Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2015 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0140

 

Иргэн Н.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О , Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , Б.О  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.У-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.С ээс Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандаж өргөдөл гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалтыг явуулахад өөрийн шууд харьяалах удирдах албан хаагчийн сахилга, ёс зүйг зөрчсөн эсэхийг шалгаагүй, уг үйлдэлд хяналт тавьж ёс зүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь Н.У  Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д заасан Цагдаагийн байгууллагын албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллага алба хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж хууль тогтоомж цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүй, хүний эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.

Н.У  нь өөрийн шууд харьяалах удирдах албан хаагчийн энэхүү хууль бус явдлыг мэдэж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагч, албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн биелүүлж, хүндэтгэн сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдсан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, харьяа дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн байгууллагын соёл дэг журмыг сахих, төрийн байгууллагын албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтуудыг тус тус биелүүлээгүй.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан Гүйцэтгэх байгууллагын дарга нь гүйцэтгэх ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүрэгт нь тухайн ажлын байрны гол зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, бусад эрхийн актын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байгууллагын бодлого чиглэлийг тодорхойлж, Эрүүгийн цагдаагийн албаны чиг үүргийг мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган хяналт тавьж, Цагдаагийн ерөнхий газрын болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргыг шаардлагатай мэдээллээр ханган байгууллага, алба хаагч, ажилтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцна. Ажлын байрны үндсэн зорилтын 3-т цагдаагийн байгууллагын удирдлагыг нөхцөл байдлын болон гүйцэтгэх ажлын мэдээллээр хангаж гарсан шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэх үүрэгтэй. Ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд алба хаагчдын сахилга ёс зүйн байдалд хяналт тавьж, гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна гэж заасан.

... Н.У  ажлын байрны тодорхойлолтод заасан тэргүүн дэд даргыг мэдээллээр хангах, Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.2-д заасан дээд шатны албан тушаалтанд ажлаа тайлагнаж өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй бөгөөд үүнийгээ өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн.

... Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 8 дугаар тогтоолын 7-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй гэж хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас явуулсан албан шалгалтаар Н.У  нь дээрх Монгол Улсын хуулиуд болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь тус тус тогтоогдсон.

... Ажлын байрны тодорхойлолт дээр Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, бодлого чиглэлийг тодорхойлж, Эрүүгийн цагдаагийн албаны чиг үүргийг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж, алба хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж үр дүнг хариуцна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 3 дахь хэсэг дээр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын нөхцөл байдлын талаар мэдээллээр хангах, гүйцэтгэх ажлын мэдээллээр хангаж гаргасан шийдвэр өгсөн чиглэлийг нь хэрэгжүүлж ажиллах гэсэн байдаг. Тэргүүн дэд даргаас удаа дараа үүрэг чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу ямар нэгэн ажил зохион байгуулсан ажлын биелэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргад ирүүлээгүй байдаг. Б.А  гэж хамтран ажилладаг хүн нь сонин хэвлэлээр хэрэлдэж, хэлэлцээд байхад нь ямар нэг арга хэмжээ аваагүй.

Ажлын байрны тодорхойлолтын гол үйл ажиллагааны 1 дэх зорилтын хүрээнд Цагдаагийн албаны тухай, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэсэн байдаг. Мөн албаны хэмжээнд гүйцэтгэх ажлын мэдээллийн сангийн ашиглалтыг зохион байгуулах, мөн албаны хэмжээнд нууцлалын хадгалалт хамгаалалтыг хариуцан зохион байгуулж хяналт тавина. Өөрөөр хэлбэл сонин хэвлэлээр мэтгэлцээд байгаа тэр зүйл нь өөрөө нууц юм. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн дагуу албаны хэрэгцээнд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох, гүйцэтгэх ажлаар шалгагдсанд хяналт тавина. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлага, эрх зүйн байдлыг хангаж ажиллана. Алба хаагчдын сахилга ёс зүйн байдалд хяналт тавьж гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, алба хаагчдын сахилга бат үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх шаардлагатай бол холбогдох албан тушаалтанд шилжүүлэх гэх мэт ажлын байрны тодорхойлолтод байгаа өөрийнхөө биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй.

... Мөн гүйцэтгэх ажилд хориглох зүйл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно. Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх буюу харьяалуулснаас өөр асуудал шалгуулах, түүнчлэн хууль тогтоомжоор хориглосон техник хэрэгсэл ашиглуулж болохгүй гэж заасан.

Мөн гүйцэтгэх байгууллага тэдгээрийн ажилтны бүрэн эрхэд өөрийн болон туслах ажилтны аюулгүй байдлыг хангах гэсэн байгаа. Гэтэл туслах ажилтантайгаа сонин хэвлэлээр хэрэлдээд яваад байдаг. Төрийн нууцад хамаарах 2 хүн маань сонин хэвлэлээр хэрэлдэж хэлэлцээд яваад байх нь боломжгүй.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 526 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагч түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэсний дагуу мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.У ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.У-ын ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас гаргуулж Н.У т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан.

Албаны шалгалтын хүрээнд Б.А  нь Г.С тэй түүний хүсэлтээр ...цохолтын дагуу уулзаж, тухайн уулзалтын талаарх дэлгэрэнгүй тэмдэглэл, танилцуулгыг дээд шатны дарга нарт тухай бүр танилцуулж байсан боловч 2 дахь удаагийн уулзалт дээр өргөдөл гомдолд огт хамааралгүй Г.С тэй Х.Т-ийн уулзаж байсан гэх байрыг тодруулах ажиллагаа явуулсан, тухайн уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг Н.У т танилцуулж байсан нь тогтоогдсон.

Энэ талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан Дотоод хяналт аюулгүй байдлын газрын танилцуулгад тодорхой дурдсаныг шүүх тэмдэглэсэн байдаг боловч үнэлээгүй орхисон. Мөн Б.А  өмгөөлөгч Г.Б аар бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох шинжтэй үйлдэл хийлгэхээр зааварчилж байгаа нь Б.А , Г.Б  нарын ярианы бичлэгээс тодорхой ойлгогддог, мөн энэ талаар Б.А  Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанд өгсөн тайлбартаа Н.У  энэ асуудлыг мэдэж байсан, энэ асуудлыг зохион байгуулахад оролцсон талаар тайлбар өгснийг шүүх үнэлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Н.У  Цагдаагийн албаны тухай хууль болон тухайн үед эрхэлж байсан Эрүүгийн цагдаагийн газрын даргын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт-д заасан ажил үүргийн хуваариар алба хаагч, ажилтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд хяналт тавьж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан юм.

Гэтэл дээрх Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт-оор хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох шинжтэй хууль бус ажиллагааг үйлдэл, эс үйлдэхүйгээр дэмжсэн байна.

Мөн уг шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйл д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтан. Н.У  Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.2-д зааснаар дээд шатны алба хаагчийн өмнө ажлаа тайлагнаж, Ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолтод заасан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй ажиллаж ирсэн бөгөөд энэ талаар Н.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан /...Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргад ажлын үр дүнгээ тайлагнах, дүгнүүлэх шаардлагагүйгээр ажиллаж байсан/ байдаг.

Б.А  өмгөөлөгч Г.Б аар бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох шинжтэй үйлдэл хийлгэхээр зааварчилж байгаа үйлдэл нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, /Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно./ 8.3, /Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх буюу харьяалуулснаас өөр асуудал шалгуулах, ... болохгүй/, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс Б.А ын Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх асуудлыг шалгахдаа Н.У ыг холбогдуулан шалгаагүй тухай хариу ирүүлснийг шүүхийн шийдвэрт дурдсан байна. Б.А од эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй, энэ асуудалд Н.У ыг холбогдуулан шалгаагүй нь тэднийг сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүйг нотолсон асуудал биш юм. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Гүйцэтгэх байгууллагын дарга нь гүйцэтгэх ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ гэж заасан. Б.А  Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг зөрчсөнийг Н.У  гүйцэтгэх ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, энэхүү хууль бус ажиллагааг үйлдэл, эс үйлдэхүйгээр дэмжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан Н.У-ын тайлбар зэргээр тогтоогдсоныг шүүх буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.У аас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хурандаа цолыг хураасныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэнээс эрүүгийн цагдаагийн газрын ажилтан сүрдүүлсний улмаас бусдын талаар худал ярих болсон, холбогдох ажилтанд хариуцлага тооцуулах тухай гомдол гаргаснаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгалт явуулснаар тухайн нөхцөл байдал тогтоогдсон, мөн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн дарга Б.А  гомдол гаргагч иргэнээр холбогдсон хэрэгтэй нь хамааралгүй асуудлаар буюу бусадтай харилцсан харьцааны талаар сэтгүүлчид ярилцлага өгүүлэх зорилгоор тухайн гэмт хэрэгт холбогдсон иргэний өмгөөлөгчтэй утсаар ярилцсан зэрэг нь тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэн тухайн албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

 

Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас явуулсан дээрх шалгалтаар Б.А ын дээрх хууль бус үйлдлийн талаар түүнийг шууд харьяалах дарга буюу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.У  мэдэж байсан боловч тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүйг тогтоосон байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын танилцуулга /ХХ-70-74/, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл /ХХ-31/, Ц.А ын өмгөөлөгчтэй ярилцсан ярианы бичлэг зэрэгт энэ талаар тодорхой тусгагджээ.

 

Тиймээс нэхэмжлэгч Н.У ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 ...цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын албан хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авна, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан буюу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эрх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх зэрэг нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэн цагдаагийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд нийцжээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 

Хэдийгээр Н.У ыг албанаас халах үндэслэлийн нэг болох Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын удирдлагын дор үүрэг гүйцэтгэх, тэдгээрт ажлын гүйцэтгэлээ хянуулж, дүгнүүлэх талаар ажлын байрны /албан тушаал/ тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй боловч энэ нь маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар нэхэмжлэгч Н.У-ын Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР