| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0387/и |
| Дугаар | 471 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 471
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Э,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох
“эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7 432 024.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын дарга Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.Э, Б.Э, иргэдийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын дарга Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Эгийн нөхөр М.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын өмчлөлийн 53-69 СҮА улсын дугаартай “Land cruiser-76” маркийн автомашиныг унаж яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 17 км “Хар худаг” гэдэг газарт автомашиныг онхолдуулж эвдсэн. Үүнд:
Нэг: Уг машиныг хөдөлгөж асаахын тулд дараах 1 165 000 төгрөгний үнэ бүхий засвар үйлчилгээг хийсэн. Үүнд:
1.Иргэн Моор засвар хийлгэсэн хөлс-140 000 төгрөг,
2.”Ф” ХХКомпаниас авсан рулийн амартизаторын үнэ-120 000 төгрөг,
3.”Т” ХХКомпаниас фирда диск, ган диск, муфть шарик зэрэг 1 025 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авч тавьсан.
Хоёр: Автомашиныг Улаанбаатар хотод “Х” ХХКомпанид оношилгоо хийлгэхэд 1 643 543.55 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.
Гурав: Автомашины гадаад эвдрэл гэмтлийг “М” ХХКомпаниар үнэлгээ хийлгэхэд 4 416 680 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж үнэлсэн. Уг үнэлгээ хийлгэх хөлсөнд “М” ХХКомпанид 206 800 төгрөг төлсөн.
Би Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажлыг 2017 оны 2 дугаар сарын 03-нд авсан. Ажлаа хүлээж авахад “Ланд-76 автомашин эвдэрсэн гээд автогражид байсан. Тиймээс Удирдлага хэлтсийн дарга Быг дуудаж комисс гаргаж, уг машинд дүгнэлт гаргуулах үүрэг өгсөн. Гэтэл хуучин даргаа хэрэгт хийчих вий гэсэн байдлаар хандаж ажлын хэсэг гаргаж ажиллаагүй. Уг машин нь онхолдож нэг хэсэг байгууллагад байхгүй, алга байж байгаад гэнэт автогражид оруулж ирсэн. Үүнийг Эрүүл мэндийн газрын 2 жолооч ярьдаг. 2017 оны 3 дугаар сард удирдах ажилтны зөвлөгөөнд Улаанбаатар хот руу явах гээд машин бэлэн үү гэхэд хөдлөхгүй байгаа гэсэн. Яагаад хөдлөхгүй байгаа талаар асуухад Э унагаснаасаа хойш дахин Асгат сум руу авч яваад бүр эвдэлсэн. Одоо фирда диск, мүфть шарик солино гэсэн. Тэгэхээр нь удирдлага хэлтсийн дарга, жолооч Н нарыг дуудаж засварыг нь хийж, засуулаад машинаа хөдөлгө гэсэн үүрэг өгсөн. Уг машиныг 1 025 000 төгрөгийн сэлбэг авч, ажлын хөлсөнд 140.000 төгрөг төлсөн. Энэ машин одоо ч гэсэн эвдрэлтэй байгаа. Жолооч талын хаалга бүрэн хаагдахгүй, шил нь хагарсан байсныг солиулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нийтдээ 7 432 024 төгрөг нэхэмжилж байгаа. Манай аймагт оношилгооны газар байхгүй учраас удирдах ажилтны зөвлөгөөнд явахдаа “Х” ХХКомпаниар оношлуулсан. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн гэв.
Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сард аймгийн Цагдаагийн газраас иргэн Эд гомдол гарсан учраас та ирж шалгуулна уу гэж дуудсан. Намайг цагдаагийн газарт очиход Сүхбаатар аймгийн Засаг дарга Эөөс Эрүүл мэндийн газрын “Ланд-76” автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэтуяагийн нөхөр нь барьж яваад онхолдуулж, хохирол учруулсан байж болзошгүй гэсэн гомдол гаргасан байсан. Би энэ автомашиныг барьж яваад онхолдуулсан зүйл байхгүй. Э дарга ийм гомдол цагдаад өгсөн нь миний ажлыг хууль бусаар булаах гэсэн зүйл байсан. Э даргын зүгээс “Монгол шуудан” компани руу өдөр бүр ярьж, ажлаа хүлээлгэж өг гэдэг байсан. Тийм учраас би наадах чинь улс төрийн зорилго орсон юм биш үү? гэхэд цагдаа нь би гомдлын дагуу шалгаж байна гэсэн. Би анхны цас орсны дараа мал руугаа явах гээд уг автомашиныг гуйж аваад явж байгаад тоормос дартал замын хажуугийн жалга руу гулсаад орсон. Би мостондоо хийгээд ухарч гараад л явсан. Ийм л зүйл болсон гэж мэдүүлгээ өгсөн. Гэтэл таныг Замын цагдаагийн газраас дуудах байх, та явж бай гэсэн. Ингээд 2 хоногийн дараа намайг Цагдаагийн газраас дуудаж, та “Ланд-76” автомашинаа унаад ир гэсэн. Намайг очиход Замын цагдаагийн тасгийн дарга У, хошууч А нар уг автомашинд үзлэг хийсэн. Би болсон зүйлийг хэлэхэд дуудсан үед бэлэн байгаарай гэсэн. Эргээд 3,4 хоногийн дараа дахин намайг дуудаж, гулгасан газраа мэдэх үү? гэхэд нь би мэднэ гэсэн. Ингээд уг газарт очиж хэмжилт хийж, гэрэл зураг авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа намайг дуудаж, хошууч Ань миний жолооны үнэмлэхийг өгч дахин дуудахгүй гэсэн. 2017 оны 6 дугаар сарын үед Захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байгаад зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэсэн прокурорын тогтоолыг харсан. Гэтэл сүүлд шүүхээс яриад танд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна гэсэн. Замын цагдаагийн байгууллага, техникийн шинжээч нь шинжилгээ хийгээд, түүнийг нь аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэсэн тогтоол гаргаж, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах хугацааг нь тогтоолд заасан байсан. Э даргын хувьд миний ажлыг авахын тулд ийм зүйл хийсэн. Хаанаас ийм мэдээлэл авсныг нь мэдэхгүй. Энэ машин 7 жил замын хөдөлгөөнд оролцсон. Фирда диск, ган диск, муфть шарик эвдэрсэн гэж ярьж байна. Ган диск хий эргэх нь болсон болоод л хий эргэсэн. Үүнийг машин барьдаг захын хүн хэлнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. “Ланд-76” маркийн автомашиныг 2010 онд худалдан авч, 2017 он хүртэл ямар нэгэн их хэмжээний засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл сольж байгаагүй. Техникийн хэрэгслийн карт нь хавтаст хэрэгт ирсэн байгаа. Уг картыг үзэхэд пирда диск, ган дискийг сольж байгаагүй нь харагдана. Эрүүл мэндийн газрын бүх тээврийн хэрэгсэл “Практикал” даатгалд даатгалтай ба жолооч нар нь жолоочийн хариуцлагын даатгалтай. Осол гэмтэл болоход даатгал дуудаж хариуцуулах үүрэгтэй. Тиймээс бидэнд зам тээврийн осол гаргасан бол нуух шаардлага байхгүй. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд уг машин хөдлөхгүй байсан гэж ярьж байна. Уг автомашины яриад байгаа асуудал 11 дүгээр сард гарсан. Үүнээс хойш энэ автомашин онцгой байдлын комиссын ажилд явж байсан гэдэг нь онцгой байдлын комиссын хурлын протоколд байгаа. Мөн 2017.11.28-нд Улаанбаатар хотоос вакцин татахад уг автомашинтай явсан. Вакциныг сайн автомашинаар зөөвөрлөдөг учраас уг машинтай явсан. 2017 оны 1 дүгээр сарын 04-нд Эрүүл мэндийн газрын 2 давхарт өсвөр насны кабинет нээж, уг кабинетын төхөөрөмжийг “Ланд-76” автомашинаас буулгаж байгаа нь байгууллагын камерт бичигдсэн байгаа. Фирда диск, ган дикс эвдэрсэн гэж ярьж байна. Бид төсвийн төслийг өргөн барихдаа автомашины засварт 4 сая гаруй төгрөгийн сэлбэг авахаар оруулсан. Хийгдэх засварт нь ган диск, фирда диск орж бичигдсэн, Б даргын гарын үсэгтэй баримт байгаа. Мөн Бын гэрчээр өгсөн мэдүүлэгт жил бүр 4 сая төгрөгийн засварын төсөл өгөхөд уг мөнгө ирдэггүй байсан учраас боломжоороо засвар хийгээд дуусдаг байсан гэдэг. “М” ХХКомпаниар автомашинд үнэлгээ хийлгэсэн байсан. Гэхдээ “М” ХХКомпани нь үнэлгээ гаргадаг байгууллага болохоос, ослын шалтгаан тогтоодог байгууллага биш. Үүнийгээ ч хэлж байгаа. Замын цагдаагийн газар шалгалтаа хийж, техникийн шинжээч нь дүгнэлтээ гаргаж, түүнийг нь прокурор нь хянаж үзээд зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлтээ гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар нь өөрийн өмчлөлийн 53-69 СҮА улсын дугаартай “Land cruiser-76” маркийн автомашинд хариуцагч М.Э, Б.Э нарын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол нийт 7 432 024.55 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Э, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Хариуцагч М.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 17 км “Хар худаг” гэх газарт Эрүүл мэндийн газрын 53-69 СҮА улсын дугаартай “Land cruiser-76” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.5В-д заасан “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гаргаж улмаар Эрүүл мэндийн газрын 53-69 СҮА улсын дугаартай автомашинд хохирол учруулсан болох нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хуулбар, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ө.Нын “2016 оны 11 дүгээр сард 53-69 СҮА улсын дугаартай автомашиныг Э нь даргаар хэлүүлээд Асгат сум руу авч явсан. Тэгээд машиныг 3 хоногийн дараа авчирч өгсөн. Машины жолоочийн талын хаалга цөмөрсөн, хажуу талаасаа хонхойсон, урд хойд талын том гэрлүүд хагарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай, болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч М.Э, Б.Э нар нь буруутай үйлдлийнхээ улмаас нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр тогтоогдсон гэмтлүүдтэй “М” ХХКомпанийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн 10 дахь хэсэгт заасан эвдрэл, хохирлын тооцоолол, уг тайланд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулсаны үндсэн дээр хариуцагч М.Э, Б.Э нараас гэм хорын хохиролд
-Зүүн урд их гэрэл солих-612 000 төгрөг,
-Зүүн урд хаалга хонхойсныг засах-121 380 төгрөг,
-Зүүн урд крыло хонхойсныг засах-191 850 төгрөг,
-Зүүн талын толь солих-522 240 төгрөг,
-Зүүн талын хойд гэрэл солих-271 320 төгрөг,
-Зүүн урд багана хонхойсныг засах-110 000 төгрөг,
-Зүүн хойд крыло хонхойсныг засах-234 600 төгрөг,
-Номерын гэрлийн суурь солих-232 560 төгрөг, нийт 2 295 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрүүл мэндийн газарт олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
“М” ХХкомпанийн үнэлгээнд тулгуурлан илүү нэхэмжилсэн 2 120 730 төгрөг, ”Ф” ХХКомпаниас худалдан авсан гэх рулийн амартизаторын үнэ 120 000 төгрөг /нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж тооцоогүй/, Т” ХХКомпаниас худалдан авсан гэх ферда диск, ган диск, муфть шарикны үнэ 1 025 000 төгрөг, иргэн Моор засвар хийлгэсний хөлс гэх 140 000 төгрөг, “Х” ХХКомпанийн 1 643 543 төгрөгний үнийн саналыг нэхэмжлэлийн дүнд оруулан тооцсоныг ослын улмаас бодитоор учирсан хохирол биш, автомашины ашиглалтын паспортод 2017 оны 3 дугаар сард ферда диск, ган диск, муфть шарик, 5 дугаар сард рулийн амартизатор тавьж засвар үйлчилгээ хийсэн гэж тэмдэглэгдсэн байгаа боловч дээрх ослын улмаас ферда диск, ган диск, муфть шарик, рулийн амартизатор зэрэг эд анги эвдэрч гэмтсэн нь нотлогдохгүй байгаа ба эдгээрийг 2015 онд солих шаардлагатай гэж захиалга өгч байсан, нэхэмжлэгч уг ослын улмаас дээрх зүйл эвдэрч гэмтсэнийг нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 136 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заажээ.
Иймд хариуцагчаас ирүүлсэн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2015 оны төсвийн төлөвлөгөөний төсөл, 2016-2017 оны төсөөлөл, 2015 оны төсвийн тайлбар зэрэг нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Эрүүл мэндийн газрын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, М.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 51 686 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Э, М.Э нараас 2 295 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 136 074 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Эрүүл мэндийн газрын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, М.Э нараас 2 295 950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51 686 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧИД П.БОЛОРМАА
Ц.ЭРДЭНЭЗУУ