| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01321/И |
| Дугаар | 2772 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД, 84-6 тоот оршин байгаа Э ХХК /РД-5810493/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64 дүгээр байр, 24 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдондовын Солонгоо /РД-КЮ84071466/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,625,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Д.С о, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.С о нь тус компанийн худалдан борлуудаг Е Vароr 3000i уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож, 2014 оны 6 сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 5,950,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 2,000,000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 790,000 төгрөгөөр тооцоо хийж 5 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон 7 удаагийн төлөлтөөр нийт 4,200,000 төгрөг төлсөн боловч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2014 оны 11 сарын 30-ны өдөр дуусгавар болсноос хойш нийт 885 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 6.2-ийн дагуу тооцвол алданги 1,548,750 болсон байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1,750,000 төгрөг болон алданги 850,000 төгрөг, нийт 2,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.С о нь шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э ХХК нь худалдах худалдан авах гэрээний төлбөр шаардаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрт очиж танилцуулга хийгдсэн. Энэ танилцуулга гадуур их хийгддэг. Ус цэвэршүүлэгч, тоос сорогч гэх мэтээр танилцуулга зөндөө байдаг. Ингээд гэрт орж ирээд танилцуулсан. Тэгээд танай бүтээгдэхүүн гоё байна таалагдлаа. Гэхдээ манай зүгээс авах боломжгүй гэсэн хариу өгсөн боловч зөвхөн таньд онцгой санал гаргаж байна гэх мэтээр ятгасан. Ингээд Д.С о нь залхаад зуслангийн байшин руугаа явлаа гэж хэлээд орхиод гараад явсан. Ингээд орхиж гарахдаа дүүдээ 100 ам.доллар үлдээсэн юм байна. Дүүтэй нь Д.С отой гэрээ хийсэн мэтээр гэрээ байгуулж, төрөөхөмжийг үлдээсэн байдаг. Ингээд нэгэнт тухайн төхөөрөмж үлдсэн учраас маргааш нөгөөдрөөс нь буцаагаад ав манайх ийм өндөр үнэтэй барааг төлөх боломжгүй байна гэж Э ХХК -д хандсан боловч таны байгуулсан гэрээнд төхөөрөмжийг буцаах зохицуулалт байхгүй гэдэг байдлаар хандсан. Ингээд тухайн үед Д.С о нь хууль зүйн мэдлэггүйн улмаас өнөөдрийг хүртэл 4,200,000 төгрөг төлж явсан байна. Энэ төхөөрөмжийг худалдаж авах хүсэл зориг байгаагүй байсан. Компани нэхэмжлэл гаргахын тул талуудын хооронд үүрэг үүссэн байх ёстой. Энэ үүрэг нь ямар байдлаар үүссэнийг нотолж байгаа баримт нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үйлчилгээний гэрээний үүрэг шаардаж байгаа. Талууд бол нэгэнт хэлцэл байгуулах замаар бичгээр гэрээг байгуулахаар сонгосон юм байна. Тэгээд хэлцлийг ямар тохиолдолд хийгдсэн гэж үзэх вэ гэхээр тухайн бичгээр байгуулсан хэлцэлд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж тооцох ёстой. Гэтэл энэхүү гэрээнд хариуцагч Д.С о гарын үсэг зураагүй. Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр бол гэрээнд зурсан гарын үсэг нь Д.С огийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт ирчихсэн. Д.С о нэгэнт гарын үсэг зураагүй учраас Э ХХК -тай худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлтэй болж байна. Нэгэнт үүрэг үүсээгүй учраас төлбөрийг төлөх үндэслэлгүй юм.Мөн уг бүтээгдэхүүний үнэ 300 ам.доллар байхад надад хэт өндөр үнээр зарсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Д.С о шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК -иас гаргасан хариуцагч Д.С ос 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 2,625,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Э ХХК нь өөрийн оруулж ирж худалдан борлуулдаг Е Vароr 3000i уураар цэвэрлэгч төхөөрөмжийг танилцуулахаар манай гэрт ирсэн бөгөөд тус бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн хямд үнээр зарж байгаа, та аваач гэж шахаж итгүүлсэн. Миний бие үнэхээр хямд үнээр уураар цэвэрлэгч төхөөрөмж авч байгаа юм байна гэж итгэсэн. Улмаар Э ХХК -ийн төлөөлөгч төхөөрөмжөө үлдээн явсан байсан. Нэгэнт төхөөрөмж манайд үлдсэн байсан мөн сүүлд тоног төхөөрөмжтэй адил төстэй бүтээгдэхүүнүүд нь маш хямдхан худалдагддаг болохыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл Э ХХК -ийн төлөөлөгч нь намайг төөрөгдөлд оруулж үнэтэй төхөөрөмж шахсан гэж үзэж байна. Иргэний хуульд гэрээг бичгээр байгуулж байгаа бол бичиг баримт үйлдэж гарын үсэг зурах ёстой. Гэтэл Д.С о миний бие Э ХХК -тай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээнд огт гарын үсэг зураагүй болно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан байгаа худалдах, худалдан авах гэрээнд байгаа Д.С о гэсэн гарын үсэг нь миний гарын үсэг биш юм. Иймд Э ХХК , Д.С о нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оноос эхлэн Е Vароr уураар цэвэрлэгч төхөөрөмжийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж эхэлсэн. Ингэхдээ айлуудаар бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулахдаа хэзээ ч шахаж, шаардаж, хуурч мэхэлж борлуулдаггүй. Харин тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, баталгаа, олон үйлдэлт чадваруудыг нь тухайн айлд танилцуулдаг байсан. Бүтээгдэхүүнтэй танилцсан айлууд худалдан авах эсэхээ өөрсдөө шийддэг. Гэтэл хариуцагч Д.С о нь хуурч мэхэлж, шахаж шаардаж тулгаж худалдсан мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдлыг гуйвуулж байна үзэж байна. Хариуцагч нь эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээдийн хувьд тухайн хэлцэл түүний үр дагаврын талаар ойлгосон байсан. Тухайн үед төхөөрөмжийг танилцуулахад Д.С о нь гэртээ байсан бөгөөд төхөөрөмжтэй нэг бүрчлэн танилцаж худалдан авах шийдвэрээ нүүр тулан амаар гаргасан юм. Үүний дагуу манай талаас гэрээний мэргэжилтэнгээ дуудахад хариуцагч нь ажилтай байна түрүүлээд гарлаа гээд иргэний үнэмлэх, урьдчилгаа төлбөрөө дүүдээ үлдээгээд явсан байдаг. Үүний дагуу гэрээний мэргэжилтэн нь хариуцагчийн үлдээсэн баримтад үндэслэн гэрээг байгуулж төхөөрөмжийн хамт үлдээсэн байдаг. 2014 оноос 2016 он хүртэл хариуцагч нь гэрээг хүлээн зөвшөөрч барааны үнийн дүнгийн дийлэнх хэсгийг төлж, тухайн төхөөрөмжийг эвдрэл гэмтэлгүйгээр эзэмшил, ашиглалтандаа ашигласаар ирсэн байдаг. Эндээс үзвэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой байна тул Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.С од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,750,000 төгрөг, алдангид 875,000 төгрөг, нийт 2,625,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.С о нь нэхэмжлэгч Э ХХК -д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.С отой 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу ахуйн цэвэрлэгээний “E Vabor 3000i” маркын төхөөрөмжийг 5,950,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Д.С о нь уг төхөөрөмжийн үнээс 4,200,000 төгрөгийг төлж, үлдэх 1,750,000 төлөөгүй гэж...” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч Д.С о нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байх ба үндэслэлээ...Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдсан, ... гэрээнд гарын үсэг зураагүй тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм... гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Э ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Д.С огийн гэрт очиж, “E Vabor 3000i” маркын төхөөрөмжийн танилцуулыг хийсэн, ...танилцуулга хийгдэж байхад хариуцагч Д.С о нь гараад явсан хойгуур Д.С огийн нэрийн өмнөөс дүү нь гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаанд 100 ам.доллар болон 20,000 төгрөгийг төлж, төхөөрөмжийг хүлээн авсан, улмаар уг гэрээний үүрэгт Д.С о нь 4,200,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба уг үйл баримтад зохигч маргахгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Нэхэмжлэгч Э ХХК -ийн ажилчид 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Д.С огийн гэрт нь очиж уг төхөөрөмжийн талаар танилцуулга хийснийг уг төхөөрөмжийг түүнд худалдах талаар хүсэл зоригоо ирлэрхийлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогддог.
Хариуцагч Д.С о нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд түүний гаргасан ...уг төхөөрөмжийн танилцуулга хийгдэхэд би өөрөө байсан, ... ажилтай байсан тул төхөөрөмжийн урьдчилгаанд 100 ам.доллар өгөхөөр дүүдээ үлдээгээд явсан, ... дүү миний нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурчих уу гэхээр нь тэг гэж хэлсэн, ...хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас 2014 оноос хойш гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг төлсөн гэх тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч талын төхөөрөмж худалдах хүсэл зоригийг хариуцагч Д.С о нь хүлээн авсан гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.С ос энэхүү гэрээний үүрэг шаардах эрхтэй.
Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3885 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-д зурсан гарын үсэг хариуцагч Д.С огийн гарын үсэг биш болохыг тогтоосон байх боловч энэ нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг заавал бичгээр байгуулах талаар хуулийн шаардлага байхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар талууд уг төхөөрөмжийг худалдах, худалдан авах талаар хүсэл зориг нэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч талын худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 875,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь гэрээний 6.2 дахь хэсэгт захиалагч энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлөлтийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хүү төлнө гэж тохиролцсоныг алданги тооцохоор тохиролцсон тохиролцоо гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний 6.2 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.С ос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, үлдэх 875,000 төгрөгний шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.С ос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, үлдэх 875,000 төгрөгний нэхэмжлэлийг болон худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 56,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 110,510 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С ос улсын тэмдэгтийн хураамжид 42,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА