Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

 

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г-т холбогдох эрүүгийн 2017 2501 0861 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, гавъяа шагналгүй,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулсан ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 жилийн хугацаагаар тогтоож 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Г.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.Г нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арслантай” гүүрний орчим иргэн А.А-гийн халааснаас “ай фоне 6 эс” маркийн гар утас хулгайлан авч 1.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч А.А-гийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-13/, эд зүйл хурааж авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-51/, гэрч А.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-14/, гэрч А.Баяржаргалын мэдүүлэг /хх-15/, шүүгдэгч Л.Г-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-19, 21-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, шийтгэх тогтоолын хуулбарууд, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-25-26, 27-29, 30, 31-33, 34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.А-гийн өгсөн: “...Би 2017 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арслантай” гүүрнээс куртикнийхээ халаасанд гар утсаа хийгээд дууг нь сонсоод Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал руу явж байсан чинь дуу нь сонсогдохоо больсон. Тэгэхээр нь би эргэж хартал миний ард хүн байгаагүй. Тэгээд зогсож байсан чинь энгийн хувцастай цагдаа над дээр хүрч ирээд “чи гар утсаа алдсан уу” гэхээр нь би “тийм би сая гар утсаа хулгайд алдсан” гэж хэлсэн чинь “намайг дагаад Сансарт байдаг халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст очиж гар утсаа хүлээж аваарай” гэхээр нь би хамт цагдаагийн газар ирсэн. Миний хулгайд алдсан гар утас “ай фоне 6 эс” загварын ягаан өнгийн шинэвтэр тунгалаг өнгийн гэртэй, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Тэди” төвөөс 1.060.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайд алдсан гар утсаа 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан..” гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэрэнгийн өгсөн: “...Бор царайтай, намхан нуруутай, ногоон куртиктэй залуу ягаан куртиктэй эмэгтэй хүний халааснаас дөрвөлжин цагаан юм аваад явахаар нь очоод барьтал манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтний бүртгэлд байдаг “Вандаанов” хочтой Л.Г байхаар нь уулзаж ярилцахад өөрөө цагаан өнгийн “ай фоне 6 эс” маркийн гар утас хулгайлснаа ярьж гаргаж ирсэн юм....” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арслантай” гүүрнээс Хөдөө аж ахуйн автобусны буудал руу явж байсан. Үл таних 20-25 орчим насны эмэгтэй хүний куртикний баруун талын халааснаас нь “ай фоне 6 эс” маркийн гар утсыг баруун гараараа хулгайлан авсан юм. Тэгээд би эргээд Баянзүрх зах руу явж байгаад энгийн хувцастай цагдаад баригдаж Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргэгдэн ирсэн...” гэх мэдүүлэг /хх 19/,

 

-Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /хх-9/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10/, -Эд зүйлийн үнэлгээ /хх-51/,

 

-Баянзүрх дүүргийн болон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан шүүгчийн захирамж /хх-25-26, 27-29, 30, 31-33, 34/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Г нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар түүний ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Л.Г-ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв. Энэ өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Л.Г-ийг өршөөлд хамааруулснаар түүнийг ялгүйд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Г-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас нийт 1.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг нь хэргийн 10, 12 дугаар талд байх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтад А.А-гийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Г-ийг бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Г-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “…шүүх хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ…” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Г-ийн урьд нь 3 удаа шүүхээс баривчлах ялаар шийтгүүлсэн ч өөртөө дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгтээ 22 хоног цагдан хоригдсон болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Л овогт Г-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС