| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0316/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/331 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Э даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, хохирогч Э, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О-д холбогдох эрүүгийн 1821004690310 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ....галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, .... регистрийн дугаартай, Б овогт О,
Шүүгдэгч О нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын баруун талд байрлах “Оюу” дэлгүүрийн үүдэнд Э-ыг чи яасан цагаан өнгийн хувцас өмсдөг юм бэ? гомо юм уу гэж хэлээд түүнтэй маргалдаж улмаар Эыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр О намайг цагаан хувцас өмсөөд явж байхад гомо юм уу гэж хэлээд цохиж унагаасан. Тэгээд би юу болсныг нь санахгүй байгаа. Намайг Улаанбаатар хот эмчилгээнд явах үед 800,000 төгрөг өгсөн, нийт 1.175.000 төгрөг өгсөн. Хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтаас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид дахин гэмтэлд үзүүлэх шаардлагатай байгаа тул одоо 600000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-13/
Гэрч А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 601 тоот дүгнэлтэд: 1. “Э-ын биед тархины баруун, тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины зүүн дэлбэнгийн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удуугийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины зүүн дэлбэнгийн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, 2.4.1-д зааснаар дээд уруулын язарсан шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23/
Шүүгдэгч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-37 зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын баруун талд байрлах “Оюу” дэлгүүрийн үүдэнд хохирогч Эыг чи яасан цагаан өнгийн хувцас өмсдөг юм бэ? “гомо юм уу” гэж хэлж хэрүүл маргаан үүсгэсний улмаас хоорондоо маргалдаж улмаар хохирогч Э-ыг нүүрэн тус хэсэгт нь цохиж унагаан биед нь тархины баруун, тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины зүүн дэлбэнгийн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О-ыг мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд СМУ-гийн хашаанд танихгүй хүмүүстэй 2 шил архи уусан юм. Би архи уудаггүй болохоор их уучихсан чинь согтоод юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд байсан. Ингээд цагдаад мэдүүлэг өгөхөөр болохдоо хүн зодсон тухайгаа мэдсэн. Архи уугаад тасарчихсан байсан болохоор Э гэдэг хүнийг ямар шалтгааны улмаас зодсон талаар сайн санахгүй байна. Архи гэдэг зүйлээс болж хүн зодсондоо маш ихээр харамсаж байгаа бөгөөд хохироч Эын эмчилгээний зардалд 1 сая гаруй төгрөг өгсөн юм. Ямарч байсан Э гэдэг хүний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулах болно. Мөн ийм хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, түүнийг давхар нотолсон хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О гэх залуу нэлээд согтуу ирээд надад хандан чи яасан цагаан өнгийн хувцас өмсдөг юм бэ “гомо” юм уу гээд намайг хэл амаар доромжлоод араас нуруу орчимд түлхээд байхаар нь би сууж байсан төмөрнөөсөө боссон. Тухайн үед би О-т хандаж “миний ямар хувцас өмссөн нь чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр хоорондоо хэсэг маргасан бөгөөд миний хувьд өөдөөс нь олигтой зүйл хэлээгүй байж байхад миний нүүр рүү цохиод газарт унагасан бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Улмаар би сэхээний өрөөнд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, гэрч А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд “Шүр” зах руу орж байхад Э ахтай таараад хамт ярьж сууж байхад урд зүгээс өндөр биетэй шар залуу ирээд Эт хандан чи ямар цагаан өнгийн хувцас өмсчихсөн юм бэ? “гомо юм уу” гэж хэлэхээр нь Э миний ямар хувцас өмсөх нь чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн чинь нөгөө залуу чи ямар олон үгтэй юм бэ гэж хэлээд Э-ын араас толгой руу нь гараараа цохиод чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэж хэлээд Э тэр залууг цохисон юм. Тэгээд нөгөө залуу Эыг цохиод газарт унагаасан. ...Э-ыг төмөр дээр сууж байхад тэр залуу цохиод арагш түлхэх үед Э ар дагзаараа цементен дээр хүчтэй савж унасан бөгөөд газарт унаад байж байхад нь мөн хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж байсан. Тухайн үед Э-ын чихнээс цус гарч байсан ба тэр өндөр биетэй залуу нэлээн согтуу байсан болохоор боль гэж хэлээд болихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 601 тоот дүгнэлт /хх-ийн 23/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч О-ын санаатайгаар хохирогчийн нүүрэн тус хэсэгт нь цохиж унагаж хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн байх тул тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогч Э нь шүүгдэгч О-аас “эмчилгээний зардалд 1175000 төгрөгийг авсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэж үзэж болно” гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардалд 600000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О-ын .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /эмчилгээний зардалд хохирогчид 1175000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1821004690310 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй /хохирогчид 1175000/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Э