| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/30 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч Ш , түүний өмгөөлөгч Н.Батцэцэг, орчуулагч Х.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш д холбогдох эрүүгийн 1909035651372 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” нэртэй караоке дотор архидан согтуурсан үедээ С тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цагийн орчим Хятад, Өвөрмонгол хүмүүсийн хамт “... ” караокены 3 тоот өрөөнд хоол идээд архи ууцгаасан юм. Тэр үед Ш гэх Өвөр монгол хүн согтоод бидэнтэй хамт байсан Судо гэх хүнтэй маргалдаад байхаар нь салгаад суулгасан. Би салгаж суулгаад дөнгөж өөрөө суусан чинь Ш босож ирээд намайг цохиод авсан. Миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохьтол цуг байсан хүмүүс салгаад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 17-21 /
Гэрч Э.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг мэдсэн чинь хэрүүл маргаан болж байсан. Ц ах С гэх Хятад хүнтэй барьцалдаад авсан. Тэгээд би хөл муутай учраас оролцоогүй. Нөгөө цуг явсан хүмүүс маань салгаж аваад бүгдээрээ тарахаар болсон. Би Ц ах, Н нарын хамт такси бариад яваад өгсөн. Тэгсэн маргааш нь С гийн нүд хавдсан байна. Ц ахыг цохьсон гэж хэлсэн. Би С гийн нүдийг Ц ах цохихыг бол хараагүй. С, Ц ах нар цохьсон талаараа ярьж байсан гэжээ. / хх 31-33 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11194 дүгээр дүгнэлтэнд:
1. С гийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгарал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 40 /
Яллагдагч Ш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 49-51 /
Шүүгдэгч Ш г 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-51 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 64 / зэрэг болно.
Шүүгдэгч Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” нэртэй караоке дотор архидан согтуурсан үедээ С тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Ш гэх Өвөр монгол хүн согтоод бидэнтэй хамт байсан С гэх хүнтэй маргалдаад байхаар нь салгаад өөрөө суутал Ш босож ирээд намайг цохиод авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С гийн мэдүүлэг / хх 19-21 /, ...Ц ах С гэх Хятад хүнтэй барьцалдаад авсан. Маргааш нь С гийн нүд хавдсан байсан. Ц ахыг цохьсон гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэх Г-н мэдүүлэг / хх 31-33 /, ...С гийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгарал тогтоогдлоо. Хөнгөн зэргийн гэмтэл болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11194 дүгнэлт / хх 40 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ш г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тул түүний гэмт хэрэг шйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Сун Су нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 21 / гэсэн тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Ш д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ