Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

            -шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр,

            -шүүгдэгч Ч.Зулаа, Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Э.Ганбаярт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Зулаа, Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 201619000331 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1979 оны 02 сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Крамикийн 01-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр /Регистрийн дугаар:НЧ79020517/,

Монгол Улсын харъяат, 1983 оны 04 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Крамикийн 01-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунбаярын Зулаа /Регистрийн дугаар:ЗЗ83041004/,

Монгол Улсын харъяат, 1987 оны 05 сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Багануур дүүрэг 5 дугаар хороо, Байдлаг 2-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Энхтунгалагийн Ганбаяр /РД:НЧ87052217/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/,

Шүүгдэгч Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг Өгөөмөр 2-р багийн нутаг "Хар нуурын дэрс" гэх газраас иргэн С.Ганболдын 1 тооны үхрийг Ч.Зулаагийн эзэмшлийн 92-81 УНГ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн яллагдагч Э.Ганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4-р хороо Байдлагийн 02-09 тоотод эхнэр Ж.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар чулуу хайгаад олоогүй. Л.Эрдэнэбаяр тэр үхрийг хулгайлах санааг гаргасан. Би хулгай хийх гэхээр нь дургүйцээд байсан ч Л.Эрдэнэбаяр намайг загнаж дарамталж байгаад  тэр үхрийг авсан. Тийм л юм болсон...” гэв.

Шүүгдэгч Ч.Зулаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Төв аймгийн Баян сумын нутгаас чулуу түүх гэж яваад олдохгүй байсан. Замд үхэр таархаар нь  авсан.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв.

Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 05 дугаар сарын 20 нд эхнэр Ч.Зулаа, Э.Ганбаяр хоёртой эхнэрийн машинтай гурвуул Төв аймгийн Баян суманд чулуу түүх гэж явж очоод чулуу олдохгүй болохоор нь буцаад явж байгаад Элэгний рашаанаас зүүн хойш 10-аад км-ийн зайд улаан зүсмийн үхэр хэвтэж байхаар нь  барьж аваад Э.Ганбаяраар нядлуулаад машинд ачсан. Тэгээд хот орох гэж яваад баригдсан. Хулгай хийх  санааг би гаргаж энэ хоёрыг уруу татсан нь үнэн...” гэв.

Хохирогч Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Манай мал Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн нутагт байдаг, малыг малчин С.Ганболд гэх хүн малладаг юм. Тус багийн нутаг Хар нуур гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой улаан зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн гуныг хулгайлсан байсан. Би нас гүйцсэн эр үхрээ 3.500.000 төгрөгөөр үнэлнэ, зах зээлийн үнэ ханшаар үнэлж нэхэмжилнэ. Манай үхрийн ганц сор нь болсон үхэр байсан юм. Хулгай хийсэн үхрийг махыг зах зээлийн ханшаар зарж 950.000 мянган төгрөг болгожээ. Үлдэгдэл 1.550.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна, хохиролгүй болгож өгнө үү. Манай мал бүгдээрээ найз С.Ганболдын дээр тоологддог бөгөөд алдсан үхэр маань ч гэсэн С.Ганболдын нэр дээр тоологддог юм. Надад бол малын А данс байхгүй, С.Ганболд дээр бол А данс байгаа. ...Үхрийн маань үнэлгээ 2.500.000 төгрөгөөр тогтоогдсон ба үлдэгдэл 1.550.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-30/,

Хохирогч Ж.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 2-9 тоотод гэртээ ... манай нөхөр Ганбаяр орон дээр унтаад би гэрээ цэвэрлээд байж байтал Уламбаяр гадаа орилж хашиграад байхаар нь гарсан чинь гэрт орж ирэх гээд байхаар нь би оруулахгүй чи харьж унт гэж хэлсэн чинь Уламбаяр намайг гэрээсээ хөөдөг хэн бэ чи гээд гараараа алдалчихаад цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би ээж Долгорсүрэн рүү утасдаж намайг Уламбаяр алгадчихаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод байж байтал хадам ээжийн дүү Энхээ эгч миний утас руу залгаад ээж яагаад утсаа авахгүй байгаа юм бэ дансанд нь мөнгө төгрөг нь орсон юм болов уу гэж асуухаар нь ороогүй байхаа надад карт нь байгаа гэж хэлчихээд цүнхэндээ хадам ээжийн картыг нь үзсэн чинь байхгүй болохоор нь өө байхгүй байна ээж аваад явчихсан юм шиг байна гэж хэлчихээд утсаа тасалсан чинь Ганбаяр сууж байснаа чи манай ээжийг муу хэллээ гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд би газар унасан чинь миний нуруу руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэгээд би чи миний хамар руу цохичихлоо ш дээ гэж хэлсэн чинь чиний хамар угаасаа муруй биз дээ гээд байсан. Тэгээд миний нуруу өвдөөд босч чадахгүй байсан болохоор гэрээсээ мөлхөж гараад хашааны гадаа гарч хажуу талын айлын хүнд түргэн дуудаач өгөөч гэж хэлсэн. ...Дээрх шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтэд дээрх гэмтлийг манай нөхөр Ганбаяр надад учруулсан юм. ...Уламбаяр намайг алгадахад надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-135-136, 157/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Энэ машиныг Чулуунбаатарын Зулаа гэдэг хүн 2015 оны 10 сарын 20-ны өдөр 105/15/410 тоот зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийн зээлийг манайхаас авсан. Зээлийн гэрээ нь байгаа. Одоо зээлийн үлдэгдэл нь одоогийн байдлаар 480.000 төгрөг байгаа. Зээлээ төлөөд явж байгаа. 1 жилийн хугацаатайгаар зээл авсан. Нэхэмжлэх зүйл гэвэл зээлийн үлдэгдлээ төлүүлчихвэл шүүх хуралд суугаад байх шаардлагагүй..” гэх мэдүүлэг /хх-33/,

Гэрч Ч.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө "Эрчимжүүлэлт" арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг "Дөрөвдүгээр зөрлөг" гэх газарт цагдаагийн дэд ахлагч А.Ариунгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж хоносон. 2016 оны 05 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн үөд цагаан өнгийн Ниссан Санни маркийн автомашин ертөнцийн зүгээр урдаас засмал замаар ирсэнийг зогсоож шалгасан. Эмэгтэй хүн уг машиныг жолоодож явсан ба тээшээ шалгуулахыг хүсэхэд миний машины багаж цоож нь эвдэрсэн нээж болохгүй байгаа гэсэн. Уг машинд арын суудалд хоёр эрэгтэй хүн унтаж байгаа мэт дүр эсгэн сууж байгаа зэрэг нь сэжигтэй санагдсан тул машиныг зам чөлөөлж зогсоож шалгасан. Машины арын суудлыг авч дотор талаас нь тээшийг шалгахад малын мах ачиж яваа нь тодорхой болсон. Машин дотор шуудайнд хийсэн үхрийн арьс байсан тул арьсыг дэлгэж үзэхэд улаан зүсмийн нас гүйцсэн эр үхрийн 1 шир байсан. Жолооч эмэгтэй өөрийгөө Зулаа гэж танилцуулаад Баянжаргалан сумын нутгаас өөрийн малаас нэг үхэр нядлаад авч явна гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа Зулаа нь Баян сумын нутгаас хулгай хийж нядалсан үхрийн мах гэж хэлсэн. Машинд сууж явсан Эрдэнэбаяр гэх эрэгтэй Багануураас өөрийн үхрээ аваад явж байна гэж хэлсэн. Харин Ганбаяр нь Багануурт байдаг айлаас Эрдэнэбаяр ах энэ үхрийг хүнээс худалдаж аваад манай гадаа нядлаад махыг нь авч явж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ганбаяр, Эрдэнэбаяр нар нь Баян сумын нутаг 12 дугаар зөрлөгөөс зүүн зүгт байсан хар зүсмийн сарлагтай хэсэг үхэр дундаас нэг үхэр хулгайлж авсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-45/,

Гэрч С.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний алдсан гэх улаан гуна нь манай найз Пүрэвсүрэнгийн эзэмшлийн үхэр байгаа юм. Өөрөө Улаанбаатар хотод байдаг болохоор миний нэр дээр тоологддог юм. Би Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2-р баг "Хар нуур" гэх газраас алдсан юм. 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө алдсан...” гэх мэдүүлэг /хх-40/,

Гэрч Э.Уламбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдалгийн 2-9 тоотод төрсөн ах Ганбаярын гэрт очсон юм. Тэгээд Ганбаяр ахын гэрт орсон чинь Ганбаяр ах, Энхтайван эгч бас Ууганбаяр ах байсан. ...Би гараад явж байгаад малгайгаа үлдээчихсэн байсан болохоор малгайгаа авах гээд буцаад хашааных нь завсраар орох гэтэл Энхтайван эгч гараад ирчихсэн чамайг оруулахгүй яв гээд намайг хашааны завсраараа түлхэхээр нь би буцаагаад бие рүү нь түлхчихээд яваад өгсөн юм. Намайг Ганбаяр ахын гэрээс гарч явах үед Ганбаяр ах, Энхтайван эгч хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэх гээд л хэрүүлийн шинжтэй юм яриад байсан. Би яг юу яриад байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ганбаяр, Энхтайван нар адилхан согтолттой байсан бүүр ухаанаа алдсан согтолттой хүн бол байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-137/,

Гэрч Д.Долгорсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсэгт гэртээ байж байтал миний төрсөн охин болох Энхтайван миний утас руу өөрийн 99640922 дугаарын утсаараа ...залгахаар нь утсаа авсан чинь ээж намайг Ганбаяр цохичихлоо миний хөл хөдөлж болохгүй байна гэж яриад утсаа тасалсан. Ганбаяр манай охин Энхтайван нарт гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-138/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагийн үзүүлэлтүүд /хх-3-13/,   

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/

-орон нутгийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-46-47/,

-шүүгдэгч Ч.Зулаагийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "ял шийтгэл үгүй" гэх лавлагаа /хх-99 тал/,

-шүүгдэгч Л.Эрдэнэбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад " ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-95 тал/,

-шүүгдэгч Э.Ганбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "....урьд Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.." гэх лавлагаа /хх- 77 тал/,

 

-шүүгдэгч Ч.Зулааг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр /хх-66/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-68 тал/,

-шүүгдэгч Л.Эрдэнэбаярыг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр /хх-62-63/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-64 тал/,

-шүүгдэгч Э.Ганбаяыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр /хх-72/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-74 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

          Шүүгдэгч Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг Өгөөмөр 2-р багийн нутаг "Хар нуурын дэрс" гэх газраас иргэн С.Ганболдын 1 тооны үхрийг Ч.Зулаагийн эзэмшлийн 92-81 УНГ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн яллагдагч Э.Ганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4-р хороо Байдлагийн 02-09 тоотод эхнэр Ж.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Д.Пүрэвсүрэн, Ж.Энхтайван, иргэний нэхэмжлэгч Н.Батсайхан, гэрч Ч.Баяртогтох, С.Ганболд, Э.Уламбаяр, Д.Долгорсүрэн нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Э.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

                        Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Д.Пүрэвсүрэн нь хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарын гэмт хээргт оролцсон оролцоо зэргийг харгалзан хорих ял оногдуулж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Э.Ганбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгэгдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөгдсөн гэж үзсэн болно. 

            Шүүгдэгч Э.Ганбаяр нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал нь арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ тэнсэж хянан харгалзаж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хир хэмжээ зэргээс шалтгаалан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзах ял нь тохиромжгүй байх бөгөөд ялын хөнгөн төрөл болох баривчлах  ялыг оногдуулах нь тохиромжтой байна гэж шүүх үзлээ.    

            Хохирлын талаар:

            Шүүгдэгч Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нар нь хохирогч С.Ганболдод учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

            Шүүгдэгч Ч.Зулаа нь 92-81 УНГ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байх бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 100.000 төгрөгний үлдэгдэлтэй байх тул Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Батсайхан нь зээлийн гэрээний талаарх үүргийн гүйцэтгэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

           Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Ч.Зулаагийн эзэмшлийн 92-81 УНГ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Зулаагийн эзэмшлийнх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь иргэний нэхэмжлэгч Н.Батсайханы “..Энэ машиныг Чулуунбаатарын Зулаа гэдэг хүн 2015 оны 10 сарын 20-ны өдөр 105/15/410 тоот зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийн зээлийг манайхаас авсан....” гэх мэдүүлэг, гэрч Ч.Баяртогтохын: “..2016 оны 05 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн үөд цагаан өнгийн Ниссан Санни маркийн автомашин ертөнцийн зүгээр урдаас засмал замаар ирсэнийг зогсоож шалгасан. Эмэгтэй хүн уг машиныг жолоодож явсан ба тээшээ шалгуулахыг хүсэхэд миний машины багаж цоож нь эвдэрсэн нээж болохгүй байгаа гэсэн....” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Зулаагийн “..Энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм..” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Зулаагийн эзэмшлийн 92-81 УНГ улсын дугаартай Ниссан санни маркийн автомашиныг /800 000/ хурааж улсын орлого болгох,

            Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ч.Зулаагийн эзэмшлийн 32 инчийн ЛЖ маркийн зурагт, шүүгдэгч Л.Эрдэнэбаярын эзэмшлийн 2 хаалгатай dios маркийн хөргөгч, шүүгдэгч Э.Ганбаярын эзэмшлийн Sony маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох,

            хэрэгт эд мөрийн баримтаар 9.50 см метрийн урттай цагаан өнгийн дээс 1 ширхэг, дундуур нь тасдаж хуваасан кока кола ундааны сав 1 ширхэг, улаан өнгийн иштэй 1 ширхэг  хутга зэрэг хураагдаж ирснийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна гэж шүүх гэж үзлээ.

           

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр, Боржигон овогт Чулуунбаярын Зулаа, Боржигин овогт Энхтунгалагийн Ганбаяр нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Энхтунгалагийн Ганбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Э.Ганбаярыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Л.Эрдэнэбаярыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Зулааг 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаярыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн ангид, ялтан Ч.Зулаад оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ганбаярт оногдуулсан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ганбаярт оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, ялтан Ч.Зулаад оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялыг тус тус тэнсэж,  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нарт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нарыг хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар 9.50 см метрийн урттай цагаан өнгийн дээс 1 ширхэг, дундуур нь тасдаж хуваасан кока кола ундааны сав 1 ширхэг, улаан өнгийн иштэй 1 ширхэг  хутга зэрэг хураагдаж ирснийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ч.Зулаагийн эзэмшлийн 32 инчийн ЛЖ маркийн зурагт, шүүгдэгч Л.Эрдэнэбаярын эзэмшлийн 2 хаалгатай dios маркийн хөргөгч, шүүгдэгч Э.Ганбаярын эзэмшлийн Sony маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

12. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Ч.Зулаагийн эзэмшлийн /800 000/ төгрөгөөр үнэлэгдсэн 92-81 УНГ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

 

13. Ялтан Э.Ганбаяр, Л.Эрдэнэбаяр, Ч.Зулаа нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Н.Батсайхан нь зээлийн гэрээний талаарх үүргийн гүйцэтгэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

14. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Ганбаярын цагдан хоригдсон 3 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, ялтан Э.Ганбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолох, ялтан Ч.Зулаа, Л.Эрдэнэбаяр нар нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

15. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

16. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА