| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2132000120156 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Увс аймгийн Улаангом суманд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-1, ******* тоотод түр оршин суух, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залуучуудын хороо 24-22 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
- Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар,
- Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Дураал овогт Баазарын Батмөнх/рд-*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цайны газарт иргэн *******тай маргалдаж улмаар кофены аяга шидэж толгойг нь хагалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн 2132000120156 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэлэлцэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2132000120156 тоот хавтаст хэргээс
Хохирогч Х.Амандык мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Налайх дүүргээс ирсэн Батмөнх, Өлзий, Оогий, Цэнгэл нарын хамт Бортолгой гэдэг газар байдаг Моби Төгсөөгийн тээрэм дээр архи уусан. Тэгээд би тээрмийн гал тогоонд орж ирээд хоол идэх гэж байсан чинь Банзаа араас орж ирээд үгийн зөрөөгүй аяга таваг аваад над руу шидээд байхаар нь тонгойсон чинь толгой дээр цохихоор нь тээрмийн хашаанаас гараад зугтаасан. Тэгээд би танихгүй хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн. 30-40 минутын дараа буцаж очоод Банзаатай чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж ярилцаж байхад цагдаа нар ирээд Баянгол сумын төв рүү дагуулж ирээд намайг эмнэлэгт үзүүлээд толгой дээрээ гурван оёдол тавиулсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Л.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тогооч Орхонтуяатай хамт хоол хийж байсан чинь Банзаа, Амандык хоёр орж ирээд хоол идээд сууж байхдаа нэгийгээ ална гэх мэтээр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд банзаа нь гэнэт уурлаж босож ирээд аяга таваг шидэлцээд байхаар бид хэд очоод салгах гэсэн чинь Банзаа нь ойртвол бүгдийг чинь ална гээд орилоод байхаар нь айгаад гараад зугтаагаад хажуу талын амралтын өрөө рүү орсон. Тэгээд Банзаа амралтын өрөөнд араас орж ирээд найзыгаа уучлаарай муухай зан гаргачихлаа гэж хэлж байсан. Тэгээд би хагарсан аяга кофены шилийг болон газар байсан цусыг арчиж цэвэрлэсэн. Удаагүй цагдаа нар ирээд Банзаа, Амандык нарыг авч явсан. ...Миний харснаар кофены шил шидсэн чинь толгойд нь цохисон. Тэрнээс биш аяганууд нь хана цохиод хагарч байсан. Нийт 5 удаа юм шидсэнээс нэг нь цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/
Гэрч О.Орхонсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би хоол хийгээд байж байсан чинь Амандык, Батмөнх нар чи муу тэгэхгүй шүү гэх мэтээр хоорондоо маргалдаад ороод ирсэн. Тэгээд Амандык, Батмөнх нар нь ширээн дээр байсан аяга, кофетэй байсан шил хүртэл шидэлцээд байсан. Тэгээд гол тогоогоор дүүрэн шил аяга хагарчихсан байсан. Сүүлд нь орж ирж хагарсан аяга таваг, цусыг угааж цэвэрлэсэн.Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Би тэр үед хүүхэдтэйгээ утсаар яриад ороод ирсэн чинь зодоон болчихсон байсан. Тэгээд би энд юу болсон бэ гээд тэнд байсан хүмүүсээс асуусан чинь аль алиных нь буруу гэж хэлж байсан. Тухайн үед Батмөнх нь аяга кофены шилнүүдийг Амандык руу шидсэн чинь Амандыкын толгойг нь онож хагалсан гэж тэнд харсан хүмүүсээс сонссон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 12 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 15-21 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Х.Амандыкын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Хохирогч Х.Амандыкын анх үзсэн эмчийн үзлэгийн тодорхойлолт/Хх-ийн 42 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №335 дугаартай “Ялаас өршөөн хасах тухай” захирамж/Хх-ийн 87 дугаар хуудас/
Хохирогч Х.Амандыкын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 84 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бортолгой гэх газарт байрлах цайны газар хохирогч Х.Амандыктэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шилэн аяга, кофены шил зэргийг шидсэний улмаас хохирогч Х.Амандыкын толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэрч О.Орхонсүрэн мэдүүлэг/Хх-ийн 32 дугаар хуудас/,Хохирогч Х.Амандыкын мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Л.Отгонбаярын мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №12 дугаартай дүгнэлт/Хх-ийн 43-44 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Х.Амандыкын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцож, хохирогч нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Гурав.Шүүгдэгч *******өд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим хохирогч Х.Амандыктэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний толгойн тус газарт шилэн аяга, кофены шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Дураал овогт Баазарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800/найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг 08/найм/сарын хугацаанд сард 100000/нэг зуун мянга/ төгрөгийг төлөхөөр хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Амандык гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ