Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0569

 

 “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дүгээр актын 2,080,761.5 төгрөгийн торгууль, 2,764,751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,897,878.8 төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад хуульд заасан журмын дагуу бодит дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч “*******” ХХК 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Партизаны нутаг” ХХК-аас 67,839,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын 0012308654 дугаартай падааныг хий бичүүлж аваагүй байхад хий бичүүлж авсан болох нь нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийлээ.

2. Хавтаст хэрэгт “*******” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд байгаа бөгөөд энэ талаар тайлангаа тухайн ондоо үнэн зөв гаргаж өгсөн тухай баримтууд авагдсан.

3. Худалдагч тал болох “Партизаны нутаг” ХХК-ийн тухайн жилийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа дүүрэгтээ гаргаж өгсөн тухай баримт хэрэгт байгаа. Энэ падааныг хууль бусаар бичиж олгосон юм бол юу боллоо гэж тайландаа энэ тухай тусгах билээ.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасанчлан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн “*******” ХХК-ийг нөхөн татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй гэжээ.

5. “*******” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж татварын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагүй. Харин “Партизаны нутаг” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбатын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9/2933 дугаартай албан тоот байдаг.

6. “Партизаны нутаг” ХХК-ийн захирлыг гэм буруутайд тооцсон тухай ямар нэгэн баримт хэрэгт байхгүй байхад дээрх дүгнэлтийг хийж нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй.

Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар “*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаар актаар нийт 68,978,788 төгрөгийн зөрчилд 6,897,878.8 төгрөгийн нөхөн татвар, 2,080,761.5 төгрөгийн торгууль, 2,764,751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүү нийт 11,743,562.7 төгрөгийн төлбөр ногдуулжээ.  

Нэхэмжлэгч “*******” ХХК-аас дээрх актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “тус компани нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Партизаны нутаг” ХХК-иас 67,839,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлж аваагүй, татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр явуулсан” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч “*******” ХХК болон “Партизаны нутаг” ХХК-ийн хооронд худалдан авалт хийгдээгүй, 0012308654 тоот падаанаар 67,839,000 төгрөгийн худалдан авалтыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасч тайлагнасан” гэж тус тус маргасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газарт “тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 201301000499 тоот хэрэгт холбогдуулан 45 аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж, захиргааны арга хэмжээ авах тухай” 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгийг хүргүүлсний дагуу “*******” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байх боловч нэхэмжлэгчийн бараа материал худалдан авсан гэх “Партизаны нутаг” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн материал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...”Партизаны нутаг” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд прокурорын тогтоолоор тус компанийг гэм буруутай болохыг тогтоож, өршөөлд хамруулсан шийдвэр гарсан...” гэсэн тайлбар гаргасан байх ба “Партизаны нутаг” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг эсэх, нэхэмжлэгч “*******” ХХК-д 67,839,000 төгрөгийн бараа материал борлуулсан эсэх талаарх үйл баримт “Партизаны нутаг” ХХК-д холбогдох хэргийг эрүүгийн журмаар хянан шалгах явцад тогтоогдсон эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн “бараа материал худалдан авсан төлбөрөө бэлнээр төлсөн” гэх тайлбартай холбогдуулан уг гүйлгээ тус хуулийн этгээдээс гарсан болон бараа материал худалдан авсантай холбоотой “*******” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Түүнчлэн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаар актаар “*******” ХХК-ийг 2012 онд 0012308654 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх 67,839,000 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж төлбөр ногдуулснаас гадна 2013, 2014 онд орлого, худалдан авалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж тайлагнаагүй 569,894 төгрөгийн зөрчил, 2013, 2014 онд орлого, зардлаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй 569,894 төгрөгийн зөрчлийг тус тус гаргасан гэж үзэж нийт 11,743,562.7 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Үүнээс нэхэмжлэгч “*******” ХХК нь 166,526.7 төгрөгийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч маргаан бүхий актад гарын үсэг зурсан байх боловч шүүхэд актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөрчил тус бүрээр тодруулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Дээр дурдсанаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА