| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0390/и |
| Дугаар | 465 |
| Огноо | 2017-11-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 465
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Угийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд холбогдох
“Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн захирлын Б/01 тушаалаар боловсролын ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захирлын тушаалаар тухайн байгууллагын бүртгэл мэдээллийн санчаар түр томилогдон 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд түр томилон ажиллуулах хугацаа 6 сар байдаг бөгөөд захирал Д.А нь намайг жинхэнэ ажилтнаар томилсон тушаал гаргалгүй явсаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болно.
Миний бие нь ажлаас халсан тушаалын үндэслэлүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөдөлмөрийн дотоод журамд сахилгын шийтгэл 2 удаа хүлээсэн бол гэсэн заалт байгаа. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан.
Удирдлагыг хэл амаар доромжилсон гэж байгууллагын ёс зүйн хороогоор мэдэгдэл хүргүүлж байсан. Би доромжилж байгаагүй, үнэн үгийг хэлдэг байсан. Д.А нь ажилтнуудтайгаа зүй бус харьцдаг, зөв зүйтэй шаардлага тавьдаггүй, албан байгууллагын удирдагч хүнд байх ажлын болон ёс зүйн төлөвшилгүй хүн.
Би 2015 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн. Одоо 2 нас 6 сартай хүүхэдтэй. 3 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг ажлаас халахыг хуулиар хориглосон байдаг.
Иймд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б-23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Угсаатны зүйг музейн захирал Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус байгууллагын бүртгэл мэдээллийн санч Э.У нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн захирлын А/15 тоот тушаалаар хийгдсэн улсын тооллогын бэлтгэл ажлын явц болон бүртгэл мэдээллийн сан, сан хөмрөгийн ажилд хийгдсэн байгууллагын дотоод хяналт шалгалтаар өөрийн эрхэлсэн ажлаа хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчилэн биелүүлээгүй, мөн 2017 оны 1, 2 дугаар улирлын ажлын үнэлгээ F, D үнэлгээтэй хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагыг хэл амаар доромжлон ажлын байран дээр бүдүүлэг зан авир гаргасан зэрэг ёс зүйн зөрчлүүдийг давтан гаргасан тул 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас халсан.
Бүртгэл мэдээллийн санчаар Э.Уг томилон ажиллуулах шийдвэрийг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажилчдын санал болон Э.Угийн өөрийн саналыг үндэслэн Бүртгэл мэдээллийн санчийн орон тоонд албан ёсоор томилон ажиллуулсан.
Энэ хугацаанд Э.У нь өөрийн хариуцсан ажлаа хангалтгүй хийж гүйцэтгэсэн. Цаг хугацаатай мэдээ тайлан хоцроох, өдөр бүр ажиллагаатай байх цахим программуудаа зохих түвшинд ажиллуулаагүй, аймгийнхаа нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын болон соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээлэл болон тэдгээрийн нэмэлт баяжуулалтын талаар огт ажил хийгээгүй нь дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт болон 1, 2 дугаар улирлын ажлын тайлан зэргээр нотлогдсон юм.
Мөн удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, ажлын шаардлага тавихаар ихэнх тохиолдолд эсэргүүцэж хэрүүл маргаан гаргадаг, байгууллагын ажилчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардах, ажлын байран дээр дарамтлах, хэрүүл маргаан хийх, удирдлагаа удаа дараа хэл амаар доромжлох, ажил хэргийн нэр хүндэд халдах, бүдүүлэг зан авир гаргаад зогсохгүй ажлын цагийг таслах, шалтгаангүйгээр хоцрох зэрэг үйлдлүүдийг байнга гаргадаг.
Төрийн албан хаагчийн ёс зүй болон музейн ажилчдын ёс зүйн дүрмээ баримтлан ажиллаагүй. Э.Уд 2017.3.13-ны өдөр үндэслэлтэй сахилгын шийтгэл ногдуулан ажилласан.
2017.1.08-ны өдөр Соёлын өвийн төвөөс манай байгууллагад ирүүлсэн хариутай бичгийг хугацаа хэтрүүлэн 2017.2.06-ны өдөр явуулсан, мөн 2017.1.09-ний өдөр ирүүлсэн 05/16 дугаартай бичгийн хариуг 2017.2.06-ны өдөр хугацаа хэтрүүлэн явуулсан. Ажлын цагийг байнга шалтгаангүй тасалдаг. Энэ тухай шаардлага тавихад хэрүүл маргаан үүсгэн эсэргүүцэн хүлээн авдаг. Э.У нь энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан байдаг. Гэтэл тус өргөдлийг хянан үзээд удирдлагын зөв, үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заагдсан ноцтой зөрчлүүдийг гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн,1, 2 дугаар улирлын ажлын тайлангын үнэлгээ, байгууллагын дотоод хяналтын комиссын дүгнэлт, ёс зүйн нөхцөл байдал зэргээс шалтгаалан цаашид ажиллуулах боломжгүй болсон учир ажлаас халах шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгож 131 дүгээр зүйлд заасныг журамлаж шийдвэрээ гаргасан байдаг. Ингэхдээ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үздэг бөгөөд Э.У нь 2017 оны 3 дугаар сард үндсэн цалинг 2 сарын хугацаанд 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүртсэн байдаг.
Тухайн сахилгын шийтгэлийг үндэслэлгүй хэмээн үзэж хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандаж байсан бөгөөд тус зөвлөлөөс 2017 оны А/6 дугаар тушаал нь үндэслэл бүхий байна гэж дүгнэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот дүгнэлт гарсан байдаг. 2017 оны А/6 дугаар тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-131.4 дэх хэсэгт заасан журмын шаардлагыг хангаж байгаа юм.
2 дахь зөрчил болох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, өөрийн эрхэлсэн ажлаа хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод хяналт шалгалт болон Соёлын өвийн төвийн холбогдох баримтуудаар тогтоогддог. Соёлын өвийн төвөөс 2017 оны 6 дугаар сарын 07-нд Э.Угийн ажил хангалтгүй байгаа тухай, ажил сайжруулах 8 заалт бүхий албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Энэ үед Э.У нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан бөгөөд удирдлагаас ажил нь муу байгаа тул ажиллуулахгүй гэсэн үүрэг даалгаврыг илт зөрчсөн байдаг. Нэгэнт сонгуулийн хороонд ажиллах шийдвэр нь эрх бүхий байгууллагаас гарсан тул Э.У нь тухайн үед Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан баталгаагаар хангагдаж байсан.
Улмаар 2017 оны А/15 дугаар тушаалаар удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Тус дүгнэлтээр Э.Угийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлууд туйлын хангалтгүй дүгнэгдсэн байдаг.
Мөн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Соёлын өвийн төвөөс Э.Уд өмнө өгсөн үүрэг биелэгдээгүй ажил хангалтгүй байгаа талаар мэдэгдсэн байдаг. Мөн Э.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн “ноцтой зөрчил” гэдгийг харилцан тохиролцсон байдаг.
Иймд 2017 онд гаргасан сахилгын зөрчлийн тоо болон цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дэх журмыг зөрчөөгүй байна. Э.У нь захиралтайгаа таарамжгүй байдаг бөгөөд захирлаа удаа дараа шалгуулах, ажилчдыг тус өргөдөлд гарын үсэг зурахыг шахаж шаардах зэрэг ёс зүйгүй үйлдлийг гаргаж ирсэн. Мөн захиралтайгаа таарамжгүй байдлаа ажлын байран дээр илэрхийлэх, хэл үгээр доромжлох, тэр ч бүү хэл нас барсан ажилтны үхэлд буруутгах зэрэг үйлдэл гаргаж байсан нь тус байгууллагын хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Мөн Э.У нь захирал Д.Аийг доромжилсныхоо төлөө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж байсан бөгөөд прокурорт гомдол гаргасан ч түүний гомдлыг хүлээн аваагүй зөрчлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд холбогдуулан “Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2017.8.18-ны өдрийн Б/23 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот “Ажлаас халах” тухай тушаалыг эс зөвшөөрч гомдлоо хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Э.Уг Угсаатны зүйн музейн бүртгэл мэдээллийн санчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Ажил олгогч нь Э.Уг эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээ болон “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, 2017 оны 1, 2 дугаар улирлын ажлын үнэлгээ F, D үнэлгээтэй хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагыг хэл амаар доромжлон ажлын байран дээр бүдүүлэг зан авир гаргасан зэрэг ёс зүйн зөрчлүүдийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.3, хөдөлмөрийн гэрээний 7.3.1, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.6, 9.1.8, 9.2.1, “Музейн албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 5.1.1, 5.3.3, 5.4.4, 5.4.5 дахь заалтуудыг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол” ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил, үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт ”Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол” ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд тохиролцжээ.
Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн бөгөөд Э.У нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлын хариуцлага алдаж хугацаатай тайлан мэдээ хоцроосон, ажлын цаг ашиглалт муу, зан харилцааны хувьд ёс зүйн доголдол гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн болох нь Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/6 тоот тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тухайн сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандаж байсан байх бөгөөд тус салбар хорооноос 2017.3.13-ны өдрийн А/6 тоот тушаалыг үндэслэлтэй гэх 2017.4.04-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргажээ.
Мөн маргаан бүхий 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэл болгосон өөрийн эрхэлсэн ажлаа хангалгүй биелүүлсэн болох нь Музейн үйл ажиллагаанд 2017 онд дотоод хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөө, дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу захирлын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, Соёлын өвийн төвийн 2017. 6.07-ны өдрийн 131/29 тоот албан бичиг, 2017.9.18-ны өдрийн 192 тоот өргөдлийн хариугаар,
-удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн болох нь Соёлын өвийн төвийн 2017.1.09-ний 05/16, 2017.1.13-ны өдрийн 08 тоот албан бичгүүдийн хариуг 2017.2.06-ны өдрийн 10, 11 тоот албан бичгээр хугацаа хэтрүүлж хүргүүлснээр,
-хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, 2017 оны 1, 2 дугаар улирлын ажлын үнэлгээ хангалтгүй дүгнэгдсэн болох нь Угсаатны зүйн музейн захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №А/18 тоот тушаалын хавсралтаар баталсан “Ажилчдын ажлыг дүгнэхдээ баримтлах журам”-ын 8 дахь хэсэг, 1, 2 дугаар улирлын ажил дүгнэх үзүүлэлтээр,
-байгууллагын удирдлагыг хэл амаар доромжлон ажлын байран дээр бүдүүлэг зан авир гаргасан болох нь Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2017.9.04-ний өдрийн “Шийтгэлийн хуудас”-ны хуулбар, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.9.14-ний өдрийн 5/27 тоот Прокурорын тогтоолын хуулбар, байгууллагын Захирлын зөвлөлийн 2017.6.07, 2017.8.17-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн Э.У нь 2 нас 6 сартай хүүхэдтэй. 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хуулиар хориглосон байхад ажил олгогч ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг ажил олгогчийн дээрх шийдвэр зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.
Иймд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Э.Угийн “Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч Э.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Угийн Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд холбогдуулан гаргасан “Угсаатны зүйн музейн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ