Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 09

 

                                      

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “Б” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Дундговь аймгийн п г хяналтын прокурор М.Ү,

           Хариуцагч: Дундговь аймгийн Т х  Захиргаа, хуулийн тасгийн татварын улсын байцаагч Б.Ж ,

           Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Т х  Татварын улсын байцаагч Б.Ж 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 0293914 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Д.Б, хариуцагч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч: Дундговь аймгийн п гхяналтын прокурор М.Ү шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Айргийн 8-29 тоотод оршин суух Н.З 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 88690721 дугаартай утаснаас Татварын ерөнхий газрын..............утсанд “S зоогийн газар нь и баримтыг олгоогүй” гэх гомдол, мэдээлэл гаргасан. Эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш 56 хоногийн дараа “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”-ийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийг гаргана” гэсэн заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлж шалгасан.

           2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай “Хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай” тогтоолоор “S” зоогийн газрын хууль ёсны төлөөлөгчөөр компанийн захирал Н.Мыг тогтоосон атлаа  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж торгох шийтгэл оногдуулахдаа хүнийг 150 нэгжтэй тзнцэх буюу 150.000 төгрөгөөр торгохоор шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл “Татварын хууль зөрчих” зөрчил нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба тус хуулийн 3 дугаар зүйлд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд Татварын ерөнхий хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Иймд хүчин төгөлдөр болоогүй хуулийн зүйл заалтаар Н.Мад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0293914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

           Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Т х  Татварын улсын байцаагч Б.Ж 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0293914 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

           Хуралдаанд оролцсон прокурор Д.Б шүүхэд  гаргасан тайлбартаа: Хяналтын прокурор М.Ү ээлжийн амралтаа эдэлсэн тул миний бие уг хэрэгт  томилогдсон. Прокурорын дүгнэлтийг  үндэслэлтэй гэж үзэж байх тул  хангаж өгнө үү. Холбогдох хууль болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн, мөн хугацаа хэтрүүлсэн, хүчин төгөлдөр дагаж мөрдөөгүй хуулиар хариуцлага тооцсон зэрэг нь  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  үндэслэл болно. Түүнчлэн хувь иргэнд хариуцлага тооцсон атлаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч М гэж тогтоол гаргасан нь мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Иймээс дээрх үндэслэлүүдээр дүгнэлтийг хангаж татварын улсын байцаагчийн 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн 0293914 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Шийтгэлийн хуудсаар төлбөл зохих 150,000 төгрөгийг Н.М улсын орлогод төлсөн байдаг, үүнийг буруутай албан тушаалтан өөрөө хариуцан улсын орлогод буцаан төлөх нь  зүйтэй байх гэв.

           2. Дундговь аймгийн Т х  Татварын улсын байцаагч Б.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Дундговь аймгийн Прокурорын газраас 2019 он болон 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар Т х  эрх бүхий албан тушаалтнуудын үйлдсэн шийтгэлийн хуудсыг татан авч хянасан. Хяналтын явцад иргэн Н.Мад холбогдуулан үйлдсэн 0293914 тоот шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан уг заалт нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан ба Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд Татварын ерөнхий хууль 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Иймд хүчин төгөлдөр болоогүй хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулсан нь миний буруу.

Иргэн Н.М нь "S” нэртэй зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаандаа Хувь хүний орлогын албан татвар төлж тайлагнадаг. Иймд хуулийн этгээдээр бус иргэнээрээ /тохирлын гэрчилгээгээр баталгаажуулсан улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ аваагүй байдаг/ үйл ажиллагаа явуулдаг тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтыг үндэслэн хүнийг 150 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэх заалтаар торгосон.

Иргэн Н.З нь Татварын ерөнхий газрын 18001288 утсанд “S” нэртэй зоогийн газар нь төлбөрийн баримт буюу е баримт олгохгүй байна гэсэн гомдлыг ирүүлсний дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасны дагуу шийдвэрлэсэн боловч энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж дараах шийдвэрийг гаргана” гэснийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна.

          Н.Мад холбогдуулан ирүүлсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад төлбөрийн баримт /ебаримт/ олгоогүй зөрчил нь нотлогдсон бөгөөд 0293914 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч, оногдуулсан төлбөрийг бүрэн барагдуулсан. Нэгэнт актыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болговол шүүхийн шийдвэрээр  төлөгдсөн 150,000 төгрөгийг буцаан гаргуулж  олгох нь  зүйтэй. Тэгэхгүй бол  төсөвт үндэслэлгүй мөнгө төлөгдсөн болно.

Миний бие 0293914 тоот шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хуулийн зарим нэг заалтыг буруу хэрэглэсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 .’’Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй заалтын дагуу нэмэлт ажиллагаа хийн засварлах боломжтой гэж үзэж байна. Гэхдээ актыг хүчингүй болгох эрх надад бас прокурорт ч байхгүй учраас шүүхэд ирсэн байх. Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар хэрэгжүүлэх ажиллагааг өөр бусад хуулиар хийхгүйг ойлголоо. Ер нь яг энэ зүйл заалтын хүрээнд хуулийг хэрэглэхэд нилээн хүндрэл гарч байгаа гэв.  

3. Гуравдагч этгээд Н.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багт байрлалтай “S” зоогийн  газар нь иргэн Н.Мын нэр дээр байдаг. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6, 2.7-д зааснаар Дундговь аймгийн Татварын улсын байцаагчийн 2019.12.26-ны өдрийн 0293914 шийтгэлийн хуудсаар оногдуулсан 150000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Дундговь  аймгийн П гхяналтын прокурор М.Үээс Дундговь аймгийн Т х  татварын улсын байцаагч Б.Ж ид холбогдуулан татварын улсын байцаагчийн 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн 0293914 дугаартай шийтгэлийн хуудсыг[1]  хүчингүй болгуулахаар дүгнэлт[2] бичиж тус шүүхэд ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 2.1 дүгээр зүйлийн 2, 2.2-р зүйлийн 1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.5.4, 77-р зүйлийн 77.1, Прокурорын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.1.3-т заасантай тус тус нийцнэ.

Шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Б[3] оролцов.

2.Аймгийн Т х  улсын байцаагчаас иргэн Зийн 2019.10.31-ний өдөр цахимаар гаргасан гомдолд[4] холбогдох ажиллагааг[5] хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 2.6, 2.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Н.Мыг 150,000 төгрөгөөр торгож 2019.12.26-ны өдрийн 0293914 дугаартай шийтгэлийн хуудсыг[6] гаргаж, шийтгэлийн хуудсыг зөрчилд холбогдогч Н.Мад танилцуулж хувийг гардуулсан[7] хэдий ч гомдол гаргагчид хамааруулан холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх нь хэргийн материалд авагдаагүй өөрөөр хэлбэл гомдол гаргагчид гомдол мэдээллийг хүлээн авсан тухайг мэдэгдэж тэмдэглэл[8] үйлдсэнээс өөрөөр уг гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдээгүй,  танилцуулаагүй, ажиллагаанд оролцуулаагүй, шийтгэлийн хуудсыг гардуулаагүй, хүсэлт гаргах, гомдол гаргах эрхийг хангаагүй зэрэг зөрчил гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.2, 1.4, 2.4-р зүйлийн 1-т заасантай тус тус нийцээгүй байна.

Мөн хуулийн 2.4-р зүйлийн 5, 4.15-р зүйлийн 1-д заасанчлан эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэлийн үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээх хийгээд гомдол гаргагчид мэдэгдсэн зэрэг ажиллагааг хэрэгжүүлээгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн,  хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн  боловч нэхэмжлэлийг /дүгнэлтийг/ хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэх тайлбар[9] шүүхэд өгчээ.

3. Сайнцагаан сумын 9-р багийн иргэнээс 2019.10.31-ний өдөр гаргасан гомдолд[10] бүртгэл хяналтын карт хөтөлсөн боловч тухайн байгууллага хэзээ хүлээн авсныг нотлох дардас дараагүй, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд[11] ...... дугаарын утаснаас буюу холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авлаа гэсэн атлаа холбогдох ажиллагааг 2019 оны 12-р сарын 26-ны өдөр хэрэгжүүлсэн, хэргийн хугацааг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай  хуулиар сунгасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь  Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, хугацаа алдсан шалтгаанаа холбогдох журмаар сэргээлгэлгүйгээр шууд шийтгэлийн хуудас оногдуулсан  зэргээр  хуулийг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт цугларсан материалаар[12] болон шүүх хуралдаанд  гаргасан хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.5, 22-р зүйлүүдэд зааснаар энэ хэрэгт иргэн Н.М/S зоог/-ыг  шүүгчийн захирамжаар[13] гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж[14], холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн[15] ба Н.Маас татварын улсын байцаагчийн 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн 0293914 шийтгэлийн  хуудсаар оногдуулсан 150,000 төгрөгийн шийтгэлийг  хүлээн зөвшөөрч байна, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэх тайлбараа бичгээр[16] ирүүлсэн, төлбөрийг төлсөн, шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн[17] болно.

5. Нэхэмжлэгчээс эрх бүхий албан тушаалтан хуулийн дагаж мөрдөх хугацаа болоогүй байхад, 2019.12.26-ны өдрийн 73 дугаар тогтоолоор[18] S зоогийн газрын хууль ёсны төлөөлөгчөөр компаний захирал Н.Мыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар хувь хүнээр биш хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах заалтыг тус тус буруу хэрэглэсэн[19] гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйл “Татварын хууль зөрчих” зөрчил нь 2019 оны 03-р сарын 22-ны өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1-р зүйл ”Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай”, 3-р зүйл” энэ хуулийг татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, УИХ-аас мөн 2020.03.22-ны өдөр баталсан “Татварын ерөнхий хууль” /шинэчилсэн найруулга/ -ийн 86-р зүйл ”энэ хуулийг 2020 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн  дагаж мөрдөнө”  гэж тус тус зааснаас үзэхэд дагаж мөрдөх хугацаа болоогүй байхад уг заалтаар Н.Мад хариуцлага тооцож хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн “Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1-т заасан” захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны байгууллага өөрөө нэмэлт ажиллагаа хийж засварлах боломжтой” гэх тайлбар хууль хэрэглээний  алдаа буюу хэрэгжиж дагаж мөрдөөгүй хуулийг хэрэглэж хариуцлага тооцсон зөрчилд хамаарахгүй хийгээд Зөрчлийн хэрэгт гагцхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг хэрэглэх юм.

6.Түүнчлэн,татварын улсын байцаагчаас уг зоогийн газар нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй, Стандарт хэмжилзүйн газраас олгосон ДУД0000730 дугаартай тохирлын гэрчилгээгээр[20] иргэн Н.Мад зоогийн газрын үйлчилгээний зориулалтаар олгогдсон, татварын хэлтэст өгдөг тайлан судалгаагаар хувь хүний орлогын албан татвар төлдөг зэргийг үндэлсэн хуулийн этгээдээр бус хувь иргэнээр тооцож хариуцлага оногдуулсан гэж, хувь хүнээр  тооцож хариуцлага тооцсон бол хуулийн этгээдийн төлөөлөгчөөр тогтоох нь буруу гэж прокуророос тус тус шүүх хуралдаанд тайлбарлаж маргадаг.  

Иймд  эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэх этгээдийн хувь хүн эсхүл хуулийн этгээдийн алин болохыг зайлшгүй тогтоож эрхзүйн байдалд нь  тохирсон шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг. Шүүхээс энэ талаархи холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн[21] болно.

7. Уг зөрчлийн хэрэг материалыг 2020 оны 01-р сарын 31-ний өдрийн 16 цагт хянаж[22] баталгаажуулсан, улмаар 2020 оны 06-р сарын 02-ны өдөр шүүхэд дүгнэлтээр ирүүлсэн хийгээд шүүх хуралдаанд оролцсон прокуророос улсын байцаагчийн 0293914 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийн /нэмэлт ажиллагаа хийлгэхээр  буцаалгах/ буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

Иймээс аймгийн Т х  улсын байцаагч Жоос иргэн Мад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохдоо холбогдох хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий  актыг хүчингүй болгох, уг актаар 2019.12.30-ны өдөр төрийн сангийн 100081200956 тоот дансанд Н.Маас торгуульд 150,000 төгрөг төлсөнийг[23] улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй. 

8. Уг прокурорын дүгнэлт төсвийн байгууллагынх  тул, мөн  хариуцагч нь анх удаа Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдсан, дүгнэлт дэх зөрчлөө  хүлээн зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 4.1-р зүйлийн 1, 6.6-р зүйлийн 1, 6.7-р зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газар/хяналтын прокурор М.Ү/-ын дүгнэлтийг/нэхэмжлэлийг/ хангаж, аймгийн Т х  улсын байцаагч Б.Ж ид холбогдох татварын улсын байцаагчийн 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0293914 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 142 дугаар зүйлийн 142.2-т заасныг баримтлан  150000 төгрөгийг/нэг зуун тавин мянган  таграг/  улсын орлогоос буцаан гаргуулж Н.Мад олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн  41-р зүйлийн 41.1.3,  41.1.14т    зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.С.

 

 

 

 

 


[1] Хэргийн 7-р талд.

[2] Хэргийн 1-2р талд.

[3] Хэргийн 45- р талд

[4] Хэрэг материалын 6-р талд

[5] Хэргийн 5, 8-12, 15-р талд ,

[6] Хэргийн 7-р талд,

[7] Хэргийн 15-р талд

[8] Хэргийн 5-р талд,

[9] Хэргийн 21-22р талд  болон шүүх хуралдааны тэмдэглэлээс,

[10] Хэргийн 6-р талын арын нүүрийг үзэх.

[11] Хэргийн 5-р талд

[12] Хэргийн 3-15р талд,

[13] Хэргийн 23-26р талд

[14] Хэргийн 27-30р талд,

[15] Хэргийн 27-34,

[16] Хэргийн 29р талд

[17] Хэргийн 43-р талд .

[18] Хэргийн 12-13р талд

[19] Хэргийн 1-р талд.

[20] Хэргийн 20-р талд,

[21] Хэргийн 31-34р талд,

[22] Хэргийн 15-р талын арын нүүрэнд ,

[23] Хэргийн 14-р талд.