| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02590/И |
| Дугаар | 2792 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8/А-42 тоотод оршин суух, Боржигон овогт Батболдын Батмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, УБТЗ д холбогдох,
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тоот “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлж, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, О.Болдсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь 2011 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт Дотоод аудитын албаны орлогч дарга, Дотоод аудит, хяналтын албанд санхүүгийн аудиторын ажлыг 6 жил тасралтгүй хийж, шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцагийн удирдан хийсэн шуурхай хуралдаанаар 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тоот тушаалаар баталгаажсан байдаг. Уг тушаалын “ТУШААХ нь” хэсэгт “Шалгалтын хугацааг хоцроосон, шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан, шалгалтын материалыг шалгуулагч байгууллагад цахимаар урьдчилан мэдэгдэж шалгалтын явцыг задруулсан Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудитор Б.Бд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.” гэж тусгасан.
Шалгалтын хугацааг хоцроосон гэх үндэслэлийн тухайд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Худалдан авалт борлуултын алба, Тээш худалдааны төв, Зорчигч үйлчилгээний төвд хийсэн хяналт шалгалтын тайланг хоцроосон гэсэн үндэслэлээр буруутгасан. Эдгээр хяналт шалгалтын материалыг хоцроосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд удирдамжид заасан хугацаанаас хоцорч тайлан нэгтгэсэн нь миний буруутай үйлдлийн улмаас бус шалгуулагч байгууллагаас тодруулга, мэдээлэл, тайлбар гаргуулах, холбогдох баримт материалыг нягтлах, албаны даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу хяналт шалгалтыг зогсоосон зэрэг шалтгаанаас хойшилсон байдаг. Энэ тухайгаа өдөр тутмын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн дэвтэрт тусгаж хэлтсийн дарга болон албаны даргаар хянуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тухай бүр нь танилцуулж шийдвэрлүүлэн баталгаажуулж байсан. Гэтэл гэнэт 6 сарын 12-нд болсон хуралдаанаар энэ бүхэнд зөвхөн миний биеийг буруутай гэж үзэн үндэслэлгүйгээр буруутгасан.
Шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дотоод аудитийн хэлтсийн дарга Д.Сарантуяа нь миний биеийг өрөөнөөсөө түлхэж гаргасны улмаас толгойдоо доргилт авсан. Тэр шөнөдөө миний толгой маш хүчтэйгээр өвдөлт өгч байсан учир 5 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа ирэн ажиллаж байгаад Төмөр замын төв эмнэлгийн Мэдрэлийн эмчид 10 цаг 15 минутанд цаг авч үзүүлж улмаар физик эмчилгээ хийлгэн 13:00 цагт ажилдаа эргэн ирсэн. 15 цаг 40 минут хүртэл ажиллаж байгаад дахин өвдөлт өгсөн учраас эмчийн зөвлөсний дагуу бариач дээр очсон. Энэ өдөр эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн талаар эмчилгээний картанд тусгагдсан. 5 дугаар сарын 31-ний өглөө 8 цагт ажилдаа ирж дахин эмнэлгээр явж үзүүлэх болон Төмөр замын цагдаагийн газарт гомдол гаргахаар тухайн өдрийн 14 цаг 45 минут хүртэл явсан. Энэ тухайгаа Хэлтсийн дарга О.Болдсайханд мэдэгдсэн. Гэтэл мөн тус шуурхай хурал дээр шалтгаангүйгээр 2 хоног ажил тасалсан гэж дүгнэсэн. Миний ажлын цаг бүртгэл дээр энэ тухай тусгагдсан бөгөөд 5 дугаар сарын цалин хөлсийг минь бүрэн олгосон байдаг. Энэ бүхэн намайг 2 өдөр ажил тасалсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.
Шалгалтын материалыг шалгуулагч байгууллагад цахимаар урьдчилан мэдэгдэж шалгалтын явцыг задруулсан тухайд Шалгалтын явцад шалгалтын материалыг шалгуулагч байгууллагад мэдэгдсэн тохиолдол нэг ч байхгүй. Харин шалгалтын дүнг шалгуулагч байгууллагад танилцуулж хүлээн зөвшөөрсөн бол гарын үсэг зуруулж авах, хэрэв зөвшөөрөхгүй тохиолдолд тайлбар гаргуулан авдаг. Энэхүү үйлдэл нь бүх аудиторуудын хийдэг байсан үйлдэл. Шалгалтын дүнг танилцуулсан нь хяналт шалгалтын дүгнэлтийг өөрчлөх ямар ч үндэслэл болдоггүй бөгөөд өөрчилсөн тохиолдол байдаггүй. Дээрх 3 үндэслэлээр гэм буруугүй намайг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус юм. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29 дүгээр зүйлд “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт нь тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй.” гэж тайлбарласан. Гэтэл намайг буруутгаж буй үндэслэлүүд нь ямар ч үндэслэлгүй, ямар ч хохиролгүй, гэм буруугүй байхад хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тоот “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлж, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч УБТЗ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа:
Шалгалтын хугацаа хоцроосон, шалгалтын материалыг шалгуулагч байгууллагад цахимаар урьдчилан мэдэгдэж, шалгалтын явцыг задруулсан тухайд: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн СТ-61-01/70 Худалдан авалт, борлуулалтын албаны санхүүгийн тайлангийн аудит, хяналт шалгалтын удирдамж батлагдаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд аудитыг хөтөлбөрийн дагуу хийж, гүйцэтгэж, тайлагнах үүрэгтэй юм. Б.Б нь дээрх удирдамжийн дагуу тайлангаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэхэд өгөөгүй. Аудитын тайланг хэлтсийн дарга Д.Сарантуяа удаа дараа нэхсэн боловч өгөөгүй юм. Худалдан авалт, борлуулалтын албаны санхүүгийн тайланг өгөөгүй тухай тэмдэглэлийг Д.Сарантуяа 2017 оны 01 дүгээр сарын 18, 19, 20, 23, 24, 25, 26, 27, 30, 31, 2017 оны 02 дугаар сарын 01, 02, 03,-ны /авч чадсангүй, өгөөгүй, аваагүй гэсэн тэмдэглэгээнүүд тэмдэгдэгдсэн/, /хх6-20/, байна. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Худалдан авалт, борлуулалтын албаны тайланг Б.Бгаас авсан байдаг. Тайлан өгөх сүүлчийн хугацаа өнгөрч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 41 хоног хоцроосон. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СТ-61/01/14 Тээш худалдааны төвийн санхүүгийн тайлангийн аудитын удирдамж батлагдаж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Б.Б нь дээрх удирдамжийн дагуу тайланг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгч 21 хоног хоцроосон. Түүнээс тайланг шаардахад Тээш худалдааны төвд өгсөн, гарын үсэг зурж ирүүлээгүй байна гэсэн тайлбар өгсөн. Тээш худалдааны төвийн нягтлан бодогч Б.Золжаргал руу ярьж, тайланг шаардахад Б.Б өнөөдөр л и-мэйлээр өгсөн, бид уншиж, танилцаж байна гэсэн. /хх.21-24/. Тээш худалдааны төвд шалгалт хийсэн материалыг цахимаар явуулж, шалгалтын явцыг задруулсан. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СТ-61/01/18 дугаартай Зорчигч үйлчилгээний төвд явуулах санхүүгийн тайлангийн аудитын удирдамж батлагдсан. Тайлан өгөх эцсийн хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусгаж тайлагнах ёстой. Гэтэл тогтоосон хугацаанд тайланг ирүүлээгүй 35 хоног хоцроож, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн байна. Энэ тухай тэмдэглэгээ нь /хх- 25-27/ байна. Энэхүү үйлдэл нь УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 8.8.1-д заасан "Хяналт шалгалтыг явуулж байгаа алба, нэгж салбарын онцлогыг харгалзан албаны даргын тогтоосон хугацаанд явуулна" гэсэн заалт, Дотоод аудиторын албаны ажилтны ёс зүйн дүрэмд заасан шударга байх, бодитой байх гэсэн заалт, АБТ-ын 1.1-д Дотоод аудит хийж, ажлыг үр дүн хариуцсан хэлтэс, албаны даргад тогтоосон хугацаанд танилцуулна, 3.2-д Тогтоосон хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлийг гаргаж, тайлан, төлөвлөгөөний биелэлтийг хэлтсийн даргад танилцуулна, УБТЗ-ын Дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журмын 5.8-д Шалгалтыг явуулж байгаа шалгагч шалгалтын явцад авсан мэдээллийг шалгалтын зорилгоор өөрөөр ашиглах, шалгалтын хэсгийн шалгагч нар, удирдлагаас өөр хүнд мэдээлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн. Хугацаа бол хугацаа, дээрх аудитын шалгалтын тайланг удирдамжийн дагуу хугацаа тогтоож, тайланг ирүүлэх үүрэгтэй. Албаны дарга хяналт шалгалтыг зогсоо гэж хэлээгүй, харин ч тайланг хугацаандаа өг гэж шаардаж байсан. Гэтэл Б.Б нь ажилдаа хайнга хандаж, хугацаа хоцроосон нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон юм.
Шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан тухайд: 2017 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдөр ажилдаа ирээгүй. Албаны даргаас албан ёсоор чөлөө аваагүй юм. Дотоод аудит, хяналтын албаны хөдөлмөрийн дотоод журмын 9.6-д "Ажлын цагийн бүртгэл хариуцсан ажилтан сар бүрийн 12, 26-ны дотор цагийн табель болон үр дүнгийн шагналын тодорхойлолт гарган, санхүү болон цалин хөлсний ажилтанд өгнө" гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 6 дугаар сарын табель бичигдэж, Б.Б нь 05 дугаар сарын 30, 31-ний өдөр ажилдаа ирээгүй тул түүний цалингаас 2 өдөр хасаж тооцсон юм. Мөн журмын 9.2, 9.3, 9.6, 10.3-т зааснаар нэгжийн удирдлагад мэдэгдэж, чөлөө авах заалттай. Гэтэл удирдлагад мэдэгдээгүй. Б.Бгийн шалгалтын тайлангийн хугацаа хоцроосон талаар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Сарантуяа нь албаны дарга Ж.Пунцагт илтгэх хуудас бичсэн байдаг. Энэ дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16:00 цагт шуурхай хурал зарласныг илтгэх хуудаст цохож тэмдэглэсэн.
Дээрх шуурхай хуралд Б.Б нь оролцоогүй, 15:40 минутад гарч явсан тухайгаа нэхэмжлэлд бичсэн байна. Актаа ажил олгогчид өгөөгүй, нэгжийн удирдлага чөлөө олгоогүй юм. УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 12.2-т Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомж зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа чанаргүй дутуу гүйцэтгэсэн бол түүнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. “УБТЗ” ХНН-ийн даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь УБТЗ д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тоот “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлж, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
УБТЗ ын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тушаалаар Б.Бг “шалгалтын хугацаа хоцроосон, шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан, шалгалтын материалыг шалгуулагч байгууллагад цахимаар урьдчилсан мэдэгдэж, шалгалтын явцыг задруулсан” гэх үндэслэлээр түүний үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч байгууллага нь ийнхүү нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, УБТЗ ын дүрмийн 22.а, 22и заалт, болон Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцагийн удирдан хийсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэл болгожээ./хх-4 тал/.
Нэхэмжлэгч Б.Б УБТЗ д 2011 оноос эхлэн ажилласан гэх ба тэрээр тус сахилгын шийтгэл авагдах үедээ Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудитор гэх ажлын байранд ажиллаж байсан./хх-212тал/.
УБТЗ ын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А-71 дугаартай “зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалаар “Дотоод аудит, хяналт шалгалтын алба”-ыг “Дотоод аудит, хяналтын алба” болгон өөрчилж, тус газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б-1-86 дугаартай тушаалаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны санхүүгийн аудитор Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс эхлэн Б.Бг Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудитороор томилон, түүнтэй шинээр томилогдсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Замын нэгдүгээр орлогч дарга болон хөдөлмөрийн харилцааны албаны дарга нарт үүрэг болгосон байна./хх-212,213,216,217 тал/.
Энэхүү тушаалын дагуу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Бтай Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудиторын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудиторын ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулжээ./хх-58-59тал/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.4 дэх хэсэгт ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Бтай 2017 оны 02 дугаар сард байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байж ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Бд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа:
- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн СТ-61-01/70 дугаартай Худалдан авалт, борлуулалтын албаны санхүүгийн тайлангийн аудитын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хугацааг хэтрүүлсэн ба уг хугацааг хэтрүүлсэн болохыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн,
- 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СТ-61/01/14 дугаартай Тээш худалдааны төвийн санхүүгийн тайлангийн аудитын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийж дуусгах үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлсэн ба уг хугацааг хэтрүүлсэн болохыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн,
- 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СТ-61/01/18 дугаартай Зорчигч үйлчилгээний төвд явуулах санхүүгийн тайлангийн аудитын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусгаж өгөх үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлсэн ба уг хугацааг хэтрүүлсэн болохыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэн,
- Мөн Тээш худалдааны төвийн нягтлан бодогч Б.Золжаргалд хяналт, шалгалтын тайланг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахимаар явуулж, шалгалтын явцыг задруулсан болохыг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь дээрх удирдамжийн дагуу хяналт шалгалтын тайланг ирүүлэх эцсийн хугацааг өөрийн баталсан дээрх удирдамжууддаа тогтоож өгснөөр хугацаа хэтрүүлсэн гэдгийг хугацааны маргааш өдрөөс эхлэн мэдсэн гэж тайлбарлаж байна.
Иймд дээрх удирдамжуудад заасан хяналт шалгалтын хугацааг хэтрүүлсэн гэдгийг мэдсэнээс хойш буюу сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөний дараа 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн сахилгын зөрчилд ажилтны гэм буруу байгаа эсэхийг тогтоосон байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч Б.Б нь:
-2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн СТ-61-01/70 дугаартай удирдамжийн дагуу хийгдэх хяналт шалгалтыг санхүүгийн аудитор Л.Оргил, Д.Болорсүх, Б.Дэмчигжав нарын хамтаар,
-2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СТ-61/01/14 дугаартай удирдамжийн дагуу хийгдэх хяналт шалгалтыг аудитор Т.Батцэрэн, С.Дашдондог, Д.Болорсүх, О.Энхсайхан, О.Батцэцэг нарын хамтаар,
-2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СТ-61/01/18 дугаартай удирдамжийн дагуу хийгдэх хяналт шалгалтыг аудитор О.Батцэцэгийн хамт хийхээр удирдамжид тусгагдсан байна.
Гэтэл дээрх удирдамжуудын дагуу хяналт шалгалтыг хугацаандаа хийж, тайланг ирүүлээгүйд багийн бусад гишүүд гэм буруутай эсэх, тэд тухайн хяналт шалгалтын ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцсон болох, уг үүргээ биелүүлсэн эсэх, хяналт шалгалтын хугацаа хоцроосонд багийн гишүүдийн гэм буруутай үйлдэл байгаа эсэх талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр, тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Б.Бд хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн сахилгын зөрчилд зөвхөн Б.Бгийн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бг 2017 оны 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул 2017 оны 06 дугаар сарын цалингаас 2 өдрийн цалинг хасч олгосон гэж тушаалын үндэслэлээ тайлбарлаж байна.
Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа ирээд байж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 10 цаг 15 минутаас 13 цаг 00 минут хүртэл хугацаанд Төмөр замын эмнэлэгт үзүүлж ирээд тэр өдөр ажлаа үргэлжлүүлэн хийсэн, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр өглөө ажилдаа ирээд хэлтсийн дарга О.Болдсайханд хэлээд Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст очиж “2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хэлтсийн дарга Д.Сарантуяад зодуулсан талаар өргөдөл гаргасан”-ны дагуу тайлбар өгч, цагдаагийн байгууллагаас түүний эрүүл мэндийн байдалд шинжээч томилсон болох нь Төмөр зам дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Чанцалын тодорхойлолт, 5 дугаар сарын ирцын бүртгэл, 5 дугаар сарын цагийн табель хүснэгт, Төмөр замын эмнэлэгт үзүүлсэн тухай баримт болон нэхэмжлэгчийн эмчилгээний карт, гэрч н.Хишигжаргалын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-157,161,164-168,173/
Иймд нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажлын цагын дундуур гарч явсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул ажил олгогч “шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан” гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тоот тушаал нь дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцагийн удирдан хийсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэл болгосон байна./хх-117-134 тал/
Гэтэл хэрэгт авагдсан Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцагийн удирдан хийсэн хурлын тэмдэглэл нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр огноотой байхаас гадна тус хурлаас шийдвэрлэхдээ “дотоод аудитор Б.Б”-д 3 сар цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байхад “санхүүгийн аудитор Б.Б”-д сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.
Хэргийн 192 талд хариуцагч талаас 2017 оны 05 дугаар сарын ирцийн бүртгэлийг гаргаж өгсөн бөгөөд уг бүртгэлээр нэхэмжлэгч Б.Бг 2017 оны 05 дугаар сарын 30,31-ны өдрүүдэд нийт ажилласан цаг тус бүр “8” гэж тэмдэглэн түүнд хэлтсийн дарга Д.Сарантуяа гарын үсэг зурж баталгаажуулсан хэрнээ, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас 5 дугаар сарын ирцийн бүртгэлийг дахин гаргаж өгөхдөө мөн өдрүүдэд тасалсан цаг тус бүр “8” гэж тэмдэглэсэн бүртгэлийг гаргаж өгсөн.
Ийнхүү өмнө нь гаргаж өгсөн баримтаасаа өөр баримтыг гаргаж өгсөнөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарантуяа тайлбарлахдаа ...би андуурч бүртгэсэн байсан тул ажилласан 8 цагийг тасалсан 8 цаг болгож зассан гэж тайлбарлаж байх тул сүүлд гаргаж өгсөн ирцийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр УБТЗ ын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тушаалаар нэхэмжлэгч Б.Бд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалын дагуу 3 сарын хугацаанд Б.Бгийн цалин хөлснөөс нийт 1,895,988 төгрөгийг хассан гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч, маргахгүй байна. /хх-210тал/
Иймд нэхэмжлэгч Б.Бд сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ ын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу Б.Бгийн цалин хөлснөөс хассан 1,895,988 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар УБТЗ ын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-2-125 тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу Б.Бгийн цалин хөлснөөс хассан 1,895,988 төгрөгийг хариуцагч УБТЗ аас гаргуулан, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн цалин хөлснөөс хассан 1,895,988 төгрөгт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг УБТЗ д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УБТЗ аас улсын тэмдэгтийн хураамжид 45,286 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА