| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2017/1140/и |
| Дугаар | 1689 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1689
Р.Амаржаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01140 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.Амаржаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Ариунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Р.Амаржаргал нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Б/175 тоот тушаал нь Нийслэлийн Засаг даргын A/626, A/635 дугаар захирамжуудыг үндэслэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэж байсныг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба гэж 2 салсан ба Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Р.Амаржаргалыг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн гэх тайлбарыг өгдөг. Нийслэлийн Газрын албанд миний гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажилтны орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалан үлдсэн байтал, өөр хүнийг томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Газрын алба, Өмчийн харилцааны газар гэж үйл ажиллагааны чиглэлээр нь салгаж ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан хувааж, эрхэлж байсан ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулан Р.Амаржаргалыг Нийслэлийн Газрын алба руу шилжүүлсэн гэх тайлбарыг өгдөг. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Б/175 тоот тушаал гарган Р.Амаржаргалыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Р.Амаржаргалын эрхэлж байсан ажил албан тушаалын шууд удирдлага буюу ажилд томилох чөлөөлөх эрх Нийслэлийн Газрын албанд шилжсэн байгаа бөгөөд бичиг хэргийн ажилтны орон тоо хэвээр байгаа. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнөөс хойш орон тоо 1 хэвээрээ хадгалагдаж байсан. Иймд Р.Амаржаргалыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Өмч, харилцааны алба хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг тус тусын үйл ажиллагааны чиглэлээр салгаж ажиллуулах чиглэл гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 тоот захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдолтой чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн бөгөөд газрын харилцаатай холбоотой холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагч, орон тоо, цалин, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Б/354, Б/175 тоот тушаалууд гарсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архив, бичиг хэргийн ажилтан Р.Амаржаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Газрын албаны мэдэлд чиг үүргийн дагуу шилжүүлсэн. Иймд Р.Амаржаргалын нэхэмжлэлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцах эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 тоот захирамж гарч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдолтой чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн бөгөөд газрын харилцаатай холбоотой холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагч, орон тоо, цалин, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг даргын А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба болж 2 хуваагдсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой хэсгийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн. Энэ захирамжийн 2 дахь заалтаар шилжин ирж байгаа ажилтан, албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллуулах үүргийг даалгасан боловч, манай бүтцийг Нийслэлийн Газрын харилцааны газар геодези зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны А/224 дугаар тушаалаар 178 орон тоотойгоор баталсан тул уг орон тоонд багтаан ажилчиддаа томилсон байдаг. Р.Амаржаргал нь анх 2013 онд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн үед архив, бичиг хэргийн ажилтны 1 орон тоо байсан. 2015 онд архив, бичиг хэргийн ажлыг салгаснаар бичиг хэргийн ажилтан болсон байна. Шинэ бүтцээр Баянгол дүүргийн газрын албаны архив, бичиг хэргийн ажлыг нэг хүн гүйцэтгэхээр болсон. Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалаар Нийслэлийн Газрын албаны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан. Нийслэлийн Газрын албаны шинэ бүтцээр архив болон бичиг хэргийн ажлыг нэг хүн гүйцэтгэхээр болсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилохоор заасан байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс тухайн ижил төрлийн алба хашиж байгаа албан хаагчдаас ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, алдаа дутагдал гаргаж байгаагүй албан хаагчдаас нэн тэргүүн ээлжинд томилж, ажил албан үүргээ хэвийн явуулж эхэлсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газрын харилцаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг Нийслэлийн Газрын алба руу шилжүүлсэн гэх боловч, албан хаагчдын нэрсийн жагсаалт, албан бичиг байдаггүй. Газрын албаны дарга өөрийн баталсан бүтэц, орон тооны хүрээнд албан хаагчдаа томилсон. Р.Амаржаргалыг буцааж ажиллуулах үүрэг хүлээгээгүй. Р.Амаржаргалын хувьд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт байхад нь албан тушаалаас чөлөөлөх талаар мэдэгдэж байсан. Мэдэгдэл дээр гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Р.Амаржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Амаржаргалыг Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлж тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн Газрын албанаас 3 620 574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Амаржаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Газрын алба нь нэхэмжлэгч Р.Амаржаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Амаржаргалын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн газрын албанаас 72 879 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны Б/354 дүгээр тушаалаар тус газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж албан хаагчдыг цалингийн сан, техник төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албаны мэдэлд шилжүүлсэн байх тул ажил олгогч Нийслэлийн Газрын алба нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтнуудыг ажлын байраар хангах, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэж дүгнэж байгаа нь 300 гаруй ажилтныг мөн адил Нийслэлийн Газрын албанд шилжүүлэн авна гэж ойлгогдохоор үндэслэлгүй дүгнэжээ.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосон ба Нийслэлийн Газрын албаны бүтцийг 178 хүртэл байхаар тогтоосон. Манай алба нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа геодези зураг зүйн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтааж ажилтан албан хаагчдыг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлж ажилласан.
2. Шүүх шинээр зохион байгуулагдсан буюу эрх үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч буюу Нийслэлийн Газрын алба нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэсэн. Гэтэл Нийслэлийн газрын алба тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, харин Нийслэлийн Өмчийн харилцааны газар албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, Р.Амаржаргалтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт “тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно” гэж заасан байх ба өмнөх бүтцээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар байхад “архивын ажилтан”, “бичиг хэргийн ажилтан” тус тусдаа орон тоо байсан боловч Нийслэлийн Газрын албаны бүтэц орон тоогоор энэхүү 2 албан тушаалыг нэгтгэн “архив, бичиг хэргийн ажилтан” хэмээн нэг орон тоо болгосон нь бичиг хэргийн ажилтан хэмээх ажлын байр байхгүй болсон гэж үзэхээр байна. Иймд Р.Амаржаргалын албан тушаал, ажлын байр нь шинээр батлагдсан орон тооны бүтцээр ажлын байр байхгүй болсон гэдэг нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/01 дүгээр тушаалаар нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Амаржаргалыг 2016 оны 10 дугаар сараас хойш ажил эрхэлж байгаа эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаарх лавлагааг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан боловч уг нотлох баримтыг бүрэн гүйцэд тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн, тухайн лавлагааг хэрэг маргаанд хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй хэмээн тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм.
Учир нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг үүргийг давхардах нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Р.Амаржаргал нь хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Р.Амаржаргал нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны Б/279 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажилласан болох нь дээрх тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 7-8, 68/
Хэргийн 71-75 дугаар талд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжууд авагдсан байх ба уг захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс Газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэн, албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, алба хаагчдын орон тоо, цалингийн сан зэргийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэн ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж, зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Р.Амаржаргалыг ажлаас чөлөөлжээ. /хх 6/
Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албанд шилжсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд Нийслэлийн Газрын алба нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтнуудыг ажлын байраар хангах, хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн хавсралт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаал, Нийслэлийн газрын албаны даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Нийслэлийн газрын алба, түүний хэлтсүүдийн болон дүүргүүдийн газрын албаны чиг үүрэг, орон тооны дээд хязгаар зэргийг тогтоон баталжээ.
Дээрх тогтоол, тушаал зэргээс үзэхэд ажилтан Р.Амаржаргалын урьд эрхэлж байсан албан тушаал, ажлын байр, чиг үүрэг нь шинээр батлагдсан орон тооны бүтцээр хэвээр байгаа болох нь тогтоогдсон, шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Нийслэлийн газрын албанаас 3 620 574 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Амаржаргалд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “аж ахуй нэгж байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй” гэж хуульчилж өгсөн байх тул хариуцагчийн гаргасан “... бичиг хэргийн ажилтан хэмээх ажлын байр байхгүй болсон ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй боломжгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Газрын алба нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ЦОГТСАЙХАН