Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

 Шүүгдэгч С.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Иод холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: С.И

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний оройн 19 цагийн орчим ... тоот хашаанд байрлах иргэн Н.Бын гэрт хохирогч Ю.Ттэй маргалдан улмаар түүний нуруунд хутгалж нурууны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ .. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2-3-уулаа нийлж архи уугаад муудалцаад Тийн араас нь хутгалсан. Гэрээс гараад миний нүүр лүү 2 удаа цохьсон..." гэсэн мэдүүлэг

Хохирогч Ю.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...И гэх хүн намайг хэл амаар доромжлоод надруу дайрч агсам согтуу тавьж эхэлсэн тэгэхээр нь би босоод нүүр рүү нь гараараа нэг удаа түлхчхээд чи зүгээр байгаарай гэж хэлчхээд буцаад ор руу суух гэтэл миний араас нуруун тус газар И хутгаар хатгасан юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 41-43-р тал /

 Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...манай хүү Т нь нуруун тус газраа хутгалуулсан шархтай гэр дотор байж байсан...И гэх хүн хутгалсан гэж надад хэлсэн....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17- 18-р тал /

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн оны 10 :”...2019 дугаар сарын 24-ний өдөр...Т, Игэх хоёр хүн хоорондоо маргалдаад байсан ...Т гэх хүнийг Игэх хүн нуруун тус газар нь хутгалсан байсан Инь гартаа хутгалсан хутгаа барьчихсан байсан..." гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-14-р тал /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 2-10-р тал /

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...Ю.Тийн биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт. / хх-ийн 28-р тал

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-70 тал / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний оройн 19 цагийн орчим ... тоот хашаанд байрлах иргэн Н.Бын гэрт хохирогч Ю.Ттэй маргалдан улмаар түүний нуруунд хутгалж нурууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ю.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...И гэх хүн намайг хэл амаар доромжлоод надруу дайрч агсам согтуу тавьж эхэлсэн тэгэхээр нь би босоод нүүр рүү нь гараараа нэг удаа түлхчхээд чи зүгээр байгаарай гэж хэлчхээд буцаад ор руу суух гэтэл миний араас нуруун тус газар хутгаар хатгасан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...манай хүү Т нь нуруун тус газраа хутгалуулсан шархтай гэр дотор байж байсан...И гэх хүн хутгалсан гэж надад хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...Т, Игэх хоёр хүн хоорондоо маргалдаад байсан ...Т гэх хүнийг Игэх хүн нуруун тус газар нь хутгалсан байсан Инь гартаа хутгалсан хутгаа барьчихсан байсан..." гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Иод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Ю.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.И нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 38/ тогтоогдож байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,8,9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иод 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45 000 төгрөгөөр тооцож оногдуулсан 550 000 төгрөгийн торгох ялаас хасаж торгох ялыг 505 000 төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар иштэй 14 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Иод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН