Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 115/2016/0024/З |
Дугаар | 79 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 79
Дорноговь аймгийн
Ардчилсан намын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0032 дугаар магадлалтай, Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.9-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан намын, тус аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Б.Ганбатыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг тус Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0032 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 157 дугаар зүйлийн 157.1, 157.9 гэснийг 154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол ардын намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн Б.Ганбат нь 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардчилсан намын хороонд элссэн болох нь хавтаст хэрэг авагдсан 140079 дугаартай Ардчилсан намын анкетаар тогтоогддог. Ардчилсан намын гишүүний бүртгэл шилжилт хөдөлгөөний журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “/гишүүний бүртгэл/ ....анкет бөглүүлж...авна...” гэж заасны дагуу Б.Ганбат нь анкет нь дээр гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ Ардчилсан намд элсээгүй бол Эрдэнэ сумын Ардчилсан намд Б.Ганбатын гарын үсэгтэй анкет байх ёсгүй юм.
Анхан шатны шүүх гарын үсгийн үнэн зөвийг нотлуулах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан атлаа шүүхийн шийдвэртээ яагаад үнэлээгүй нь тодорхой тусгагдаагүй байдаг.
Мөн аймгийн Ардчилсан намын гишүүдийн цахим бүртгэлд Б.Ганбат нь бүртгэгдсэн байгаа болохоор Ардчилсан намаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй байна гэж ойлгогдож байна./Ардчилсан намын үндсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.3 дахь хэсэгт зааснаар/
Анкетыг бөглөсөн хүний бичиг Б.Ганбатынх биш гэдгийг гэрч Б.Батцэнгэл мэдүүлдэг ба үүнийгээ анкетыг хэн нэгэн бичиг үсгийн чадвартай хүнээр бичүүлэх тохиолдол байдаг. Харин гишүүн өөрөө л гарын үсгээ зурсан байхыг бид шаарддаг гэдэг.
2. Б.Ганбат нь Ардчилсан намд хандив тусламж өгдөг байсан, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэрч Б.Батцэнгэлтэй явж байсан байдаг. Мөн Б.Ганбатыг Ардчилсан намын гишүүн болохыг гэрч С.Мөнх-Оргил мэдүүлдэг.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дэх хэсэгт заасныг зөрчиж Б.Ганбат нь Монгол ардын намаас нэр дэвшсэн байхад мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахгүй Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байхад шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд хууль зүйн талаас нь бодитой дүгнэлт өгөлгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх гол нөхцөл болохыг энэ хуулийн 55 дугаар зүйлд тодорхой заажээ.
Мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана”, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд хуулиар тогтоосон энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар зохицуулсан байна.
Дорноговь аймгийн Ардчилсан нам 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 10 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаар захирамжаар “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолын Б.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг дээрх хуульд заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж зөв шийдвэрлэсэн атлаа “Б.Ганбатыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгчээс “нэр дэвшигч Б.Ганбатыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг даалгах” шаардлагыг Даланжаргалан сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, тогтоол гаргасан үйл баримттай холбогдуулан гаргасан, дээрх 2 нэхэмжлэлийн шаардлага хоорондоо хамааралтай байхад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг сонгуулийн хорооны шийдвэрээс тусад нь авч үзэж, захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу болжээ.
Сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан гаргах маргааныг уг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр хуульд тодорхой заасан тул энэ хугацаа өнгөрснөөс хойш гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх алдааг зөвтгөлгүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцэхгүй болно.
Дээрх байдлаар, шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0032 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Б.Ганбатыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ