Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                                             

улсын яллагч Ш.Насанжаргал,

шүүгдэгч Р.Ш, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шинжээч Б.Хишигжаргал, Н.Энхцолмон, С.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт ........-н Шд холбогдох эрүүгийн 201625020380 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч : ........... Ш нь:

 

  • “Хүрээ “ амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус амаржих газарт амаржсан А.Даваабатад 1 дүгээр бүлгийн цус сэлбэх ёстой байхад цусыг шалгалгүй 3 дугаар бүлгийн цус сольж сэлбэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч А.Даваабатын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч А.Даваабат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед би 2 дугаар амаржих газарт төрөхөөр очсон. Тэгээд 17 цагийн үед Р.Ш эмч намайг орон дээр гаргаж дахиж үзлэг хийгээд умайн амсар өмнө байсан хэвээрээ байна гээд дусал хийгээд 19 цагийн үед дахин орон дээр гаргаж үзлэг хийхэд 2 хуруу нээгдсэн байна гээд дахин дусал хийсэн.  Тэгээд хэсэг байж байтал гаднаас өөр нэг эрэгтэй эмч орж ирж намайг үзээд өөрөөрөө төрөх боломжгүй. Чамайг кесвер хагалгаагаар төрүүлнэ гэсэн. Тэгээд намайг 3 давхарт хагалгааны өрөөнд авч ороод хагас наркозтойгоор хагалгаанд орсон. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Р.Ш эмч ирээд “ Өчигдөр хагалгааны үеэр чи их цус алдсан учир чамд цус сэлбэх шаардлагатай байна “ гээд зөвшөөрлийн бичгэн дээр гарын үсгээ зур гэсэн. Би учрыг нь сайн мэдэхгүй учир “ Ар гэрийнхнээсээ цус сэлбүүлж болох эсэхээ асууя “ гэхэд “ Зөвхөн чиний зөвшөөрөл хэрэгтэй “ гээд надаар гарын үсэг зуруулаад надаас “ Хэддүгээр бүлгийн цустай вэ “ гэж асуухаар нь би “ 1 дүгээр бүлгийн цустай “ гэж хэлсэн. 15 цагийн орчим сувилагч орж ирээд “ Таньд хийх цус чинь ирчихсэн “ гээд цус сэлбэж эхэлсэн.

            Тухайн үед сувилагч надад “ Цус сэлбэж эхлэхэд нойр хүрэх эсвэл дотор муухайрвал хэлээрэй “ гэж байсан ба цус сэлбэж эхлэнгүүт миний нойр хүрээд дотор муухайраад байсан. Тэгэхээр нь би “ Нойр хүрээд байна “ гэдгээ хэлэхэд “ Өчигдөр хагалгааны явцад цус их алдсан учир нойр чинь хүрч байгаа байх “ гэж хэлсэн.Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдчихсан бөгөөд нэг сэрэхэд эмч нар намайг тойроод зогсчихсон “ Яанаа. Буруу цус сэлбэчихсэн байна “ гээд ярилцаж байсан. Миний хувьд 2 дугаар төрөхөд 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Намайг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж тухайн эмнэлэгт Чимгээ гэх эмч надад 1 сар эмчилгээ хийж байгаад гаргасан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сард доошоо цус гараад эхлэхээр нь Р.Ш эмч рүү утсаар залгасан боловч утсаа огт авахгүй байж байгаад 1 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед утсаа авахаар нь цус алдаад байгаагаа хэлэхэд хүрээд ирсэн. Тэгээд 1 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед 2 дугаар төрөхөд очиход намайг шууд хүлээн авч хэвтүүлээд эрчимт эмчилгээний тасагт дахин 1 сар орчим эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 02 дугаар сарын эхээр эмнэлгээс гарсан. Миний хувьд эмнэлэгт хэвтэж байхдаа төрөл бүрийн эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал маань дээрдэхгүй байсан. Цус сэлбүүлэх ажиллагааг Р.Ш эмч өөрөө эхлүүлчихээд сувилагчаа үлдээгээд явчихсан гэжээ. / 1 дүгээр хавтас 34 /

 

            Гэрч Д.Түмэнжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хотын “Хүрээ” нэртэй амаржих газар эх баригчаар түр ажиллаж байсан. Тэр өдөр их эмч Р.Ш, Бадмаа эх баригч болон бусад хүмүүстэй жижүүрт хамт ажиллаж байсан. А.Даваабат манай эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэгсэн чинь Р.Ш эмч 3 бүлгийн цусыг А.Даваабатад сэлбэ гэж хэлсэн. Эмчийн эмчилгээ заасны дагуу А.Даваабатад би цусыг сэлбэж хийсэн. Цус сэлбэж байхад А.Даваабатын биед ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өглөө 10 цагийн үед 3 дугаар бүлгийн цус хадгалдаг газар нь байхгүй байсан. Тэгээд буруу цус сэлбэсэн гэж мэдсэн. Цусыг сэлбэж байхдаа А.Даваабатаас биеийн байдлыг нь цусыг сэлбэж дуустал хажууд нь сууж асууж байсан. Хүний биед цус сэлбэхдээ эхний 16 минут тутмыг их эмч Р.Шгийн хамт хянаж байсан. Хянаж байх хугацаанд А.Даваабатын биед ямар нэгэн зовиур илрээгүй. Цус сэлбэж дуустал биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй өглөө болсон. Өвчтөн цус сэлбэж байхад болон дараа нь ухаан алдсан ямар нэгэн зүйл байхгүй. Их эмч Р.Шгийн эмчилгээ заасны дагуу 3 дугаар бүлгийн цусыг А.Даваабатад би сэлбэсэн. А.Даваабатыг нэгдүгээр бүлгийн цустай гэдгийг би өглөө мэдсэн гэжээ. / 2 дугаар хавтас 11-12 /

 

            Гэрч Д.Цэцгээ мөдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хувьд эмнэлгийн орлогч дарга учраас жижүүр эмч нараар ажиллах хүмүүсийн хуваарийг гаргадаг бөгөөд архиваас тухайн үеийн жижүүрийн хуваарийг гаргаж үзэхэд эмч Р.Ш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 09 цаг 00 минутаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 20 минут хүртэл жижүүр эмчээр ажиллах хуваарьтай байсан ба 08 цаг 20 минутаас 12 цаг 20 минут хүртэл өөрийн тасагтаа ажиллаж байгаад жижүүрийн амралтаа авах ёстой байсан. Гэтэл эмч Р.Ш нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутанд ажлаасаа буулгүй өөрийн хяналтанд байсан үйлчлүүлэгч эх А.Даваабатад сэтгэл гарган эмнэлгийн тусламж үзүүлэн цус сэлбэж байхдаа алдаа дутагдал гаргасан байна.

Эх баригчийн ажлын тодорхойлолтод эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх тухай заагдсан байдаг. Түүнээс гадна түгээмэл үйлдлийн стандартад эх баригч, сувилагч нь эмийн төрөлтийн түүхэнд бичсэн эмчилгээг түүний шууд удирдлаган дор хийх ёстой байдаг ба эмчилгээ гэдэгт цус сэлбэх үйл ажиллагаа хамаарч болно. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 377 дугаар тушаалд “Эмч нь цус болон цусан бүтээгдэхүүн сэлбэхдээ бүтээгдхүүний нэр, төрөл, хэмжээ, бүлэг, бүрэн бүтэн байдал, өнгө тундас, хөвдөс, хүчинтэй хугацаа зэргийг заавал шалгах ёстойгоос гадна сэлбэлт хийх эмч нь биологийн тохироог үзэж тохирсон тохиолдолд сэлбэлтийг үргэлжлүүлнэ. Сэлбэлтийг эмч түүний шууд хяналтан дор сувилагч, эх баригч нар сэлбэнэ” гэж заасан байдаг гэжээ. / 2  дугаар хавтас 5-6 /

 

Цус цусан бүтээгдэхүүн захиалсан маягт / 1 дүгээр хавтас 71 /

 

Цусны хувийн тодорхойлсон шинжилгээний хариуны маягт / 1 дүгээр хавтас 72 /

Цус цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрөл авах маягт / 1 дүгээр хавтас 73 /

 

Цус цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн протокол / 1 дүгээр хавтас 74 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 тоот дүгнэлтэнд:

1. А.Даваабатад 0(1) РН/+/ бүлгийн цус сэлбэх ёстой байтал 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18:08 цагт В (111)Рг1/+/ бүлгийн цус 1 нэгж 299мл-ийг сэлбэснээс цусны задрал үүсэж улмаар бөөрний хурц дутагдалд орсон байх ба энэ нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.3.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Цаашид А.Даваабатын биед гарсан өөрчлөлтүүд нь бүрэн арилах эсэх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна гэжэ. / 1 дүгээр хавтас 183-187 /

 

Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 316 дугаартай дүгнэлтэнд:

1. ШЭШГ-н бүрэлдэхүүнтэй гаргасан 848 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 298, 1254 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Тохиролгүй бүлгийн цус сэлбэсэн тохиолдолд цусанд задрал явагдаж үхэлд хүргэх боломжтой тул ШЭГЗТЖ-н 3.3.6-д зааснаар хүнд гэмтэлд хамаарна.

3. Учрах үедээ амь насанд аюултай болно. Тухайн үед бөөрний хурц дутагдлын шинж илэрсэн бөгөөд энэ нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл, төгсгөлөөс шалтгаална гэжээ. / 2 дугаар хавтас 44-47 /

 

Шүүгдэгч Р.Шг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 38-40 /,  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 41-42 /

 

Шүүгдэгч шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хавтас 44  / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ш мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 5 сая төгрөг төлсөн гэв.                

 

Шинжээч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 316 тоот дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргасан. Дээрх дүгнэлтэнд А.Даваабатын биед буруу цус сэлбэснээс тухайн үед цусанд задрал үүсч бөөрний хурц дутагдлын шинж илэрсэн бөгөөд энэ нь үхэлд хүргэх аюултай тул  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цусны  мэргэжлийн эмч шинжээчийн бүрэлдхүүнд заавал орох шаардлагагүй. Энэ нь нарийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон гарч ирж байгаа учир бусад мэргэжлийн эмч нар оролцож дүгнэлт гаргасан. Тухайн хүн залуу хүн учир биеийн эсэргүүцэл сайтай байсан мөн яаралтай эмнэлгийн тусламж авсан учраас амь нас нь аврагдсан. Онолын хувьд өөр бүлгийн цус хийснээс шууд үхэлд хүргэнэ гэв.

 

            Шинжээч Б.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Салбар зөвлөлөөс томилсон учир холбогдох бүх материалыг харьцуулж үзээд дүгнэлт гаргасан. А.Даваабатад 1-р бүлгийн цус хийх байтал 3-р бүлгийн цус хийсэн байсан. Цус гэдэг нь эрхтэн шилжүүлж суулгаж байгаа юм. Тухайн үеийн шинжилгээнүүдийг харахад амь насанд аюултай нөхцөл байдал илрээгүй байсан. Тухайн үед цус сэлбэлтийн дараах хурц дархлааны урвал үүсч, хүндрэл өгсөн байсан. Хүндрэл нь цусны хурц явцтай урвал явагдаж, бөөрний цочмог дутагдал явагдсан. Энэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна гэв.

 

Шинжээч Н.Энхцолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дээрх дүгнэлтийг хэргийн материалд авагдсан баримтанд үндэслэн гаргасан. А.Даваабатад 1-р бүлгийн цус хийх байтал 3-р бүлгийн цус хийснээс хөнгөн хэлбэрийн задрал явагдсан гэж үзсэн. Учир нь хүнд хэлбэрийн амин үзүүлэлтээр харьцангуй өөрчлөлт бага байсан. Өөрөөр хэлбэл элэг бөөрний дутагдал, шок, комын байдал үүсээгүй. Цусны хөнгөн хэлбэрийн задрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэв.

 

Шүүгдэгч Р.Ш нь Хүрээ “ амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус амаржих газарт амаржсан А.Даваабатад 1 дүгээр бүлгийн цус сэлбэх ёстой байхад цусыг шалгалгүй 3 дугаар бүлгийн цус сольж сэлбэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч А.Даваабатын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Р.Ш эмч “ Өчигдөр хагалгааны үеэр чи их цус алдсан учир чамд цус сэлбэх шаардлагатай байна гээд гарын үсэг зуруулаад цусны бүлэг асуухаар нь 1 дүгээр бүлгийн цустай болохоо хэлсэн. 15 цагийн орчим сувилагч орж ирээд цус ирсэн гээд цус сэлбэж эхэлсэн бөгөөд цус сэлбэж эхлэнгүүт миний нойр хүрээд дотор муухайраад байгааг хэлэхэд “ Өчигдөр хагалгааны явцад цус их алдсан учир нойр чинь хүрч байгаа байх “ гэж хэлсэн.Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдчихсан нэг сэрэхэд эмч нар намайг тойроод зогсчихсон “Яанаа буруу цус сэлбэчихсэн байна. гээд ярилцаж байсан . Миний хувьд 2 дугаар төрөхөд 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Намайг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж тухайн эмнэлэгт 1 сар эмчилгээ хийлгэж гараад дахин 2 дугаар төрөхийн эрчимт эмчилгээний тасагт 1 сар орчим эмчилгээ хийлгэсэн. Р.Ш эмч цус хийхийг өөрөө эхлүүлчихээд сувилагчаа үлдээгээд явчихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Даваабатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 34 /, …Р.Ш эмч 3 бүлгийн цусыг А.Даваабатад сэлбэ гэж хэлсэн. Эмчийн эмчилгээ заасны дагуу А.Даваабатад би цусыг сэлбэж хийсэн. Өглөө 10 цагийн үед 3 дугаар бүлгийн цус хадгалдаг газар нь байхгүй байсан. Тэгээд буруу цус сэлбэсэн гэдгээ мэдсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Түмэнжаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 11-12 /, … Эмч Р.Ш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 09 цаг 00 минутаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 20 минут хүртэл жижүүр эмчээр ажиллах хуваарьтай байсан. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 377 дугаар тушаалд “ Эмч нь цус болон цусан бүтээгдэхүүн сэлбэхдээ бүтээгдхүүний нэр, төрөл, хэмжээ, бүлэг, бүрэн бүтэн байдал, өнгө тундас, хөвдөс, хүчинтэй хугацаа зэргийг заавар шалгах ёстойгоос гадна сэлбэлт хийх эмч нь биологийн тохироог үзэж тохирсон тохиолдолд сэлбэлтийг үргэлжлүүлнэ. Сэлбэлтийг эмч түүний шууд хяналтан дор сувилагч, эх баригч нар сэлбэнэ “ гэж заасан байдаг гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Цэцгээгийн мэдүүлэг / 2  дугаар хавтас 5-6 /,  ...Цус цусан бүтээгдэхүүн захиалсан маягт / 1 дүгээр хавтас 71 /, Цусны хувийн тодорхойлсон шинжилгээний хариуны маягт / 1 дүгээр хавтас 72 /, Цус цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрөл авах маягт / хавтас 73 /, Цус цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн протокол / хавтас 73 /, …хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 848, 316 дугаартай дүгнэлтүүд / 1 дүгээр хавтас 183-187, 2 дугаар хавтас 44-48/  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Шг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

           

            Шүүгдэгч Р.Ш нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж ялласан нь үндэслэлтэй байна. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын удаа дараагийн 848, 316 тоот дүгнэлтүүдээр А.Даваабатад 0(1) РН/+/ бүлгийн цус сэлбэх ёстой байтал 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18:08 цагт В (111)Рг1/+/ бүлгийн цус 1 нэгж 299мл-ийг сэлбэснээс цусны задрал үүсэж улмаар бөөрний хурц дутагдалд орсон байх ба энэ нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.3.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон. / 1 дүгээр хавтас 183-187, 2 дугаар хавтас 44-47 /

2. Тухайн үед А.Даваабатын биед ямар нэг өөрчлөлт ороогүй. 1 дүгээр бүлгийн цус олдохгүй бол ямарч бүлгийн цус сэлбэж болно гэж гэрч Д.Түмэнжаргал мэдүүлсэн нь / 2 дугаар хавтас 30-32 / үндэслэлгүй болох нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 377 дугаар тушаалд “ Сэлбэлт хийх эмч нь биологийн тохироог үзэж, хаяган дээрх мэдээллээр тулган шалгаж, тохирсон тохиолдолд сэлбэлтийг үргэлжлүүлнэ. Сэлбэлтийг эмч түүний шууд хяналтан дор бэлтгэгдсэн сувилагч сэлбэнэ “ гэж / 1 дүгээр хавтас 14-16 / заасан байхад эмч Р.Ш нь 3 дугаар бүлгийн цус сэлбүүлэн улмаар цус сэлбэлтийг эхлүүлээд орхисон. Хохирогч “ Цус сэлбэж эхлэнгүүт миний нойр хүрээд дотор муухайраад байгааг сувилагчид хэлсэн. Хэсэг хугацаанд ухаан алдчихсан. Нэг сэрэхэд эмч нар намайг тойроод зогсчихсон “ Яанаа. Буруу цус сэлбэчихсэн байна “ гээд ярилцаж байсан гэх хохирогч А.Даваабатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 35 /, ...Маргааш өглөө нь А.Даваабатын дотор нь муухайраад хоолоо идэхгүй байна гэхээр нь шалгаж үзэхэд түүнд 1 дүгээр бүлгийн  цус биш 3 дугаар бүлгийн цус хийснээ мэдсэн. Мэдсэн даруйдаа цус задралын эсрэг болон хордлого тайлах эмчилгээ хийж эмнэлэгтээ 6 хонуулаад  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шилжүүлэн хэвтүүлсэн гэсэн сэжигтэн Р.Шгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 42-43 /, хохирогч А.Даваабатын биеийн байдал хүнд байгаа тул эрчит эмчилгээг хийж, онцгой анхаарч яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай бичсэн өвчний түүхийн хуулбарууд / хх 55-168  / зэргээр нотлогдсон.

3. Шинжээч Н.Энхцолмон нар тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан, харьцангуй өөрчлөлт бага байсан нь цусны хөнгөн хэлбэрийн задрал гэж тайлбарласныг дээрх 2 удаагийн шинжээч нарын дүгнэлтүүд / 1 дүгээр хавтас 183-187, 2 дугаар хавтас 44-47 / үгүйсгэсэн болно. Хэрвээ хохирогчийн биед ямар нэг өөрчлөлтгүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан тохиолдолд түүнд яаралтай эмчилгээ хийж, өөр эмнэлэгт шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагагүй болно.

Харин шүүгдэгч Р.Ш нь удаан хугацаагаар ажилласан явдал нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байх үндэслэлтэй боловч ингэж ажилласан нь түүнийг эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Хохирогч А.Даваабат нь эмчилгээний болон бусад зардалд нийт 6.592.950 төгрөг нэхэмжилсэн / 2 дугаар хавтас 90-124 / бөгөөд түүний өгсөн баримтуудад дүгнэлт хийхэд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан боловч шүүгдэгч Р.Ш нь хохирлоо бүрэн төлсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол арилсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хохирогч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тул хохирол төлөгдсөн гэж үзсэн болно.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Раднаабазарын Шг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Р.Шгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Р.Ш нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Р.Шд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Р.Шд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ