| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00148/И |
| Дугаар | 2887 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13б байр, 122 тоот хаягт оршин суух, Хамжид овогт Тамирын Сэлэнгэ /РД: ЧИ71051004/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт оршин суух, Хуучид овогт Сайчины Шуураа /РД: ЧЙ54011661/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт оршин суух, н.Намжил нарт холбогдох,
Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Сэлэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.С 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хамаатан болох н.Мөнхтуяагаас маргаж буй хайшаа байшинг худалдаж авсан. Тухайн үед газар болон байшин нь шүүхийн маргаантай байсан. 2012 онд н.Зоригтбаатараас н.Бүжинлхамд, н.Бүжинлхамаас н.Азжаргалд, н.Азжаргалаас н.Мөнхтуяад, н.Мөнхтуяагаас Т.Сэлэнгээд зарагдаж олон өмчлөгч солигдож, хамгийн сүүлийн хууль ёсны өмчлөгч нь Т.С болсон. Хуучнаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2012 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй н.Азжаргалд холбогдох хувийн сууц болон газар худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн хуучнаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад 0325 тоот шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй н.Мөнхтуяа, Т.С нарт холбогдох худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эдгээр шүүхийн маргаан эцэслэн дуусаад нэхэмжлэгч Т.Сэлэнгийг хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон. Бодит байдал дээр очоод хашаа байшингаа эзэмших гэхээр Бүжинлхамын хамаатан гэх С.Ш гэдэг хүн байгаа. Энэ хүн хашаа байшинг хууль бусаар эзэмшчихээд суллаж өгөхийг шаардсан боловч гарч өгөхгүй маргаантай асуудал үүсгэчихсэн.
Үүнээс болоод Т.С хууль ёсны өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Тийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өмч хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаяг байрлах 77 метр квадрат талбайтай хувийн сууц, 249,89 метр квадрат талбайтай газрыг иргэн С.Шгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Н.Намжил нь тухайн газар, байшинд амьдардаггүй учраас Н.Намжилд холбогдох хэсгээсээ татгалзаж байгаа гэв.
Хариуцагч С.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ш нь нэхэмжлэлд дурдсан газар, үл хөдлөх хөрөнгийн эзэн биш, өмчлөгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нүүлгэн гаргавал зохих этгээд нь С.Бүжинлхам юм гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч С.Ш, н.Намжил нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч н.Намжилд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч С.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Т.С миний бие Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 249.89 м.кв талбайтай газрын өмчлөгч бөгөөд уг объектод С.Ш нь хууль бусаар амьдарч миний өмчлөх эрхийг зөрчиж байна... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...уг хашаа байшингаас нүүлгэн гаргавал зохих этгээд нь С.Бүжинлхам юм... гэж тайлбарлаж байна /хх-36 тал/.
Нэхэмжлэгч Т.С нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 249.89 м.кв талбайтай газрын өмчлөгч мөн болох нь 000281901 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000338610 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримт болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 6,7 тал/.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.
Хариуцагч С.Ш нь нэхэмжлэгч Т.Сэлэнгийн өмчлөлийн зүйл болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 249.89 м.кв талбайтай газартай хашаа байшинд амьдардаг болох нь хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх-31,77 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон ямар нэгэн бичгийн баримтыг хэрэгт өгөөгүй бөгөөд тухайн газарт хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болохоо нотлоогүй байна.
Иймд хариуцагч С.Шг нэхэмжлэгч Т.Сэлэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 249.89 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан Т.Сэлэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205011912 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц болон улсын бүртгэлийн Г-2205000574 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 249.89 м.кв талбайтай газрыг хариуцагч С.Шгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С нь н.Намжилд холбогдох хашаа, байшин чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Шгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Сэлэнгэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА