Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0171

 

 

2015 оны 4 сарын 16 өдөр   Дугаар 221/МА2015/1171

 

Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И, хариуцагч Ү.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч Ш.Н , Ү.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани барилга, рекламны материалын дэлгүүрүүдээс 2009 онд 35 сая, 2010 оны 03 дугаар сард 30 сая төгрөгийн худалдан авалт хийж, бараа материалыг орлогод авч, уг материалаар бүтээгдэхүүн хийж борлуулан, борлуулалтынхаа орлогыг ч мөн данс бүртгэл, тайлан тэнцэлдээ тусган цаг тухайд нь санхүүгийн болон татварын тайлангуудыг гарган холбогдох байгууллагуудаар хянуулж, баталгаажуулж ирсэн... Захирал Г.Г-ыг ЧГДТХ-ийн татварын байцаагч Ү.У-тай ярилцах үедээ жишээ татан ярьсан оффисын засвар, ажлын хөлсний тухай яриаг нийт 65 сая төгрөгийг бэлэн мөнгөөр засварын ажлын хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр төлсөн гэж мэдүүлэг өгсөн хэмээн торгууль ногдуулах үндэслэл болгож гуйвуулсныг хүлээн зөвшөөрөхгүй... Иймд, татварын улсын байцаагчийн 352922 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахдаа: ...нэхэмжлэлийн үнийн дүн болох 23.400.000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн торгууль, алданги болох 5.200.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 18.200.000 төгрөг болгон бууруулж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлага болох 18.200.000 төгрөгийн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч Ү.У шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шалгалт хийх явцад Г  ХХК нь Л   ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сард 6599116 тоот хий бичилт хийсэн падаанаар 15000.0 мянган төгрөг, 2009 оны 12 дугаар сард 6599125 тоот хий бичилт хийсэн падаанаар 20000.0 мянган төгрөг, 2010 оны 3 дугаар сард 6608316 тоот хий бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 30000.0 мянган төгрөгийг тус тус тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан... Л   ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон, зарлагын баримтаар татвар ногдох орлогоос хасалт хийж, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь нотлогдсон. 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тус компанийн хувь нийлүүлэгч Г.Г-тай хийсэн ярилцлагын тэмдэглэлд 2009 онд өөрийн 2 ширхэг үл хөдлөх хөрөнгөд урсгал засвар хийсэн бөгөөд тухайн үед 10-аад хүнтэй бригад ирж ажилласан. Цаад тал урсгал засварын материалыг гаргасан бөгөөд манай тал ажлын хөлс, бараа материалын мөнгийг өгсөн. Зардлын баримт асуухад Л   ХХК-ийн баримтыг өгсөн хэмээн дурдсан... Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.8, 74.2, 74.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г  ХХК-ийн ...ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 352922 дугаар актаар 18.200.000 төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г  ХХК ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 352922 дугаар актаар 5.200.000 төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х давж заалдах гомдолдоо: ...Шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүйгээр шударга бус хандаж, хэргийг шийдвэрлэсэн... 1. Нотлох баримтыг дутуу үнэлсэн тухай. Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 352922 тоот актад бичсэн шиг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил байхгүйг нотлох баримтуудыг шүүхэд удаа дараа гаргаж өгч байсан. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулинд аливаа хуулийн этгээд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон бусад орлогоосоо тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн... зэрэг бүх төрлийн материалын зардал-ыг хасаж тооцон үлдэх орлогоос тодорхой хувь хэмжээгээр татвар төлөхөөр заасан байдаг. Г  ХХК-ийн хувьд дээрх зардлуудыг бодитоор гаргасан болохыг нотлох бүхий л анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Үүнд: а. Г  ХХК-ийн 2009-2010 онуудад бусад компаниудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тухайн ажлын дэлгэрэнгүй төсөв, материал, зардлын задаргаа, уг төсвийн дагуу хийгдсэн интерьерийн чимэглэл, реклам, тайзны гүйцэтгэлийн фото зураг, ажил хүлээлцсэн акт, бараа материалын худалдан авалт хийсэн анхан шатны баримтуудыг хавсаргаж өгсөн. б. Тухайн үеийн орлого зарлагын санхүүгийн тайланг "Г " ХХК-ийн тайлан, тооцоог гаргаж өгсөн. в. Шүүгчээс худалдан авсан бараа материалын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн бөгөөд нэхэмжлэгч энэ дагуу нийт 65 сая төгрөгийн худалдан авалт хийсэн бүхий л баримтын жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх баримтуудаас Г  ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, уг бараа материал худалдан авсан зардал нь тус хуулийн 12 дугаар зүйлд заасан хасагдах зардалд тооцогдох болох нь нотлогддог. Гэтэл шүүгч тэдгээр баримтуудыг огт үнэлээгүй, гагцхүү Л   ХХК-ийн татварын тайлангийн мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргаснаар нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироосон.

Мөн хариуцагч талын 2 шатны татварын маргаан таслах зөвлөлд хийсэн тайлбар, Маргаан таслах зөвлөлийн тогтоолууд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийг хоёр үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн, ийнхүү засвар хийхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн. Гэтэл Г  ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөдөө ийнхүү засвар хийсэн зүйл байхгүй, тухайн үед татварын улсын байцаагчдын тайлбарлаж буйн адилаар хоёр үл хөдлөх эд хөрөнгө ч байгаагүй болохыг нотолж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас Г  ХХК-ийн 2009-2010 онд өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг гаргуулж авсан байдаг. Тус лавлагаагаар Г  ХХК нь 1 ширхэг үл хөдлөх хөрөнгөтэй байсан нь нотлогддог. 2001-2011 онд манай компани Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 44-р байрны 62 тоот орон сууцны 1 давхрын өргөтгөлтэй, 3 өрөө байранд энгийн оффис, урлан маягаар байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь тухайн үеийн ханшаар 50 сая төгрөг. Тиймээс уг байранд материалаас гадна зөвхөн ажлын хөлсөнд нь 65 сая төгрөг төлөөд засвар хийлгэх ямар ч үндэслэл байхгүй болохыг тайлбарлан, татварын улсын байцаагч илт зөрчилдөөнтэй тайлбар хийж байгааг нотолсоор байтал шүүх бүрэлдэхүүн тус нотлох баримтыг харгалзаж үзээгүй, үнэлээгүй байдаг. Одоо ч манай компанид тэр хэмжээний зардал гаргаад засвар хийлгэх обьект байхгүй. Дээрхээс харахад шүүгч нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж, тэдгээр нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргана гэсэн шүүх ажиллагааны зарчмыг зөрчиж байгаа юм.

2. Хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, шударга шийдвэрлээгүй тухай. Г  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тус тусын холбогдох хууль тогтоомжийг хэрэглэвэл зохих үндсэн хоёр бүрдэл хэсэгтэй байсан. 1. Нэмүү өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдах НӨАТ нөхөн төлүүлэх тухай асуудал. 2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулагдах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай асуудал байсан. Шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх шаардлагуудыг ялгаж салгаж шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх хоёр шаардлагад хамаарах тус тусын нотлох баримтуудыг гарган өгч тусад нь тайлбар хийсээр байхад НӨАТ-ын хий бичилттэй падаан ашиглаж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэхдээ давхар аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоо нуусан гэж хамтатган үзсэн байдаг. Зүй нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу НӨАТ-тай холбогдуулан ногдуулсан 6.500.000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөөгүй зөрчилд ногдуулсан 6.500.000 төгрөг, алданги 3.250.000 төгрөг, торгууль 1.950.000 төгрөгийг салгаж шийдвэрлэх ёстой.

Гэвч шүүхийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг дутуу шалгаж, НӨАТ-ын тухай хуульд үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй байдаг ба НӨАТ-ын татварын өр төлбөрөөс салгалгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан актын холбогдох хэсгийг хүчинтэй хэвээр үлдээсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, тусдаа татварын ойлголтуудыг ялгаж салгаагүй, дутуу үнэлснийг харуулж байгаа юм. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч н.Д, н.Б нар 2008 оны 01 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны баримтын шалгалт хийж акт тавьсан байдаг. Тус шалгалтаар хувийн хэрэглээний шатахууны зардлыг татвар ногдох орлогоос хасаж, хасагдах зардалд тооцон татвар ногдох орлогыг бууруулсан гэх үндэслэлээр торгууль, алдангийн хамт нийт 1.303.700 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тавьсан бөгөөд Г  ХХК нь энэ төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан... Гэтэл татварын байгууллагаас ийнхүү хяналт шалгалт хийхдээ 2009, 2010 онд гаргасан дээр дурдсанаас өөр ямарваа нэг алдаа зөрчил илрүүлээгүй байдаг. Татварын байгууллага тухайн аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд ямарваа нэг алдаа зөрчил байна гэж үзвэл энэ тухай тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэж, алдаагаа засах боломжийг олгох үүрэг хүлээдэг. Хэрэв татварын эрх бүхий байгууллагаас 2011 онд хяналт шалгалт хийх явцдаа Г  ХХК нь санхүүгийн зөрчилтэй гэсэн бол Г  ХХК-д их хэмжээний алданги, торгууль төлүүлэхээр акт тавихгүй байсан. Тиймээс энэхүү акт тавьсан явдалд татварын байгууллага буруутай байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасны дагуу 2011 онд дутуу хяналт шалгалт хийснээс үүдсэн хохирлыг төр өөрөө хариуцах ёстой байтал хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид ийнхүү хариуцлага ногдуулж байгаа нь шударга бус бөгөөд нэг талыг барьсан шийдвэр гарсан болохыг харуулж байна. Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хамаарах 11.700.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хэмжээгээр ханган, татварын улсын байцаагчийн тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 352922 тоот актын холбогдох хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч Ш.Н , Ү.У нар нь Г  ХХК-ийн 2009-2010 оны санхүүгийн тайлан, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газрын албан бичиг болон ЧГДТХ-ийн хяналт шалгалтын тасгын даргын томилолтын дагуу татварын хэсэгчилсэн шалгалт хийж, нийт 130.000.000 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзээд 13.000.000 төгрөгийн нөхөн татвар, 3.900.000 төгрөгийн торгууль, 6.500.000 төгрөгийн алданги, нийт 23.400.000 төгрөгийн төлбөрийг анх ногдуулжээ.

Нэхэмжлэгч Г  ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл уг актыг хянаад 65000.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 23400.0 мянган төгрөгийн төлбөрөөс зөвхөн нэмэгдсэн өртөгийн албан татварт ногдуулсан 1950.0 мянган төгрөгийн торгууль, 3250.0 мянган төгрөгийн алдангийг хасаж, 18200.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөлт оруулан багасгасан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрөөс 1950.0 мянган төгрөгийн торгууль, 3250.0 мянган төгрөгийн алдангийг хүчингүй болгуулахыг хүсэж, нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн үлдэх хэсгийг шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Г  ХХК нь ... манайд 2009 онд зөвхөн ажлын хөлсөнд нь 65 сая төгрөг төлөөд засвар хийлгэх том объект, хөрөнгө, боломж байхгүй. Тухайн үед манай компани орон сууцны 1 давхрын өргөтгөлтэй 3 өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг байсан, ...худалдагчдын өгсөн баримтыг бид авч тайландаа оруулдаг. Бараа худалдагчийн лангууны цаад эзэн, компанийн тайлан бүртгэлийг бид давхар шалгах ямар ч боломжгүй хэмээн давж заалдах гомдол гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд татварын улсын байцаагч нар нь тухайн актыг барилгын ажилд зарцуулсантай нь холбогдуулан тогтоогоогүй, харин нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан ашиглаж, татвар ногдох орлогыг бууруулсантай нь холбогдуулан тогтоосон байна. Энэ тохиолдолд уг падаан хий бичилттэй байсан эсэх нь ач холбогдолтой байна.

Учир нь, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Л  ХХК-тай ямар нэгэн худалдан авалт хийгээгүй болох нь түүний өөрийнх нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримтууд болох Дээж болор ХХК, Хануй бэл ХХК, Сод түм ХХК зэрэг аж ахуйн нэгж, иргэдийн дэлгүүрийн зарлагын падаануудаар тогтоогдож байна. Иймд, нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн дээрх баримтуудыг үндэслээд Л  ХХК-аас худалдан авалт хийсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г  ХХК нь 2009 оны 11 дүгээр сард 15 сая төгрөгийн, 2009 оны 12 дугаар сард 20 сая төгрөгийн, 2010 оны 03 дугаар сард 30 сая төгрөгийн худалдан авалтыг тус тус Л  ХХК-тай хийсэн болох нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн гэх үндэслэлийг хангах боломжгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан шаардлагыг дээрх баримт хангаж байна. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалт нь бичгийн нотлох баримтыг хувилж олшруулаад /канондоод/ хуулбар үнэн тэмдэг дарвал нотлох баримтын шаардлага хангана, дахин хэвлээд /принтерлээд/ эсхүл скайнердаад хуулбар үнэн тэмдэг дарвал хуулийн шаардлага хангахаа болино гэсэн агуулгатай гэж дүгнэх тайлбарлаж хэрэглэх боломжгүй.

Иймд, Л  ХХК-ийн борлуулалт хийгдээгүй хий бичилттэй, хуурамч падааныг үндэслэн Г  ХХК-ийг татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР