Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Э.Д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Насанжаргал,

шүүгдэгч Э.Д ын өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Г.Бат-Очирын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Э.Д холбогдох эрүүгийн 1809024330644 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Э-ийн Д, 19... оны ... дугаар сарын ..-ний ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................./;

 

Э.Д  нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаанд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Баярсүрэнг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Э-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Э.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Г.Бат-Очир бичсэн эсэргүүцэлдээ: “...Э.Д  нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаанд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Баярсүрэнг бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Тус прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэн нь яллагдагч Э.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 540А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Х овгийн Э-ийн Д-ыг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь:

Шүүгдэгч Э.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа эхнэр Ц.Баярсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын давтамжтай байх шинжтэй болохыг Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд хуульчилсан байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Д ын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Э.Д  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан. Тэгэхээр нэг удаагийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар, харин гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдвэл Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд, гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг нотлохдоо заавал аюулын зэргийн үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Гэтэл хавтас хэрэгт аюулын зэргийн үнэлгээ авагдаагүй. Тийм учраас хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр ял шийтгэлийн хувьд магадгүй шүүгдэгчид ашигтай байгаа юм шиг боловч яг эрх зүйн байдлын хувьд хүндрүүлж байсан.

Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг талаар 1 хуудас баримтыг гаргаж өгөх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Э.Д  нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаанд эхнэр Ц.Баярсүрэнг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Баярсүрэнгийн “...Нөхөр Д ажил дээр согтуу ирсэн. Намайг багш Баатархүү гэх хүнтэй хардаж, элдэв янзаар хэлж “Баатархүү чинь юу юм бэ” хэмээн хөлөөрөө гуя хэсэг рүү 1 удаа, зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. Сүүлд гар руу өшиглөхөд гар маш их өвдөөд байсан. Гэмтэл явж үзүүлэхэд зүүн гарын шуу хэсгийн яс хугарсан байна гээд гипс хийж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх 8-9/,

шүүгдэгч Э.Д ын “...Тухайн үед эхнэр Ц.Баярсүрэнг хамт ажилладаг багш Баатархүүтэй хардаж хэрүүл маргаан хийсэн. Улмаар зүүн гарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл түүний гарын яс нь хугарч гэмтсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6664 дугаартай шинжээчийн “...Ц.Баярсүрэнгийн биед зүүн тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээд шатны прокурорын “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа эхнэр Ц.Баярсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир нь, уг гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болоогүй болох нь хохирогч Ц.Баярсүрэнгийн “...архи уусан үедээ хардаж зодох болсон. Нөхөр Д ажил дээр согтуу ирсэн. Намайг багш Баатархүү гэх хүнтэй хардаж, элдэв янзаар хэлж “Баатархүү чинь юу юм бэ” хэмээн хөлөөрөө гуя хэсэг рүү 1 удаа, зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. ...” /хх 8-9/, шүүгдэгч Э.Д ын “...Тухайн үед эхнэр Ц.Баярсүрэнг хамт ажилладаг багш Баатархүүтэй хардаж хэрүүл маргаан хийсэн. Улмаар зүүн гарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Мөн “Э.Д ын үйлдэлд байнгын давтамжтай гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг шинж байхгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэлгүй” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Э.Д ын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эсэх, уг үйлдэл нь байнгын шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр түүний үйлдлийг зүйлчилсэн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй атлаа Э.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэж зүйлчилсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд түүнд ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэв.

 

Э.Д ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдалд хамаарна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Д ын эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдал, хохирогч Ц.Баярсүрэнгийн “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн зэргийг харгалзан уг зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Прокурорын эсэргүүцэлд заагаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Х овогт Э-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Х овогт Э-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ыг 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Прокуророос Э.Д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. ...” гэсэн,

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус Э.Д мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ