Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0137

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Т, Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/748 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, 2012 болон 2013 оны төсөвт суутган шилжүүлсэн 532.145.506.67 төгрөгийн албан татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Эд мөнгөний хонжворт сугалаа гэдэгт юу орох талаар хуульчилсныг албан бичгээр мэдэгдсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч ХБ ХХК нь өөрөө ашгийн төлөө байгууллага тул хадгаламж эзэмшигчдийнхээ дунд ашиг олох зорилгоор уг аяныг явуулсан. Дээрх шийдвэр нь нэхэмжлэгч ХБ ХХК-ийн эрх ашгийг хохироогоогүй, хохирол учруулаагүй, ХБ ХХК нь өөрөө тайландаа тусгаж ирүүлсэн бөгөөд манай байгууллагын зүгээс тулган шаардаж төлүүлсэн, эрх ашгийг хөндсөн эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт, дүгнэлтийг гаргаагүй.

 

... ХБ ХХК нь суутгагчийн эрхийг эдлэх болохоос хадгаламж эзэмшигч нараа төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй, иргэдээс суутгасан татвараа ХБ ХХК өөрийнхөө бусад татварт суутгуулах эрх хэмжээ байхгүй. Тэгээд ч урамшуулал гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийнх байхад харилцагч нарынхаа дундаас санамсаргүй байдлаар сонгож урамшуулж байгаа нь өөрөө эд мөнгөний хонжворт сугалааны орлогын хэлбэрт хамаарна. ... Татварын хэлтсийн зүгээс захирамжилсан шинжтэй захиргааны актыг гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 15.4.4 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 22 дугаар зүйлийн 22.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын урамшууллын дүнгээс суутган төсөвт шилжүүлсэн 530.145.506.67 төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.А давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 22 дугаар зүйлийн 22.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын урамшууллын дүнгээс суутган төсөвт шилжүүлсэн 530,145,506.67 төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад даалгахаар заасан байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д ...төлбөрт таавар бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого..., 22 дугаар зүйлийн 22.1.3-д ...төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр..., 23 дугаар зүйлийн 23.2.3-д энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар... гэж заасан байдаг ба шүүх хуулийг хэрэглэхдээ татвар ногдуулах орлогын талаар заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, тогтоох хэсэгтээ дурдсан байна. Дээрх хуулийн зүйл, заалтыг шүүх хэрэглэж, баримталсан бол 530,145,506.67 төгрөгийг буцаан олгохгүй, улсын төсөвт хэвээр үлдээх талаар шийдвэр гарах байсан.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын урамшууллын дүнгээс суутган төсөвт шилжүүлсэн 530,145,506.67 төгрөгийг гэсэн нь буруу бөгөөд манай улсад татвар төлөгч өөрөө төлөх татвараа тайлагнаж ногдуулах тогтолцоотой. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т ...татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно..., 43 дугаар зүйлийн 43.1 ... татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бус хэлбэрээр татвар төлнө... гэж тус тус зааснаар хуульчлагдсан ойлголт юм.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-нд олгохоор заасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ...Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д ...хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна..., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д ...төсвийн байгууллагын нэхэмжлэл..., 41.1.4-д ...төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл... чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

1. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/748 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын дээрх албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна/, 4 дүгээр зүйлийн 4.2 / Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна/-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

 

Тодруулбал, дээрх албан бичгээр хариуцагч тухайн банкны төсөвт шилжүүлсэн албан татварыг бусад төрлийн татварын төлөлтөд тооцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүйгээ мэдэгдсэн нь захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүйг илэрхийлсэн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүх захиргааны акт болохгүй талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

 

2. ХБ ХХК-аас төсөвт суутган тооцсон 532.145.506.67 төгрөгийн албан татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

ХБ ХХК 2012-2013 онд өөрийн хадгаламж эзэмшигч, харилцагчдын дунд тэдгээрт урам өгөх, хөхүүлэн дэмжих, харилцагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Хуримтлалтай Монголын төлөө Хаслотто урамшуулалт аян-ыг өрнүүлж, зохих болзол хангасан иргэдээс 388 харилцагчийг санамсаргүй байдлаар сонгон азтанг шалгаруулж мөнгөн урамшуулал олгосон, энэ хүрээнд орлого олсон иргэдийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг суутгаж төсөвт шилжүүлснээ буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 /Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна/-д зааснаар ХБ ХХК-ийн урамшуулалт аянд оролцож, азтанаар тодорсон 388 иргэн нь албан татвар төлөгч болох бөгөөд тэдгээрийн төлөх татварыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 /суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг/, 26 дугаар зүйлийн 26.3 /Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ/-д заасны дагуу ХБ ХХК нь суутган авч, төсөвт шилжүүлэх үүрэгтэй.

 

Эндээс ХБ ХХК-ийн бусад төрлийн албан татварын төлөлтөд тооцуулах, эсхүл банкид буцаан олгуулахыг хүссэн 532145506,67 төгрөг нь уг банкны татвар төлөгчийн хувьд төлсөн төлбөр биш, харин татвар төлөгч нь тухайн орлогыг хүлээн авсан харилцагч байна.

 

Иймд Хуримтлалтай Монголын төлөө Хаслотто урамшуулалт аян-ны хүрээнд хадгаламж эзэмшигч, бусад харилцагчдын олсон орлогод холбогдох татварыг суутган ногдуулан төлснөөр ХБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Үүнээс гадна ХБ ХХК татвар төлөгч иргэдэд амласан урамшууллаа бүтнээр нь олгох зорилгоор тэдгээрийн улсад төлөх татварыг өөрийн хөрөнгөөс төлсөн нь 532.145.506.67 төгрөгийг шаардах эрхийг үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл бусдын төлбөрийг өөрийн хөрөнгөөс сайн дураар төлсөн харилцаа нь иргэний эрх зүйд хамаарах бөгөөд азтан болсон 388 харилцагчаасаа тухайн төлбөрийг нэхэмжлээгүй атлаа татварын байгууллагаас буцаан олгуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийжээ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/748 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн ХБ ХХК-аас төсөвт суутган тооцсон 532.145.506.67 төгрөгийн албан татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/748 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар 2012 болон 2013 оны төсөвт суутган шилжүүлсэн 532.145.506.67 төгрөгийн албан татварыг буцаан олгохыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР