| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02366/и |
| Дугаар | 3123 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 3123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 23/а-19 тоотод оршин суух, Хонин онход овогт Т.Ц -гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52-96 тоотод оршин суух, Баатад овогт Ц.Э -д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц миний бие 2011 онд Ц.Э танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.Э төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ц.Э хүү Ц.Э эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Э нь хүү Ц.Энхбаярын эцэг мөн тул хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч Ц.Э холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Т.Цэцгээ, Ц.Э нар 2011 онд танилцаж, тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.Э төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын дундаас төрсөн хүү Ц.Э одоо 5 настай, төрсөн цагаасаа эхлэн эх Т.Ц асрамжид байгаа ба хариуцагч Ц.Э нь хүү Ц.Э эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хүү Ц.Э эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй, хариуцагч Ц.Э нь хүү Ц.Э хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Э эцэг Ц.Э мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Ц.Э тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд хэсэгт заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Энхбаярын эцэг Баатад овогт Ц.Э мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ц.Энхбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Э сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц олгосугай.
3.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА