Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

2020 оны 01 сарын 06 өдөр 2020/ШЦТ/05 Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч*******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1914006670415 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,******* овогт**************

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянохонгор сумын нутаг Цахир 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байх гагнуурын газрын гадаа 27-26 БНХ улсын дугаартай Г.Доржпэрэнлэйн эзэмшлийн мазда маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруудах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 07- ны өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байх гагнуурчин Болцоогийн гадаа төмөр раман дотор тастагчаар өө сэвийг нь дараад баруун тийшээ хараад сууж байтал гэнэт араас машин ирээд төмөр рам болон миний ар нуруу хэсэг рүү мөргөсөн. Миний нуруу хэсэг мэдээгүй болж дотор муухай болж газар унасан. Тэгээд хартал Мазда маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машин байсан бөгөөд машин дотроос нэг согтуу залуу гараад ирсэн тухайн үед рам нь 2 метр орчим газар түрэгдсэн байсан. Тэгээд босож болохгүй байсан бөгөөд машины жолооч залуу гарч ирээд утсаар ярьж яваад мөргөчихлөө гээд жолооч залуу нь цагдаа битгий дуудаач ярилцъя гээд байсан. Тэгтэл миний бие эвгүй болоод түргэн дуудсан удалгүй түргэн тусламж ирээд намайг үзээд түргэн тусламж эмч цагдаад дуудлага өгөөд би эмнэлэг явсан ... Миний нуруу хэсэг, миний ахар сүүлний нэг үе хугарсан, нурууны 2 үед суулт өгсөн, зүүн мөрний холбоос гэмтсэн гэсэн уг гэмтлүүд нь эмнэлэгт үзүүлсэн баримт дээр байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйн мөрдөн байцаалтанд өгсөн ... миний эзэмшилд MAZDA Demio маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машин байдаг. Гэхдээ гэрчилгээ миний нэр дээр байдаггүй Гялс төгрөг гэх газраас машинаа барьцаалж 1 сая төгрөгийн зээл авч байсан болохоор гэрчилгээний нэр нь Гялс төгрөг ХЗХ-ний нэр дээр байгаа бөгөөд уг авсан зээлээ цаг тухай бүрт нь төлж дуусгах гэж байгаа юм ... Манай хүү *******ын зан байдал нь төлөв даруу зантай ямар нэгэн гаж буруу зан ааш араншин байхгүй ... тархины гэмтэл аваад одоо группид байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Иргэний нэхэмжлэгч Л.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 03 сарын 12-ны өдөр Г.Доржпэрэнлэй нь MAZDA Demio маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машин барьцаалж манайхаас 12 сарын хугацаатай 1 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хөдлөх эд хөрөнгө болох MAZDA Demio маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машиныг “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээгээр MAZDA Demio маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машиныг манай өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тэрнээс хойш Г.Доржпэрэнлэй нь сар болгон 112.656 төгрөгийг хэвийн төлж байгаа, одоо 399.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна ... Цаашид Г.Доржпэрэнлэй нь зээлээ хэвийн төлөөд дуусгах юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би аав Г Доржпэрэнлэйгийн эзэмшлийн Мазда демио маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машинтай ганцаараа архи уусан согтуу үедээ хөх толгойн нүүрний гудамжинд явж байх үедээ машин дотроо утсаа оролдож яваад замаас гарч байшингийн төмөр рам мөргөж төмөр рам гулсаж цаана сууж байсан******* гэх хүнийг мөргөж гэмтээсэн. Би тухайн үед осол болох үед би архи уусан согтуу явж байсан бөгөөд тухайн үед эмнэлэг дуудаж гэмтсэн хүнийг үзүүлсэн. Тэгтэл эмнэлгээс цагдаа дуудаж миний унаж явсан машиныг журмын хашаанд оруулж намайг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 1.98 хувьтай гарч миний жолоодох эрхийг хассан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 577 тоот шинжээчийн ...*******ын биед өмнө гаргасан 2019.09.16-ний өдрийн 555 тоот дүгнэлтэд тархи доргилт, дух, зүүн мөр, бугалга, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт, зүүн мөр, шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар харахад ахар сүүлний 4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 55/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,

 “ЭНХ НАХИА” ХХК-ийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургын үзүүлэлт /ххийн 16-18/, Шүүгдэгч *******ын согтуурлыг шалгахад 1.98 хувийн согтолттой байсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/, Гялс төгрөг ХЗХ-ны зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 21-24/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 25-28/, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-33/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 58-34,88-90, 92-95, 103-106/, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******оос гарган өгсөн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохиролтой холбоотой санхүүгийн баримтууд, шүүгдэгч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт, амбулаториар эмчлүүлэгсдийн картны хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон комиссын дүгнэлт болон холбогдох бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянохонгор сумын нутаг Цахир 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байх гагнуурын газрын гадаа 27-26 БНХ улсын дугаартай Г.Доржпэрэнлэйн эзэмшлийн мазда маркийн авто тээврийн хэрэгслийг 1.98 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруудах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. Хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 2.562.725 төгрөг, Улаанбаатар хотод Грандмед эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр 1.100.000 төгрөг, Баянхонгор аймгийн инновацийн төвийн эко жорлон барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр ажиллаж олох байсан орлого 1.737.800 төгрөг, мал сүрэгт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж олох байсан үйлчилгээний орлого 1.858.005 төгрөг зэрэг нийт 7.258.530 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагийг холбогдох баримтын хамт тус тус гаргажээ. Хохирогч*******ын Баянхонгор аймгийн инновацийн төвийн эко жорлон барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр ажиллаж олох байсан орлого 1.737.800 төгрөг, мал сүрэгт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж олох байсан үйлчилгээний орлого 1.858.005 төгрөг зэрэг нийт 3.595.805 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй тул дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд Улаанбаатар хотод Грандмед эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр 1.100.000 төгрөгийн холбогдох баримтыг ирүүлээгүй тул 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин хохирогч*******ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.562.725 төгрөгийн баримтууд нь хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүгдэгч *******аас 2.562.725 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийнзаасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн 27-29 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч “Гялс төгрөг” ХЗХ-ны эзэмшилд байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27-29 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт**************ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1- д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч *******ын засрал, хүмүүжилд хяналт тавих болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 27-29 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч “Гялс төгрөг” ХЗХ-ны эзэмшилд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 2.562.725 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-2-2 тоотод оршин суух хаягтай, ВП67040615 тоот регистрийн дугаартай Сангидоржийн Готовт олгосугай.

9. Хохирогч*******ын ажил гүйцэтгэх гэрээгээр олох байсан орлого болох 3.595.805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27-29 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйд буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА