Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/322

 

МОНГО Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч П.Б, А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пын Б, Агийн Б нарт холбогдох эрүүгийн 1838007290383 дугаар хэргийг 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт А.Бтай маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Бтэй маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Царамын даваа гэх газар А.Бтай машин асааж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Царамын даваа гэх газар Д.Бтэй харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Царамын даваа уруудаж явтал замд ачааны ногоон өнгөтэй Краз гэдэг машин, бас нэг жижиг суудлын ногоон өнгөтэй машин зогсож байсан. Тэр машины хүн бололтой нэг танихгүй хүн зам дээр гараа өргөөд зогсож байхаар нь би зогсоод юу болсныг асуутал тэр танихгүй хүн машин асаагаад өгөөч, миний машин унтарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи согтуу байна шүү дээ, архиа гаргачхаад машинаа асаа гэж хэлээд би шууд яваад өгсөн. Тэгтэл араас нөгөө залуу 1 км хэртэй явж байхад жижиг суудлын машинаа унаад бас нэг залуутай хамт ирээд намайг зогсоосон. Тэр залуу машинаасаа бууж ирэнгүүтээ миний машины хаалгыг онгойлгоод чи ямар хуншгүй пизда вэ гэж хэлээд намайг шууд алгадсан. Тэр үед Б гэдэг залуу бид хоёр бие биенээ ганц удаа нэг удаа цохилцож авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 56.57 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2018 оны 09 дүгээр сарын 17-нд байх би Рашаант сумын Тариа бригад гэх газраас Мөрөн сум руу өндөр хүчдэлийн шугамын анкерийн суурь авах гэж Краз машинаар явж байсан. Тэгээд Царамын давааны цаахан талд машин асахаа байсан. ... тэгээд энэ хүн уг нь татаад өгье гэж хэлэх шиг болохоор нь бм машиныхаа цаагуур орсон чинь машинаа асаагаад яваад өгөхөөр нь миний уур хүрээд араас нь жижиг машинтай гүйцэж хажуугаар нь очоод зогсоосон. Тэгээд би машинаас буугаад би машины хаалгыг онгойлгоод чи яасан хүн чанаргүй юм гэж хэлээд энэ хүнийг би заамдаад авсан чинь намайг хөлөөрөө миний баруун талын цээжин хэсгийн хөхний доохон талд тийрсэн тэгэхээр нь би хойшоо газарт унасан чинь нөгөө хүн машинаас гарч ирээд бид хоёр бие биенээ 2-3 удаа цохиж авсан. Тэгээд надтай хамт явж байсан С гэдэг хүн бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 46 дугаар хуудас/,

Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...би тухайн өдөр өөрийн төрсөн дүү Бын гэрт яваад очтол манай дүү түлээгээ буулгаад байж байсан. Тэр үед манай дүүгийн нүд нь хөхөрсөн, хоолой нь зулгарсан байдалтай байж байхаар нь дүүгээсээ юу болсныг асуухад манай дүү "сая хөдөөнөөс түлээгээ ачиж орж ирж яваад замд нэг танихгүй машин зогсоогоод машин асаагаад өгөөч гэхээр нь чи согтуу байна чи эрүүл болж байж машин тэргээ асаа гэж хэлээд яваад өгтөл, араас нь жижиг тэргээр хөөж ирээд зогсоож байгаад С гэдэг залуу нь хоолойноос нь боож зуураад нөгөө Б гэдэг залуу нь зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Сий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орой 17 цаг өнгөрч байх үед танихгүй хоёр хүн ирээд хүнд зодууллаа зодсон хүмүүс нь одоо яваагүй байгаа гэж хэлэхээр нь би зодуулсан гэх Бээ, түүний ах Т гэдэг хоёр хүнтэй Рашаант сумын төвөөс гараад Мөрөнлүү явдаг замаар явахдаа ногоон өнгийн Урал машин бас нэг ногоон өнгөтэй суудлын машин хоёр Царамын даваа өөд өгсөж байгаад зогссон байсан. Би машинаас буугаад юу болсныг асуухад Б гэдэг хүн Бээ гэдэг хүнийг машин асааж өгөөгүй гээд нүдрүү цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Б надад дөнгөж сая нэг машин ирэхээр нь жолоочид нь миний машиныг татаад өгөөч гэж хэлсэн чинь чи согтуу байна гэж хэлчхээд яваад өглөө гэж хэлэхээр нь би таньдаг хүн байж магадгүй араас нь очъё гэж хэлсэн чинь Б би хамт явъя гээд надтай хамт миний машинаар явсан. Б бид хоёр нөгөө цагаан өнгөтэй мод ачсан машиныг гүйцэж очоод зогсоогоод би машинаасаа буухаас өмнө Б түрүүлж бууж очоод нөгөө машины жолоочтой барилцаад авахаар нь би тэр хоёрыг салгасан ...”гэх мэдүүлэг /хх- ийн 26-27 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 472 дугаартай: 1. А.Бын биед зүүн нүдний цус хуралт, эрхий хурууны зөөлөн эдэд няцралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. А.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 473 дугаартай "1 П.Бийн биед 1 ширхэг хавирганы цууралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. П.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч П.Б, А.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Царамын даваа гэх газар машин асааж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдан, харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар гэрч А.Т, Д.Сэ, Д.С нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч П.Б, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б, А.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бөд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, А.Бд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч П.Б, А.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 68 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838007290383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б овогт Пын Б, С овогт Агийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бөд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Бд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4.  Эрүүгийн 1838007290383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.ЭРДЭНЭ-ОЧИР