| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/103 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/103
2020 03 27 2020/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, М.Өлзийцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Бд холбогдох эрүүгийн 1934005040006 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхлэдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Д.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өлзийт ам” гэх газарт 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 11 настай Э.Энхзолбоогоор хурдан морь унуулж, улмаар Э.Энхзолбоо нь морьноос унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:
...Морины ажил хийж ирж байгаад тэгээд дөрөө нь мултраад ойчсон. Тэгээд морь өшиглөсөн. Өлзийтийн ам гэдэг газар 2019 оны 06 сарын 19-нд болсон... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэг:
...2019 оны 06 дугаар сарын 09-нд Н.Хүрэлгомбын эхнэр ирж хүүхдийг минь аваад явсан. Би 5 хоногийн дараа очиход хүүхэд маань зүгээр байсан. Тэгээд өөрөө цуг байдаг гээд тэнд 3 хүүхэд байсан. Өөрийнх нь хүүхэд гээд 1 хүүхэд байсан. Тэгээд 7 хоног болгон гэрт нь аваачиж байна гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ бүтэн сайнд ирээгүй тэгсэн чинь 2 дахь өдөр нь унагаасан байсан. Тэгээд би очоод хот руу аваад явсан. Хүүхэд бол ухаангүй байсан. Тэгээд морьны ажил хийлгэсэн, хажууд нь хүүхэд хөтлүүлсэн, тэр үед морь нь ноцолдоод тэгээд тэр хүүхдийн морь үргэхээр нь татаад тэгтэл хазаад байсан. Тэгээд бид 2 ард нь үлдсэн байсан. Тэгээд гэмтэл дээр ирэхэд Б байхгүй Хүрэлгомбо Эрдэнэбаяртай ирсэн байсан... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005040006 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоо /хх-ийн 8-9, 42 дугаар хуудас/, гэрч Ш.Ганцэцэг /хх-ийн 10, 43-44 дүгээр хуудас/, гэрч Н.Хүрэлгомбо /хх-ийн 11-12, 31-32, 40-41 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэг /хх-ийн 24, 56-57 дугаар хуудас/, гэрч О.Болор-Эрдэнэ /хх-ийн Г.Болд-Эрдэнэ /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Н.Цэрэнжаргал /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч С.Мөнхжаргал /хх-ийн 45-46 дугаар хуудас/, яллагдагч Д.Б /хх-ийн 66-68 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №468 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогчийн төрсний гэрчилчилээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 20 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, БиТи меди Солонгос эмнэлэгийн Жүн Ан сургуулийн хариу /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 80-83 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 84-87 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өлзийт ам” гэх газарт 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 11 настай Э.Энхзолбоогоор хурдан морь унуулж, улмаар Э.Энхзолбоо нь морьноос унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоогийн ... 2019 оны 06 дугаар сарын өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг нефьтийн хашаанд байх манайхаас Хүрэлгомбо гэж хүний эхнэр ирээд намайг приүс 20 маркийн машинтай сумын хажууд антентай уулын урд талд байх гэрлүүгээ авч явсан. Тэнд 10 хоног морь унаж байгаад 10 дахь өдөр нь би Хүрэлгомбын мориний уяан дээр байж байхад Б гэж хүн ирээд миний унах морийг өөр хүүхдэд унуулаад өөрийнхөө саарал зүсмийн морийг уна гэхээр нь номхон юмуу гэсэн чинь номхоон гээд унуулсан. Тэгээд би баруун тийшээ ширүүн цогоо хийгээд явж байхад Б хажууд мотоциклтойгоо явж байсан. Би хонгор зүсммйн морьтой нэг хүүхдийг хөтлөөд явж байсан. Бийн морьны хүүхэд байсан. Тэгээд буцаж эргээд гэрлүүгээ явж байх замдаа зүүн хөлний дөрөө мултараад цааш юу болсон талаар санахгүй байна. Хэсэг хугацааны дараа сэрэхэд Хүрэлгомбын гэрт хэвтэж байсан. Б ах хажууд байж байсан. Агаан дүү гайгүй юу гэсэн би тэгээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Хүрэлгомбо ахын машины хойд талын суудал дээр хэвтэж байсан. Тэгээд дахиад ухаан алдчих шиг болсон. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь Төв аймгийн эмнэлэгт сэрсэн. Гэтэл эмч нар эрүү оёж эхэлсэн дараад нь Хүрэлгомбо ах өлгийнд ороогоод машин даа авч орсон. Гэтэл ахиад ухаан алдчих шиг болсон. Тэгээд ахиад сэртэл Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд коридорт сэрсэн. Нэг мэдэхэд 8 дугаар өрөөнд байсан. Тухайн үед коридорт 1 хоносон 8 дугаартай өрөөнд 1 хоносон. Тэгээд ахиад 1 дугаартай төлбөртэй өрөөнд орж 6 хоноод эмнэлэгээс гарсан. Баруун гар бугалгаараа хугарсан, эрүү 5 хугарсан, үүдэн 2 шүд ястайгаа хугарч гарч ирсэн. 4 шүд тогтоосон. мэдэрлийн судаснууд тасарсан. Дээд, доод уруулан дээр оёдол хийлгэсэн. Эрүүн тус газар хагалгааны 3 оёдолтой. Эрүүний голыг хадсан. Эрүүны хоёр талын үе ясыг авсан. Шүднүүд бүгд суларсан. Толгой үе үе өвддөг, дотор муухайрдаг, чихний сонсгол муудсан. Хүний ярьж байгаа зүйлийг сайн сонсохгүй, ойлгохгүй байгаа... ...Тухайн үед би хүүхэд хөтлөөд ширүүн цогоод явж байсан. Тухайн хүүхдийн морь ухас хийгээд давхиад би тэр хүүхдийн морьны жолооноос татаж үлдээхэд морь нь миний морины хүзүүнээс нь хазаад тэгээд миний морь эргэлдээд зүгээр болоод цааш явж байгаад тэгээд би унасан байсан гэртээ сэрсэн. Би тэгж дараагүй үргээгээгүй. Миний хажууд морьтой хүүхэд явж байсан. Би нэрийг мэдэхгүй байна Бийн морины хүүхэд байсан. Б хажууд мотоцикльтой явж байсан. Мотоцикльноос нь морь ямар нэгэн байдлаар үргээгүй. Хэлсэн ярьсан зүйл үнэн би өөрийн унадаг байсан саарал үрээг унья номхон юм уу гэсэн чинь энэ морийг уначих номхон гэсэн. Би тэгээд унасан... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэгийн ... Хүрэлгомбын эхнэр гэх хүн ирсэн. Би нэрийг нь сайн санахгүй байна. Энхзолбоог авахдаа наадам дуустал морь унуулна гэж хэлээд мөнгө төгрөг энэ тэр гэж бол тохироогүй. Амаар л тохиролцсон. Энхзолбоогийн биеийн байдал одоогийн байдлаар шүд нь өвддөг бас толгой нь өвддөг. Юм мартаж сандаг болсон. Мөн орой унтахдаа дотроос гижигдээд байгаа юм шиг унтаж чадахгүй байна гэж байсан. Нийт эмчилгээний зардал 320.000 төгрөг, үүнтэй нийлээд хоол ундааны мөнгө, машин тэрэгний бензин тосны мөнгө гээд ний 1.600.000 төгрөг болсон. Энэ зардлыг Хүрэлгомбо, Б гаргасан. Би өөрөө хувиасаа хоол унд, унааны зардал гэж 400.000 төгрөг гаргасан. Одоогйн байдлаар 6 шүд гэмтэлтэй байгаа үүний зардал 1 шүд нь 1.800.000 төгрөг нийлээд 10.500.000 төгрөг болно. Эрүүүний хагалгаа Монголд хийхгүй гэсэн. 10 сард эрүүний голын ясны хадаас авна... ... Бид нарт бол бэлэн мөнгө өгсөн асуудал байхгүй. Харин эмчилгээний зардал 120.000 төгрөг, тархины зураг авахад 120.000 төгрөг, эм тарианы 72.000 төгрөг гээд л мөнгө өгсөн. Өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Одоо бид нарын хувьд Энхзолбоогийн 6 шүдийг хийлгэх хүсэлтэй байгаа. Энэ 6 шүдийг насанд хүрснийх нь дараа 1 шүдийг 1.800.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Бид нарын хувьд уг 6 шүдний мөнгийг өгчих юм бол бидэнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бидэнд ямар нэгэн баримт байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Г.Болд-Эрдэнийн ... Бичгээр бол ямар нэгэн гэрээ хийгээгүй. Амаар тохиролцож сард хоёр зуун мянган төгрөг өгч байна гэж хэлсэн. Миний мэдэхээр Хүрэлгомбо өөрөө ирж авсан гэсэн. Би тухайн үед Дорноговьд байсан ... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
гэрчээр Н.Хүрэлгомбын ... 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би Зуунмод сумын Манзушир Өргөө хороолол буюу өөрийн гэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Хөшиг 4 дүгээр багт байх зуслан руугаа нүүж байхад Б залгаад Энхзолбоог мориноос унагаачихлаа чи ирэх үү гэхэд нь хүүхэд нь яасан юм бэ гэтэл үүдэн шүд нь хөдөлчих шиг боллоо чи ирэх үү гэтэл за би очлоо гээд гэрээсээ гараад орой 18 цагийн үед очсон. Тэгээд очиход Энхзолбоо орон дээр шоконд орсон мэт хэвтэж байсан. Тэгээд би аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлэгт үзүүлчээд Улаанбаатар хотруу ГССҮТ-ийн урд байдаг хувийн эмнэлэгт ороод гарны зураг бас тархи долгойны компьютерийн томограф орсон. Тэгээд ГССҮТ-ийн хүлээн авах руу 23 цагт оруулахад шууд хэвтэх бичиг хийж өгөөд 12 цагийн үед гарыг нь гипсдүүлээд хэвтүүлсэн. 2019 онд цагаан сараас хойш гурван сар морио унуулж байсан. Тэгээд ээж аавтай нь тохиролцоод ирэх жилийн 5 дугаар сарын 01-ний хүртэл морио унуулахаар тохиролцсон байсан... ... Би тухайн үед 3, 4, 5 сарын мөнгө гэж нийт 300.000 төгрөг сард 100.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд 6 сараас хойш тохиролцоно гэж хэлсэн. Тухайн үед Энхзолбоог Б энэ морийг унаад энэ хүүхдийг хөтлөөд яв гээд Бийн морьний хүүхдийг хөтлөөд Бийн соёолон саарал үрээг унуулаад явуулсан. Тэгээд буцаж ирэх замдаа гэрийнхээ ойролцоо унасан. Гарсан зардал нийт нэг сая гаран болсон. Бас нийг гурван зуун мянган төгрөг өгсөн. Үлдсэн зардлыг нь би гаргасан. Энхзолбоог нүдээр харахад үүдэн шшүднүүд, эрүүний яс, гарын бугалганы яс хугарсан байсан... ... Энхзолбоогийн ээж нь надаас морь чинь номхон уу, найдвартай юу гэж асууж байсан. Өөр юм асуугаагүй. Энхзолбоогийн ээж нь Энхзолбоог урд жил нь хүний морь унаж байгаад 10 хоноод ирсэн. Морьноос хасагдсан. Морь тавьж өгдөг банди нар зоддог байсан юм шиг байна лээ. Танайд тийм хүүхэд байхгүй биздээ чи өөрөө харж хандана биздээ гэж хэлж байсан. Би манайд тийм зүйл байхгүй. Би өөрөө хажууд нь байна ангийн хүүхэд нь хажууд нь цуг байна гэж хэлсэн. Анх би Энхзолбоог морь унуулхаас санал тавьсан. Б манай хажууд байдаг. Б өмнө нь Энхзолбоогоор морио унуулж байгаагүй. Өмнө нь морио унуулж байгаагүй. Тухайн үед Энхзолбоог морио уначихаа гээд унуулсан юм шиг байна лээ ... /хх-ийн 31-32, 40 дүгээр хуудас/,
иргэний хариуцагчаар Н.Хүрэлгомбын ...Миний хувьд сайн мэдэхгүй байна. Анх би Энхзолбоог ээжээс нь би зөвшөөрөл авч явсан бөгөөд миний өөрийн уяж байсан моринд миний хүүхдүүд хүрдэггүй байсан болохоор би хүүхдээ хүнд өгдөггүй байсан юмаа. Намайг тухайн аймгийн төвд дээрх байрнаасаа нүүж байхад надад хэлэлгүйгээр Б адуунаасаа барьсан хүн ойрд унаагүй байсан морийг унуулсан байсан... /хх-ийн 74 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Бийн... Миний хувьд тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 5 дугаар багийн нутаг Өлзийтийн ам гэх газарт морь уяж байсан юмаа. Тэр үед Төв аймгийн төв дээрээс нэг уяан дээр морь уяж байсан Хүрэлгомбо Энхзолбоо гэдэг хүүхдээр морио унуулахаар авч ирсэн байсан юм. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим байсан байх соёолон насны саарал моринд ажил хийхээр Энхзолбоогоор унуулаад давхил хийгээд 3 орчим киллометр газар яваад эргэж ирээд уяаруугаа явах замд хамт явж байсан морь үргэсэн. Тэгтэл Энхзолбоо морин дээрээс баруун тал руугаа ойчсон. Тэгтэл морь нь өшиглөчихсөн юм. Тэгээд шууд машинд суулгаад гэртээ авч ирэхэд шүд нь хөдөлчихсөн байсан болохоор Хүрэлгомбыг дуудаж аймгийн эмнэлэгт хүргүүлсэн байгаа. Ерөнхийдөө тэнд байсан хүүхдүүдээр хэн хэн гэхгүй морио унуулдаг байсан. Тухайн өдөр Энхзолбоог морь унуулна гэж Хүрэлгомбоос ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Тухайн морь бол миний өөрийн морь байсан. Тухайн морийг Энхзолбоо өмнө нь нэг ч удаа унаж байгаагүй. Миний хувьд бол эхлээд эмчилгээний зардалд зориулж 150.000 төгрөг, дараа нь хагалгаанд оруулахаар 200.000 төгрөг, эм тарианд 80.000 төгрөг, шүдийг нь эмчлүүлэхэд 150.000 төгрөг, хоолын нэг хонь өгсөн. Мөн ойр зуурын хэрэглээнд нь 200.000 төгрөг өгч байсан. Эдгээр зүйлийн баримтууд нь бол бүгд байгаа. Манай уяан дээр ирээд 10 гаран хонож байсан... /хх-ийн 67-68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаартай ...Э.Энхзолбоогийн биед эрүү ясны хугарал, баруун атгаал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн-ийн 16 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогчийн төрсний гэрчилчилээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 20 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, БиТи меди Солонгос эмнэлэгийн Жүн Ан сургуулийн хариу /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 80-83 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 84-87 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Бийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өлзийт ам” гэх газарт 11 настай Э.Энхзолбоогоор хурдан морь унуулж, улмаар Э.Энхзолбоо нь морьноос унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгэээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэг нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд баримттай 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөг, баримтгүй 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэгийн баримттай нэхэмжилсэн 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Бээс гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэгт олгохоор,
мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэгийн баримтгүй нэхэмжилсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг энэ талаарх баримтаа бүрдүүлж, иргэний хариуцагч Н.Хүрэлгомбоос,
мөн насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоогийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Д.Бээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол, хор уршгийг төлөх талаар хандаж байгаа нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг гурван зуун жаран цагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1934005040006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Д.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934005040006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Бээс 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НС88060763 дугаарын регистртэй Боржигон овгийн Шаравжамцын Ганцэцэгт олгосугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НС88060763 дугаарын регистртэй, Боржигон овгийн Шаравжамцын Ганцэцэг нь эмчилгээний зардалтай холбоотой 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, иргэний хариуцагч Хоньт овгийн Нарангэрэлийн Хүрэлгомбоос,
мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б Д.Бээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН