Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/381

 

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

     2020          12            15                                            2020/ШЦТ/381

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Батзаяа,

Хохирогч Д.О-, Г.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-од холбогдох эрүүгийн 2038005140423 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Э.

Шүүгдэгч Д.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн Үсэг” ХХК-ийн арын засмал зам дээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О-, олон нийтийн цагдаа Г.Б- нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар биед нь халдаж, дэслэгч Д.О-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн Үсэг” ХХК-ийн арын засмал зам дээр “Мицубиси Делика” загварын ... улсын дугаартай жолоодож явах үед Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О-ыг зогсоож шалган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар сануулж хэлэхэд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх үйлдэл хийж, автомашины түлхүүрийг нь авахад автомашинаасаа бууж ирэн нүүр хэсэг рүү гараараа цохиж, “чи намайг яах гээд байгаа юм бэ, намайг чи шалгах гээд байгаа юм уу пизда минь би явмаар байна” гэж хэл амаар доромжилж, уруул хэсэг рүү нь гараараа цохиж, шилбэ рүү нь хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн буйланд шарх, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, хүч хэрэглэн “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг,

мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа Г.Б- согтуу жолооч шаардлага эсэргүүцэж биед халдлаа гэх дуудлагын дагуу ахлагч Ц.Э-, ахлагч М.Б- нарын хамт очиж шүүгдэгч Д.Э-ыг автомашинд суулгах гэхэд заамдаж аван эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэн “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Э-аас албаны энгэрийн камерын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бичлэгийг Си ди-д хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар баг “Мөнгөн үсэг” ХХК-ийн уулзвараас баруун тийшээ эргээд эхнэртэйгээ явж байхад урдаас цагаан өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд урд мөргөх дөхөөд буцаад баруун тийш жолоогоо дараад эгнээрүүгээ орсон. Би тухайн жолоочийг харахад согтуу хүн байсан. Тэгэхээр нь би хойноос нь яваад машиныг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... жолооч цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх гэхээр нь би машины түлхүүрийг нь авсан чинь жолооч бууж ирээд миний нүүр хэсэгт нэг удаа цохиод чи намайг яах юм намайг чи шалгах гээд байгаа юм уу пизда минь би явмаар байна гээд байхаар нь өөрөөсөө холдуулсан чинь ахиж хэл амаар доромжлоод уруул хэсэгт нэг цохиод шилбэ рүү хоёр удаа өшиглөсөн тэгээд явлаа гээд явган гүйсэн. Тэгэхээр нь би жижүүрт гарч байгаа замын цагдаа ахлах ахлагч Ц.Э-, ахлагч М.Б-, олон нийтийн цагдаа Г.Б- нарыг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би замын цагдаа ахлагч Д.О-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 13-н цаг өнгөрч байсан байх Мөрөн сумын 8 дугаар баг Мөнгөн Үсэг ХХК-ны гадаа зохицуулагч цагдаа дэслэгч Д.О- нь согтуу жолооч шаардлага эсэргүүцэж биед халдлаа гэсэн дуудлага өгөхөөр нь ахлагч Ц.Э-, ахлагч М.Б- нарын хамтаар очиход замын голд Д.О- байцаагчийг тухайн согтуу жолооч түлхээд малгайг нь аваад шидсэн. Тэгэхээр нь би очоод та машинд суугаад цагдаагийн газар луу хамт явна уу гэхэд та нар чаддаггүй юм гэхээр нь бид нар жолоочийг машинд суулгах гэхэд намайг заамдаж аваад эрүү хэсэгт нэг цохисон. Мөн Д.О- байцаагчийн уруулнаас цус гарсан биед нь халдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цайны цагаар цайндаа орох гээд Мөнгөн үсгийн урдуур эргэсэн гэтэл урдаас цагаан өнгийн делика загварын авто машин урсгал сөрж гарч ирээд хажуугаар зөрөөд явахад манай нөхөр очоод шалгасан. Шалгахад жолооч нь согтуу байсан. Тэгээд манай нөхрийг эсэргүүцэж хэл үгээр доромжилж цохисон. Эсэргүүцэл үзүүлээд байхаар нь цагдаа дуудсан. Манай нөхрийн уруул хэсэгт цохиж шилбэнд нь өшиглөөд байсан. Цагдаад дуудлага өгсний дараа 3-н цагдаа ирсэн жолоочийг цагдаагийн машинд суулгах гэхэд жижигхэн биетэй цагдааг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн мэдэж байгаа зүйлийг л хэлнэ. Би мэдүүлэг өгнө. Өнөөдөр Д.Э- над руу ... дугаарын утаснаас 09 цаг 01 минутад миний ... дугаар луу залгаад ярихдаа танаас цагдаа мэдүүлэг авахаар дуудна очоод ах дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлээрэй гэсэн. Д.Э- цагдаад машинаа хураалгасан гэсэн машинаа хураалгахад нь бол цуг яваагүй Д.Э-ын гэрт нэг шил архи уугаад унтчихсан байсан. ...Д.Э- бид хоёр шөнийн 04 цаг хүртэл архи уусан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр хороонд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Э-, олон нийтийн цагдаа Г.Б- нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр албаны машинтай явж байсан. Ц.Э-ын утас дуугараад ярьсан. Ц.Э- ярьж дуусаад Д.О- байцаагч руу хүн дайраад дийлдэхгүй байна гэж хэлсэн. /Ц.Э- руу хэн залгаж ярьсныг бол асуугаагүй./ Ц.Э- машинаа жолоодоод Мөнгөн үсгийн арын зам дээр ирэхэд Д.О- байцаагч согтуу хүний гараас барьчихсан, явуулахгүй гэсэн байдалтай, нөгөе согтуу хүн болохоор явах гээд зууралдаад байсан. Бид гурав машинаас буугаад нөгөө зууралдаад байсан хүн дээр очоод та цагдаагийн алба хаагчийн шаардлага, биелүүлээд машинд суучих гэсэн. Тэгж хэлэхэд нөгөө согтуу хүн тийм зүйл байхгүй гэсэн. Тэр үед олон нийтийн цагдаа Г.Б- очоод зүгээр машинд суучих гэж хэлээд Д.О- дэслэгчийн хажуу талаар ороод зүүн гараас нь барьж авах гэхэд “чи юу юм бэ?” гэж хэлээд нөгөө согтуу хүн Г.Б-ын зүүн талын шанаа руу нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед Ц.Э- бид хоёр барьж аваад Д.О- дэслэгчийн хамт албаны машинд суулгасан. /Машинд суулгах үед бол машинд суухгүй гээд машины хаалга тулж зогсоод урдаас эсэргүүцсэн байдал гаргаж байсан./ Машинд суулгасны дараа Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авчирч драгер багажаар согтуурлыг зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батням шалгасан. Үүний дараа эрүүлжүүлэхийн цагдаад хүлээлгэн өгч ажилласан. ...Анх харахад бол Д.О- дэслэгч явуулахгүй гэсэн байдалтай гараас нь бариад зогсож байсан. Д.О- дэслэгч согтуу хүнд шаардлага тавьж байсан. Дороо суучих цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүл гэж хэлэхэд чадахгүй гээд нөгөө нь явах гээд эсэргүүцсэн байдалтай учиргүй л орилж хашхираад эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ахлагч М.Б-, олон нийтийн цагдаа Г.Б-ын нарын хамт Мөрөн сумын 9 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Д.О- байцаагчийн эхнэр Б.Ч- над руу утсаар залгаад ярихдаа: “Д.О- байцаагчийг согтуу жолооч барилцаж аваад, шаардлага эсэргүүцээд байна. Мөнгөн үсгийн ар талын уулзвар дээр хүрээд ирээч” гэсэн. Тэгж хэлэхээр нь шууд Мөнгөн үсгийн уулзвар дээр очоод машинаас буухдаа энгэрийн камераа асаагаад очиход Д.О- байцаагчтай согтуу эрэгтэй хүн зууралдаж, барилцсан байдалтай, нөгөө согтуу хүн нь явах салж зугтаах гээд Д.О- байцаагч явуулахгүй гээд гараас барьчихсан байсан. Нөгөө согтуу хүн нь янз бүрийн зүйл яриад л байсан. Одоо юу гэж хэлснийг санахгүй байна. Камерын бичлэг дээр тодорхой бичигдсэн байгаа байх. Согтуу жолоочид Д.О- байцаагч машинд суучих гэсэн шаардлага тавихаар ерөөсөө шаардлагыг нь биелүүлэхгүй урдаас дайрч доромжлоод байсан. Мөн Г.Б- олон нийтийн цагдаа машин руу суучихаач гээд очиход “холд пизда минь” гэж хэлээд эрүү рүү нь цохисон. Тэгээд машинд суухгүй болохоор нь Д.О- байцаагч бид хоёр хоёр гарт тусгай мэх хэрэглэж машинд суулгаж цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлэх байрны цагдаад хүлээлгэн өгч ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 458 дугаартай: “1. Д.О-ын буйланд шарх, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Д.О-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Д.О-ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх гэмтэл биш учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдохгүй. Тухайн хүний биеийн дархлаа, хөгжлийн байдлаас хамааран эдгэрэлт 7 хоногоос 10 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой” гэх тэмдэглэл /хх-ийн 43 дугаар

хуудас/,

  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/59 дугаартай “Олон нийтийн цагдаагийн ажилтан томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/,
  • Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцаад эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн шаардлага эсэргүүцсэн хэргийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. ... 2020 оны 10 дугаар сарын хэдний өдрийг мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 12 дугаар байр 36 дугаар тоот гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн Делика маркын 9291 хөү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод дүү Оюунтуяа, Ц.Б- нарын хамт гарсан. Гэрээсээ гараад эмнэлэгээс хажуугийн засмал замаар өгсөөд френдс баарны тушаа замд явахдаа эсрэг урсгал сөрөөд хэсэг явж байгаад буцаад эгнээ байрлуугаа шилжиж орж байхад Д.О- өөрөө цэнхэр өнгийн приүстэй шууд хажууд ирж зогсоод цонхоо онгойлгосон. Миний цонх бол онгорхой байсан. Тэр үед цагдаа байна гэдгийг бол мэдсэн. Д.О- цагдаа энгийн машинтай явсан ч өөрөө ажпынхаа хувцастай явж байхдаа яаж яваад байгаа пяздаа вэ, зүүн тийшээ эргээд зогс гэсэн шаардлага тавьсан. Би шаардлагын дагуу бол мөнгөн үсгийн уулзвараар эргээд зогссон. Д.О- цагдаа бол уруудаж явснаа эргэж ирээд машины хойно ирээд зогссон. Би бол замын хажууд машинаа зогсоосон байсан. Д.О- цагдаа ирээд уучихсан явж байгаа юм уу? Түлхүүрээ өгөөд машинаасаа буу гэж хэлээд түлхүүрийг авсан. Тэрнээс хойш юу болсныг бол гэрчийн мэдүүлэгт өгсөн байгаа. Уг мэдүүлэгт үнэн зөвөөр ярьсан байгаа. ...Миний гарыг өчих гэж гартай зууралдаж байсан. Тэрнээс би бол санаатайгаар нүүр ам руу нь цохисныг санахгүй байгаа. Харилцаан дээр үүссэн маргааны асуудал болсон. Тэгээд л цагдаа нар ирсэн. ... Гэртээ хэрэг болсон өдрийн өглөө Ц.Б- гэдэг хүнтэй Отгонтэнгэр нэртэй 0,5 литрийн архи, улиастай нэртэй дарсны хамт уусан шиг санагдаж байна. Манайд ирсэн ах Ц.Б- ирээгүй удсан учраас нэлээн их архи уусан байсан. Ер бол нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 400 дугаартай шийтгэвэр /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн албан тоот зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Д.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага, цагдаагийн ажилтны зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хор уршигт зориуд хүргэж, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “хууль сахиулагч” гэж /цагдаа, ...хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд/-ийг ойлгохоор хуульчилсан. Олон нийтийн цагдаа Г.Б-ын хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/59 дугаартай “Олон нийтийн цагдаагийн ажилтан томилох тухай” тушаал /хх-ийн 61/-аар томилогдсон, мөн хуулийн 63.10-т заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх этгээд мөн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

    Шүүгдэгч Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн Үсэг” ХХК-ийн арын засмал зам дээр “Мицубиси Делика” загварын ... улсын дугаартай жолоодож явах үед Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О-ыг зогсоож шалган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар сануулж хэлэхэд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх үйлдэл хийж, автомашины түлхүүрийг нь авахад автомашинаасаа бууж ирэн нүүр хэсэг рүү гараараа цохиж, “чи намайг яах гээд байгаа юм бэ, намайг чи шалгах гээд байгаа юм уу пизда минь би явмаар байна” гэж хэл амаар доромжилж, уруул хэсэг рүү нь гараараа цохиж, шилбэ рүү нь хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн буйланд шарх, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж,

мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа Г.Б- согтуу жолооч шаардлага эсэргүүцэж биед халдлаа гэх дуудлагын дагуу ахлагч Ц.Э-, ахлагч М.Б- нарын хамт очиж шүүгдэгч Д.Э-ыг автомашинд суулгах гэхэд заамдаж аван эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэсэн нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

“Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэдэгт хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан албаны үүргийн хувьд хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн шаардлагыг үл ойшоох, биелүүлэхгүй байх, тэдгээрийн эсрэг бие махбодийн, эсхүл сэтгэл санааны аливаа хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно.

Мөн хууль сахиулагчийг эсэргүүцэх нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх хэлбэрийн алинаар нь ч илэрхийлэгдэх бөгөөд энэ үед эсэргүүцлийн ямар ч үйлдэл хийгдсэн байж болно. Хохирогч нар нь тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа, хууль сахиулагчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э- нь хохирогч Д.О-, Г.Б- нартай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “...харилцан тохиролцож эвлэрсэн, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон

баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр эсэргүүцсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      
  4. Шүүгдэгч Д.Э-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ