Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Тус аймгийн ******* сумын иргэн Э.О-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-д холбогдох аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, П.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Э.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.О нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга-ын даргаар анх 2014 оны 02 сарын 21-ний өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Чуулгын даргаар томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр шууд томилогдож байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20 ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолуудаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар түүнийг ажилд нь эгүүлэн томилж биелүүлсэн.

Гэтэл тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г нь 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/23 тоот захирамжаар Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилоогүй гэх хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

      Э.О нь 2014 онд анх уг албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр томилогдож байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сард шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон. Түүнийг ажиллаж байх хугацаанд тус албан тушаалд сонгон шалгаруулалт огт зарлагдаагүй бөгөөд ажлаас чөлөөлөхдөө соёлын байгууллагын дарга, удирдлагуудтай ямар нэгэн байдлаар зөвшилцөөгүй, мөн ямар нэгэн сонсох ажиллагаа огт хийгдээгүй байна.

      Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хууль бус байх тул тус захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь анх 2014 онд Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргаар хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр томилогдож байсан. 2017 онд сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн захирамжтай холбогдуулан 3 шатны шүүхийн шийдвэр гарч, түүнийг урьд эрхэлж байсан Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Уг маргаан нь 2018 онд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд 2018 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаар байгаад 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Түүнээс хойш үүрэгт ажлаа хийж байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өмнө нь халсан шалтгаанаар буюу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр халагдсан. Тодруулбал 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр томилогдохдоо төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр буюу хууль бус үндэслэлээр халсан. Соёлын байгууллагын дарга буюу Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг. Өөр ямар нэгэн яам, агентлагийн дарга томилж чөлөөлдөггүй. Үйлчилгээний байгууллагын дарга үйлчилгээний ажилтан мэт боловч Засаг даргын эрх хэмжээний хүрээнд томилогддог учраас захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргасан. Ямар эрх нь зөрчигдөж байгаа вэ? гэхээр Э.О шийдвэрээр эгүүлэн тогтоогдоод байхад өөрсдөө сонгон шалгаруулалт товлон зарлах үүргээ биелүүлээгүй байж сонгон шалгаруулалтад ороогүй гэж байгаа нь Э.О-ын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм. Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх ашгийг зөрчөөд байгаа үйл явдал. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журамд зааснаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Төрийн албаны зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ, 2.2-т Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана: 2.2.1. албан тушаалын тодорхойлолт; 2.2.2. тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр, 2.3-т 2.3.Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн болон эрх бүхий байгууллагын цахим хуудсаар бүртгэл эхлэхээс ажлын 15-аас доошгүй өдрийн өмнө зарлахдаа дараах шаардлагыг хангасан байна: 2.3.1.Сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна. 2.3.2.Албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс санал авч баталсан байна. гэж тус тус заасан. Сул орон тоо гэдэг нь тухайн албан тушаалтан нь ажлаа хүлээлгэн өгсөн, халагдсан, чөлөөлөгдсөн болон тухайн албан тушаалд ажиллаж байгаа ямар нэгэн хүн байхгүй байгааг ойлгоно.

      Төрийн үйлчилгээний албан тушаалыг улс төрийн зорилгоор томилж болох уу? Томилсон тушаал дээрээ шүүхийн шийдвэрийг дурдсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2018 онд энэ хүн өөрөө хүсэлтээ өгөөд гарсан гэж байна. Энэ бол өнөөдөр аваад маргааш халж байгаа дүр үзүүлсэн хэлцэл. Үүнийг биелэгдээгүй гэж үзэж 2019 оныг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Э.О-ыг ажилд нь эгүүлэн тогтоох тухай Б/37 дугаар захирамжийг биелүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б ажлын хэсэгт орсон. Тус захирамжийн толгой хэсэгт нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн тогтоолыг баримталж томилсон байдаг. Э.О нь шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдсон. Томилохдоо тус журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж болох байсан. Та шалгаруулалтандаа ор түүний дараа томилъё гэдэг байдлаар хандаж болох байсан. Гэтэл 2019 онд томилохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй байж чи сонгон шалгаруулалтад орох ёстой байсан, ороогүй гээд хариуцлага нэхээд байж болохгүй. Төрийн албаны салбар зөвлөл тухайн журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, олон нийтэд мэдээллэх ёстой. Тухайн журам 2019 онд буюу Э.О-ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоохоос өмнө батлагдсан журам. Өмнө нь батлагдсан бол та бүхэн энэ журмаа хэрэгжүүлээд сонгон шалгаруулалтаа зарлах боломжтой байсан. Огт зарлаагүй, үүргээ биелүүлээгүй байж чи сонгон шалгаруулалтад ороогүй учраас бид чамайг ажлаас халлаа гэж Э.О-ын хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаа нь хууль ёсны байгаа эсэхийг бодож үзэх шаардлагатай.

        Томилох эрх бүхий этгээд болох Засаг дарга сул орон тоо гарсан талаар саналаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж сонгон шалгаруулалтыг зарлан явуулах боломжтой байна. Үүнээс дүгнэхэд Э.О-ыг 2018 онд томилсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. 1 хоногийн хугацаанд томилсон, чөлөөлсөн тушаалууд байгаа. Гэтэл уг тушаалуудыг хариуцагч тал өөрсдөө хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад хүлээн зөвшөөрсөн бэ? гэхээр 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр томилохдоо 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. 2018 онд томилж чөлөөлсөн асуудал нь хууль бус, хууль зөрчсөн асуудал байна гэдгийг хариуцагч Засаг дарга хүлээн зөвшөөрч хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр биелүүлжээ. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасан. Ажилласан хугацаатай холбоотой асуудлыг Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийн 3 дугаар хуудаст Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан болзол шаардлагын талаар маш тодорхой дурдсан. Э.О нь тухайн болзол шаардлагыг хангасан хүн байна гэж шүүхийн шийдвэр дурдсан байгаа. Мөн Засаг дарга нь томилж, чөлөөлөх эрхтэй байгаа хэдий ч Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дэхь хэсэгт Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө гэж заасны дагуу зөвшилцсөний үндсэнд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс шууд өөрийн үзэмжээр сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр томилж, чөлөөлөх ямар нэгэн эрх Засаг даргад олгогдоогүй. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь яам. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай ямар нэгэн байдлаар зөвшилцөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ талаар зөвшилцөөгүй гэдгээ хэллээ. Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан адил тэгш боломжоор хангах гэсэн ерөнхий зарчмыг барьж байна. Үнэхээр адил тэгш боломжоор хангах гээд байгаа бол өөрсдийнхөө үүргийг биелүүлээч. Төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлаж, тэнцсэн хүнийг томилох эрх байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байж чи сонгон шалгаруулалтад ороогүй юм чинь чамайг чөлөөллөө гээд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон хүнийг дахин чөлөөлж болохгүй. Э.О-ыг 2016 онд ажлаас чөлөөлөхдөө сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр халсан байдаг. Энэ асуудлын талаар 3 шатны шүүхээс дүгнэлт хийгээд ажилд нь эгүүлэн тогтоосон болохыг анхаарч үзэх зүйтэй байна. Иймд Э.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож Э.О-ыг Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.А надад Ардын дуу бүжгийн Алтай чуулгын албан хаагчдаас гомдол ирүүлсэн байдаг. Гомдлыг танилцуулъя. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.А танаа, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр. Алтай хот. Хүсэлт уламжлах тухай ...Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Э.О  нь дараах ноцтой зөрчлүүдийг гаргаж байна. Үүнд: 1. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө Засаг даргатай байгуулаагүй байж төсвийг захиран зарцуулж, үйл ажиллагаа явуулж байна. 2. Чуулгын дарга Э.О нь ажлын байрны сонгон шалгаруулалт хийлгээгүй улс төрийн тохиролцооны үндсэнд шууд томилогдон ирж ажилласан. 3. Коронавирус гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хөл хорио тогтоосон байхад Засаг даргын зөвшөөрөлгүй, томилолтгүй арван хэд хоног ажил орхиж явсан гэжээ. Үүнийг нотлох баримт нь Алтай чуулгын цагийн бүртгэл дээр байсан. Мөн 4. Заал зохион байгуулагчаар Н.Н-г тушаал гаргаж авч шийдвэр гаргачихаад буцааж болиулдаг. 5. Дуучин н.Б-ийг 2019 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар тодруулж, тушаал гарган дагалдах мөнгөн шагнал болох 450.000 төгрөгийг нэрийн дансаар нь оруулсан боловч буцаан бэлнээр авч өөр зүйлд зарцуулсан зэрэг зөрчлүүд байна. Эдгээрийг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын 22 хүний гарын үсэгтэй өргөдлийг ирүүлсэн байдаг. Захирамжтай холбоотой асуудлын тухайд анх ажлын байрны сонгон шалгаруулалт хийгдээгүй томилогдож ирсэн гэсэн тайлбар орсон.

        Миний бие 2019 оны 09 дүгээр сард Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилогдсон. Өмнө нь сонгон шалгаруулалт зарлах гэтэл Э.О-тай холбоотой маргаан шүүхийн шатанд явж байгаа. Одоо хүртэл маргаан явж байгаа. 2019 онд Засаг даргын захирамжаар томилохдоо түр орлон гүйцэтгэгчээр томилж байж сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан. Гэтэл Э.О-ыг шууд даргын албан тушаалд томилсон. Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын сул орон тоо гэж ямар байх вэ? гэдэг талаар тодорхойлсон. Төрийн албаны зөвлөлөөс сул орон тоо гарсан талаар шийдвэрээ явуул гэж байгаа учраас заавал Э.О-ыг чөлөөлсөн шийдвэрийг явуулж байж сонгон шалгаруулалт зарлагдах ёстой гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж томилоогүй гэх хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурдсан байна.

1.1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолуудад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шийдвэрлэсэн.

Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргаар нэхэмжлэгч Э.О-ыг томилохдоо тухайн албан тушаалд сонгон шалгаруулж томилоогүй болохыг дээр дурдсан шат шатны шүүхийн шийдвэрт үгүйсгээгүй байдаг.

Ардын дуу бүжгийн Алтай чуулгын зарим ажилтан албан хаагчдаас сонгон шалгаруулалтгүй шууд томилогдсон Улаанбаатар хотод гэр бүл нь шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотруу явахдаа аймгийн Засаг даргаас чөлөө зөвшөөрөл авалгүй явж, байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж ажиллахгүй байгаа талаар өргөдөл гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйчилгээний албаны төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ыг баталж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг уг журмаар зохион байгуулахаар тогтоосон.

Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж томилно. сонгон шалгаруулалт явуулах тухай хууль журмын уг зохицуулалтыг зөрчсөн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг дэвшүүлж дүгнэлт гаргаагүй байхад Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд шууд томилогдож, төрийн албан тушаал эрхлэх болзол журмыг зөрчсөн. Аймгийн Засаг даргад болон Санхүү төрийн сангийн хэлсийн даргад өргөдөл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 519 512 төгрөг, 10 580 488 төгрөгийг гаргуулан авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд тус албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй учир нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-аар Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч /дарга, захирал, эрхлэгч/-ийн сул орон тоог нөхөх зарчмаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах (цаашид сонгон шалгаруулалт гэх) нэр дэвшүүлэх харилцааг зохицуулахаар журамласан.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 25.1 дэх хэсгийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах тухай хуулийн уг зохицуулалтад нийцэх юм.

Хуульд заасан журмаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалт зарлаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар иргэд, хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын орлогчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар зохих шалгуур хангасан этгээдүүдээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулж, шалгарсан нэгнийг томилох талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжих, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлж, эрх үүргийг тайлбарлаж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид танилцуулж, сонсох ажиллагааг хийсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын сул орон тооны судалгааг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хүний нөөцийн үйл ажиллагааны талаар зөвлөмж болгосны дагуу 2.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын орлогчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан үүргийг тус чуулгын найруулагч Ц.Э-оор хавсран гүйцэтгүүлсэн байна.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Засаг дарга нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь байгаа боловч Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн тохиолдолд хэрэгжих заалт юм. Хууль бусаар шалгалт өгөлгүйгээр шууд томилогдсон албан тушаалтанд уг заалтыг хэрэглэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл энэ заалтыг хэрэглэх гол үндэслэл Э.О  төсвийн шууд захирагч буюу Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд шалгалт өгч, тэнцээд орж томилогдсон бол заавал соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө. Маргааны гол зүйл нь шууд томилогдсон зөрчил байгаа учраас үүнийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч Э.О  анх томилогдохдоо Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай зөвшилцөж томилсон зүйл байхгүй. Энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байгаа. Өмнө нь Засаг даргын зүгээс яамтай зөвшилцөж томилсон хэдий боловч чөлөөлөөд өөр хүн оронд нь авч ажиллуулснаараа буруудаж шүүхийн шийдвэр гарсан гэдгийг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй гэж байна. Энэ нөхцөл байдал нь шалгалт өгөөгүй нэхэмжлэгчийг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хууль ёсны үндэслэл болж чадахгүй. 2018 онд сонгон шалгаруулалт зарласан. Шүүхийн шийдвэрт н.Э  сонгон шалгаруулалтад орсон нь тодорхой дурдагдсан байгаа байх. Э.О-т хандаж сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан учраас танд ч гэсэн орох эрх байгаа гэж хэлсэн боловч би орохгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргана. Би шүүхээр яваад ялаад сурчихсан хүн гэж төрийн байгууллагыг дорд үздэг гэдгийг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан боловч Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд томилогдохдоо хууль, журмын дагуу шалгалт өгч, тэнцэж орсон албан хаагчдын эрхийг зөрчсөн. Б.А  дарга ч өргөдөлдөө дурдлаа. Даргын албан тушаалд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулж томилогдоогүй. Шууд томилогдсон гэдэг үндэслэл харагдаж байгаа. Нээлттэйгээр зарлавал сонгон шалгаруулалтад орох сонирхолтой олон хүмүүс байгаа. Бид орон нутагтаа ажиллаж байхад намын шугамаар шууд томилогдоод байдаг нь ямар учиртай юм бэ? Та нар нээлттэйгээр зарлаж өгөөч. Уран сайхны удирдаач н.А гэх хүн нээлттэйгээр зарлаж өгөөч. Бид нар оръё. Нээлттэйгээр зарлаж өгөөч. Бид нар залуу хүмүүс учраас өсөж дэвжье гэсэн санал хүсэлтийг тавьж байсан. Цаашид ямар нэгэн байгууллагын даргын албан тушаалд ийм жишгээр орох арга барил нэхэмжлэгч болон бусад хүмүүст тогтож байгааг үгүйсгэхгүй. Бид хууль тогтоомжид нийцүүлж сонгон шалгаруулалт зарлах ажиллагааг хийх гэж байгаа. Яагаад сонгон шалгаруулалт зарлахгүй байгаа вэ? гэхээр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан. Энэ хуулийн үйлчлэх хүрээ нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэхээр байгаа. Тийм учраас бидний зүгээс сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ямар ч боломж нөхцөлгүй болсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зүйл үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт өгөөгүй атлаа Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд томилогдсон байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний эрх ашиг уг хэрэгт холбогдолтой хөндөгдөхгүй байгаа учир миний бие тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э.О-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-д холбогдох Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ыг тус тус үндэслэн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилоогүй тул нэхэмжлэгч Э.О-ыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч уг захирамжийг хууль бус гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Маргаан бүхий захиргааны актад дурдсан үндэслэл, хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэхэд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилоогүй тул ажлаас чөлөөлжээ.

Нэг. Нэхэмжлэгч Э.О-ыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалаас сонгон шалгаруулалтад орж томилогдоогүй гэх үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн бөгөөд Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр, /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 211/МА2017/0235 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоол/-ээр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэгч Э.О шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалд эгүүлэн томилогдсон байсан гэж тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.А нар шүүхийн шийдвэрийг 2018 онд зохих ёсоор биелүүлсэн. Түүнээс хойш дахин томилогдохдоо хууль зөрчин томилогдсон гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Э.О-ыг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн томилсон бөгөөд тэрээр өөрөө 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г-д хандан гаргаж ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Гурав. Нэхэмжлэгч Э.О-ыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б/37 дугаар захирамжаар томилж, ажил үүргийг гүйцэтгүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 54.2-т заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй боловч хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Дөрөв. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 25 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ыг баталжээ. Энэхүү журмын 1.4.2-т аймаг, нийслэл, сум дүүрэг харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулахаар заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.А нар шүүх хуралдаанд 2018 онд нэг удаа Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан гэж тайлбар өгсөн боловч сонгон шалгаруулалт явуулсан гэх нотлох баримт байхгүй, харин иргэн Э.О-ын өргөдлийн хариуд Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс тухайн оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаагүй болно. гэсэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр албан бичиг, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 15 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн судалгаа, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт нийтэд зарлагдаагүй болох нь тогтоогдож байна.

Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй зарлаагүй байхад сонгон шалгаруулалтад ороогүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Тав. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т ...аймаг ...-ийн ... соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж томилох-оор заасны дагуу Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргыг хуульд заасан журмаар, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохыг үгүйсгээгүй, харин хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалт зарлаагүй, явуулаагүй атлаа уг албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэж байгаа Э.О-ыг сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр нэгэн ажилтнаар уг албан тушаалыг орлон гүйцэтгүүлсэн нь төрийн үйл ажиллагаанд баримтлах тэгш байдал, шударга ёс-ны болон мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцээгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Э.О-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т ...аймаг ...-ийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг ...-ийн Засаг дарга ... томилж, чөлөөлөх-өөр заасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргад ямар нэг шалгуур, болзолгүйгээр олгосон эрх мэдэл биш, ...томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь дээр дурдсан Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т зааснаар зохих шалгуур хангасан этгээдүүдээс Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж, шалгарсан нэгнийг томилох талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжихээр байна.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.А нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.О-ыг албан тушаалаас чөлөөлж байж Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-т заасан сул орон тоо бий болно гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хууль болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулж байгаа хуульд зааснаар албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд томилогдсон эсхүл ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа тохиолдолд тухайн албан тушаалын орон тоог сул орон тоо гэж тооцох үндэслэлтэй байна.

Долоо. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г  нэхэмжлэгч Э.О-ыг албан тушаалаас чөлөөлсөн захирамж буюу захиргааны актыг гаргахдаа Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ыг хэрэгжүүлэн ажиллаагүй төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэгт заасныг зөрчин захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхойгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 01/492 дугаар албан бичгээр зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжийн Хоёр. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар гэсэн хэсэгт дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдварын улмаас нийтэд нээлттэй зарлах төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтууд тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа тухай, өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдмагц сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх тухай зөвлөжээ. Гэтэл бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж, нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд захиргааны актыг гаргасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүх Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж зааснаар 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 66 хоногийн олговор 4 535 537 /дөрвөн сая таван зуун гучин таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 12 сар, 2020 оны 1, 2 дугаар сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.О-ыг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э.О-ыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4 535 537 /дөрвөн сая таван зуун гучин таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Г-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.О-т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОЮУНСҮРЭН