орон сууцны А блокын 3 давхрын 109 тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний дагуу төлөх алданги 20 653 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Рэнцэндорж “Номтын ам” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр NА 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар байрны А орцны 3 давхрын 109 тоот 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Дээрх орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд заасны дагуу Н.Рэнцэндорж 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нийт төлбөрийн 20 хувь болох 13 660 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 хувь болох 10 245 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийн 55 хувь буюу 37 565 000 төгрөгийн тус тус төлж, орон сууцны нийт төлбөрийн 90 хувь буюу 61 470 000 төгрөг төлсөн болно. Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч “Номтын ам” ХХК буюу гүйцэтгэгч тал болох А тал нь гэрээний 3.1-д заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд орон сууцыг нэгэнт хугацаандаа хүлээлгэн өгөхгүй нь тодорхой болсон. Н.Рэнцэндорж гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой хугацаанаас нь тооцсон алдангийг тооцон /2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны/ 17, 887 770 төгрөгөөс орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох НӨАТ-ын 10 хувь нэмэгдсэн 13 660 000 төгрөгийг суутгаж, 4 227 770 төгрөгийг олгохыг хүссэн өргөдлөө тус компанид 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн боловч одоог болтол хариу өгөөгүй атлаа надаас НӨАТ-ын 10 хувийг шаардаж, хэрэв төлөхгүй бол гэрээг цуцална, эсхүл орон сууцны м.кв-ын үнийг нэмэгдүүлнэ гэх зэргээр захиалагч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 336 хоног болж байгаа бөгөөд гэрээний 4.1-д заасны дагуу төлөгдсөн үнийн дүн болох 61 470 000 төгрөгийн 0.1 хувь буюу хоногт 61 470 төгрөгийг, нийт 336 хоногоор тооцвол нийт 20 653 920 төгрөг болж байна. Иймд “Номтын ам” ХХК-иас тус компанитай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн NА 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээнд заасны дагуу алданги 20 653 920 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороо, “Шинэ ирээдүй” хотхоны А блокын 109 тоотод байрлах, 68.3 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэжээ.          

Хариуцагч “Номтын ам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги тооцсон зүйл нь гэрээнд Н.Рэнцэндорж гарын үсэг зураагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тиймээс Иргэний хуульд зааснаар алданги тооцох эрхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Мөнгө төлсөн гэдэг ч  эрүүгийн хэрэг шалгагдах явцад маргаантай байгаа. Уг орон сууц захиалан бариулах гэрээг О.Алтанзултай байгуулсан боловч гэрээний дагуу авсан мөнгө нь нотлогдохгүй байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох нь гэрээтэй холбоотой асуудал бөгөөд гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. Н.Рэнцэндоржтой холбоотой дахин гэрээ гарч ирсэн. Энэ нь захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэрээ байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас алдангид 7 984 270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Рэнцэндоржид олгож, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12 669 650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Н.Рэнцэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 261 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Рэнцэндоржоос 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “Номтын ам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 698 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Рэнцэндоржид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр төлснийг баталгаажуулан хариуцагч талаас түүнд олгосон “Батламж” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг батламжийн хавсралтад төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн хэмжээ зэргийг тодорхой тусгаж, хариуцагч “Номтын ам” ХХК-ийн захирал, Санхүү албаны дарга, борлуулалтын менежер нар нь нийт 61 470 000 төлбөр төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан байдаг.

Төлбөрийн бусад хэсэг болох 37 565 000 төгрөгийг хэрхэн төлөх талаар талууд гэрээгээр тухайлан тохиролцоогүй байх бөгөөд “Номтын ам” ХХК-иас захиалагчид олгосон батламж нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дүгээр зүйлийн 196.1.2-т заасантай нийцэж байгаа юм.

Түүнчлэн шүүх энэ талаар үндэслэх хэсэгтээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу Н.Рэнцэндорж нь төлбөр төлж, улмаар “Номтын ам” ХХК нь төлбөр төлж, гэрээ байгуулагдсаныг баталгаажуулан Н.Рэнцэндоржид батламж олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас 12 669 650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр: Шүүх хариуцагч нь тухайн орон сууцыг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн бөгөөд “Номтын ам” ХХК нь орон сууцыг захиалагч нарт давхардуулан гэрээ байгуулж олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримталсан байна. Маргаж буй Сонгинохайрхан дүүрэгт баригдсан 240 айлын орон сууцны барилгын “А” блокын 109 тоот 68.3 м.кв талбай бүхий орон сууцтай холбогдох асуудал эрүүгийн журмаар шалгагдаагүй, түүнийг захиалсан Н.Рэнцэндорж, 149 тоот орон сууцны захиалагч Ч.Энхтөр нар нь “Номтын ам” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч талаас гаргаж өгсөн захиалагч Ч.Энхтөртэй байгуулсан “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-нээс үзэхэд Ч.Энхтөр нь 149 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан байдаг бөгөөд “Номтын ам” ХХК нь маргаан бүхий 109 тоот орон сууцыг бусдад давхардуулан захиалгын гэрээ байгуулаагүй бөгөөд хууль бусаар бусдад эзэмшүүлсэн гэдэг нь хангалттай нотлогддог. Иймээс дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндорж нь хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу төлөх алданги 20 653 920 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт баригдсан 240 айлын орон сууцны А блокын 3 давхрын 109 тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болох орон сууц хэний эзэмшил, өмчлөлд байгаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөгчөөр хэн бүртгэгдсэн нь тодорхойгүй байна. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд дээрх үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай.

 

Энэ тохиолдолд буюу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох баримтыг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.

 

Хэргийн 103 дугаар талд “Номтын ам” ХХК-ийн захирал Г.Баяржаргал нь “захиалагч нартай давхардуулан гэрээ хийж санаатайгаар хуурч мэхлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс ирүүлсэн албан бичиг авагдсан боловч энэ нь зохигчдын хоорондын гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн гэрээний үндсэн үүрэг биелэгдсэн эсэх, цаашид гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжтой эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг тооцох боломжгүй байхад алданги гаргуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/01317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                       

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН