Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/02

 

                                            

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Х.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б, шүүгдэгч В.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.М холбогдох эрүүгийн 201614000*** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Ө

                                                         Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.М нь согтуугаар 2016 оны 10 сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт  “хүргэн ахыгаа зодсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж Х.Ө-ыг зодож бие махбодид нь  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

      Шүүгдэгч Х.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ө-ыг “хүргэн ахыгаа зодсон” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь доод эрүүний ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

1. Шүүгдэгч В.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 271 000 төгрөг төлсөн гэв.

2. Хохирогч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний шанаа руу гараараа цохиж намайг газар унасан чинь хөлөөрөө шанаа руу дахин өшиглөсөн. Дахиад өшиглөх гэхээр нь би гараараа хамгаалсан, зодох гэхээр нь зугтаагаад гэртээ харьсан. Энэ хэрэг болох үед Х.Ө миний хүргэн ах Э.Ц гэж хүнийг надаас өмөөрч чи хүргэн ахыгаа зодсон байна гээд бага зэрэг маргалдаж байгаад намайг зодсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

3. Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нэг харсан чинь Өнөржаргал, Х.Ө хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад В.М миний дүүгийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон чинь Ө газарт 4 хөллөөд уначихсан. Ө-ын нүүр, баруун талын хацар нь хавдсан байдалтай юм ярьж чадахгүй байсан. Маргааш өдрөөс нь Ө шүд, эрүү өвдөөд байна гээд гэртээ хэвтээд байсан. 2 хоног шүд өвдөөд байна гээд байхаар нь би дүүгээ дагуулаад 3-17-р байранд байдаг шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь үзээд манай эмнэлэг эмчилгээ хийх боломжгүй байна. Хойд эмнэлэгт үзүүл гэхээр нь БОЭТ дээр очиж эрүү, нүүрний зураг авахуулсан. Хүлээн авах тасгийн эмч зургийг нь үзээд эрүү нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 талд/

     4. Гэрч Э.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэртээ ирсэн чинь манай эхнэрийн дүү Өнөржаргал гэж залуугийн баруун талын эрүү нь хавдсан байсан. Юу болсон талаар асуухад В.М таныг өмөөрөөд намайг зодсон гэж ярьсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь эрүүний яс нь хугарсан байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Х.Ө надтай уулзаад би таныг өмөөрөөд дүүг чинь зодчихсон байна гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 21 талд/

         5. Гэрч  Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... В.М Ө-ын өмсөж явсан куртикнээс татаж газарт унагаад өшиглөж байсан. Ө-ын биеийн аль хэсэгт өшиглөж байсныг тогтож хараагүй. Ямар ч байсан Өнөржаргалыг газарт унасан байхад нь Х.Ө өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

    6. Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэртээ байж байтал манай нөхөр Х.Ө гаднаас согтуу орж ирсэн. Цээгий ах манай эхнэрийн дүү намайг зодоод байна гэхээр нь тэр залуутай нь зодоон хийгээд гэж байсан. Маргааш өглөө нь Х.Өд зодуулсан гэх залуу орж ирээд эрүү, шүдээ үзүүлнэ гэсэн. Х.Ө бид 2 амыг нь ангайлгаад харсан чинь баруун талын эрүүний нэг арааны орчим буйл нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 талд /

7. Гэрч Э.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..  Говил төвийн хажууд Дайриймаа гэх зүс таних хүүхний дүү Өнөрөө гэдэг залуу газарт чанга ёолоод хэвтээд байсан. Зүгээр байсан бол тэгж их ёолохгүй байх. Тэр үед би Ө-ыг зодуулсан юм байна гэж бодсон. Үүнээс 2,3 хоногийн дараа би Ө-ын эгчтэй таарсан чинь эрүү нь хугарсан байна гэнээ гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 талд/

  8. Гэрч П.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хөдөө байж байгаад гэртээ ирсэн чинь миний хүү Ө-ын баруун талын доод эрүү нь хавдсан, шүлс нь гоожсон амьтан байсан. Хүнд зодуулсан юм бол эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд Ө-ын доод эрүүний яс хугарсан байна гэсэн онош тогтоогдсон. Орхон аймагт эмчилгээ хийх боломжгүй гэхээр нь Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Өнөржаргал ярихдаа би халамцуу явж байгаад Говилд байдаг Х.Ө гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36 талд/

  9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 сарын 12-ны өдрийн 723 тоот: 1. Х.Өын биед доод эрүүний ясны далд хугарал үүсчээ. 2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шинэ гэмтэл байна. 2016 оны 10 сарын 03-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4. Гэмтлийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ч.Б гэсэн дүгнэлт / хх-ийн 39-р талд /

     10. Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42 талд/

           11. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Шүүгдэгч Х.Өд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283,284,285,286,290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч В.М -г  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч В.М -ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч В.М-ий эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Өд оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан В.М д  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ