Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 3045

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 хороо, Булгийн 2-101 тоотод оршин суудаг, Энх овогт Алтанцоожийн Золжаргал /РД:УХ88061441/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол,  Замчдын гудамж 86 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Г.ЕБС ” /РД:8181136/-д холбогдох,

Ажлаас халагдсан тушаалыг үнэн зөвөөр гаргуулах, гэнэт халагдсаны тэтгэмж болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл 1 сарын цалин гаргуулах, 2017 оны  8 дугаар сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.З , хариуцагчийн төлөөлөгч Т.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Знь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Зминий бие 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэгээрэл ЕБС-д математикийн багшаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон тооны цомхтголоор гэж амаар мэдэгдэж, ажлаас чөлөөлсөн. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03/Б дугаартай захирлын тушаалыг гардан авахад ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна. Миний бие ажиллах байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд энэ тухай сургуулийн зүгээс нэг ч удаа анхааруулга, сануулга болон аливаа мэдэгдэлийг өгч байгаагүй. Мөн хуульд огт байхгүй зүйл, заалт үндэслэж ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Иймд ажлаас халагдсан тушаалыг үнэн зөвөөр гаргуулах, гэнэт халагдсаны тэтгэмж болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл 1 сарын цалин гаргуулах, 2017 оны  8 дугаар сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Знь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Тэгэхдээ дэс дарааллан авсан арга хэмжээний дагуу тушаалыг үнэн зөвөөр гаргуулах шаардлагаас татгалзаж байна. Учир нь би өөр ажилд орсон. Тийм учраас дараагийн шаардлага болох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх болон гэнэт халагдсаны тэтгэмж авах шаардлагаа дэмжиж байгаа. 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Гэгээрэл” ЕБС-д математикийн үндсэн багшын ажилд орсон. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр аман мэдэгдлээр орон тооны цомхотгол гэж ажлаас халагдсан.  Уг ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан. Энэ хугацаанд гаргасан буюу надад оногдуулсан сахилгын шийтгэл байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд сахилгын шийтгэлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан ажилтныг ажлаас хална гэж заасан байдаг. Надад сахилгын шийтгэл оногдуулсан болон сануулсан зүйл байхгүй байхад намайг ажлаас халсан. Иймд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 25-ны хооронд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа учраас энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгал төлөлтийг хийлгүүлэх, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сараар тооцон гаргуулахаар шаардаж байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.З ын ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Тунгалаг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын томьёоллыг цахим байдлаар харж хуулийн зүйл заалтыг буруу бичиж хариуцлага алдсанд тушаалаар арга хэмжээ авч, тушаалыг үндэслэлийн дагуу зүйл заалтыг зөв болгон залруулж байна. Ажлаас чөлөөлөгдөх тушаалын үндэслэлд доорх тайлбарыг хийж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дах заалт ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилсан нь Байгууллагын дотоод журмын 3.2.14 дэх заалт харилцааны болон ёс зүйн зөрчил гаргасан, эцэг эх сурагчидтай зүй бус харьцсан нь тогтоогдсон, сурагчдын сурлагын чанарын талаар удаа дараа гомдол ирсэн, сургалтыг чанаргүй явуулж, бүх шатны мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаар заасан хичээлээр нь суралцагсад улсын дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх 7.1 дэх заалт ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам, холбогдох заавар журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учирсан хохирол, хугацааг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 1-р хэсэгт заасны дагуу доорхи арга хэмжээг авна. Үүнд сануулах, 3 сар хүртэлх хугацаагаар цалинг 20 хувь хүртэлх бууруулах, ажлаас чөлөөлөх, 2  дахь заалт Дотоод журмын 3.2.14, 3.2.15 дах заалтыг зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлнө. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6 дах заалт эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, сургуулийн дэг, дотоод журам, бусад дүрэм журмыг чанд мөрдөн хэрэгжүүлэх, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ бүрэн чанартай сайн гүйцэтгэх, 4.1 дэх заалт ажилтан сургуулийн дотоод журмыг зөрчсөн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэсэн заалтуудын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Багш А.Знь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлснээс боловсролын үнэлгээний байгууллагаас авсан улсын шалгалтын дүнгээр заасан хичээлээр нь суурь боловсрол эзэмшин төгсөх суралцагсдын математикийн хичээлийн мэдлэг улсын стандартын түвшин дунджаас хэт доогуур үнэлэгдсэнээр батлагдсан. Багш А.З3 жил тухайн ангийг дааж, математикийн хичээл зааж ажилласан бөгөөд ангийн сурагчид, эцэг эхтэй зүй бусаар харьцсан, сургалтын чанар муу байгаа тухай эцэг эх асран хамгаалагчдаас удаа дараа утсаар буюу бичгээр сургуулийн захиргаанд гомдол ирж байсан, багш өөрөө энэ ангийг дааж ажиллаж чадахгүй, эсвэл ангид байгаа сурлага, хүмүүжлийн хоцрогдолтой нэр бүхий сурагчдыг шилжүүлж өг гэх зэргээр сургуулийн захиргаанд гомдол гаргаж байсан зэрэг нь багш ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байгааг харуулсан. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтанд хийсэн тайлбарын 29 дэх хуулийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэсний дагуу А.З д шат дараалсан арга хэмжээг тушаалаар аваагүй боловч сургуулийн захиргааны зүгээс хариуцсан ангийн сурагчдын сурлага, төлөвшилд анхаарч ажиллахыг сануулан шаардлага тавьж анхааруулга өгч байснаар тооцон, цаашид багшийг үргэлжүүлэн ажиллуулахад суралцагсдын мэдлэг, чадвар эзэмшин суралцах төлөвших эрх ашиг хохирох байсан тул ажлаас шууд чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 , 43.2 дах заалтын дагуу тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас чөлөөлөгдсөнд тооцно гэсэн заалтын дагуу багш ажил хүлээлгэн өгөх өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэн хөдөлмөрийн хөлс тооцуулж, нийгмийн даатгалд хамрагдах байсан боловч 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Дээрх шалтгаанаар А.З д нийгмийн даатгалын 8 дугаар сарын төлөлт хийгдээгүй болно. А.З ын ажлаас чөлөөлөгдөх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6 ,40.1.1, 40.1.2 ,40.1.3 дахь заалтуудад үл хамаарах тул ажлаас халагдсаны тэтгэмж олгогдохгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Знь хариуцагч “Г.ЕБС ”-д холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг үнэн зөвөөр гаргуулах, гэнэт халагдсаны тэтгэмж болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл 1 сарын цалин гаргуулах, 2017 оны  8 дугаар сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр буюу 3,210,000 төгрөг гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч Б.Золжаргал нь сахилгын ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг өгөх ёсгүй, ...2017 оны 8 сард ажиллаагүй учраас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэг байхгүй, ... нэхэмжлэгчид гардуулсан тушаалын хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байсан тул сүүлд зөвтгөж гаргасан... гэж тайлбарлан хэргийн 14, 25, 55 талд байгаа тушаалуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

Нэхэмжлэгч А.Знь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Г.ЕБС д математикийн багшаар ажилд орон ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/Б дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба энэхүү үйл баримтад зохигч маргахгүй байна /хх-3, 4 тал/.

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03/Б дугаартай тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.8, 58 дугаар зүйлийн 58.1.2, сургуулийн дотоод журмын 3.2.14  гэх заалтуудыг үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч А.Знь уг тушаалыг хүчингүй болгуулах болон ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Харин уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй, хамааралгүй зүйл заалтыг үндэслэл болгосон байх боловч уг тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтад “багш А.Знь багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, заасан хичээлээр нь сурагчдын мэдлэгийн түвшин улсын дунджаас доогуур үнэлэгдсэн, эцэг эх асран хамгаалагчдаас багшийн ёс зүй, ангийн сурагчдын төлөвшил, хүмүүжил муу байгаа болон сурагчдын сурлагын чанарын талаар удаа дараа гомдол ирсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэснээс дүгнэвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч А.З ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”  гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрт нь гардуулсан тушаалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба хариуцагчийн сүүлд зөвтгөж гаргасан гэх 3 тушаалыг гардаж аваагүй, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж гаргасан гэх тайлбарыг өгч байх тул уг 3 тушаалыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ /14, 25, 55 тал/.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ. 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмжийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч А.З ын сарын үндсэн цалин 535,000 төгрөг байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байх ба хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй.

Иймд нэхэмжлэгч А.З д ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 535,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хөдөлмөрийн  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч А.Знь 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллагад ажилласан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 25-ны хооронд ажиллаагүй, амралттай байсан гэх тайлбар нь хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, хариуцагч байгууллагаас ажлаас халагдсаны тэгэмжид 535,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,675,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118, 161 дүгээр зүйлийн 161.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 46 дугаар зүйлийн 46.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт  зааснаар  нэхэмжлэгч А.З ын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлөхийг хариуцагч Г.ЕБС д даалгаж, Гэгээрэл ерөнхий боловсролын сургуулиас ажлаас халагдсаны тэтгэмжид 535,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.З д олгож, үлдэх 2,675,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Гэгээрэл ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 14,270 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА