Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: Б.Ариунболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Алагийнхан овогт Бийвэлийн Ариунболорт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000058 дугаартай, 146/2022/0055/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, нөхөр, хүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Алагийнхан овогт Бийвэлийн Ариунболор /РД: ***********/

 

                                        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ариунболор нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр “Дээд өргөн чөлөө” гэх газар өөрийн эзэмшлийн 99-64 УБӨ улсын дугаартай “Эстима” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ цагдаа зохицуулагч А.Батхуягийн эргүүлийн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд тавьсан албаны шаардлагыг биелүүлээгүй, хэл амаар доромжлон, биеийн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ариунболорын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.

хохирогч А.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Б.Оргилмаагийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Н.Хишигтийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч П.Ханхүүгийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардоржийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1675 дугаартай гомдол, мэдээллийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 3-5 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч Б.Ариунболор нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр “Дээд өргөн чөлөө” гэх газар өөрийн эзэмшлийн 99-64 УБӨ улсын дугаартай “Эстима” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ цагдаа зохицуулагч А.Батхуягийн эргүүлийн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд тавьсан албаны шаардлагыг биелүүлээгүй, хэл амаар доромжлон, биеийн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч А.Батхуягийн ...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цаг хүртэл Цагдаагийн хэлтсийн баталсан томилгооны дагуу Замын цагдаагийн оройн эргүүлийн томилгоотой байсан юм. Тухайн өдөр олон нийтийн цагдаа Н.Хишигтийн хамт албаны 38-83 ӨВА улсын дугаартай Приус-30 маркийн автомашинаар эргүүлийн хяналт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байх хугацаанд Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг “Дээд өргөн чөлөө”-ний хойд талын гэр хороолол хэсэгт хяналт хийж байхад зүүнээс баруун тийш гудамжны ар хэсгээр явж байсан 99-64 УБӨ улсын дугаартай “Toyoto Estima” маркийн автомашиныг шалгахад жолооч эмэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан тул Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар автомашинаас бууж шалгуулах талаар хэлэхэд эсэргүүцэж, хэл амаар доромжилсон уг үйл явдлыг албаны камераар бичиж баримтжуулсан. Тухайн үед автомашины жолооч Б.Ариунболор эрэгтэй хүүхдийн хамт явж байсан тэр хүүхдийн нэр нь П.Ханхүү гэж байсан. Болсон үйл явдлыг сайн мэдэж байгаа... Б.Ариунболор нь унаж явсан автомашинаас буухгүй, илт согтуу мөртлөө өөрийнхөө автомашиныг өөрөө унаж явна гэж хэлж яриад Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. Албаны 38-83 ӨВА улсын дугаартай “Приус-30” маркийн автомашинд суулгах гэж байхад над руу дайрч, миний өмсөж явсан гэрэл ойлгогч хантаазыг урсан, мөн над руу тийрч, өшиглөж байсан тэр цаг хугацаанд Б.Ариунболор албаны машинд сууж байсан. Тэгээд арын суудал дээр суух явцдаа миний толгой хэсэг рүү тийрсэн. Надад учирсан гэмтэл, өвдөж, зовиурлаж байгаа зүйл одоогоор байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Оргилмаагийн ...Жавхаа болон манай дүү Б.Ариунболор нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Тэгээд манай гэрт 2 цаг гаран унтаж байгаад 17 цагийн үед сэрээд Улаанбаатар хотоос ирж байсан хүүхдээ хүлээгээд манай гэрт байж байсан. ...Б.Ариунболор автомашин унаж явна гэж хэлээд байхаар түүний автомашины түлхүүрийг авчихсан өгөхгүй байсан юм. Тэгээд хүүхдүүд ирэхээр нь гайгүй байх гэж бодоод түлхүүрийг өгсөн хүү П.Ханхүүгийн хамт автомашинтай явж байгаад цагдаагийн албан хаагчид шалгуулсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Н.Хишигтийн ...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цаг хүртэл цагдаагийн ахлагч А.Батхуягийн хамт албаны 38-83 ӨВА улсын дугаартай Приус-30 маркийн автомашинтай эргүүл хяналтаар ажилласан. Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг “Дээд өргөн чөлөө”-ний орчимд 99-64 УБӨ улсын дугаартай Toyota estima маркийн автомашин явж байсан тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч эмэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар автомашинаас жолоочийг бууж шалгуулах талаар хэлэхэд эсэргүүцэж хэл амаар доромжилсон иймд тухайн үйл явдлыг баримтжуулан камерт бичлэг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардоржийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “...1. Шинжилгээнд ирүүлсэн хантаазанд 100х23мм, 46х23мм, 320мм, 45мм хэмжээтэй ханзралтууд тус тус гарсан байна. 2. Дээрх ханзралтууд нь татах, чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. 3. Дээрх ханзралтууд нь шинэ ханзралтууд байна. 4. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх 050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор “Драгер” багажаар шалгахад 3.26% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдсон...” гэх зөрчлийн 1675 дугаартай гомдол, мэдээллийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ариунболор нь албан үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ариунболорыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ариунболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Хохирогч А.Батхуягт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж зэргийг харгалзаж прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алагийнхан овогт Бийвэлийн Ариунболорт 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алагийнхан овогт Бийвэлийн Ариунболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алагийнхан овогт Бийвэлийн Ариунболорыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА