Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/214

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М ад холбогдох эрүүгийн 201625021877 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ганган овогт Б.М , 1988 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Кибер зочид буудлыг ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 21-54 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар/Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.М  нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төвийн гадна хохирогч Д.Батцэрэн болон түүний найзуудыг Ардын намын шугамаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд хохирогч Д.Батцэрэн болон түүний найзуудаас 1.621.000 төгрөгийг,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байр 95 тоотод хохирогч Т.Мөнгөнзул, түүний дүү иргэн Н.Э  нарыг Ардын намын шугамаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 6 дугаар сарын эхэн үеэс 7 дугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд хохирогч Т.Мөнгөнзулаас 300.000 төгрөг, хохирогч Н.Э аас 300.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн хайхрамжгүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо их харамсаж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Батцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 20-ны үед Мөнгөнсувд гэж эмэгтэй Солонгос улс руу 6 сарын хугацаатай явуулж өгч чадна гэсэн тул түүнд итгээд эхлээд 250.000 төгрөг өгсөн. Үүний дараа Мөнгөнсувд нь “Солонгос улс руу явах өөр найз нар чинь байх юм бол бас явуулж болно” гэхээр нь дөрвөн найзыгаа явуулахаар болж 1.620.000 төгрөгийг өгсөн. Гэтэл 8 дугаар сарын 10-ыг хүртэл холбоотой байж байгаад үүнээс хойш огт утсаа авахаа больж алга болсон. Ингээд виз нь ч гарсан юм байхгүй, мөнгөө ч ав чадахгүй болсон тул би цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөнгөнсувд нь манай эхнэр Хандармаагийн найз бөгөөд эхнэрээрээ дамжуулан танилцаж байсан. Мөнгөнсувд нь хувиараа л ажил хийдэг гэсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сард сонгуультай холбоотойгоор намын шугамаар иргэдийг Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлж байсан юм. Би эхлээд өөрөө явах гээд 250.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг, нийт 380.000 төгрөг. Үүний дараа найз нар болох Ууганбаатараас 380.000 төгрөг, Ганхуягаас 330.000 төгрөг, Дашдондогоос 330.000 төгрөг, Баатараас 250.000 төгрөг авч Мөнгөнсувдад өгсөн. Гэтэл Мөнгөнсувд нь виз гаргаж өгөхгүй алга болсон тул би Ганхуяг, Ууганбаяр, Дашдондог, Баатар нарт мөнгийг нь өөрөөсөө гаргаад өгчихсөн юм. Одоо бол би Мөнгөнсувдаас 1.620.000 төгрөг авч чадахгүй хохирчихоод байгаа юм. Ардын намын шугамаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд сургалтанд суулгаад 9 дүгээр сардаа багтаагаад Солонгос улс руу 6 сарын хугацаатай виз гаргаж өгч чадна гэсэн юм. Бид нар Ардын нам дээр очиж уулзаж үзээгүй. Мөнгөнсувд өөрөө бүх зүйлээ зохицуулчихаад дуудна гэдэг байсан. Мөнгөнсувд 8 дугаар сарын 10-ыг хүртэл утсаа авдаг байсан бөгөөд утсаар ярихаар Ворлд Кореа дээр сургалт болно. Эхний ээлжийн хүмүүсийн сургалт хойшлоод жоохон удаад байна. 8 дугаар сарын 10-ны өдөр 9 цагт сургалт эхэлнэ гэхээр нь тэр өдөр нь шууд Ворлд Кореа дээр очсон чинь манайх ийм сургалт явуулаагүй, та нар хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ гэхээр нь Мөнгөнсувд руу залгасан чинь утас холбогдохгүй болчихсон байсан. Нийт 1.620.000 төгрөгийг авсан. Үүнээс 1.300.000 төгрөгийг авсан үлдэгдэл мөнгөө аваар байна...” гэжээ /хх-9-10, 163/.

Хохирогч Т.Мөнгөнзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 3, 4-ний үед Мөнгөнсувд надад хандаж “..манай нэг танил эгч байдаг юм, тэр эгч ардын намаас гарсан намын хүн, намын шугамаар Солонгос явах боломж байна гэж байна..” гэхэд би “..өө тийм үү тэгвэл явъя л даа..” гэсэн. Тэгээд Мөнгөнсувдад 215.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатны дүү Энхбаатар Солонгос явах талаар Мөнгөнсувдаас сонсоод бас 215.000 төгрөг өгсөн. Би цаад намын явуулна гэсэн хүнтэй ерөөсөө холбогдоогүй, Мөнгөнсувд л тийм хүн байгаа гэж надад хэлсэн болохоор мөнгө өгсөн юм. Тэгээд дүү бид 2 хүлээж байтал 7 хоногийн дараа 36.500 төгрөг надад өгчих гэхэд нь дүү бид 2 бэлнээр өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа хот руу явна шүү гэж хэлж байсан. 7 хоног нь өнгөрөөд Мөнгөнсувд руу залгатал гар утас нь холбогдохгүй болчихсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа залгатал утсаа аваад найз нь хотод явж байна, чи яасан ядаргаатай залгадаг юм бэ гэхэд нь би чи яагаад алга болчихвоо гэтэл нөгөө намын эгчтэйгээ уулзаад явж байна, түр хүлээж бай гээд утсаа тасалсан. Тэгээд дараа нь би залгаад ерөөсөө утсаа авахгүй таг алга болчихсон. Тэгээд тэрнээс хойш дүү бид 2 хайгаад, гар утас нь ч холбогдохгүй алга болчихсон байж байгаад 9 дүгээр сард Эрдэнэтэд гудамжинд таараад чи яагаад алга болчихвоо, би чамайг зөндөө хайлаа, чи тэр Солонгос явуулна гэж худлаа ярьсан юм биш үү, хотод байгаа намын гээд байгаа хүнтэй чинь уулзъя, мөнгө явуулсан бол баримт энэ тэрийг чинь харъя гэтэл Мөнгөнсувд би чамд харуулна, чи түр хүлээгээд байж байлдаа би чамайг холбогдуулна аа, түр хүлээгээд байж бай энэ тэр гээд илт худлаа яриад байсан. Тэгээд итгээд хүлээгээд байж байсан чинь 9 дүгээр сард Мөнгөнсувд надтай ирж уулзаад “..за явах асуудал ерөнхийдөө болж байна. Одоо 76.000 төгрөг өгчих Солонгос хэлний сургалтанд суулгана гэхээр нь дүү бид 2 за гээд тус бүр 76.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш Мөнгөнсувдын утас нь холбогдохгүй, холбоо бариагүй одоог хүртэл сураггүй алга болсон. Сүүлд сонсоод байхад Улаанбаатар хотод бас хүмүүсээс Солонгос явуулж өгнө гэж мөнгө авсан сурагтай байсан. ...Одоогийн байдлаар дүү бид хоёроос нийлээд 600.000 орчим төгрөг авчихаад байна. Тус бүрдээ 300.000, 300.000 төгрөг авсан. Би энэ мөнгөө буцааж авмаар байна...” гэжээ /хх-13-14/.

Хохирогч Н.Э  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай хамаатны эгч Мөнгөнзул над руу 2016 оны 7 дугаар сард яриад Солонгос улс руу манай найз Мөнгөнсувд намын шугамаар виз гаргаж өгнө гэнээ би явна гээд виз гаргуулахаар 215.000 төгрөг өгчихлөө чи явах юм уу явна гэвэл эхлээд 215.000 төгрөг өгөх ёстой юм байна гэхээр нь би эгчдээ тэгвэл явъя л даа гэж хэлээд Мөнгөнсувдад 215.000 төгрөгийг би өгсөн. Ингээд байж байтал эрүүл мэндийн үзлэгийн мөнгө гэж 36.500 төгрөг өг гэнэ гэхээр нь өгсөн. Үүний дараагаар Солонгос хэлний сургалтанд суулгана 78.000 төгрөг өг гэхээр нь би мөн л түүнийг өгсөн. Ингээд би өөрөөсөө 300.000 төгрөгийг өгсөн юм. Үүнээс хойш Мөнгөнсувд утсаа салгаад алга болсон...” гэжээ /хх-154/.

Гэрч П.Ганхуяг мэдүүлэхдээ: “...2016 оны 8 сарын эхээр над руу миний найз Батцэрэн залгаад Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн байна. Чи явах уу найз нь явах гээд мөнгөө өгчихсөн байгаа эхний ээлжинд 330.000 төгрөгийг өгөх юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд за тэгье гэж хэлтэл Мөнгөнсувд гэдэг эмэгтэй байгаа юм тэр хүн виз гаргаж өгнө гэсэн энэ хүний данс руу шилжүүлчих гэхээр нь тэр дор нь данс руу нь шилжүүлсэн. Үүнийхээ дараа цээж зураг, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг өгөөрэй гэсэн шүү гэхээр нь би дээрх бичиг баримтуудаа Батцэрэнд аваачиж өгсөн. Виз 1 сарын дараа гарна гэж хэлсэн гэсэн. Тэгтэл виз гарахгүй байсан болохоор Батцэрэнгээс яасан юу болсон гэсэн чинь нөгөө хүүхний утас нь холбогддоггүй ээ чиний бичиг баримтыг өгч чадаагүй байна. Утас нь болохгүй байна гэж байсан. Сүүлдээ Батцэрэн нөгөө хүүхэн хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо найз нь чамайг ийм байдалд оруулсан юм чинь гээд миний тэр эмэгтэйд өгсөн мөнгийг өөрөөсөө гаргаж надад өгсөн...” гэжээ /хх-51/.

Гэрч У.Ууганбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын эхээр над руу Батцэрэн залгаад Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн байна чи явах уу найз нь явах гээд мөнгөө өгчихсөн байгаа чи явах юм уу гэж хэлсэн. Энэ үед нь би хөдөө байсан болохоор энэ тухайгаа Батцэрэнд хэлээд найз нь хөдөө байна 14 хоногийн дараа очно гэж хэдэн төгрөг юм бэ би очихоороо өгчихье гэж хэлсэн чинь за за тэгвэл найз нь чиний мөнгийг тэр хүнд өгчих үү гэхээр нь тэг тэг гэж хэлээд би зөвшөөрсөн юм. Батцэрэн миний өмнөөс виз гаргаж өгнө гэсэн хүндээ 380.000 төгрөгийг өгсөн байсан. Хөдөөнөөс ажил дуусаад хотод ирээд Батцэрэнтэй уулзаад одоо найз нь ямар бичиг баримт бүрдүүлж өгөх үү гэж асуусан чинь виз гаргаж өгнө гэж мөнгө авсан Мөнгөнсувд гэдэг эмэгтэйн утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй нь одоог болтол олдохгүй байгаа юм...” гэжээ /хх-52/.

Гэрч Д.Дашдондов мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сард Батцэрэн над руу залгаад Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн байна гэнээ би бас мөнгөө өгчихлөө. Хэрвээ явна гэвэл өнөөдөр 330.000 төгрөг өгөх ёстой юм гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд за тэгье мөнгө шилжүүлье гэж хэлтэл Мөнгөнсувд гэдэг хүний 5063141726 тоот данс руу шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дээрх мөнгийг шилжүүлсэн. Солонгос руу явах сургалт 7 хоногийн дараа болох юм гэнэ лээ гэж надад Батцэрэн хэлсэн. Гэтэл ямар ч сургалт болоогүй Мөнгөнсувд гэх эмэгтэй алга болчихсон гэсэн. Мөнгөнсувд гэдэг хүний данс руу шилжүүлсэн 330.000 төгрөгөө авсан. Мөнгөнсувдын өмнөөс Батцэрэн надад буцаагаад өгсөн...” гэжээ /хх-164/.

Гэрч П.Баатар мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ миний танил дүү Хандармаа надад хэлэхдээ Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн байна. Манай нөхөр явах гээд виз гаргуулахаар мөнгөө өгчихсөн. Нөгөө виз гаргаж өгөх хүн өөр явах хүн байна уу гэж байна. Та сонирхохгүй юм уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь итгээд би явъя гэж хэлтэл, эхлээд урьдчилгаа гэлүү, юуны мөнгө гэлээ 215.000 төгрөг, дараа нь 36.500 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлдээ виз гаргаж өгөөгүй, би Хандармаагаас мөнгөө нэхсээр байгаад өөрөөс нь 251.500 төгрөгийг гаргуулан авсан. Одоо болсон үйл явдлыг сайн санахгүй байна. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хандармаа нөхөр Батцэрэнгийнхээ хамт надад өөрсдөө эргүүлж төлсөн...” гэжээ /хх-160/.

Мөн шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-135/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн буюу хохирогч Д.Батцэрэнд 321.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Б.М  нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төвийн гадна хохирогч Д.Батцэрэн болон түүний найзуудыг Ардын намын шугамаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд хохирогч Д.Батцэрэн болон түүний найзуудаас 1.621.000 төгрөгийг,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байр 95 тоотод хохирогч Т.Мөнгөнзул, түүний дүү иргэн Н.Э  нарыг Ардын намын шугамаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 6 дугаар сарын эхэн үеэс 7 дугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд хохирогч Т.Мөнгөнзулаас 300.000 төгрөг, хохирогч Н.Э аас 300.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.М ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүгдэгч Б.М  нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч Д.Батцэрэн, Т.Мөнгөнзул, Н.Э  нар нь хохирол бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.М ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзээд хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганган овгийн Б.М ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.М аас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН