Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1690

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Г.Ванчинхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ванчинхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Анандад холбогдох

Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн Г.Ванчинхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Есүй ордон” ХХК-ийн 69 460 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 46 хувийн хувьцааг эзэмших эрхтэй байсан бөгөөд энэхүү эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.Анандад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Энэхүү гэрээг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Ванчинхүү нь Т.Баярсайханаас “Есүй ордон” ХХК-ийн 51 хувийн хувьцааг 480 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 96 583 тн, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 120 472 тн, армартурыг 280 000 000 төгрөгөөр тооцон Т.Баярсайханд хувьцааны төлбөрт өгсөн байдаг. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн нэмэлт өөрчлөлтийг харахад М.Анандын аав болох Н.Мөнхбат нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрээр “би өөрийн нэр бүх хувьцаагаа шилжүүлж аваад компанийн үйл ажиллагааг явуулмаар байна” гэсэн саналыг Т.Баярсайханд тавьсан байдаг. Тус саналыг Т.Баярсайхан Г.Ванчинхүүд уламжилхад түүний зүгээс 250 000 000 төгрөгөөр “Есүй ордон” ХХК-ийн 46 хувийн хувьцааг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэснийг Н.Мөнхбат зөвшөөрч 250 000 000 төгрөгөө 2016 ондоо багтаагаад төлөхөөр талууд харилцан тохиролцож, харин 46 хувийн хувьцааг Н.Мөнхбатын хүсэлтээр түүний хүү М.Анандад шилжүүлсэн. М.Ананд нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ц.Гантөмөртэй хийсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсан бөгөөд аав хүүгийн алинд ч хувьцааг шилжүүлсэн ялгаагүй гэж би ойлгосон. Миний хувьд Т.Баярсайханаас тухайн хувьцааг 480 000 000 төгрөгөөр худалдаж авсан, үүнээс 280 000 000 төгрөгийн үнэ бүхий армартурыг хувьцааны төлбөрт өгчихсөн, дахиад 280 000 000 төгрөгийг төлөх үүрэг нь хүчин төгөлдөр хэвээр байсаар байтал хувьцаагаа зүгээр л бусдад бэлэглэнэ гэдэг бодит амьдралд яагаад ч байх боломжгүй зүйл юм. Иргэний хуулийн 59.3 дахь хэсэгт “гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг сэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж болно гэж заажээ.

Г.Ванчинхүү, Н.Мөнхбат нарын хооронд хийгдсэн хэлцлийн үр дүнд М.Ананд нь 69 460 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааны эзэмшигч болсон нь бодит баримт юм. Тэгэхээр М.Ананд нь эцгийн хамт Г.Ванчинхүүг хууран мэхэлж “Есүй ордон” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь түүний хариу тайлбараас тодорхой харагдаж байна. Хэдийгээр компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгсөн боловч М.Ананд, Г.Вачинхүү хоёрын хооронд “Есүй ордон” ХХК-ийн 69 460 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 46 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний төлбөрт 250 000 000 төгрөгийг өгөхөөр амаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл М.Ананд нь өнөөдрийг хүртэл тохиролцсон 250 000 000 төгрөгийг Г.Ванчинхүүд төлөөгүй байх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн Бэлэглэлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус юм. Иймд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн “Есүй ордон” ХХК-ийн 46 хувийн хувьцааг М.Анандад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хууран мэхлэж хийсэн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Ананд шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ванчинхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Ванчинхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт илэрхий худал зүйлсийг бичиж шүүхэд гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Г.Ванчинхүүд 250 000 000 төгрөг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Ванчинхүүгийн хариуцагч М.Анандад холбогдуулан гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Есүй ордон” ХХК-ийн 69460 ширхэг /46 хувь/ энгийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээ, түүний үндсэн дээр байгуулсан эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Ванчинхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ванчинхүү давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь үндэслэлгүй бөгөөд ач холбогдол бүхий бусад нотлох баримтыг шүүх үнэлээгүй орхигдуулсан байна. Үндэслэх хэсэгт дурдаж буй санхүүгийн баримтыг үндэслэн Г.Ванчинхүү, Т.Баярсайхан нар нь тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг бөгөөд энэхүү баримтыг эх хувиар нь шүүхэд хүргүүлсэн. Түүнчлэн өнөөдрийн байдлаар дээрх төлбөрийг авсан эсэх талаар талууд маргаагүй бөгөөд харин ч Т.Баярсайхан нь гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд” гэж нарийвчлан зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хууль ёсны төлөөлөгчийн хувьд хэлцэлд оролцох ёстой байсан мэтээр дүгнэсэн нь буруу болсон байна гэж үзэж байна.

...Бэлэг хүлээн авагч М.Ананд төрсөн эцэг Н.Мөнхбат нь гуравдагч этгээдийн зүгээс тухайн хэлцэлд оролцон хэлцлийг бэлтгэх, байгуулахад М.Анандад тусалж, М.Ананд нь хэлцлийн үр дүнд “Есүй ордон” ХХК-ийн 69 460 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 46 хувийн хувьцааны эзэн, хувьцаа эзэмшигч болж өнөөдрийг хүртэл хувьцааныхаа ашиг шимийг хүртсээр явна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд энэ асуудлыг нарийвчлан зохицуулсан байтал анхан шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ванчинхүү нь хариуцагч М.Анандад холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Есүй ордон” ХХК-ийн 46 хувийн хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан  эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Ванчинхүү нь “Есүй ордон” ХХК-ийн 46 хувь буюу 69 460 ширхэг нийт 69 460 000 төгрөгийн үнэтэй хувьцааны өмчлөх эрхийг хариуцагч М.Анандад шилжүүлсэн, уг гэрээг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хувьцааны эрх шилжүүлэх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогджээ. /хх 5-6/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...46 хувийн хувьцааг 250 000 000 төгрөгөөр Н.Мөнхбатад худалдахын тулд түүний хүү М.Анандтай бэлэглэлийн гэрээ байгуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээг орлогын албан татвараас зайлсхийж, халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ нь Т.Баярсайханаас 51 хувийн хувьцааг 450 000 000 төгрөгөөр худалдан авсан гэрээгээр тогтоогдоно” гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт Г.Ванчинхүү, Т.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан “Есүй ордон” ХХК-ийн 51 хувийн хувьцааг 450 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээ нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээтэй ямар хамааралтай болох, уг гэрээний үнэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг нотлох мэдээллийг агуулахгүй байна.

 

Түүнчлэн гэрч Т.Баярсайхан, Н.Мөнхбат нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг тогтоохгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Бэлэглэлийн гэрээг хүч хэрэглэж, хууран мэхэлж хийсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч 46 хувийн хувьцааг 250 000 000 төгрөгөөр М.Анандад худалдах хүсэл зориг байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                         Д.ЦОГТСАЙХАН