| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/04442/И |
| Дугаар | 3650 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 3650
| 2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/03650 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: М-т холбогдох,
73,680,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Ц.М нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулж, 30,000.00 ам.долларыг 2 /хоёр/ сарын хугацаатай хүүгүй зээлсэн юм.
Энэ талаар хэрэгт авагдсан зээлийн гэрээнд тодорхой дурьдсан бөгөөд гэрээнд заасан ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан ёсны ханш болох 2,446.79 төгрөгөөр тооцож, нийт 73,403,700.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнг 73,680,000.00 төгрөг гэж буруу бичсэнийг ийнхүү зөвтгөж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийн хувьд татгалзах зүйлгүй.
Гэвч хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа ам.долларыг зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой гэснийг зөвшөөрөхгүй, тэрээр 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 30,000.00 ам.долларыг бүрэн хүлээн авсан тул үүнтэй дүйцэх төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Иймд, хариуцагчаас 73,403,700.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас тус шүүхэд гаргасан хариу тайлбарт, хүсэлтдээ:
“Талууд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000.00 ам.долларыг хүүгүй зээлэхээр тохиролцсон бөгөөд энэ өдөр төгрөгийн ханш 1,988.42 төгрөг байсан тул 59,652,600.00 төгрөгийг өөрийн боломжоор төлж барагдуулахад татгалзахгүй.
Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хариуцагч Ц.Мт холбогдуулан 73,680,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжилж буй мөнгөн дүнг 73,680,000.00 төгрөг гэж буруу бичсэнийг зөвтгөж, хариуцагчаас нийт 73,403,700.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний зүйл болсон 30,000.00 ам.долларыг буцаан төлөхийг зөвшөөрч буй боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн зөрүүг үл хүлээн зөвшөөрч, 13,751,100.00 төгрөгийг төлөхгүй хэмээн татгалзжээ.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч Ц.М нар 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал 30,000.00 ам.долларыг 2 /зургаа/-н сарын хугацаатай хүүгүй зээлэхээр болжээ /х.х-ийн 3-р хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгч этгээдийн өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд тэрээр зээлийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний зүйл болох 30,00.000 ам.долларыг шилжүүлсэн талаар маргаагүй, хариуцагч тал уг зээлийг хүлээн авсан гэсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв /х.х-ийн 6-р хуудас/.
Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.М нь 30,000.00 ам.долларыг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлэгч “Г” ХХК-нд буцаан төлөх үүрэг хүлээжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.
Гэтэл зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч буюу зээлдэгч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний буюу зээлийг ашиглах хугацаа нэгэнт дууссан байх тул зээлдүүлэгч нь тус гэрээний дагуу зээлдэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбарт дурьдснаар зохигчид зээлийн гэрээний зүйл болох мөнгийг үндэсний валют бус харин гадаад валют болох ам.доллараар тохирч, шилжүүлжээ. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1.-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж, 217.2.-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж зааснаас гадна Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4.-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заажээ.
Тодруулбал, мөнгөн төлбөрийн үүргийн зүйл болох бараа бүтээгдэхүүний үнэ, ажлын хөлс, үйлчилгээний хөлс төлөх зэрэгт мөнгийг гагцхүү үндэсний валют болох төгрөгөөр илэрхийлж, түүгээр тооцоог гүйцэтгэх боловч талууд харилцан тохиролцож гадаад валют буюу ам.долларыг зээлж, нэхэмжлэгч тал 30,000.00 ам.доллартай дүйцэх хэмжээний 73,403,700.00 төгрөгийг нэхэмжлэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар тооцсон байна /х.х-ийн 7-р хуудас/.
Валютын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн гадаад валюттай харьцах буюу худалдах, худалдан авах ханшийг Монголбанкнаас дээр дурьдснаар нийтэд зарлах ажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын зээлийн гэрээ байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын ханш 1 ам.доллар - 1,988.42 төгрөгтэй тэнцүү байсан байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч тал 1 ам.долларыг 1,988.42 төгрөгтэй тэнцүү буюу 30,000.00 ам.долларыг 59,652,600.00 төгрөгөөр худалдан авах боломжтой үед хариуцагчид шилжүүлсэн боловч тэрээр одоо дээрх мөнгөөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 24,379.94 ам.долларыг худалдан авах боломжтой байна /1 ам.доллар - 2,446.79 төгрөгтэй тэнцүү/.
Тодруулбал, хариуцагч тал 30,000.00 ам.долларыг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчээс ийм хэмжээний мөнгөн хөрөнгө түүнд шилжсэн тул буцаан өгөх үүргийн хувьд тухайн хэмжээгээр хангагдах ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.-т “Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч тал ийнхүү мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээс өмнө зээлж авсан мөнгөний ханшийн одоогийн хэмжээнд дүйцүүлж гүйцэтгэх ёстой.
Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 73,403,700.00 төгрөгөөр 30,000.00 ам.долларыг худалдан авах боломжтой бөгөөд нөгөө талаар хэрэв тус өдөр 1 ам.долларын ханш 2,446.79 төгрөгөөс бага байх тохиолдолд тухайн ханшаар 30,000.00 ам.долларыг худалдан авах тул үүрэг үүсэх үеийн ханшийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тооцох нь шударга юм.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 73,403,700.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР