| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/03354/И |
| Дугаар | 2961 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30В-56 тоотод оршин суух, Боржигин овогт Оюуннэмэхийн Нямцэрэн /РД:УУ89052804/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30В-56 тоотод оршин суух, Шарнууд овогт Нямдэлэгийн Эрдэнэсайхан /РД:ЧГ79021715/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хишигмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Н миний бие 2008 оны 12 сард нөхөр Н.Э тай танилцан үерхэж эхэлсэн. 2009 оны 03 сард аав, 2009 оны 06 сард ах маань зуурдаар нас барсан. Н.Э ыг хань татаж хамт амьдрах болсон. Тэр үед би ОУСдээд сургуулийн төгсөх курсын оюутан байсан. Бид 2009 оны 12 сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Би 2009 онд жирэмсэн болсон. 2009 оноос нөхөр Н.Э ы ааш зан хувирч, үл ялих зүйлээр өөнтөглөж, цохиж зодох болсон. Аавын машиныг унаад бид хамт явж байхад хамбын овоо дээр гарч хамт үхнэ, эсвэл би үхнэ гээд өөрийн гэдэс, хэвлийн тус газар архины шилний хагархайгаар сийчээд хаясан тэгэхэд би 7 сартай жирэмсэн байсан ихэд айж цочирдон цусны даралт ихсэж, маш ихээр уйлж байсан. Энэ тухай ах болон ойр дотны хүмүүст хэлэлгүй өнгөрүүлсэн. 2010 оны 02 сарын 12-ны өдөр охин Э.Цэлмэг төрсөн. 2010 оны 7 сарын 25-ны өдөр архи ууж агсан тавиад байхаар айгаад хаалгаа түжсэн байсан чинь байшингийн цонх хагалаад 5 сартай хүүхдээ аваад шал согтуу ээжийнхрүүгээ авч явсан. 2010 оны 10 сард Сүхээ гэдэг найзынхаа төрсөн өдрөөр архи ууж согтоод намайг зодож, монетон ээмэг, хүзүүний зүүлтийг тасдаж, өглөө үүрээр миний ахын гэрт согтуу өмсөж явсан савхин күртэкнийхээ ханцуй, энгэрийг урж тасдаад орсон байсан.
2010 оны 07 сард цагдаагийн баяр болж байхад надад агсам тавиад байсан тул Сонгинохайрхан дүүргийн цагдааг дуудаад цагдаа ирээд зохицуулах гэсэн боловч, цагдаа нартай хэрэлдээд эрүүлжүүлэх рүү аваад явсан гэх мэтчилэн удаа дараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны цагдаа, Дүүргийн цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч олон удаа туслалцаа авч байсан. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нийтийн байранд байхдаа ч гэсэн архи ууж, хардаж агсан тавьдаг байсныг 30 дугаар хорооны цагдаа, байцаагч бүгд мэднэ. Бүр сүүлдээ ЦЕГазрын жижүүр, ёс журамд дуудлага өгдөг байсан. Хамт ажиллаж байсан хэлтсийн дарга нар нь мэддэг болсон. 2010 оны 07 сарын 19-ний өдөр намайг зодож архи ууж агсам тавьж зодсон. Цагдаагийн ерөнхий газрын авто баазын даргын тушаалаар нөхөр Н.Э ы цагдаагийн ахлах цолыг нэг шат буруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2011 оны 02 сард миний бие Сонгино хайрхан Авто вокзалд билетийн кассчнаар ажилд орсон. Ажил хийж байх хугацаанд би албан байгууллагаас зохиогддог олон нийтийн ажил, баяр ёслолын арга хэмжээнд нөхрөөс айгаад огт оролцдоггүй байсан. Ажлын газрын эгч нэг удаа үргэлж зодуулан хөх цоохор явдаг байсныг хараад чи далматин шиг байх юмаа ямар ч хэцүү юм бэ гэж хэлж байсан. 2011 оны 08 сард ажлын газрын нягтлан бодогч Б.Энхбилэгтэй намайг хардаж, түүний тархи толгой нүүр амыг нь танихгүй болтол зодож тэр нийслэлийн цагдаад гомдол гаргасан. 5-6 жилийн ял авахаар боллоо гээд мэдүүлгээ өөрчлөөч гэж, ээжээс гуйж дахин зодоон цохио хийхгүй гэж байсан боловч, эрүүжүүлэхээс гарч ирэнгүүтээ манай ажил дээр ирж миний хувцас цамцыг урж, зодсон. Ингээд ээж бид хоёрыг Нийслэлийн цагдаагийн газрын хамгаалалтанд авч байсан. 2013 оны 11 сарын 19-ний өдөр хүү Э.Цэнгэл төрсөн. 2014 онд төрийн албан хаагчийн байрны лизинд хамрагдах болж, би аавынхаа үлдээсэн “Маzda Demo” маркийн авто машиныг 4,700,000 төгрөгөөр авсныг унаж байгаад 2,400,000 төгрөгөөр зарж амьдрал ахуйдаа зарцуулсан. Мөн цалингийн зээлээр авсан миний 9,000,000 төгрөгөөр авсан “Toyoto allion” маркийн авто машиныг 7,000,000 төгрөгөөр заруулсан. Би хамтран зээлдэгч болж, Моргажийн зээлд хамрагдан 3 өрөө байртай болсон. Байрныхаа ордерыг нөхөр өөрийнхөө нэр дээр гаргуулсан байсан. Би ээжийн тэтгэврийг 2 жилээр, авга эгчийнхээ тэтгэврийг 1 жилээр, өөрийнхөө цалинг 2 жилээр тус тус зээл авч 3 өрөө байраа тохижуулсан. Н.Э ы цалинг байрны урьдчилгаа болон төлбөрт өгдөг байсан. Бусад зардлыг нь би зохицуулдаг байсан. Орон байртай болоод болж бүтэх байх гээд хоёр хүүхдээ ойрхон цэцэрлэгт өгөөд амьдрал болж бүтэх байх гэж бодож байсан ч байдал өөрчлөгдөөгүй. Мөн л архи уусан, агсан тавьсан, хардсан байдалтай үе үе Баянгол дүүргийн цагдаа, Цагдаагийн ёс журамд дуудлага өгдөг, шөнө намайг болон хүүхдүүдээ унтуулдаггүй байсан. 2014-2015 онуудад дуудлага, өгсөн тэмдэглээ Баянгол дүүргийн цагдаагийн рапортонд тэмдэглэгээтэй байдаг. 2015 оны 10 сарын 21-ний өдөр жилийн намрын дунд сар гэр барьдаг сайн өдөр байсан. Нөхөр Н.Э айлын байрны найранд очиж архи уугаад 3 дахь хүүхдээ тээгээд хордлоготой гэртээ хэвтэж байсан намайг орноос татаж унагаад баашлаад байна гээд зодсон. Би айхдаа арай хийж гараад, автобусны буудал дээр зогсож байхад араас ирж хашгачин үсдэж зодохоор нь айж цочирдсондоо цус алдаж би утсаар ээжийг дуудсан. Ээж 102-т дуудлага өгсөн байсан. Ээжийн хүргэн ах нас бараад буяны ажилтай байсан. Тэнд цугласан ах дүү нар нь мэдээд Ёс журам дуудсан. Шөнөжин цагдаа, ёс журам, шүүх эмнэлэг гэж яваад маргааш нь хоёрдугаар төрөхөд очоод миний хүүхэд зулбасан. Мөн л байрны өр зээлтэй, ажил төрөлгүй ял шийтгэлтэй болох нь гээд цагдаагаас өргөдлийг нь буцаалгасан. Хэд хоноод дахиад л агсан согтуу тавьж зодоход 2015 оны 10 сарын 26-ны өдөр Цагдаагийн авто баазын дарга нь Н.Э ыг сануулж цалинг нь 20 хувиар хассан. Мөн цолыг нь 1 удаа бууруулж байсан. Өр зээлтэй байхад цалин бууруулж, чиний ээж та хоёр миний мууг үзлээ гээд удаа дараа архи ууж агсан согтуу тавьж дарамталдаг байсан. Хэзээ ч засрахгүй юм байна гээд 2014, 2015 онуудад Хан-Уул дүүргийн шүүхийн иргэний хэргийн Эвлэрүүлэн зуучлах төвд хоёр удаа хандаж байсан. Дахиад л 2015 оны 12 сарын 25-27-ны хооронд архи ууж агсан тавиад аргаа бараад дарга дээр нь орж нөхцөл байдлаа хэлсэн чинь яаж ч хэлээд ойлгодоггүй юм байна гээд ажлаас нь халсан. Залуу хүн өөр ажил төрөлд орох болно гээд ирээдүйг нь бодоод өөрийн хүсэлтээр нь гэсэн тушаалаар халсан. 2016 онд нөхөр ажилгүй болоод идэх хоол, татах тамхигүй, өр зээлээ төлж чадахгүйд хүрээд, бид хоёр Солонгос улс руу гарч ажиллахаар виз хүсч, виз гараад хоёр хүүхдээ хооронд нь салгахгүй гээд, Н.Э нагац ахыгаа гэр бүлтэй нь байрандаа байлгаад хоёр хүүхдээ харуулан үлдээж би ээлжийн амралтаа аван, ажлаасаа гарч нөхөр Н.Э тай хамт Солонгос улсруу ажил хийхээр явсан. Хүний газар луу хүүхдүүдээ орхиод амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэхээр нь гайгүй байлгүй гээд би хамт явсан. Очоод хэсэг хугацаанд гайгүй байснаа дараа нь удалгүй Сөжү архи уугаад элдвээр харааж, доромжлон нүд, нүүрийг минь хөх няц болтол нь цохиж, үс гэзгийг зулгаан хана мөргүүлж, элэг бөөрлүү цохиж зодсон. Би арга буюу 2, 3 удаа зугатаасан боловч, хүний газар, хэл ус сайн мэдэхгүй, очих газаргүй тул эргэж очоод арга эвийг нь олж амьдаръя гэсэн боловч улам бүр дийлдэхгүй болсон.
Би аргагүйн эрхэнд өмссөн хувцастайгаа гарч саунд хоноод өглөө нь ажил зуучилдаг хүнтэй холбогдож ажилд орж өөр газар амьдрах болсон. Би бүүр цөхөрч байна. Бид яагаад ч хамт амьдарч болохгүй юм байна. Олон янзаар хамт амьдрах гэж үзлээ. Цаашид эрүүл мэнд, амь насаа алдахгүй, бэртэж гэмтэхгүйн тулд тусдаа амьдарч байна. Бид Солонгост ирээд жил гаруй болоод байна. Би бага зэрэг англи хэлтэй, Солонгосоор ажил төрлийн холбоотой ойр зуурын юм ярьдаг болсон. Юу таарсан ажлаа хийж байна. Ингээд дээр дурьдсан 8, 9 жилийн бүхий л амьдралаа орхиод, тээж төрүүлсэн, өдий хүртэл өсгөсөн хоёр хүүхдээ үлдээгээд гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй болоод байна. Ядаж хоёр хүүхдээ ч гэсэн өөрөө авч өсгөмөөр байх юм. Харийн газар ажил хийж мөнгө төгрөг хуримтлуулж хүүхдүүдийнхээ сурч боловсорч, өсөж хөгжихөд нь тус дэм болж цаашдын амьдралд нь санхүүгийн байр суурьтай болгохын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Би ядаж нэг хүүхдээ ч гэсэн авах юм сан гэж үргэлж уйлдаг. Ядаж үр хүүхдүүдтэйгээ уулзаж учирч, эргэж тойрч баймаар байх юм. Надтай миний хүүхдүүдийг эхний нэг сар утсаар яриулдаггүй байсан. Одоо ч заримдаа холбогддог, заримдаа холбогддоггүй. Сүүлийн гурван сар фэйсбүүкээр холбогдоогүй. Нагац ах, бэр эгчдээ Н.Э хэлж, миний фэйсбүүкийг нь хаалгасан. Нөхөр Н.Э Солонгос улсаас монголд ирээд 40 гаруй насны, жолоочоос өөр мэргэжилгүй хүн мөн л архи ууж, агсан согтуу тавин хоёр хүүхдийг маань бүтэн нойртой хонуулахгүй зовооно гэдэгт эргэлзэхгүй байна. Бүгд найрамдах Солонгос улсад 2017 оны 8 сард нөхөр Н.Э д би хамт амьдарч болохгүй, хаана ч байсан бие биенээ ойлголцохгүй хардалт, архи ууж агсам согтуу тавьж байнгын зодоонтой байна. Хоёулаа гэрлэлтэй цуцлуулъя гэхэд, тэр хоёр хүүхэд, байраа авбал гэрлэлтээ цуцлуулж болно гэсэн болзол тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч байна. Хоёр хүүхэд, байраа түүнд өгөөд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Гэхдээ түүнд миний хүүхдийн эх байх эрхийг хэзээ ч зөрчихгүй, хүүхэдүүдтэйгээ байнга уулзуулж байх ганцхан хүсэлт тавьсан. Тэр хүүхдүүдтэйгээ уулзуулж байна гэсэн. Би хүүхдүүдийн амралтын болон боломжтой өдрүүдэд хүүхдүүдээ өөр дээрээ авч, уулзаж байх гэрээ түүнтэй тохиролцон байгуулсан. Иймд хүүхүүдтэйгээ амралтын болон боломжтой өдрүүдэд уулзуулж байх заалтыг оруулуулах хүсэлтэй байна. Ингээд бид харилцан зөвшилцөж, хүүхдийн болон эд хөрөнгийн маргаангүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар ярилцан харилцан тохиролцсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Н, Н.Э нар 2009 оны 12 сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байдаг. 2010 оны 02 сарын 12-ны өдөр охин Э.Цэлмэг, 2013 оны 11 сарын 19-ний өдөр хүү Э.Цэнгэл нарыг төрүүлсэн. Гэрлэгсэд 9 жил амьдрах хугацаандаа тааарамжгүй харьцаа үүсэж бие биетэйгээ зохимжгүй байдлаар харьцаж байсан талаар нэхэмжлэлд бичсэн байна. Гэрлэгсэд хамт амьдрах хугацаанд эхнэрээ хардах, муудалцах зэргээр маргаантай байдал үүсч, тэр байдлаас үүдэн нөхөр Н.Э нь архи уух эхнэртээ гар хүрэх байдал байсан гэдгийг үгүйсгэхгүй.
Гэрлэгсэдийн хоорондох таарамжгүй харьцаа нь үргэлжилсээр байсан бөгөөд тэр хоёр Солонгос улсад хамт явж ажиллах үед энэ байдал нь мөн үргэлжилсээр 2016 оноос тусдаа амьдрах болсон юм. Хоёр хүүхдээ Солонгос явахдаа өөрийн нагац ахындаа үлдээж явсан юм. Гэрлэгсэд цаашид хамт амьдрах боломжгүй гэдгийг хэн аль аль хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон байгаа юм. Хоёр хүүхдийн асрамжийн тухайд Р.Н Н.Э хоёр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдээ эцэг Н.Э ы асрамжид үлдээхээр тохиролцсон байна. Нэгэнт хүүхдийн асрамжийн асуудлаар гэрлэгсэд маргаагүй, хэдийгээр хүүхдүүдээ эцгийн асрамжид үлдээхээр эх нь зөвшөөрсөн ч гэсэн эцгийн нь зүгээс төрсөн эхтэй нь уулзахад ямар нэгэн саад тавихгүй болно. Нэхэмжлэгч өргөдөлдөө хүүхдүүдтэйгээ амралтын болон боломжтой өдрүүдэд өөр дээрээ авч, уулзаж байх талаар түүнтэй тохиролцсон тухай бичсэн байгаа тул үүнийг эцэг Н.Э нь ч зөвшөөрсөн байдаг юм. 2014 онд Н.Э нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас төрийн албан хаагчийн байрны лизинд хамрагдаж улмаар Моргажийн зээлд хамрагдан 3 өрөө байртай болсон юм. Энэ хугацаанд байрны урьдчилгаа болон зээл төлөх асуудлыг Н.Э нь өөрөө төрийн албанд ажиллаж байсан тул цалингаасаа шууд төлж явсан бөгөөд одоо ч гэсэн зээлээ төлсөөр байгаа юм. Энэ байрны хувьд гэрлэгсэд ямар нэгэн маргаангүй бөгөөд уг орон сууцыг Н.Э д үлдээхээр тохиролцсон. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Н.Э д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Р.Н, Н.Э нар 2008 онд танилцаж, 2009 оноос эхлэн хамтарн амьдарч, улмаар 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин Э.Цэлмэг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Цэнгэл нарыг төрүүлсэн болох нь №0151498 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 11 дахь тал/, Г-923 дугаартай болон 1116007286 бүртэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба тэд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтран амьдрах хугацаанд нөхөр Н.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүчирхийлэлтэй гэр бүл байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Цэлмэг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Цэнгэл нарыг эцэг Н.Э ы асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Э.Цэлмэг, хүү Э.Цэнгэл нарыг эцэг Н.Э ы асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Р.Нгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, зохигч шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Оюуннэмэхийн Нямцэрэн /РД:УУ89052804/, Шарнууд овогт Нямдэлэгийн Эрдэнэсайхан /РД:ЧГ79021715/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэрлэгчдийн дундаас 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Цэлмэг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Цэнгэл нарыг эцэг Н.Э ы асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Р.Нгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Нд олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА