| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0110/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/24 |
| Огноо | 2017-03-17 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгч Б.Т******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т********д холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгч Б.Т******** нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг Цагаан бургасын сайр гэх газар Приус маркийн 13-77 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1.3 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг машинд зорчиж явсан иргэн Ц.Туул нас барсан, иргэн Х.Цэнд-Аюушийн бие махбодид жирэмслэлт тасалдалт бүхий хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Т******** нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг Цагаан бургасын сайр гэх газар Приус маркийн 13-77 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1.3 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасаас уг машинд зорчиж явсан иргэн Ц.Туул нас барсан, иргэн Х.Цэнд-Аюушийн бие махбодид жирэмслэлт тасалдалт бүхий хүнд гэмтэл учирсан гэм буруутай болох нь:
Хохирогч Х.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Т******** болон бусад хүмүүсийн хамт хоёр машинтай Улаанбаатар хотоос гарсан. Хотоос гарахдаа би Т********гийн унаж явсан машинд дүү Туул, эгч Эрдэнэцэцэг, дүү Б******** нарын хамт суугаад гарсан. Нөгөө машинд бусад хүмүүс суусан, мөн шарил ачаад хөдөлсөн....Эрдэнэтээс гараад бид гурав сааталгүй, бас болгоомжтой явсаар байгаад Булганы пост өнгөрөөд Т******** зогсож 04 цагаас 05 цаг 30 минут хүртэл унтацгаасан. Унтаж сэрээд шууд хөдөлсөн. Тухайн үед цас ороод шуурч байсан болохоор их болгоомжтой явсаар Хөвсгөлийн нутаг руу орж ирсэн. Тариалан өнгөрөөд Зүлэгтийн гүүр өнгөрөөд би Т********тэй юм яриад Их-Уул сумын талаар яриад сумын төв рүү дөхөж байгаа юм байна даа гээд ярьцгаагаад явж байсан. Тухайн үед миний гэдэс жаахан хатуураад байсан болохоор гар цүнхнээсээ эм олж уух санаатай доошоо тонгойсон явж байсан чинь Т******** болохоо байлаа гэх шиг болсон. Тэгтэл машин замын хажуу руу унах шиг болсон. Машин тас няс гээд наашаа цаашаа хөдөлж байсан. Нэг мэдэхэд би машин дотор ганцаараа жолоочийн суудал дамнаад хэвтсэн байсан. Тэгээд нүүрээ бариад үзэхэд цус болсон байсан. Хөлөө хөдөлгөж үзэхэд хөл мэдээтэй байсан. Тухайн үед Т******** машины гадаа яаваа гээд уйлаад Туул яаваа, Туулаа гээд явж байснаа Туул найдваргүй болсон байна гээд эргээд над дээр ирсэн. Тэгээд Т******** дуудлага өгөх гээд тэр хавиар гар утсаа хайгаад олохгүй болохоор нь зам руу гарч машин зогсоож байгаа бололтой байсан. Тухайн үед би хөдөлж л чадахгүй байсан болохоос биш болж байгаа үйл явдлыг мэдээд л байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд намайг машинаас гаргасан. Тэгээд сумын эмнэлэгт хүргэсэн....Т******** машинаа гайгүй л жолоодож явсан. Тэгэж хурдтай ч яваагүй, харин унтаж босч ирээд явахдаа хальт хальт хурдалж байсан. Гадаа гэгээ орсон байсан болохоор тэрүү жаахан хурдалсан байх. Машинаа бол сайн жолоодож явсан, шарваж мурийж янз бүр болохгүй байсан...Уг ослын улмаас миний 8 сартай үр зулбасан. Зүүн, баруун нийлсэн нийт 5 хавирга хугарсан. Хүзүүний арын сэртэн яс хугарсан. Одоо хамгийн зовиуртай байгаа нь зүүн талын гар хөндүүр байна, бусад нь хэвийн байна. Нарийн шинжилгээнүүд өгсөн ч хариу нь сайн, гайгүй гарсан байгаа...Надад Т********д гомдох зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг нь хамгийн хөнгөнөөр шийдэгдээсэй гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
Хохирогч Х.Б********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач эгч минь болохоор миний төрсөн эгч байгаа юм...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Т******** ах болон бусад ах эгч нарынхаа хамт хоёр машинтай Улаанбаатар хотоос гарсан. Хотоос гарахдаа би Т******** ахын унаж явсан машинд эгч нарынхаа хамт суугаад гарсан...Бид нар замдаа сааталгүй явсаар Эрдэнэт хотод ирсэн. Эрдэнэт хот руу орохын наад талд нь Т******** ахын машины жолооч талын урд дугуй хагарчихаар нь ослын дугуйгаа тавиад Эрдэнэт рүү орсон. Эрдэнэт хотод дугуй засварын газар хайгаад олохгүй явсаар байгаад Стана машиныг түрүүлээд Мөрөн рүү явуулахаар болж Т******** ахын машинаас Эрдэнэцэцэг эгч бид хоёр буугаад шарил ачиж явсан машиндаа суугаад Мөрөн рүү хөдөлсөн. Т******** ах Цэнд-Аюуш эгч, Туул эгч гурав Эрдэнэт дугуйгаа засуулах гээд үлдсэн...Т******** тэгэж хурдлаад давхиад байгаагүй. Хойно сууж яваад хааяа хянах самбар руу нь харахад 60-70 км цагийн хурдтай явж байсан, тухайн үед цас дөнгөж орж байсан болохоор зам халтиргаагүй байсан... Би Т******** ахаас юугаа нэхэмжлэх вэ дээ, нэхэмжиллээ гээд эгч минь босоод ирэх биш. Т******** ахын энэ хэрэг нь гайгүйхэн шиг өнгөрчихөөсэй л гэж хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 129 тоот: Ц.Туулын цогцост гэмтэл тогтоогдлоо. Ц.Туулын зүүн 1,2,3,4,5,6,-р хавирганы нэг болон хоёрлосон хугарал, зүүн уушигны урагдал, цусан хураа, зүүн уушгины авчилт, тархины дагз, зулайн дэлбэнгийн голомтлог зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун, зүүн атгаал яс болон зүүн шилбэ ясны далд хугарал, хацар, эрүү ясны ил хугарал, нүүр дээд, доод мөчдөд урагдаж, няцарсан эдийн дутагдал бүхий шарх, нүүр. цээж, мөчдөд цус хуралт. зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь авто замын осолд орох үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Дээрх гэмтлүүдийн зүүн 1,2,3,4,5,6-р хавирганы нэг болон хоёрлосон хугарал, зүүн уушгины урагдал, цусан хураа, зүүн уушгины авчилт тархины дагз, зулайн дэлбэнгийн голомтлог зөөлөн бүрхүүлийн цус. харвалт хавсарсан гэмтлүүд нь үхэлд шууд хүргэнэ. Ц.Туул нь нас бараад 6-аас дээш цаг болсон байна. Ц.Туулын цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ц.Түул нь зүүн 1.2,3,4,5,6,-р хавирганы нэг болон хоёрлосон хугарал уушигны урагдал, цусан хураа, зүүн уушигны авчилт, тархины дагз, зулайн| дэлбэнгийн голомтлог зөөлөн бүрхүүлийн цус харвалт баруун, зүүн атгаал яс болон зүүн шилбэ ясны далд хугарал, хацар, эрүү ясны ил хугарал, нүүр дээд, доод мөчдөд урагдаж, няцарсан эдийн дутагдал бүхий шарх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь онош хэсгээр батлагдана. Дээрх цогцосыг зөөвөрлөсөн гэх шинж тэмдэггүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 660 тоот: Б********ын Т********гийн биөд гэмтэл учирсан байна. Б********ын Т********гийн биед цээжний нэг нугалмын далд хугарал, тархи доргилт, нуруунд шарх бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтлээс үүдэлтэй сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 659 тоот: Халтарын Цэнд-Аюушийн биед гэмтэл учирсан байна. Халтарын Цэнд-Аюушийн биед жирэмслэлт тасалдалт, баруун талын таван хавирганы хугарал, хүзүүний нэг нугаламын арын сэртэнгийн хугарал, зүүн доод зовхинд шарх, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Тухайлбал зам тээврийн осолд орох үед үүсгэгдэнэ. Халтарын Цэнд-Аюушийн биед учирсан жирэмслэлт тасалдалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар гэмтлээс үүссэн үлдэц, уршиг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад таван хавирганы хугарал, хүзүүний нэг нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Зүүн доод зовхинд учирсан шарх, баруун шилбэнд учирсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн: 2016 оны 11-р сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Их уул сумын нутаг дэвсгэрийн асфальтон замд хөдөлгөөнд орлцож явсан тоёота приус маркын 1377 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т******** нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа.замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг мөн МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын /Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил/ 3.5-д Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, Зорчигч Ц.Туул нь: МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 4-р зүйлийн 4.1-д Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв...гэх дүгнэлт /хх-ийн 80-р тал/
Шүүгдэгч Б.Т********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө машинаар Улаанбаатар хотоос 21 цаг болох гэж байхад Мөрөн рүү гарсан...Эрдэнэтээс гараад сааталгүй явсаар Их-Уул сумын нутаг руу орж ирсэн, энэ үед машин дотор явсан Цэнд-Аюуш эгч, Туул хоёр сэрчихсэн бид гурав Тариалан сумын засаг дарга их мундаг ажилладаг хүн байна лээ гэх мэтээр юм яриад явж байсан. Тэгээд явж байтал гэнэт замын урд тал руу шарваад орсон, тэгээд нэг мэдэхэд машин маань гүүрний доод тал руу онхолдсон, би болохоор машинаасаа гарсан байж байсан, эргэн тойрноо харахад Цэнд-Аюуш машин дотор урд талын хоёр суудлыг дамнаад дээшээ хараад хэвтсэн байсан, Туул болохоор машинаас хол газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би зам руу гарч гар өргөж машин зогсоогоод Мөрөн рүү гэрийнхэндээ хэлсэн, тэгээд эмнэлэг цагдаа дуудсан...Би 80 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би бүсээ зүүсэн явсан, харин хойд суудал дээр суусан байсан Туул бүс зүүгээгүй явсан. Цэнд-Аюуш эгч жирэмсэн байсан болохоор гэдэс нь өвдөөд байсан болохоор бүсээ зүүгээгүй явсан гэсэн...Би Цэнд-Аюуш эгчийг жирэмсэн байсан учраас аль болох донслохгүй явахыг бодож байсан. Хальт тоормос гишгэх үед хойно тавьсан байсан ослын дугуй шарваад замаас гарсан байх гэж бодож байгаа. Би эгчийнхээ эмчилгээний зардал мөнгө, дүүгийнхээ оршуулгын зардал мөнгөнд хамжиж туслаж байгаа...гэх мэдүүлэг /хх[1]ийн 93-95-р тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11-р тал/ Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-17-р тал/ Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Т******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ¹1084691 дугаартай В ангилалын Б.Т********гийн жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн болон түүний хувийн байдал, ар гэрийн амьдрал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.
Харин шүүгдэгчид хуульд хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Буурал овогт Б********ын Т********г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б********ын Т********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар Б.Т********д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Т********д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.Т********гийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Т********гийн ¹1084691 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
7. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т********гийн урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ