Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/27

 

                          2018.02.06                                         2018/ШЦТ/27

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                  Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                  Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

                   Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

              Гэрч Ц.Чулуунсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, хялбаршуулсан журмаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхамсүрэнгийн Лд холбогдох эрүүгийн 1719000000102 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.Л

           Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Л.Л нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр О.Ө маргалдаж улмаар түүний толгойд гитараар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

                   Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэр бүлтэйгээ хааяа маргах зүйл байдаг байснаас биш зодох асуудал байдаггүй байсан. 10 сарын 21-ний өдөр би чамаас сална 20 000 000 төгрөг өг тэгэхгүй бол би хуулийн байгууллагад хэлнэ гэж хэлсэн мөнгө авах зорилгоор ийм мэдүүлэг өгсөн байх. Энэ байдлаас болоод ажил болон нэр хүндээрээ хохирч байна. Иймээс үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна” гэсэн мэдүүлэг

                     Гэрч Ц.Чулуунсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Тэр шөнө өөрийн байранд засвар хийгээд 23 цаг гээд амарсан. Шөнө хаалга балбаад нээхэд Ө орж ирээд загнасан. Би дотуур өмдтэй байсан учраас жижиг өрөө рүүгээ ороход хойноос орж ирээд загнаад ойр зуурын жижиг зүйл авч шидээд хашгичаад эхэлсэн. Хэсгийн төлөөлөгч орж ирээд юу болоод байгаа юм гэхэд би агсан тавиад байна гэхэд аваад гарсан. Өглөө 7 гэхэд Л ирэхээр нь юу болов гэхэд эхнэр агсан тавиад шөнө ажил дээр хонолоо гэж байсан. О.Ө нь тухайн өдөр нилээн согтолттой байсан...Бичлэгээс харахад Ө гайгүй байна, манай гэрт орж очих үедээ үүнээс илүү согтолттой байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний хувьд анх 2009 оны 04 сард Л танилцсан юм. Тэгээд 2011 оны 12 сард Л хамт нэг гэрт орж хамт амьдрах болсон ба 2014 оны 04 сарын 19-ны өдөр гэр бүлээ батлуулсан юм. Л  бид 2 хоёр талаасаа гэр бүл болохдоо нэг нэг хүүхэдтэй гэр бүл болж байсан юм. Анхандаа бол их л гайгүй байсан ба сүүлдээ намайг хардаж сэрдээд зодож нүдэж, байнгын дарамтанд байлгах болсон юм. Тэгээд хамгийн анх Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтруу манай нөхөр Л томилогдон ажилласан юм. Тэгэхэд нь би мөн дагаж явсан юм. ...Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л хуучин эхнэртэйгээ маргалдсан уу яасан мэдэхгүй тэр хүнд гаргасан уураа надад гаргаад байсан юм. Тэгээд л намайг зодсон ба би тухайн үед хэсгийн төлөөлөгч а/х Гэрэлт-Одод би очиж хэлсэн гэтэл араас Л хүрээд ирсэн тэр үед хэсгийн төлөөлөгч Гэрэлт-Од би энэ хүнийг явуулахгүй чи өөрөө явж амар гэж Лхасүрэнд хэлээд явуулсан юм. Тэгээд би нэг хэсэг цагдаагийн байранд сууж байгаад хэсгийн төлөөлөгчид би одоо ер нь гэрээдээ харья тэгэхгүй бол дараа нь мөн хардаж сэрдээд байлгахгүй гэсэн юм. Тэгээд хэсгийн төлөөлөгч надтай хамт манай гэрт очоод манай нөхөрт хэлж яриад энэ хүнийг одоо зүгээр амраагаарай гэж хэлэхэд Л би одоо зүгээрээ гэсэн юм. Тэгээд л хэсгийн төлөөлөгч яваад өгсөн ба түүний дараа нь дахиад намайг чи миний нэр хүндийг унагалаа цагдаад хэллээ гээд зодох гээд босоод ирэхээр нь би хэсгийн төлөөлөгч рүү дахин залгаж яриад энэ хүн чинь зодох гээд байна гэж дуудсан юм. Тэгээд л Гэрэлт-Од орж ирээд чи яагаад хүн амруулахгүй зовоогоод байгаа юм бэ чи өөрөө надтай хамт яв энэ хүн эндээ амраг гээд Лг аваад явсан юм. Тэгээд би тэр өдөр зодуулаад маргааш нь эмнэлэт үзүүлсэн юм. Ер нь бол Л нь архи дарс нээх уугаад байдаггүй ба өөртөө тохируулаад согтохгүй уугаад байдаг юм. Намайг зодох дарамтлахдаа бол дандаа эрүүл саруул өөрийн ухаантай байсан юм. Намайг 2014 оноос эхлэн байнга удаа дараа зодож бие эрхтэнд гэмтэл учруулан, сэтгэл санаагаар дарамталж маш их хэцүү байсан юм гэсэн мэдүүлэг Гэрч Э.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 сарын дундуур Ө шөнө дуудлага өгөх гэж ирэхдээ дух хэсэгт нь бага зэрэг шалбарсан байсан. Би яагаад шалбарсан талаар нь тодруулахад яаснаа сайн мэдэхгүй байна гээд байсан, гарах гэж байхдаа хаалга мөргөв үү яасан юм бол гээд байсан. ..Ө дуудлага өгөх гэж ирэхдээ бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг Гэрч Ж.Цэемаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед Өын духан дээр хавдар үүссэн хөхөлбөр туяатай байсан. Мөн толгойн хэсэгт нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан ба хүзүү хэсгийг тонгойлгож үзэхэд их хөшингө эмзэглэлтэй ёолж байсан гэсэн мэдүүлэг, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 19-20, 31/ Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 78-89/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгч Л.Лд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Лг 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр О.Өтай маргалдаж улмаар түүний толгойд гитараар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. 2017 оны 10 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч О.Өын биед тархи доргилт гэмтэл учирсан болох нь 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 04/029 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Хьюндай эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх, гэрч Ж.Цэемаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч энэ нь шүүгдэгч Л.Лг хохирогч О.Өын биед хөнгөн гэмтэл учруулсныг нотлосон баримт биш юм. Хохирогч О.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...нөхөр Л нь толгой руу гитараар цохиод тэрнээс болоод би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...”гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогчийн мэдүүлгээс гадна өөр бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Гэрч Ц.Чулуунсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О.Ө нь тухайн өдөр нилээн согтолттой байсан...Бичлэгээс харахад Ө гайгүй байна, манай гэрт орж очих үедээ үүнээс илүү согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.ГэрэлтОдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 сарын дундуур Ө шөнө дуудлага өгөх гэж ирэхдээ дух хэсэгт нь бага зэрэг шалбарсан байсан. Би яагаад шалбарсан талаар нь тодруулахад яаснаа сайн мэдэхгүй байна гээд байсан, гарах гэж байхдаа хаалга мөргөв үү яасан юм бол гээд байсан. ..Ө дуудлага өгөх гэж ирэхдээ бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт хавсаргасан CD бичлэг зэрэг нотлох баримтаар 2017 оны 10 сарын 20-ноос 21- нд шилжих шөнө хохирогч О.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх ба хохирогч О.Ө нь согтууруулах ундаа хэрэглэснээс биеэ хэрхэн авч явах чадвартай байсан, шүүгдэгч Л.Л нь гитараар толгойд нь цохьсон гэдгийг хэрхэн яаж нотолсон нь тодорхой бус байгаа энэ байдал нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд нотолж тогтоосонгүй гэж үзлээ. Шүүгдэгч Л.Лгээс гар утсан дээрх бичлэгээ CD-нд хуулж прокурорын шатанд өгснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10-т зааснаар прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргасан байх тул шүүхээс уг бичлэгийг хэрэгт хамааралтай нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэлээ. Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заажээ. Иймд шүүгдэгч Л.Лд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Л.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэр бүлийн хамраарал бүхий өөрийн эхнэр О.Өын толгойд гитараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч Л.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гитар, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гитарыг Л.Лд олгож, CD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

             1.Дорноговь аймгийн прокурорын газраас Л.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.                          

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг аймгийн прокурорт буцаасугай.

                   3.Шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

              4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор өнгийн гитарыг Л.Лд олгож, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалсугай.

                  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН