Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  У.Н холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ганчимэг,

яллагдагч У.Н ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2352 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр У.Н холбогдох эрүүгийн 1808008370269 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн У-ын Н , 19... оны ... дүгээр сарын ...-ний .........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;

 

У.Н  нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагтын 1-17 тоот хашааны гадаа иргэн Б.Сүхбаатараас “...Зөөврийн компьютероо түр өгч байгаач, би ажлынхаа юмыг шивчихээд маргааш өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бор өнгийн “НР” загварын “i-7” үзүүлэлттэй зөөврийн компьютерыг авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан Золбоо” ХХК-ийн “Лаки” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Яллагдагч У.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч У.Н ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс үзвэл, тэрээр ажлын хэрэгцээнд түр ашиглах зорилгоор найзынхаа зөөврийн компьютерыг зохих зөвшөөрлийн дагуу нэг хоногийн хугацаатай авч явсан, харин хохирогч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр найздаа өөрийн эд хөрөнгө болох зөөврийн компьютероо нэг хоногийн хугацаатай түр ашиглуулахаар сайн дурын үндсэн дээр итгэмжлэн хариуцуулж өгч явуулсан нөхцөл байдал тодорхойлогдож байна. Мөн яллагдагч У.Н  өөрийн найз Б.Сүхбаатарын зөөврийн компьютерыг олж авсан даруйдаа бус маргааш нь буюу нэг хоногийн дараа барьцаанд тавьж, зээл авах байдлаар захиран зарцуулсан нөхцөл байдал тодорхойлогдож байна. Иймд яллагдагч У.Н  нь “ажлын хэрэгцээнд нэг хоног ашиглана” гэж найзыгаа хуурч мэхэлсэн үү, эсхүл найзынхаа “итгэмжлэн хариуцуулсан” хөрөнгийг өөрийн дураар зөвшөөрөлгүй захиран зарцуулах байдлаар завшсан уу гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүн хэлэлцэх нь зүйтэй.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээ нь үндэслэл бүхий дүгнэлтгүй, ямар арга, тооцооллоор хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй байгаа тул дахин шинжээч томилж, үнэлгээг бодитой хийлгэх, алга болсон зөөврийн компьютерын шинж байдлыг нэмэлт ажиллагаагаар нарийвчлан тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй.

Гэрч Ц.Батбилэгийн “...Н  гэх хүн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр НР 2 дугаар үеийн “i-7” загварын зөөврийн компьютерыг 400,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Цагдаагаас хүмүүс ирж “энэ зөөврийн компьютерыг хураан авна” гэж мэдэгдсэн боловч тухайн үед ажиллаж байсан ажилтан ...мэдэлгүй зарсан байсан. Одоо тэр хүн ажлаасаа гарсан тул хаана байдаг талаар нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээс үзвэл барьцаалан зээлдүүлэх газар нь гэмт хэргийн зүйл болохыг мэдсээр байж зөөврийн компьютерыг худалдан борлуулсан байж болох нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, энэхүү нөхцөл байдал нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл уг барьцаалан  зээлдүүлэх газар энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах эсэхийг бүх талаас нь бодитой шалгаж тогтоох нь зүйтэй байх тул яллагдагч Олохнууд овгийн Улам-Оршихын Н ад холбогдох эрүүгийн 1808040661103 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч У.Н авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

- Яллагдагч У.Н  нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагтын 1-17 тоот хашааны гадаа 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Сүхбаатараас “Нөүтбүүкээ түр өгч байгаач ээ, би ажлынхаа юмыг шивчихээд маргааш өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, бор өнгийн НР загварын “i-7” үзүүлэлттэй зөөврийн компьютерыг авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан Золбоо” ХХК-ийн “Лаки” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдад 600,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Сүхбаатарын “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орчимд Н  над руу залгаад “нөүтбүүкээ түр өгч байгаач ээ, би ажлынхаа юмыг шивчихээд маргааш өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд тэр өдөр Н  манай гэрийн гадаа ирээд над руу залгахаар нь би нөүтбүүкээ аваад гараад ирсэн чинь ганцаараа зогсож байсан. Түүнээс хойш гэртээ очихоороо өгнө гээд худлаа яриад яваад байсан. ...Н  нь надад хэлэлгүй ломбардад тавиад хаясан байсан” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

гэрч Э.Одбямбын “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, дипломын ажил хийх гээд хямд нөүтбүүк хайгаад явж байгаад модны хоёрт байх “Лаки” нэртэй ломбард руу ороод зарах нөүтбүүк байна уу гэж хэлсэн чинь энэ нөүтбүүк байна, хугацаа нь хэтрээд сар гаран болчихсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “доторхыг нь шалгаж үзье” гэж хэлээд дотор талыг нь үзэхэд манай найз Сүхбаатар бид хэдийн зуны дадлага хийж байсан зурагнууд байж байсан. ...Тэгээд маргааш нь тус ломбардад Сүхбаатарын хамт очиж үзээд нөүтбүүкээ манай найз таньсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх 28/,

гэрч Ц.Батбилэгийн “...Н  гэх хүний регистрийн дугаараар хайхад уг хүн манайд 2 удаа эд зүйл барьцаалж зээл авч байсан байна. Эхнийх нь 2017 оны12 дугаар сарын 26-ны өдөр НР Ай-7 2 дугаар үеийн нөүтбүүкийг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Эхний барьцаанд тавьсан НР загварын нөүтбүүкийг тухайн үед цагдаагаас хүмүүс ирж хураан авна гэж хэлсэн боловч тухайн үед ажиллаж байсан ажилтан тусад нь тавьсан байсныг мэдэлгүй зарсан байсан. Одоо тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй, ажлаасаа гарсан учир хаана байдаг талаар нь мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

яллагдагч У.Н ын “...Тэр өдөр /сар, өдрийг санахгүй байна гэх/ би Сүхбаатараас ажлынхаа юмыг хийх гээд зөөврийн компьютерыг нь гуйхаар гэрт нь очсон юм. Тэгээд Сүхбаатарт “найз нь ажлынхаа юмыг шивчихээд буцаагаад өгье” гэж хэлээд зөөврийн компьютерыг нь гуйгаад авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 58/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

- Яллагдагч У.Н  нь “ажлын хэрэгцээнд нэг хоног ашиглана” гэж хохирогчийг хуурч, түүний өмчлөлийн эд хөрөнгө болох зөөврийн компьютерыг авахын тулд үгээр болон үйлдлээр хуурч, бодит байдлыг нуун дарагдуулсан, хохирогч бүрэн төөрөлдсөн, эд хөрөнгөө хохирогч сайн дураараа залилагч этгээдэд шилжүүлсэн, гэмт этгээд бусдын өмчлөх эрхийг өөртөө бүрэн авсан гэдэгтээ итгэсэн зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг бүрэн хангасан гэж улсын яллагчийн хувьд үзэж байна.

- Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурах болон бусад аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах, бодит боломж бүрдсэн үеэс төгсөх бөгөөд уг эд хөрөнгө олж авсан ба гэм буруутай этгээдийн эзэмшилд эд хөрөнгө шилжсэний хооронд шалтгаант холбоо уг хэргийн хувьд тогтоогдсон. Хохирогч Б.Сүхбаатарыг шүүх хуралдаанд оролцуулж уг асуудлыг дахин тодруулах боломжтой гэж үзэж байна.

- Шинжээч томилсон тогтоолд “Арвижих Эстимейт” ХХК-ийн үнэлгээчинд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх, үүргийг нь танилцуулж, тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж холбогдох дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт гаргасан шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулж, уг дүгнэлтийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлүүлэх боломжтой байсан.

- Дээрх үнэлгээний тайлантай хэргийн оролцогч болох хохирогч Б.Сүхбаатар, яллагдагч У.Н  нар танилцаад санал хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн, дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр огт санал хүсэлт гаргаагүй байхад шүүгч шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн нь оролцогч нарын хуулиар олгогдсон эрх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

- Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөр шинжээчид даалгах боломжтой гэж хуульчлагдсан байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

- Барьцаалан зээлдүүлэх газар нь уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд биш юм.

- Барьцаалан зээлдүүлэх газрын ажилтны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй бөгөөд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

- Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд ойлгомжтой тодорхойлох бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор тухайн нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр шалгах, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул эрх бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ зохистой хэмжээнд хэрэгжүүлсний эцэст шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, явуулах ажиллагааг нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүгч дүгнэлт хийсэн байна.

- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд яллагдагч У.Н ын шууд санаатай залилах үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар давхар нотлогдоно.

- Яллагдагч У.Н холбогдох хэрэгт гэмт, хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотлбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон болно.

- Шүүх хуралдаанд хохирогч Б.Сүхбаатарыг оролцуулах саналыг гаргасан бөгөөд дээрх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулах боломжтой юм.

- Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч У.Н ын гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2352 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Яллагдагч У.Н ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй. Тухайн нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж авсан. Гэтэл түр хэрэглэсэн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Түр хэрэглээд өгье гэж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын зүгээс хуурч, мэхэлсэн гэсэн асуудал нь тогтоогдоогүй.

Мөн хохирогч Б.Сүхбаатар нь барьцаалан зээлдүүлэх газар тавьсан гэдгийг мэдэж байсан. Барьцаалан зээлдүүлэх газар энэ компьютертой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг мэдсээр байж бусдад шилжүүлсэн. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх газрыг шалгах шаардлагатай.

Прокуророос бор өнгийн “I7” үзүүлэлттэй нөүтбүүк залилсан гэж яллаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар яг тийм нөүтбүүк авагдаагүй. Тэгэхээр ямар компьютерыг залилж авсан нь тодорхойгүй байна. Мөн үнэлгээний асуудал нь тодорхой бус тул үнэлгээний асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргасан. Яллах дүгнэлтэд “Энэ нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгөөр тавиад 600,000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн. Энэ байдлаас харахад үнэлгээ маш их эргэлзээтэй байна.

Учир нь, ямар өнгийн, ямар нөүтбүүк гэдгийг нь нарийвчлан тогтоогоогүй. Хэрвээ хэрэгт байхгүй бол тогтоох аргачлал байгаа гэж шүүх захирамждаа дүгнэж бичсэн. Уг нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгөөр тавиад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэхэд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

У.Н холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон гэх үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, У.Н холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Үндэслэл нь, хөрөнгө завших гэмт хэргийн гол шинж нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигч уг эд хөрөнгийг хадгалуулах, бүрэн бүтэн байлгах зорилгоор тухайн этгээдэд хариуцуулсан байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд, хохирогч Б.Сүхбаатар нь нөүтбүүкээ өөрийн хүслээр У.Н хадгалуулж, хэрэглүүлэхээр хариуцуулан өгсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Харин яллагдагч У.Н ын хүсэл зоригийн хүрээнд түүнд итгэж ашиглуулахаар өгсөн, өгсөн эд зүйлийг нь бусдад барьцаанд тавьж захиран зарцуулжээ.

Түүнчлэн, хохирогч Б.Сүхбаатарын нөүтбүүкийг үнэлэн зарахад “LUCKY” барьцаалан зээлдүүлэх газар нь У.Н зээлсэн 400,000 төгрөг, хүү, хугацаанд төлөгдөөгүй зэргийг барагдуулан хохиролгүй болохоо тооцоолж, тус нөүтбүүкийг 400,000 төгрөгийн зээлдээ барьцаалан авсан /хх 44/ нь тодорхой тул “Арвижих-Эстимейт” ХХК-ийн уг нөүтбүүкийг 600,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Тус барьцаалан зээлдүүлэх газар тухайн эд зүйлийг барьцаанд авахдаа, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2352 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2352 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, У.Н холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл яллагдагч У.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ