Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1688

 

 

 

 

 

                                   

 

 

 

“Ариг” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58 577 035 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Санчир

Хариуцагч: Б.Баярмаа

Хариуцагч нарын өмгөөлөгч: Г.Ганцэцэг, Г.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “...Тус банк нь иргэн Б.Баярмаа, Д.Мягмар нартай 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Б.Баярмаа, Д.Мягмар нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө 8 удаагийн төлөлт хийсэн боловч түүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Баярмаа, Д.Мягмар нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 38 985 737 төгрөг, зээлийн хүү 18 927 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663 455 төгрөг, нийт 58 577 035 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэн Б.Баярмаа, Д.Мягмар нартай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 222, 225 дугаар зүйлүүдийг үндэслэн цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58 577 035 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.      

Хариуцагч Д.Мягмар, Б.Баярмаа нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Б.Баярмаа, Д.Мягмар бид нар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ариг” банкнаас 30 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 947 835 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 917 255 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 947 829 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 947 829 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 856 041 төгрөг хүүгийн төлбөрт, үндсэн зээлээс 1 497 958 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9 хоногийн хүүгийн төлбөрт 261 416 төгрөг, нийт 6 378 292 төгрөг төлсөн. 2015 оны 03 дугаар сарыи 19-ний өдөр “Ариг” банкны “Вива Сити” салбарын захирал Ц.Содгэрэл намайг зээл авах хүсэлт тавиагүй байхад дуудаад “таны зээлийн гэрээний хүүг буулгаад өгье, та эргэн төлөлтөө сайн хийж байгаа учраас нэмж мөнгө зээлж болно” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би “миний зээлийн үлдэгдэл 28 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийгээ хаах мөнгө надад байхгүй” гэж хэлэхэд “шинээр авсан зээлнээс чинь төлсөн болгоноо, санаа зоволтгүй, таны зээлийн хүү буурна шүү дээ, 2.1 хувийн хүүнд арай хүрэхгүй, 2.075 хувийн хүү болж багасна, бизнесийн зээл болгоно” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөртөө дэлгүүрийн зураг очиж авчихаад дахин надтай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж надад бэлнээр 15 000 000 төгрөг өгсөн. Гэтэл хүүг огт буулгаагүй намайг хуурч мэхэлсэн байсан. Ингээд учрыг асуух гээд уулзахаар очиход “Вива Сити” салбараа хаачихсан, захирал Ц.Содгэрэл нь ажлаасаа халагдсан байсан. Үлдсэн мөнгийг нь хуучин зээлд чинь суутгаад авсан гэж хэлсэн. Түүнээс биш би бодитоор 50 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан зүйл байхгүй. Үүнээс хойш тухай бүрт нь төлбөрөө төлж, нийт 21 044 840 төгрөгийг банкинд төлсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний 6 нэрийн дэлгүүр шатаж 31 248 500 төгрөгийн хохирол учирч, зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа банкинд тухайн үед мэдэгдэж 4 удаа хүсэлт бичиж өгсөн. “Ариг” банкнаас би нийтдээ эхлээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг авсан. Үүнээс 6 378 292 төгрөг, 21 044 840 төгрөг, нийт 27 423 133 төгрөг төлсөн. Банк дээрээс нь нэмж 28 499 660 төгрөг хаах байтал өөрсдөө дур мэдэн мөнгө нэмж 34 878 206 төгрөгөөр хааж надаас илүү 6 378 546 төгрөг илүү авсан. Гэтэл одоо надаас 58 577 035 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэндээ нийт 33 801 679 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнээс гадна “Ариг” банкны “Вива Сити” дэх салбарын захирал Ц.Содгэрэл надаас эхний 30 000 000 төгрөгийн зээл гаргасны 10 хувь буюу 3 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 000 000 төгрөг гаргаж өгснөөс 10 хувь буюу 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг зээл гаргасны шимтгэл гэж авсан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11 198 320 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ариг” банкнаас орон сууц барьцаалсан шуурхай зээл авсан.

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Содгэрэл над руу яриад нэмж зээл авах уу, зээлийн хүү буурч 2.1 хувь болно гэсэн. Би 3.1 хувиар авсан тул хэдийг нэмж өгөх юм гэхэд 50 000 000 төгрөг хүртэл зээл гаргаж болно, олгогдож байгаа мөнгөний 10 хувийг авна гэсэн. Тэр өдөр урдны зээлийн үлдэгдлийг хаах 28 000 000 төгрөг байгаагүй. Гэтэл 50 000 000 төгрөгөөс 28 000 000 төгрөгийг нь хаачихна. 28 000 000 төгрөгөөр хаахгүй, 34 000 000 төгрөг болгох ёстой. Зээл ашиглагдсан байх ёстой гэсэн. Гар дээр чинь 15 000 000 төгрөг өгнө гэсэн. Гэтэл зээлийн гэрээн дээр гар дээрээ 20 000 000 төгрөг өгөх байсан. Ингээд тэр өдрөө 1 500 000 төгрөгийг өөртөө авсан. Гэтэл дэлгүүрийн орлого буурч зээл төлөхөд хүндрэлтэй болсон. Нөхөр маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэврийн зээл аваад хүртэл зээлэндээ төлсөн. Нөхөн төлбөрийн 9 000 000 төгрөг орж ирэх гэж байхад дэлгүүр маань шатсан. Ингээд маш их өрөнд орсон. Банкинд хандаад хүү буюу хугацааны хөнгөлөлт үзүүлээч гэхэд үгүй гэсэн. Бид банкнаас нийт 30 000 000 гаруй төгрөг авсан. Төлсөн мөнгө нь 30 000 000 төгрөг байгаа. Содгэрэл нь ажлаасаа гарчихсан, ямар ч холбоогүй болсон. Хүү буулгана гэсэн боловч 2.75 хувь л болсон. Тэрнээс хэлснээрээ 2.1 хувь болоогүй. Иймд 11 198 320 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

 

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Бодит байдал дээр уг зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй, зориулалтын дагуу олгоогүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хаах зорилгоор зээл гаргасан. Ямар ч банк зээл гаргахдаа зээлийг зориулалтын дагуу ашиглах эсэхийг судалж байж зээл олгодог. Зээлийг зориулалтын дагуу ашиглах нь тодорхойгүй гэдэг нь өөрөө банкны олгохоос татгалздаг үндсэн шалтгаануудын нэг юм. Энэхүү гэрээ нь дүр үзүүлэн, хууль зөрчин, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Иймд “Ариг” банкнаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг хаахад илүү төлсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж Б.Баярмаа, Д.Мягмар нар олгуулж өгнө үү. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 6 378 546 төгрөг хаана илүү төлөгдсөн гэдэг нь харагдахгүй байна. Орон сууц барьцаалсан зээлийн дансны хуулгыг буруу ойлгоод байх шиг байна. 50 000 000 төгрөгийн зээл олгоод 28 761 076 төгрөгөөр урдны зээлийг хаасан. Зээлийн дансны хуулган дээр өмнө төлсөн төлөлт ороод 34 878 206 төгрөг болсноос үлдэгдэл нь 28 499 660 төгрөг байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Б.Баярмаа нь 250 000 төгрөгийг зээл авсны шимтгэлд тушаагаад үлдэгдэл 20 948 000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Ц.Содгэрэлд хэдэн төгрөг өгсөн, гар дээрээ 15 000 000 төгрөг авсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийг зориулалтын бусаар ашиглахыг мэдсээр байж хяналт тавиагүй гэж байна. Банкны дотоод журамд тийм зүйл байхгүй. Иймд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас 54 408 541 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 168 494 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Мягмар, Б Баярмаа нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 836 төгрөг, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас улсын тэмдэгтийн хураамжид 429 992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар давж заалдах гомдолдоо: “...2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банкны “Вива Сити” дэх салбарын захирал Ц.Содгэрэл намайг зээл авах хүсэлт тавиагүй байхад дуудаад “таны зээлийн гэрээний хүүг буулгаад өгье. Та эргэн төлөлтөө сайн хийж байгаа учраас нэмж мөнгө зээлж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний зээлийн үлдэгдэл 28 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийгээ хаах мөнгө надад байхгүй” гэж хэлхэд “шинээр авсан зээлнээс чинь төлсөн болгоноо, санаа зоволтгүй, таны зээлийн хүү буурна шүү дээ, 2.1 хувийн хүүнд арай хүрэхгүй 2,075 хувийн хүү болж багасна, бизнесийн зээл болгоно” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөртөө дэлгүүрийн зураг очиж авчихаад дахин надтай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж надад бэлнээр 15 000 000 төгрөг өгсөн. Гэтэл хүүг огт буулгаагүй намайг хуурч мэхэлсэн байсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан. Түүнээс биш би бодитоор 50 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан зүйл байхгүй. Үүнээс хойш би тасралтгүй зээлээ хугацаандаа төлж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний 6 нэрийн  дэлгүүр шатаж 31 248 500 төгрөгийн хохирол учирч, зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа банкинд тухайн үед нь мэдэгдэж 4 удаа хүсэлт бичиж өгсөн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйл 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, мөн хуулийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл банкны хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоолгүйгээр, гэрээнээс татгалзалгүйгээр бидний гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул хүүний болон хугацааны хөнгөлөлт үзүүлж өгнө үү хэмээн удаа дараа тавьсан хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэлгүйгээр насанд хүрсэн ажил хийж байгаа хүүхэд байвал 8 хувьд оруулж өгнө, таны эзэмшлийн газруудыг дарга нартаа үзүүлж төлбөрт бодон зээлээс чинь 20 000 000 төгрөг хасуулж өгнө гэх мэт янз бүрийн зүйл хэлж төөрөлдүүлсээр бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн.

Үүнээс гадна “Ариг” банк 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосон бизнесийн зээлээс шууд татан хаасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйл 30.2 дахь хэсэгт “Зээлийн зэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.” гэж заасан байдаг.

Гэтэл хугацаа дуусаагүй байгаа зээлийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн данснаас хааж төлүүлсэн. Хавтаст хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Баярмаа миний данснаас мөнгө авч, зээл хаах ямар ч баримт авагдаагүй байсан болно. Банк харилцагчийн данснаас гүйлгээ хийхдээ заавал харилцагчийн зөвшөөрлөөр хийх ёстой.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй.” гэж заасан байдаг. Гэтэл “Ариг” банк анхнаасаа зээл олгосон өдрөөсөө л зээлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөл бололцоогоор хангаагүй. Хариуцагчийн зүгээс “Ариг” банкнаас нийтдээ эхлээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөг авсан. Зээлийн гэрээний дагуу нийт 33 801 679.48 төгрөг төлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүхээс 54 408 541 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч би одоо “Ариг” банкинд нийт 11 198 320.52 төгрөг л төлөх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 54 408 541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээс 11 198 320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 43 210 220 зөвшөөрөхгүй байх тул энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ариг” банк ХХК нь хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 58 577 035 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.         

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон сууц барьцаалсан зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь “Ариг” банкнаас 30 000 000 төгрөгийг жилийн 37.2 хувь буюу сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авч гэрээний талууд дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 28 761 076 төгрөг байх үед 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар 50 000 000 төгрөгийг жилийн 33 хувь буюу сарын 2.75 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж, барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоотын 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206005291 дугаартай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлах хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Талууд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2107001113 дугаартай гэрээг байгуулахад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/02-79 тоот зээлийн гэрээний үүрэгт тухайн өдрийн байдлаар 28 761 076 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан талаар талууд маргаагүй байна.

 

Түүнчлэн талууд гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг авч өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Сүүлийн зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөнд нь өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хааж, өмнөх зээлийн гэрээний үүргээс хариуцагч чөлөөлөгдөж байгаа нь хоёр дахь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс бүрэн шилжүүлэн аваагүй гэх үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл 2015 оны зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөний 28 761 076 төгрөгийг хариуцагч 2014 оны зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн нь мөнгийг хүлээн авсанд тооцогдоно.

 

Хариуцагч нараас үлдэгдэл зээлд “банкнаас 15 000 000 төгрөгийг хүлээн авсан, “Ариг” банк ХХК-ийн “Вива сити” салбарын захирал Ц.Содгэрэлд зээл гаргасны шагнал 1 500 000 төгрөг төлсөн” гэж мэдүүлж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хариуцагч нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлтийг төлөөгүй, улмаар түүнээс хоёр сарын дараа тэдний бизнесийн үйл ажиллагаа явуулж хүнсний дэлгүүр галд шатсанаас болж зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, Онцгой байдлын газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 77/268 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон хэдий ч энэ зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс  татгалзах үндэслэлд хамаарахгүй болно. /хх 95/

 

Нэгэнт зээлийн төлбөрийг эргэн төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах асуудал нь зээлийн гэрээнд заасан болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн талаарх мэдэгдлийг хариуцагч нарт 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байна. /хх 32/

 

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар зээлийн төлбөрөөс 21 052 933 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 38 985 737 төгрөг, үндсэн зээлийн хүү 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 14 759 349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663 455 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Харин нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 168 494 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч Д.Мягмар, Б.Баярмаа нар нь нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д холбогдуулан зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-иас авсан 50 000 000 төгрөгийн зээлээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авсан 30 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 28 761 076 төгрөгийг хаахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. /хх 18-21, 33-34, 49, 94, 143/

 

            Зээлийн гэрээ болон зээлийн дансны хуулгагаас харахад эхний 4 удаагийн төлөлтөд үндсэн зээлээс хасагдахгүй, зөвхөн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд үндсэн зээл 30 000 000 төгрөг дээр зээлдэгч нарын төлсөн хүүг нэмж харуулсан хуулгыг үндэслэж, уг зээлийг 34 878 206 төгрөгөөр хаасан гэж үзэхгүй. /хх 94/

 

Шүүх 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг хаахдаа 34 878 206 төгрөг буюу 6 378 546 төгрөгөөр илүү хаасан нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нь зээлийн дансны хуулгаар үгүйсгэгдсэн, зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

            Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

           

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 374 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                           ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН