Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2013/0012

 

2013 оны 12 сарын 25 өдөр                    Дугаар 12                        Улаанбаатар хот

 

А.С-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн А.С-ы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 122 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.11 дэх заалтад “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 11.5.12 дахь заалтад “өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах” гэж тус тус хуульчлагдсан байх бөгөөд улсын бүртгэгчээр түр томилогдон ажиллаж байсан А.С-ыг Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтад заасны дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр болно.

Иймд иргэн А.С-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12-т заасныг баримтлан иргэн А.С-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч А.С-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож" шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.П давж заалдах гомдолдоо: “ Баян-Өлгий аймгийн харьяат иргэн А.С-ны нэхэмжлэлтэй, тус газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Л-ийн 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

  1. Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгч гэх А.С-ны гаргасан нэхэмжлэл, түүнчлэн гаргасан тайлбартай нь холбогдуулан нотлох баримтыг цуглуулсан ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн хуралдаанд хэргийн оролцогчдын мэтгэлцээнээр тогтоогдоно.
  2. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан А.С тус газарт томилолтоор ажиллах хугацаанд нэр бүхий Монгол Улсын харьяатаас гаргасан 4 иргэний ургийн овогтой холбоотой засварыг Монгол Улсын харьяатаас гарсныг шалгалгүйгээр хийсэн нь иргэний үнэмлэх хэвлэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн нэхэмжлэгчийг шууд буруутгах, улмаар түүнийг төрийн албанаас халах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд улсын бүртгэгчээр ажиллаж байгаа аливаа нэг этгээд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.12 дах заалтад зааснаар "өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах" гэж заасан байтал шүүгч яахаараа А.С-ны дээрх үйлдлийг хаацайлж, улмаар хариуцлага тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Нөгөө талаар шүүхийн шийдвэрт А.С-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилолтоор ажиллах хугацаанд ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж дурджээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь мөн л үндэслэлгүй шүүх хэт нэг талыг барьсан бөгөөд Баян-Өлгий аймгаас тус газарт хандан гарсан хүсэлтэд дурдсанчлан улсын бүртгэлийн цахим сангийн Civilreg программын үндсэн мэдээллийн санд засвар хийх эрх хүссэнийг тухайн үед Бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Д.Э зөвшөөрөөгүй тул А.С-д энэхүү эрхийг олгоогүй байдаг.

Улсын бүртгэлийн цахим санд хандах эрх нь шивэх болох харах гэсэн төрөлтэй байдаг бөгөөд А.С-д Civilreg программын үндсэн мэдээллийн санд засвар хийх эрх олгоогүй нь ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн А.С нь тус газарт томилолтоор ажиллах хугацаандаа улсын бүртгэгч Б.О-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 118 дугаар зарлигийг авсан байдаг бөгөөд өөрийн аав, ээж болох С.А, А.К нарын нэр бичигдсэн хуудсыг алга болгосон, мөн өөрийн төрсөн эцэг С.А-ийн ХААТР-1 маягтыг тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан А.Р өгч засвар хийлгэсэн зэрэг нь Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийг А.Р-тай хуйвалдан Монгол Улсын харьяат болгон бүртгэсэн төдийгүй харьяатаас гараагүй мэтээр улсын бүртгэлийн цахим санд хууль бусаар засвар хийсэн нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан ноцтой үйлдэл гэж тус газар үзэж байгаа бөгөөд энэхүү хэргийг Нийслэлийн Прокурорт Сүхбаатар дүүргийн Прокурорын тогтоолд давж заалдах гомдлыг гаргаснаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.

Иргэн А.С-ны нэхэмжлэлтэй хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд тухайн үед тус газрын Бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Д.Э, улсын бүртгэгч Б.О нарыг гэрчээр оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А овогтой С миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Хариуцагчийн "...шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг

барьж зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон түүний тайлбартай нь холбогдуулан нотлох баримт цуглуулсан" гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013.01.30-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 122 дугаар тушаалд улсын бүртгэгчээр ажиллаж байсан намайг "бүртгэл хийхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй" гэх үндэслэлээр халсан боловч хууль зүйн үндэслэлүүдийг нь яг тодорхой заагаагүй байдаг. Үүнийг хариуцагч. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хурал дээр янз бүрээр тайлбарладаг юм. Тэгсэн мөртлөө хэрэгт авагдсан нотлох баримт дээр бас өөрөөр тайлбарлагдсан байдаг юм.

  1. Шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г: "...А.С-ыг иргэний

цахим үнэмлэх хэвлэгдсэн асуудлаар буруутгаж халаагүй,...хариуцсан ажилдаа хайнга хандсан, өөрөөр хэлбэл нэр бүхий 4 иргэний ургийн овгийг шинэчилж буй Online программд засахдаа тэдгээрийг Монгол улсын харьяат мөн эсэхийг Civilreg /хуучин/ программд нэвтрэх өөрийн орон нутаг дахь эрхээрээ орж нягтлан шалгаагүй..." гэж тайлбарладаг боловч "... Online программын мэдээллийг үндсэн мэдээллийн Civilreg сантай харьцуулан харахын тулд уг программд нэвтрэх эрх нээж өгөх ёстой, Төвд /УБЕГазар/ орон нутгийн улсын бүртгэгчийн эрхээр Үндсэн мэдээллийн Civilreg санд нэвтрэх боломжгүй..." гэж УБЕГазрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Б гэрчилсэн төдийгүй энэ нь тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл, мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэрч Б.Н-ийн "...Үнэн. Тэгээд би А.С-ыг дагуулж Д.Э дарга дээр орж байсан" гэх мэдүүлгээр давхар батлагддаг юм. Энэхүү гэрчийн мэдүүлэг авагдсанаас хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г дээрх тайлбараа ойлголтын зөрүүгээс шалтгаалан буруугаар гаргаж байсан болохоо шүүх хуралдааны явцад илэрхийлсэн болно.

  1. Нөгөөтээгүүр ажил шалгасан бүрэлдэхүүн зөрчил илрүүлсэн гэх тухай илтгэх

хуудсыг УБЕГазрын даргад танилцуулж, цаашлаад надад хэлж мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн тайлбар авалгүйгээр Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж сахилгын шийтгэл ногдуулсан нь үнэхээрийн шударга бус явдал болсон бөгөөд миний бие үүнд маш их гомдолтой байна.

  1. Хариуцагчийн "...А.С тус газарт ажиллах хугацаанд Улсын

бүртгэгч Б.О-оос

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 118 дугаар зарлигийг авсан..." гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд хүнийг санаатайгаар гүтгэсэн асуудал байна. Мөн "...иргэн С.А-ийн ХААТР-1 маягтыг А.Р өгч засвар хийлгэсэн..." гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь намайг тус газарт томилолтоор ажиллах хугацаанд Улсын бүртгэгч асан А.Р нь тус хэлтсийн хүрээнд иргэний улсын бүртгэлийн Civilreg санд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн үсгийн алдаа засварладаг цорын ганц улсын бүртгэгч байсан бөгөөд уг Civilreg санд үг үсгийн алдаатай байсан бүх иргэдийн мэдээллийг тухайн улсын бүртгэгчээр засуулсан болно. Мөн улсын бүртгэгч асан А.Р Civilreg санд үг үсгийн алдаатай байсан иргэдийн мэдээллийг жагсаалтаар өгснөөс бус ямар ч иргэний ХААТР-1 маягтыг өгч байгаагүй болно. Харин үүнийг Улсын бүртгэгч асан А.Р өөрөө холбогдох журмын дагуу Иргэний баримтын архиваас авхуулсан байх. Жич: Улсын бүртгэгч асан А.Р-ыг зөвхөн ажил төрлийн шугамаар харилцаж байсан гэдэг утгаар нь таньдаг болохоос түүнээс биш бид хоёрын дунд хувийн харилцаагүй болно.

  1.  Хариуцагчийн тус        шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийн

нэгэнд "...Д.Э-ээс гэрчийн мэдүүлэг авхуулах шаардлагатай..." гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т "давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй" гэсэн заалтад нийцэхгүй байна. Тэгээд ч дээр дурдсанчлан анхан шатны шүүх Д.Э-ээс тайлбар, мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүнд суртал гаргаж, шүүхийг үл хүндэтгэж ирээгүй болно.

Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г: "хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан тул одоо шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байна. Өөр шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй болно гэдгийг илэрхийлсэн болно.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн тус шүүхэд давж заалдаж гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж маргааны үйл баримтыг зөв үнэлж тогтоогоогүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг дараах үндэслэлүүдээр буруутгасан байна.

  1. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118

дугаар зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан нэр бүхий 4 хүний ургийн овгийг онлайн санд зассанаар тэдгээр хүмүүсийн иргэний үнэмлэх хэвлэгдсэн гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч А.С-ыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт томилолтоор ажиллуулах хугацаанд зөвхөн онлайн санд л нэвтэрч иргэдийн мэдээллийн санд ургийн овог засах, нэрийн баталгаажуулалт хийх эрх олгогдсон байна. Тухайн 4 иргэний Монгол улсын харьяатаас гарсан эсэх талаарх мэдээлэл нэхэмжлэгчийн ажиллах эрхтэй байсан онлайн сангаас харагдах боломжгүй байсан бөгөөд зөвхөн Сивилрик сангаас харах боломжтой байжээ. Энэ нь ч хэрэгт авагдсан нотлох баримт болох “Монгол улсын харьяатаас гарсан иргэдийн бүртгэл 2013 оны 1 дүгээр сард Онлайн программд орсон гэдгийг “И” ХХК-ийн төслийн менежер А.Ж гэрчилсэн, мөн А.С-д ургийн овгийн зөрчилтэй 1040 иргэний мэдээллийг зөвхөн Онлайн программ дээр засварлах эрхийг өгснөөс биш үндсэн мэдээллийн сан болох Сивилрик, Афис программ дээр засварлах эрх нээж өгөөгүй гэдгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Б, тухайн үеийн Бүртгэл мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь онлайн санд алдаа заан гарч ирсэн иргэдийн мэдээллийг засаж оруулснаар программчлалын дагуу тэдгээр иргэдийн иргэний үнэмлэх хэвлэгдэх бэлэн болсон байна. Тиймээс дээрх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

  1. Мөн өөрийн эцэг, эх болох Монгол улсын харьяатаас гарсан С.А, А.К нарын зарим

мэдээллийг улсын бүртгэлийн онлайн сангаас хууль бусаар хассан, зарим мэдээлэлд засвар оруулснаар иргэний үнэмлэх хэвлэгдэх гол шалтгаан болсон гэжээ.

Нэхэмжлэгч өөрийн эцэг эхийн хуучин иргэний үнэмлэхийн дугаарыг улсын бүртгэлийн онлайн сангаас устгасан асуудлаар анхан шатны шүүх “томилолтоор ажиллах үед нэхэмжлэгчийн хийх ёстой ажилд энэ хамаарч байгаа эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

Нэхэмжлэгчид олгогдсон цахим санд нэвтрэх эрхээр түүний эцэг, эхийн мэдээллийг онлайн санд засварласан нь Log Fail-аар тогтоогдсон байна. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэвэл А.С нь С.А, А.К нарын онлайн санд байсан мэдээлэл буюу хуучин иргэний үнэмлэхийн дугаарыг устгасан нь нотлогдож байгаа бөгөөд түүний Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилолтоор ажиллах үед хийж гүйцэтгэх ажил үүрэгт иргэний үнэмлэхийн дугаарт засвар өөрчлөлт хийх эрх олгогдоогүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.С нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж Улсын бүртгэлийн цахим санд өөрийн төрсөн эцэг, эхийн мэдээлэлд засвар хийсэн байгаа нь дээрх байдлаар нотлогдож байгаа учир энэ үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг удирдлага болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд буцаж орох эрхгүйгээр халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан А.С-ны “Сахилгын шийтгэл ноогдуулсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч,

 

 гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.