| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2017/0975/и |
| Дугаар | 1687 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1687
“Баярс констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Баярс констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 211 718 930 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй илүү шилжүүлсэн ажлын хөлс 138 097 176 төгрөгийг буцаан шаардах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баянсайхан
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Энхтөр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Бадрал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Баярс Констракшн" ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай харилцан трхиролцож, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ТТ-2011/09/28БА тоот “Ажил гуйцэтгэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай хүнд даацын машин, механизм байрлах хүчин чадал бүхий 571.98 ам.метр талбайтай, цутгамал төмөр бетон баганан суурь, сендвичэн хана, 1 дүгээр давхар металл долгионт лист, дээвэр сэндвичэн хучилттай 2 давхар барилга угсралтын ажлыг инженерийн шугам туслах барилгын ажлын хамт 201 оны 10 дугаар 24-ний өдөр эхэлж 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Уурхайн хүнд машин механизмын дулаан гараашийн барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэж байх явцад гадна зам талбайн нэмэгдэл ажлын тоо хэмжээг захиалагч байгууллагын хүсэлтийн дагуу өөрчилсөн. Гадна зам талбайн ажлын тоо хэмжээг захиалагчийн хүсэлтээр өөрчилсөнтэй холбогдуулан зам талбайн төсөвт өртгийн тооцоог захиалагч байгууллагын хүсэлтээр Авто замын газраар хийлгүүлж, улмаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраар уг төсвийг хянуулан экспертизийн дүгнэлтийг гаргуулсан. Энэхүү дүгнэлтээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Уурхайн хүнд даацын машин, механизмын дулаан гараашийн барилгын зам талбайн ажлын төсвийг Мэргэшсэн төсөвчин Я.Цэндсүрэнгийн зохиосноор шалгаж үзээд, гаргасан алдаануудыг залруулж, төсвийг шинэчлэн гаргасан. Энэхүү шинэчилсэн төсвийн дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Уурхайн хүнд даацын машин, механизмын дулаан гражийн барилгын зам талбайн ажлын төсөв нь 373 718 930 төгрөг болсон. Энэ төсөвлөгдсөн ажлаас 75 000 000 төгрөгийн ажил нь өмнөх төсөвт тусгагдсан байсан бөгөөд төсвийн дагуу 298 718 930 төгрөгийн зам талбайн нэмэгдэл ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Уурхайн хүнд машин механизмын дулаан гражийн барилга угсралтын ажлыг гадна зам талбайн ажлын хамт чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан тул улсын комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан. Бидний гаргасан хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ирж “Уурхайн хүнд машин, механизмын дулаан гражийн барилга”-ыг зам талбайн хамт 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/30/2012 тоот “барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ын дагуу хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан.
“Эрдэнэс таван толгой” ХК нь хүнд даацын авто зам талбайн ажлын гүйцэтгэлээс зам талбайн нэмэгдэл ажлын үлдэх 298 718 930 төгрөгийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 “захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” гэж заажээ. Иймд тус компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу барилгын ажлын зам талбайн нэмэгдэл ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 298 718 930 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 211 718 930 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“Баярс Констракшн” ХХК нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хүнд даацын машин механизмын дулаан гражийн барилгын ажил гүйцэтгэх явцад зам талбайн нэмэгдэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин Я.Цэндсүрэнгийн зохиосноор 373 898 930 төгрөг гэж тооцсон байдаг. Уг нэмэлт ажил нь 1500 м.кв хэмжээтэй 12.5 см зузаантай зам талбайн зузааныг 20 см болгож нэмэгдүүлэх ажил байсан бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс дээрх зам талбайн ажлын төсөвт өртгийг хэт өндөр гэж үзэн эс зөвшөөрч мэргэшсэн төсөвчин Н.Ганзоригоор тухайн ажил дээр төсөв хийлгэсэн. Н.Ганзориг нь уг төсвийг 2013 оны 10 дугаар сард 23 902 824 төгрөг байхаар тооцож хийсэн бөгөөд нэмэлт ажлыг гүйцэтгэх үед мөрдөгдөж байсан барилгын норм стандарт, үнэ, эрх зүйн актуудад үндэслэн хийсэн. Эдгээр мэргэшсэн төсөвчдийн хийсэн дээрх 2 төсвийн үнийн дүн нь хэт өндөр зөрүүтэй байна. Талуудын хоорондох маргааны гол зүйл нь гадна зам талбайн нэмэлт ажлын төсөвт өртөг бөгөөд “Баярс констракшн” ХХК-иас нэмэлт ажлын төсөвт өртгийг 298 461 485 төгрөг гэж тооцсоныг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэж, Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно”, 41.1.2 “энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх” хэмээн гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хуулиар хориглосон. Мөн талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 44.0-т “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй. итгэлцүүртэй холбоотой дор дурдсан мэдээллийг хэрэглэхгүй” гэж заасан.
Дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон талуудын хооронд байгуулсан ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасны дагуу “Баярс констракшн” ХХК нь тендер шалгаруулалтад 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайн ажлын төсөвт өртгийг 75 437 445 төгрөгөөр тооцож гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн тул шинжээчдийн гаргасан гадна зам талбайн ажлын нийт төсөвт өртгийг 344 373 155 төгрөг гэж үзэн үнийн дүнг нэмэгдүүлэн өөрчлөх үндэслэлгүй болно.
Шинжээчдийн дүгнэлтэд мэргэшсэн төсөвчин Н.Ганзоригийн зохиосон нэмэлт ажлын төсөвт газар шороо, суурийн ажлыг тооцоогүй гэжээ. Хавтаст хэргийн 213 дахь талд “Баярс констракшн” ХХК-ийн 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайн ажлыг 75 437 445 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналын задаргаанд “Замын тэвш ухах, элс хайрганы хольцоор бэлтгэх үе хийх, элсэн дэвсгэр хийх” гэх мэт газар шороо, суурийн ажлыг оруулан тооцсон байдаг.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс гадна зам талбайн ажлын нийт төсөвт өртгийг 12.5 см зузаантай 1555 м2 талбайн төсөвт өртөг болох 75 437 445 төгрөг, 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын зардал 23 902 824 төгрөг буюу нийт 99 340 269 төгрөг хэмээн тооцно...” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “... “Эрдэнэс-таван толгой" ХК нь “Баярс Констракшн” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр нийт 1 510 000 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр үүнээс гадна зам талбайн ажлыг 75 437 445 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. “Баярс констракшн” ХХК-иас анх тендер шалгаруулалтад ирүүлсэн хүнд даацын машин механизмын дулаан гражийн барилгын гадна зам талбайн ажлын төсөвт өртөг болох 75 437 445 төгрөгийн үнээс давсан мэргэшсэн төсөвчин Я.Цэндсүрэнгийн зохиосон төсөв болох 373 718 930 төгрөгийн ажлыг хийсэн гэж үзэж нэхэмжилж байгаа илүү төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзнэ.
“Баярс Констракшн” ХХК нь анх тендер шалгаруулалтад 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайг 75 437 445 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлсэн тул “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс уг талбайг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын өртөг нь Засгийн газрын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ” батлах тухай 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан харьцуулалтын аргаар худалдан авч болох ажлын төсөвт өртгийн дээд хязгаар 50 000 000 төгрөг байна гэж заасны дагуу 50 000 000 төгрөгөөс хэтрэхгүй хэмээн тооцож тус компаниар уг нэмэлт ажлыг хийлгэсэн.
Гэвч “Баярс констракшн” ХХК-ийн зүгээс гадна зам талбайн ажлын нийт төсвийг 373 898 930 төгрөг гэж тооцон энэхүү үнийн дүнгээс тендерт санал болгосон үнийн дүн болох 75 437 445 төгрөгийг хасч тооцон гадна зам талбайн зузааныг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын төлбөрийг 298 461 485 төгрөг гэж тооцсоныг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэхүү нэмэлт ажлын төсөвт өртгийг мэргэшсэн төсөвчин Б.Ганзоригоор гүйцэтгүүлэхэд төсөвт өртгийн дүн 23 902 824 төгрөг хэмээн тооцож гаргасан.
“Эрдэнэс таван толгой” ХК нь “Баярс констракшн” ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт үнийн дүн болох 1 510 000 000 төгрөгөөс нийт 1 434 000 000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх хугацаанд төлсөн.
Мөн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 238 000 000 төгрөгийг “Баярс констракшн” ХХК-д төлсөн. Ийнхүү тус компанид нийт 1 672 000 000 төгрөгийг төлсөн. “Эрдэнэс таван толгой” ХК нь “Баярс Констракшн” ХХК-тай байгуулсан ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнэ 1 510 000 000 төгрөг, гадна зам талбайн зузааныг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын төлбөрт мэргэшсэн төсөвчин Н.Ганзоригийн тооцоолон гаргасан 23 902 824 төгрөг буюу нийт 1 533 902 824 төгрөг төлөх байсан.
Өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 265 373 292 төгрөгийг 127 276 116 төгрөгөөр /техник хяналтын зардалд 25 789 743 магадлашгүй ажлын зардалд 25 986 373 төгрөг, барьцаа хөрөнгийн төлбөрт 75 500 000 төгрөг/ багасгаж нийт 138 097 176 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн гэж үзэж “Баярс Констракшн” ХХК-иас нэхэмжилж байна. Иймд дээр дурдсны дагуу тус компанид шилжүүлсэн нийт 1 672 000 000 төгрөгөөс төлөх ёстой 1 533 902 824 төгрөгийг хасч тооцон 138 097 176 төгрөгийг “Баярс Констракшн” ХХК-иас гаргуулж “Эрдэнэс таван толгой” ХК-нд олгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344 2-т заасны дагуу хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-аас 85 494 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Баярс констракшн” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 126 224 833 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 711 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 59 455 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2011016009 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 585 420 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 484 816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 126 224 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
...Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 126 224 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захиалгын дагуу Авто замын газраар хийлгэж, улсын экспертизээр хянагдсан төсөв болох 373 718 930 төгрөг болон ажлыг улсын комисс хүлээж авснаас хойш 1 жил гаруйн дараа төсөвчин Н.Ганзоригийн тогтоосон төсөв болох 23 902 824 төгрөгөөр бус шүүхээс хууль сануулан томилсон шинжээчийн дүгнэлтэд суурилан нэмэлт ажлын төсвийг тооцоолсон болохоо шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурдсан.
Шинжээчдийн дүгнэлтэд суурилж тооцоо хийсэн дүгнэлтээр 1760 м.кв талбайн гаднах зам тайлбайн газар шорооны ажлын төсөвт өртөг 184 019 862 төгрөг, зам талбайн хучилтыг 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоо 98 974 715 төгрөг, зам талбайн хучилтыг 7.5 см-ээр нэмэгдүүлэх зардал 1760 м.кв талбайн хувьд 63 474 234 төгрөг, нийт 271 031 366 төгрөг болж байгаа. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЭТТ-2011/09/28БА тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсний төлбөр болох нийт 1 672 000 000 төгрөгөөс үндсэн гэрээний төлбөр 1 510 000 000 төгрөгийг хасахад нэмэлт ажилд тооцож шилжүүлсэн мөнгө нь 162 000 000 төгрөг болж байна. Ингээд шинжээчдийн дүгнэлтийн дагуу гаргасан гаднах зам талбайн газар шорооны ажил, үндсэн хучилтын зардал болон нэмэлт хучилтын зардал болох 271 031 366 төгрөгөөс нэмэлт ажилд хүлээн авсан 162 000 000 төгрөгийг хасахад нийт 109 031 366 төгрөг болохоор байхад анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж 85 494 097 болголоо.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзсэнгүй. “Баярс констракшн” ХХК нь захиалагч болох “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дахь хүнд машин механизмын дулаан гражийн барилгын зам талбайн нэмэгдэл ажлын гүйцэтгэлийг тус компанийн баталгаажуулж өгсөн 373 718 930 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Уг баримтууд хавтаст хэргийн 6-10 дугаар талд авагдсан бөгөөд шүүх үүнийг үнэлж дүгнэлт хийсэнгүй. Энэ төсөвт өртгийг үндэслэл болгон үзэхэд “Баярс констракшн” ХХК нь 211 718 930 төгрөгийн авлагатай гарч байгаа юм. Хэрэв гаднах зам талбайн нэмэгдэл ажлын төсөвт өртөг болох 373 718 930 төгрөгийн дүнд 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоо болох 75 437 445 төгрөгийн дүн багтаж байна гэж үзвэл хамгийн багаар бодоход 136 281 485 төгрөгийн авлагатай байгааг шүүх тооцоолж үзсэнгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү…” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Гомдлын шаардлага:
1. “Иргэний хуулийн 343.1, 344.2-т заасны дагуу хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас 85 494 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Баярс констракшн” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 126 224 833 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцуулах.
2. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах.
Гомдлын үндэслэл:
1. Шүүх шийдвэрийн 6 дахь талын 27-31 дэх мөрүүдэд дурдсан үндэслэх хэсэгтээ “Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээ байгуулагдах үед ажлын нийт хөлс 1 510 000 000 төгрөгөөс 75 437 445 төгрөгт холбогдох хэсэг хүнд даацын машин механизмын барилгын гадна зам талбайн ажилд зориулагдан төсөвлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч чухамхүү газар шорооны ажил тус төсөвт багтсан эсэх талаар харилцан маргаантай байна.” гэж 7 дахь талын 17-28 дахь мөрүүдэд “75 437 445 төгрөгт газар шорооны буюу суурийн ажлын хөлс багтаагүй гэх гүйцэтгэгчийн тайлбар үнэн байна, орчны тохижилтын зорилгоор тус талбайн ажлыг гүйцэтгэнэ гэж ойлгосны улмаас газар шорооны ажлыг төсөвт тусгаагүй, эсхүл өвлийн цаг байсан тул өндөржилт хийх шаардлагатайг мэдээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна. Гэвч энэхүү нөхцөл байдал нь үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахад голлох ач холбогдолтой биш гэж дүгнэлээ” гэжээ.
Барилгын төсөв зохиох БНбД-ийн 81-95-12 дүрмийн Гурав дугаар зүйл “Барилгын төсөв зохиох аргачлал, баримтлах зарчим, баримт бичгийн бүтэц”-ийн 3.15-д “Барилгын обьектын төсвийн баримт бичиг боловсруулахдаа тусдаа байрлах барилга, түүнд хамаарагдах тоног төхөөрөмж, туслах болон үйлчилгээний байгууламж, инженерийн шугам, сүлжээ, нийт талбайн ажлуудыг хамааруулна. 3.9-д “Обьектын төсөв гэдэг нь тодорхой нэг барилга байгууламжийн ажлын нэр төрөл, үе шатаар зохиосон нэг бүрчилсэн төсвийн дүнг нэгтгэсэн тооцоо бөгөөд түүнийг үндэслэн обьектын гэрээний үнийг тодорхойлно” гэж, 3.2-т “Барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ” гэж тус тус заасан байдаг.
Түүнчлэн Арав дугаар зүйл “Барилгын өртгийн нэгдсэн төсвийн тооцоо” 10.5-д “Үйлдвэр, үйлчилгээ, орон сууц, иргэний барилгын өртгийн нэгдсэн төсвийн тооцоогоор хөрөнгийг дараах бүлгүүдэд хуваарилана” гэсэн бөгөөд нийт 17 бүлгүүдээс 10.5.-7-Д “талбайн тохижилт зүлэгжүүлэлт”, 10.5-9-д “Захиалагчийн албаны /техник хяналтын/ зардал, 10.5-16-д “Магадлашгүй ажлын зардал” ордог. Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар БД-81-101-01 дүрмийн Барилгын талбайн тэгшилгээ, өндөржилтийн ажлын 3.2-т нэмэлт: Нийт талбайн өндөржилтийн шороо нэмэх, хасах ажлын хэмжээг зам талбайн өндөржилтийн зураг төсөлд тооцож гарсан газар шорооны ажлын зөрүүгээр м3-ээр илэрхийлнэ” гэжээ.
Үүнээс үзэхэд “Баярс Констракшн” ХХК-ийн тендерт ирүүлсэн зураг төсөл, төсөвт барилга баригдах газрын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гүйцэтгэх болон баригдах барилгын улаан шугамыг тавихдаа өндөржилтийн зураг төслийг тооцож гаргах ёстой байдаг ба тендерийн бичиг баримтад ирүүлсэн 75 437 445 төгрөгийи зам талбайн тохижилтын ажлын төсөвт өртөгт газрын өндөржилт, тоо хэмжээг тооцоолсон төсөв гэж үзнэ.
Иймд ажил гүйцэтгэгч “Баярс Констракшн” ХХК гадна зам талбайн ажлын төсөвт өртгийг тооцохдоо газар шорооны ажлыг төсөвлөн тооцоолж сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн талаар шүүх дүгнэсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахад ач холбогдолтой биш гэж дүгнэсэн нь Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар БД-81-101-01 дүрэм болон Барилгын төсөв зохиох БНбД-ийн 81-95-12 дүрэмд заасан дээрх заалттай зөрчилдөж байна.
Анхан шатны шүүх гүйцэтгэгчийн тендерийн бичиг баримтад багтсан гадна зам талбайн ажлын 75 437 445 төгрөгийн төсөв нь дан ганц 12.5 см-ийн зузаантай бетонон хучилтын ажлын хөлс мэтээр буруу дүгнэсэн, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь газар шорооны ажил огт хийхгүйгээр зөвхөн тэгшхэн газарт бетон хучилт дэвсэх ажил хийхээр тохирсон мэтээр нэхэмжлэгч талаас тайлбарласанд үнэн зөв дүгнэлт өгсөнгүй.
Гүйцэтгэгчийн гадна зам талбайн ажлын төсвийн задаргаанд замын тэвш ухах элс хайрганы хольцоор бэлтгэл үе хийх, элсэн дэвсгэр хийх, зуурмаг бэлтгэх, цемент бетон хучилт хийх, явган замын хавтан угсрах, замын хашлага угсрах гэсэн хөдөлмөр зарцуулалтын тооцоолол байсан тул гадна зам талбайн тохижилтын ажилд газар шорооны ажил тусгагдсан гэж үзнэ.
Гүйцэтгэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зургуудад зарим газарт нь шороо тараасан, зарим газарт нь зам талбайг тэгшилж шороо ухсан зэргээр замын тэвш ухах ажлыг гүйцэтгэсэн байдал харагддаг. Зам талбайн өндөржилтөөс хамаарч гүйцэтгэгчийн урьдчилан төлөвлөсөн газар шорооны ажлын хэмжээ нэмэгдсэн байхад шүүх анхнаасаа газар шорооны ажил огт хийгдэх ёсгүй байсан мэтээр буруу дүгнэсэн.
Улмаар анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гадна зам талбайн ажлын газар шорооны ажлын төсөвт өртөг 184 019 862 төгрөгийг хариуцагч дангаараа бүрэн хариуцаж, гэрээний үндсэн төлбөр дээрээ нэмж төлөх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь буруу болсон.
2. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн шинжээчид тавьсан асуултын 4 дэх “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь хүнд даацын машин механизмын дулаан гражийн барилгын гаднах 1760 м2 зам талбайн бетонон талбайг 7.5 см-аар гагцхүү зөрүү 7.5 см-т холбогдох төсвийн тооцоолол/-аар нэмэгдүүлэхэд гарах төсвийн тооцооллыг гаргуулах, энэ тооцооллыг 1555 м2 талбайн хувилбараар давхар гаргах” гэсэн асуултад “хүснэгтээр 1760 м2 зам талбайн бетонон талбайг 7,5 см-аар хучихад 63 474 234.92 төгрөг, 1555 м2 зам талбайн бетонон талбайг 7.5 см-аар хучихад 49 833 583.6 төгрөг, зөрүү 205 м2зам талбайн бетонон талбайд төсвийн зөрүү 13 640 651.3 төгрөг” гэж тооцож хариулсан байтал уг шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт “дулаан гражийн гаднах зам талбайн газар шорооны ажлын хувьд 1760 м2, 1555 м2 тус бүрээр төсөвт өртгийг тооцож гаргасан бөгөөд, харин дээрх зам талбайг 20 см-ээр хучилт хийсэн төсөвт өртгийн дүн, хучилтын зузааныг h=12.5 см-ээр хийгээд дараа нь h=7.5 см-ээр нэмж h=20 cm болгох хучилт хийсэн төсөвт өртгийн хооронд зөрүү байхгүй гэж үзлээ” гэсэн нь зөрчилтэй дүгнэлт гаргасан байна.
3. “Эрдэнэс таван толгой” ХК дулаан гражийн гаднах зам талбайн газар шорооны ажлыг 1760 м2талбайд h=12.5 см-ээр хийсэн ажлыг h=7.5 см-ээр нэмж h=20 см болгох хучилт хийсэн нэмэгдэл ажлын зардлыг хүлээн зөвшөөрч байгаа.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх талын 12-14 дэх мөрүүдэд “шүүхээс нэмэлт ажлын төсвийг төсөвчин Н.Ганзоригийн тогтоосон дүгнэлтээр бус шүүхээс хууль сануулан томилсон шинжээчийн дүгнэлтэд суурилан тогтоох нь зүйтэй байна”, гэж дүгнэсэн байтал мөн 21-24 дэх мөрүүдэд “үндсэн гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 23 902 824 төгрөг, нэмэлт ажлын хөлс 63 474 234 төгрөг нийт 85 494 097 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343.1, 344.2-т заасантай нийцнэ гэж дүгнэлээ” гэжээ.
“Баярс констракшн" ХХК-ийн дулаан гражийн барилгын нэгдсэн төсөвт 75 437 445 төгрөгт холбогдох хэсэг нь хүнд даацын машин механизмын барилгын гадна зам талбайн ажилд зориулагдан төсөвлөгдсөн бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК нь нэмэгдэл ажилд 63 474 234 төгрөгийг төлөх үндэслэлтэй байхад шүүхээс нэмэлт ажлын төсвийг төсөвчин Н.Ганзоригийн тогтоосон төсөв дээр дахин шинжээчийн дүгнэлтээр гарсан 63 474 234 төгрөгийн зардлыг нэмж тооцсон нь үндэслэлгүй байна.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь талын 4-8 дахь мөрүүдэд “1760 м2 гадна зам талбайн газар шорооны ажлын төсөвт өртөг болон захиалагчийн хүсэлтийн дагуу нэмж гүйцэтгэсэн 7.5 см-ын зузаантай бетонон хучилт хийх ажлын төсөвт өртгийг захиалагч тал болох “Эрдэнэс таван толгой” ХК нь иргэний хуулийн 343.1, 344.2-т заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үндэстэй. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч “Баярс констракшн” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.
“Эрдэнэс таван толгой” ХК, “Баярс констракшн” ХХК-д үндсэн гэрээний ажлын хөлс болох 1 510 000 000 төгрөг төлөх байснаас 1 672 000 000 төгрөгийн ажлыг хөлсийг шилжүүлсэн. Үүнээс 23 902 824 төгрөгийг нэмэгдэл ажлын хөлсөнд тооцож үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 138 097 176 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэмэгдэл ажлын зардлыг шинжээчийн дүгнэлтээр гарсан 63 474 234 төгрөгөөр тооцсон атал үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 98 474 234 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Баярс констракшн” ХХК нь хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 298 718 930 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 211 718 930 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүй илүү шилжүүлсэн ажлын хөлс 265 373 292 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 138 097 176 төгрөг болгон маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу ажлын хөлсөнд 1 510 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар талууд үндсэн гэрээнээс гадна нэмэлт ажил хийхээр тохиролцсон бөгөөд нэмэлт ажлын төсөв 373 718 930 төгрөг болсон. Захиалагч тал нийт 1 883 718 930 төгрөг шилжүүлэх ёстойгоос 1 672 000 000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл төлбөр 211 718 930 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нийт дүн 1 510 000 000 төгрөг байсан бөгөөд үндсэн гэрээгээр тохиролцсоноос гадна хийх нэмэлт ажлын төсөвт өртөг нь мэргэшсэн төсөвчин Н.Ганзоригийн тооцоолсноор 23 902 824 төгрөг болсон. Иймд “Баярс констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн үндсэн болон нэмэлт ажлын хөлс, төсөвт өртөг нь нийт 1 533 902 824 төгрөг болж байна. Манай компани гүйцэтгэгчид нийт 1 672 000 000 төгрөгийг шилжүүлснээс үзвэл ажлын хөлсийг дутуу биш илүү төлсөн гэх үндэслэлтэй байна” гэж тус тус тайлбарлажээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ЭТТ-2011/09/28 БА дугаар “Эрдэнэс ТТ” уурхайн хүнд механизмын дулаан гараашийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай хүнд даацын болон хүнд механизм байрлах, хүчин чадал бүхий 571.98 ам метр тайлбай / 4881.60 шоо метр эзлэхүү/-тай цутгамал төмөр бетон багана суурь, сэндвичин хана, 1 давхар металл догионт лист, дээвэр сэндвичэн хучилттай, 2 давхар барилга угсралт /барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/, халаалтын төвийн туслах барилга /бусад ажил/-ын хамт 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулах, захиалагч нь уг ажлын хөлс болох 1 510 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /II-хх 319-338/
Дээрх гэрээний зүйлд хүнд даацын машин механизмын барилгын ажил болон гадна зам талбайн хучилтыг 12.5 см-ын зузаантай хийх ажил багтсан болон гадна зам талбайн хэмжээг 1 760 м.кв болох үйл баримтын талаар талууд маргаагүй.
Улмаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ЭТТ-2011/09/28 БА дугаар “Эрдэнэс ТТ” уурхайн хүнд механизмын дулаан гараашийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-гээр тохиролцсон үнийн дүн болох 1 510 000 000 төгрөгөөс хийж гүйцэтгэх үндсэн ажлаас гадна гэрээгээр тохиролцоогүй ажлыг сүүлд нэмэлтээр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон гэх үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ.
Харин нэмэлтээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх газар шорооны ажил болон талбайн бетонон хучилтыг 7.5 см-аар нэмэгдүүлэх ажлуудын зардлын хэмжээн дээр талууд маргаж, мэтгэлцсэн байх ба шүүх талуудын хүсэлтээр “Барилгын хөгжлийн төв”-ийг шинжээчээр томилж, шүүх шинжээч нарт хууль сануулсан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн газар шорооны ажил болон бусад ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээн авч зохих үнийг нэмж төлсөн нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авсан байх /хх 106-109/ бөгөөд тус комиссын бүрэлдэхүүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хяналтын инженер, бусад албан тушаалтнууд оржээ. “Эрдэнэс таван толгой” ХК нь ажлыг улсын комисс хүлээж авах үед болон түүнээс хойших тодорхой хугацаанд буюу 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ажлын хөлсөнд нийт 1 434 000 000 төгрөгийг гүйцэтгэгч “Баярс констракшн” ХХК-д шилжүүлсэн байна. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэгч “Баярс констракшн” ХХК-ийн нэмэлт ажлыг хүлээн зөвшөөрч 238 000 000 төгрөгийг “Эрдэнэ таван толгой” ХК-иас шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 149/
Шүүх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасныг үндэслэн төсвийн хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүсэхэд ажлын хөлс төлөх бодолгүй тухайгаа гүйцэтгэгчид мэдэгдэх, уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол захиалагч нь ажлын гүйцэтгэлээ зогсоох боломжоор ажил гүйцэтгэгчийг хангах үүрэгтэй гэж үзэж, шинжээчийн дүгнэлтээр гадна зам талбайн бетонон хучилтыг хийж гүйцэтгэх ажлыг 98 974 715 төгрөг гэж гарсныг гүйцэтгэгч ”Баярс констракшн” ХХК-ийн хүлээн зөвшөөрч гэрээнд тохиролцсон үнийн дүн болох 75 437 445 төгрөгөөр тооцсон нь зөв байна.
Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 1 760 м.кв талбай хэмжээтэй гадна зам талбайн ажлын газар шорооны ажлын төсөвт өртөг 184 019 862 төгрөг, үндсэн гэрээнд үл хамаарах ажил буюу бетонон хучилтыг 7.5 см-ээр нэмэгдүүлсэн ажлын төсөвт өртөг 63 474 234 төгрөг гэж тус тус гарсан байх ба гэрээнд заагдаагүй ажил буюу хийсэн гэж үзэж байгаа газар шорооны ажил, нэмэлтээр хийсэн бетонон хучилтын ажлын нийт үнийн дүн 247 494 096 төгрөг болж байна.
Дээрх үнийн дүнгээс нэмэлт ажлын зардалд төлсөн гэх 162 000 000 төгрөгийг хасахад 85 494 097 төгрөг болж байх тул анхан шатны шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126 224 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Өөрөөр хэлбэл хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч буюу захиалагч тал хүлээж авсан талаар маргаагүй, нэмэлт ажлыг захиалагчийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан ба энэ нь хэрэгт авагдсан хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас эрх бүхий байгууллагад тодорхой ажлын хөлсний нэмэлт зардлыг тооцуулахаар явуулж байсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/518 тоот албан бичиг, гэрч Я.Цэндсүрэн, Д.Энхтуяа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /I-хх 10/
Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн 85 494 097 төгрөгийг тооцохдоо нэмэлт ажлын хөлс 63 474 234 төгрөг дээр нэмэлт ажлын төсөвт өртөг 23 902 824 төгрөг /төсөвчин Н.Ганзоригийн гаргасан төсөв/-ийг нэмэхээр техникийн алдаа гаргасан нь шийдвэрт нөлөөлөхөөргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 138 097 176 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Учир нь талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ЭТТ-2011/09/28 БА дугаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдох юм.
Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхэд хариуцагчийн илүү төлсөн гэх мөнгийг хасч тооцсон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585 420 төгрөг, нэхэмжлэгч “Баярс констракш” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ЦОГТСАЙХАН