Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

У.М , Г.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Энхбат,

хохирогч Л.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Ууганбаяр,

шүүгдэгч У.М , Г.Ц тэдний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1052 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч У.М , Г.Ц нарт холбогдох эрүүгийн 1808033751273 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Г-ын Ц, 19... оны .. дугаар сарын .....-ны өдөр .................. тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.................................../;

 

2. Х б овгийн У-ын М, 19... оны .... дугаар сарын .......-ны ......................тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

У.М , Г.Ц нар нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Л.Мөнхбаярын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдаж, шалтгаангүй мөр рүү нь цохиж, зүй бус хэллэг хэлж доромжлох, эрх чөлөөнд нь халдах зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, улмаар хүч хэрэглэн Л.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч У.М , Г.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У-ын М, Г-ын Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овгийн У-ын М, Б овгийн Г-ын Ц нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч У.М г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, У.М  нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын  15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ц, У.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.Мөнхбаярт энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Мөнхбаяр нь олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ц У.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Л.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Анхан шатны шүүх тухайн хэргийн зүйлчлэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дүгнэхэдээ шүүгдэгч нарын үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн, нийгмийн амгалан тайван байдал, хүн халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим зэрэгт нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч Л.Мөнхбаяр би тухайн хэргийн улмаас эрүүл мэнд, амгалан тайван байдал, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж, улмаар ажлаа хийж чадахгүй болсон тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан байх тул олох ёстой байсан орлого, тухайн хэрэг болох үед зүүж явсан гинж, кулоны үнэ зэргийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогч Л.Мөнхбаярын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтийн амгалан тайван байдал, нийтийн хэв журамд хамаардаг тул гадаа зам талбайд архидан согтуурахыг хориглодог. Шүүгдэгч нар олон нийтийн газарт буюу нийтийн эзэмшлийн зам талбайд ухаанаа алдтал архидан согтуурч, гэртээ орох гэж явсан хүнийг шууд очиж цохиж зодож, араас нь хөөж өшиглөх гэх мэт үйлдэл нь нийтийн хэв журмыг зөрчиж байна. Мөн тухайн газарт байсан хүмүүс шүүгдэгч нарыг салгасан. Иймээс хүний халдашгүй байдалд халдаж, амгалан тайван байдал буюу нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн тул нийтийн хэв журам зөрчөөгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг зөрчсөн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж зааснаар тохирсон байхыг шаарддаг. Харин чадаагүй бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Энэ гэмт хэргийн хувьд маш ноцтой гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч нар сурч боловсрол эзэмшиж байх насандаа хэзээний амьдралаа архинд алдчихсан хүмүүс шиг гудамж, сааданд шөнө орой архидан гудамжаар явж байсан хүмүүсийг цохиж зоддог, ямар ч хяналт байхгүй, хоёр талаас нь зодно гэдэг нь маш аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Г.Ц “...би санахгүй байна. Унагаагаад нүүр болон бүх бие рүү нь өшиглөж зодсон. Хэдэн удаа өшиглөсөн гэдгээ санахгүй байна. Хүмүүс ирэхээр нь хаяад зугтсан. ...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын үйлдэлд 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байгаа нь хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулж байгаа гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, шийтгэхээс гадна ухааруулах, ойлгуулах, энэ шийтгэлээс нэг зүйлийг ойлгож үлдэх, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх зорилготой.

Шүүгдэгч нарын ээж нар нь хохирогчтой ирж уулзаж, 3,000,000 төгрөгийн гэрээ хийгээд явчихдаг. Шүүгдэгч нар өөрсдөө ирдэггүй, 800,000 төгрөгийн торгох ял шийтгэлийг шүүгдэгч төлөхгүй, эцэг, эх нь төлнө. Гэтэл анхан шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсан нь орлого байхгүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хохирогч одоо хүртэл гомдолтой байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хохирогчийн нэхэмжилж, гомдол гаргаж байгаа зүйл нь шүүгдэгч нарын хувийн байдал, биеэ авч яваа байдал, хохирогчид хандаж байгаа хандлага, торгуулийн ял авсан байдлаас гадна, эмчилгээний зардалтай холбоотой. Хохирогч Л.Мөнхбаяр гадаадад хийлгэсэн гэх шүдийг нь тухайн үйлдлийн улмаас хөдөлгөсөн, гэмтээсэн нь тогтоогдсон. Эмчилгээтэй холбоотой зардлыг төлүүлэхийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дүгээр зүйлд “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Энэ талаар шүүгдэгч нар маргаагүй. Тийм учраас шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дүгээр зүйлийг үндэслэж, урьдчилан шийдвэрлэх боломжтой байсан. ...” гэв.

 

Хохирогч Л.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч хохирлын мөнгө гаргуулахад, шүүгдэгч нарт заавал ял оногдуулах, нэмүүлэх гэсэн зүйл байхгүй. 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр үлдэгдэл мөнгөө төлнө гэсэн гэрээ байгуулсан учир үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч У.М  давж заалдах шатны шүүхэд бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.М  миний бие эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. Аав Ууганбаяр ажилгүй, бие муутай гэртээ байдаг. Ээж тогоочийн ажил хийдэг, дүү бид хоёр сурдаг тул ээж ажил хийж, аав, дүү бид гурвыг тэжээдэг. Би оюутан тул зав чөлөөгөөрөө ажил хийж ээждээ тусалдаг. 2018 оны зуныхаа амралтаараа Цэнд-Аюуш, Дэлгэрням нарын хамт барилгын ажил хийж байгаад 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Цэнд-Аюуш, Дэлгэрням бид гурав урьдчилгаа цалингаа аваад караокед орж дуулсан. Тэгээд нэг, нэг пиво ууж гарч ирээд байрны ард сааданд сууж байтал байрны хоёр ах гарч ирсэн. Тухайн үед наадам болох гэж байсан бөгөөд 2 ах “баяр болох гэж байна, дүү нар юм босгож уух уу” гэж нэг нэг шил архи авч уусан. Тэгээд ухаангүй тэнэг зангаасаа болж Л.Мөнхбаяр ахыг цохисондоо үнэхээр их гэмшиж ухаарч байна. Энэ хэргээс болж үнэхээр их юм сонсож, сурч мэдэж авлаа. Дахин ийм хэрэг хийж, архи дарс хэрэглэхгүй тул уучилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Л.Мөнхбаярын нэхэмжилсэн 8,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өгч чадаагүй улмаас давж заалдах гомдол гаргасан гэж хэлсэн. Энэ мөнгийг олж өгвөл гомдлоо авна гэсэн боловч мөнгө олж өгч чадахгүй байгаад уучилна уу. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ц давж заалдах шатны шүүхэд бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ц миний бие эх, 2 дүү, эхнэр, 1 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Эх бид хоёр хамт ажил хийж гэр бүлээ авч явдаг. Эхнэр маань оюутан, 2 дүү дунд сургуульд сурдаг, би өөрөө оюутан болохоор зуны амралтаараа хичээлийнхээ дундуур ажил хийдэг. Ээж минь тогтмол ажилгүй болохоор хэцүү байдаг.

Энэ хэргээс болж маш олон юм мэдэж авлаа. Дахин архи, дарс уухгүй тул энэ удаа ар гэргийн амьдралыг минь бодоод харж үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, нэг удаа боломж олгож өгнө үү. Мөнхбаяр ахын одоо нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийг зун амралтаараа ажил хийж байгаад төлнө. ...” гэв.

 

Шүүгдэгч У.М , Г.Ц нарын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол үндсэн шинж нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхээс гадна, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхыг шаарддаг. Тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харахад шөнийн 2 цагийн үед байсан бөгөөд олон нийтийн хөдөлгөөн зогссон, иргэд хэвийн унтаж амрах нөхцөл байдлыг бүрдүүлсэн байсан. Энэ хэргийн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч руу чиглэсэн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ямар нэгэн үйлдэл, нөхцөл байдал хэргээс тогтоогддоггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шүүх ял оногдуулахдаа хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, бусад байдлыг үндэслэн торгох ял оногдуулсан. Шүүгдэгч нар нь анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүгдэгч нар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөөд дээд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа бөгөөд Г.Цэнд-Аюушийн хувьд бага насны хүүхэдтэй, сурлага сайтай, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог талаар байгууллага хамт олон, сургуулийн зүгээс тодорхойлсон тодорхойлолтууд хавтас хэрэгт авагдсан. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхээс торгуулийн ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирлын хувьд нотлох баримтаар нотлогдсон төлбөрөөс гадна илүү мөнгийг төлсөн. Хохирогч Л.Мөнхбаяр 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ талаар ээжүүдийнх нь хүрээнд тохирсон байдаг. Шүүгдэгч нар нь зуны амралтаар ажил хөдөлмөр эрхэлж сургалтын төлбөрөө олдог, гэр бүлээ авч явдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, нэг хүн рүү чиглэсэн үйлдэл гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид “...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгах, гэмтээх зэргээр эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. ...” гэж хуульчилсан. Нэг хүн ч бай, олон хүн ч бай нийгэмд оролцож байгаа зан үйлд, амьдрах эрхэнд нь халдаж байгаа үйлдэл. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг шинжлэн судлаагүй орхигдуулснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16  дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон юм болов уу гэж прокурорын зүгээс үзэж байна. Энэ бичлэг дээр бүх зүйл бичигдсэн байгаа. Тухайн шүүгдэгч нар нь 4-5 хүний нүдэн дээр бусдад халдаж, зодож байгаа нь нийтийн хэв журмыг үл хүндэтгэж, үйл ойшоож, тухайн хүмүүсийг айдаст автуулж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж байгаа үйлдэл гэж харагддаг. Үүнийг шинжлэн судлахгүйгээр орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

У.М , Г.Ц нар нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Л.Мөнхбаярын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, шалтгаангүй мөр рүү нь цохиж, зүй бус хэллэг хэлж доромжлох зэргээр хүч хэрэглэн Л.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

гэртээ орохоор явж байгаад гадаа гудамжинд шүүгдэгч нарт зодуулсан болохоо мэдүүлсэн хохирогч Л.Мөнхбаярын мэдүүлэг /хх 27-31/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч С.Дэлгэрнямын мэдүүлэг /хх 38-39/,

хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Ц /хх 34-35, 57-63/, У.М  /хх 36-37, 71-77/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8765 дугаартай шинжээчийн “...Л.Мөнхбаярын биед баруун шуу ясны доод булуунд цууралт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, доод зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 42/,

хохирогчийн гэмтсэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатын шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч Л.Мөнхбаяр “...У.М , Г.Ц нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг хууль зүйн үндэслэлгүй хэрэгсэхгүй болголоо, хохирлыг бүрэн шийдвэрлэсэнгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч нарын үйлдлийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан ялыг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг буруу тайлбарлаж хэрэгсэхгүй болгосон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэг хүний эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхгүй. ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

 

Хэдэн хүний эсрэг чиглэсэн байхаас үл шалтгаалан тэдний үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үү, зөрчсөн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан эсэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн нэг шинж болно.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.М , Г.Ц нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчмын 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар тэдний үйлдлийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаарх шийтгэх тогтоолын үндэслэлийг өөрчлөв.

 

Хохирогч Л.Мөнхбаярын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийн төлбөрөөс 3,000,000 төгрөгийг У.М , Г.Ц бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулах хэлцэл /хх 11/-ийг хийжээ.

5,000,000 төгрөгийг хохирогч Л.Мөнхбаярт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо У.М , Г.Ц нар анхан шатны шүүх хуралдаанд /хх 163,166/ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байх тул 5,000,000 төгрөгийг У.М , Г.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Л.Мөнхбаярт олгосон заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1052 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.М гаас 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Г.Ц-аас 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Л.Мөнхбаяр /РД:УС77030217/-т олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Л.Мөнхбаярын давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ