| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-09-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Б.Болорсүх нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Болорсүхэд холбогдох 2132001080091 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Орхироо гудамжны №35 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:79072711/ Шарнууд овогт Батсүхийн Болорсүх.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Болорсүх нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр “Тажилын ам” гэх газраас ЗИЛ-131 маркийн “59-31” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 18 ширхэг нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Болорсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ялбагийн даваа орчим, Шар хад гэх газар хууль бусаар мод хийсэн. Банкны мөнгөө төлөх санаатай найзаасаа машиныг нь гуйгаад модонд явсан. Тухайн үед тэр газраас хийнэ гэсэн юм бодоогүй, хойшоогоо явж байтал Ялбагийн давааны дор Шархад гэх газар луу зам салаад орсон байсан болохоор нь тэр замаар салаад орсон. Тэгээд дээшээ өгсөөд явж байтал Эрдэнэ-Очир машиных нь ус, масло нь холилдчихсон байсан. Тэгээд би Эрдэнэ-Очирын машинаас янзалж өгсөн. Тэгээд тэр газраасаа бид нар модоо хийсэн. Би 8-9 ширхэг мод хөрөөдөөд унагаасан. Тэр хөрөөдөж унагаасан модоо 4 метрээр нь тайрсан. Тэр тайрсан мод нь 18 ширхэг болсон ба машиндаа ачсан гэв.
Гэрч Б.Баттөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би модонд явуулаагүй. Намайг ажилладаг байхад Эрдэнэ-Очир, Болорсүх нар нь өмнө нь “Сансар хараа” ХХК-д ганц нэг удаа модонд явж өгдөг байсан болохоор таньдаг болсон. ... Тэр өдөр Ялбаг руу явж байхад Ялбагийн даваан дээр зам засаж байсан болохоор зам засаж болохгүй байсан. Тэгээд буцаад уруудаад явж байтал замаас холгүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр мод ачиж байхыг хараад би очтол Болорсүх, Эрдэнэ-Очир хоёр мод ачиж байсан. Тэгтэл араас Экологийн цагдаа, Байгаль хамгаалагч хоёр саарал өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Х.Отгонхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө манай найз Бадар-Ууган нь намайг модонд явъя гэж хэлэхээр нь би хамт явсан. Ямар нэртэй газраас хийснээ мэдэхгүй байна. Би бол хөрөөдөөгүй. Манай найз бид хоёр хөрөөдөөд бэлдсэн модыг машинд ачсан. ... Манай найз Бадар-Ууган над дээр ирээд аавтай цуг ууланд модонд явчхаад ирье гэсэн. Тэгээд би зөвшөөрч найз Бадар-Ууган, түүний аав болох Болорсүхийн хамт тухайн өдөр уул руу явж мод бэлтгэсэн. Болорсүх ах урьд нь раманд модонд явдаг байсан гэдгийг би мэдэж байсан. Тухайн үед Болорсүх ах мод бэлтгэхэд гоожин, зөвшөөрөл ямар нэг асуудал байхгүй гэж байсан. Тиймээс би Болорсүх ахыг мод бэлтгэх зөвшөөрөлтэй л юм байх гэж бодсон. Би түүнийг хууль бусаар мод бэлтгэж байсан гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 24, 32 дугаар хуудас/
Гэрч Б.Бадар-Ууган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө манай аав Болорсүх машин олчихлоо, модонд явчхаад ирье гэж хэлэхээр нь найз Отгонхүүгийн хамт явсан. ... Аав намайг уул руу модонд явъя, нэг хүн олчих гэсэн. Тэгээд би өөрийн найз Отгонхүүг аваад аавтай цуг уул руу модонд явсан. Аав угаасаа уул руу модонд явдаг байсан. Урьд нь явахдаа байнга л гоожинтой явдаг байсан тул урьдын адил гоожинтой л явж байгаа юм байх гэж бодсон. Би ааваас гоожин, зөвшөөрөлтэй талаар асуугаагүй. Аав ямар нэгэн асуудал байхгүй л гэж хэлж байсан учраас гоожин, зөвшөөрөл байгаа л юм байх гэж бодсон. Би түүнийг хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22, 34 дүгээр хуудас/
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/10 дугаартай шинжээчийн дүгнэлт: ... Тус хууль бусаар бэлтгэсэн моднууд 18 ширхэг буюу 4.491 м3 нойтон нарс мод байна. ... Дээрх 18 ширхэг нойтон нарс мод 4.491 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 1896734 төгрөг байна гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нөхөн төлбөр тогтоох тухай акт ... 5690202 төгрөг нэмэгдүүлж нөхөн төлүүлэх нь зүйтэй /ХХ-ийн 47 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-11 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Болорсүхийн оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 77 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Болорсүх нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр “Тажилын ам” гэх газраас ЗИЛ-131 маркийн “59-31” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 18 ширхэг нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Гэрч Х.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24, 32 дугаар хуудас/, Гэрч Б.Бадар-Ууганы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22, 34 дүгээр хуудас/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/10 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нөхөн төлбөр тогтоох тухай акт /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-11 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Болорсүхийг 18 ширхэг нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг бэлтгэж тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо /5692200 төгрөг/ нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4500000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг буюу 4,491 м3 нойтон нарс мод зэргийг хурааж улсын орлогод шилжүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Батсүхийн Болорсүхийг ойд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорсүхийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Болорсүхэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Болорсүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131 маркийн “59-31” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, авто машины үнэ болох 4500000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг буюу 4,491 м3 нойтон нарс мод зэргийг хурааж улсын орлогод шилжүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Болорсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.А