Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

            Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч Б.М,түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022014 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.....................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын орчим найз Отгонжаргал, Даваасамбуу нартай явж байгаад Лхагвадоржтой тааралдсан. Лхагвадорж өөрийн эзэмшлийн микро автобустай явж байсан. Тэгээд бид нар пиво уухаар болоод Лхагвадорж гэртээ очиж автомашинаа тавьчхаад Лхагвадоржийн гэр байдаг гудамжинд Лхагвадорж, Батаа, Отгонжаргал, Даваасамбуу бид нар 1 ширхэг 0,75 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд Лхагвадорж, Бямбаа хоёр гэртээ ороод, Отгонжаргал, Даваасамбуу бид гурав салаад доошоо явсан. Тэгээд доор гудамжны үзүүрт зогсож байтал Лхагвадорж. Бямбаа хоёр араас хүрээд ирсэн. Тэгээд бид нар дахин 2 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд би гэртээ харилаа гэж хэлээд явах гэж байснаа санаж байна. Түүнээс өөр зүйл санахгүй байна. Тэгээд нэг сэргэтэл Даваасамбуу “Хушт Хангай” нэртэй нийтийн байрны 00-ын өрөөнд надад “чи найз Лхагвадоржийгоо хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд би ухаан ороод гэртээ хариад аав, ээж хоёртоо болсон асуудлын талаар хэлсэн чинь аав, ээж хоёр цагдаа дуудаад намайг цагдаад барьж өгсөн. Тэгээд бас түргэн ирээд түргэний машинтай нийтийн байранд очсон чинь Лхагвадорж байхгүй явсан байсан. Д.Лхагвадоржийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-51, 84/,

 

Хохирогч Д.Лхагвадоржийн “…2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим би өөрийн эзэмшлийн микро автобусаар Б.М, Даваасамбуу, Отгонжаргал, Бямбаа нарын хамт Багшийн Дээд сургуулиас 7-н буудлын хооронд хүн ачиж явсан. Шөнийн 00 цагийн орчим микро автобусаа хашаандаа оруулж тавьчхаад гэрийн гадаа бид гурав 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд доошоогоо явж байгаад Батноров гэдэг найзтайгаа таарсан. Батноровын автомашин дотор дахин 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгтэл Отгонжаргал тасраад унасан чинь Б.М Отгонжаргалыг алгадаад байхаар нь би болиулаад Отгонжаргалыг үүрээд гэрт нь оруулж өгсөн. Тэгээд Батноровын машинаас буулгаад би Б.Мыг “чи зүгээр байж бай” гэж хэлээд нэг хавирч унагасан. Тэгчхээд Б.М, Даваасамбуу, Бямбаа бид нар 5 буудлын замын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байр луу явсан. Нийтийн байран дотор ороод юм яриад сууж байсан чинь Б.М хайч барьсан байхаар нь би Б.Мыг “чи наад хайчаа хая, чадахгүй байж” гэж хэлсэн чинь хайчаа хаяад тагтан дээрээс хутга аваад намайг сууж байхад миний элэг орчим нэг удаа хутгалсан. Тэгээд дараа нь гар руу нэг удаа хутгалсан…”  гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

Гэрч У.Даваасамбуугийн “…”Хушт хангай” нэртэй нийтийн байранд орсон чинь Б.М, Лхагвадорж хоёр Б.М, Баянаа хоёр маргалдсанаас болж маргалдсан. Би тэр хоёрыг “боль” гэж хэлсэн чинь Лхагвадорж Б.Мыг “чи зүгээр байгаарай, чи намайг барахгүй шүү” гэсэн чинь Б.М уурлаад Лхагвадоржтой зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Б.М Лхагвадоржийг хутгалсан байсан. Тэгээд би Б.Мыг дагуулаад 00-ын өрөөнд ороод “чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь Б.М гараад гүйсэн. ...Б.М Лхагвадоржийг “Баянаа гэдэг хуурай дүүгээ өмөөрлөө” гэх шалтгаанаас болж хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-14, 123/,

 

Гэрч Н.Долгорсүрэнгийн “…би хашаанаас гараад хартал нөгөө хашааны хаалгыг Лхагвадоржийн кондуктор хийдэг Бямбаа гэдэг залуу цээж нүцгэн онгойлгож байсан. Тэгээд би “Лхагвадорж хаана байна” гэтэл Бямбаа “энэ дотор байна” гэсэн. Би очоод микроны хаалгыг онгойлгосон чинь Лхагвадорж гараараа цээжээ дарсан битүү цус болсон байсан. Би микро автобустай нь шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулаад явсан ба “Б.М гэх залуу хутгалсан” гэж хэлсэн. Гэхдээ “цагдаад битгий хэлээрэй” гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-12/

 

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №996 тоот шинжээчийн “...Д.Лхагвадоржийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-19/,

 

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ¹996 тоот шинжээчийн нэмэлт 54 дүгээр “…Д.Лхагвадоржийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг, өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун мөр орчим гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-91/,

 

Хохирогч Д.Лхагвадоржийн өвчний түүх /хх-20-35, 38-46/, Эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-17/, Б.Мын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-71-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдлийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Мын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчлөх нь түүний эрх зүйн байдал нь дээрдсэн, түүнд оногдуулах ял шийтгэл хөнгөрч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж, хохирогч Д.Лхагвадоржийн бие махбодид “цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг өрцний хатгагдсан шарх” гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Лхагвадоржийн “…тагтан дээрээс хутга аваад намайг сууж байхад миний элэг орчим нэг удаа хутгалсан…” гэсэн мэдүүлэг,

гэрч У.Даваасамбуугийн “…Лхагвадорж Б.Мыг “чи зүгээр байгаарай, чи намайг барахгүй шүү” гэсэн. Тэгтэл Б.М уурлаад Лхагвадоржтой зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь Б.М Лхагвадоржийг хутгалсан байсан…” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Долгорсүрэнгийн “…би хашаанаас гараад хартал нөгөө хашааны хаалгыг Лхагвадоржийн кондуктор хийдэг Бямбаа гэдэг залуу цээж нүцгэн онгойлгосон. Тэгээд би “Лхагвадорж хаана байна.” гэтэл Бямбаа “энэ дотор байна” гэсэн. Тэгээд би очоод микро автобусны хаалгыг онгойлгосон чинь Лхагвадорж гараараа цээжээ дарсан битүү цус болсон байсан…” гэсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №996 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ¹996 тоот шинжээчийн нэмэлт 54 дүгээр дүгнэлт, шүүгдэгч Б.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.Мыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч Д.Лхагвадорж нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд тэрээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”гэдгээ илэрхийлсэн хэдий боловч шүүгдэгч Б.М нь түүнийг эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн зардлыг нөхөн төлсөн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн 201625022014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг болохын тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Батмөнхийн Б.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Батмөнхийн Б.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Батмөнхийн Б.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мын цагдан хоригдсон нийт 105 /нэг зуун тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                    Б.ДУЛАМСҮРЭН